Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02169

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02169

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/03620 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 98,912,158 төгрөг гаргуулж, орон сууц шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

доголдолтой дутуу ажлыг гүйцээн хийж хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах, мөн алданги 204,339,399 төгрөг гаргуулах, нэмэлт зардал 10,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Адъяабазар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, М.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ06 дугаартай барилгын цонх тагтны шилэн хаалт, үйлдвэрлэл, угсралт, суурилуулалтын гэрээний дагуу үлдэгдэл 36,168,797 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор цахилгаан бараа худалдах, худалдан авах ажил гүйцэтгэлийн бартерын гэрээний дагуу 58,275,661 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу 4,467,700 төгрөг, нийт 98,912,158 төгрөг нэхэмжилж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны 12 давхар барилгын 11 давхрын Д загварын ** тоот 76,22 м.кв талбайтай орон сууц, мөн F загварын 48.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц тус тус гаргуулахаар шаардаж байгаа.

“А” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж зохих хугацаанд захиалагч талд хүлээлгэн өгсөн. Барилгын цонх, тагтны шилэн хаалт суурилуулах гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг шалгуулж холбогдох захиалагч талын өгсөн инженерүүдийн даалгаврыг биелүүлээд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бараа материал, ажил хүлээлцсэн актаар 314,828,797 төгрөгийн ажлыг хүлээлгэж өгсөн.

Цахилгааны гэрээний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цахилгаан холбоо дохиоллын ажлын гүйцэтгэлийн нэгтгэл гэсэн актыг үйлдэж 268,645,748 төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн, 58,275,661 төгрөгийн ажлын төлбөрийг одоо хүртэл өгөөгүй.

Барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу 148,317,700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн.

1.2. Хариуцагч үндсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул баталгааны тухай асуудал яригдахгүй. Алданги тооцсон дүн нь зөрүүтэй, учир нь гэрээний үнийн дүнгээс алдангийн дүнг тооцож байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ06 дугаартай барилгын цонх тагтны шилэн хаалт, үйлдвэрлэл, угсралт, суурилуулалтын гэрээний дүн 327,346,304 төгрөг байсан ба ажлын явцад 314,821,797 төгрөг болсон. 50,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Гэрээний гүйцэтгэлийн баталгаа 3 жилийн хугацаанд 5 хувийг суутгуулна гэж харилцан тохиролцсон баталгаа 15,741,440 төгрөгийг хасахаар 249,087,357 төгрөг болно.

Гэрээнд заасан орон сууц зарагдсан тул Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 39-18 дугаар байрны 05 давхрын Р загварын буюу 48,02 м.кв орон сууцны үнэ болох 159,000,000 төгрөгийг тооцон шилжүүлж, 249,087,357 төгрөгөөс хасаж үлдэгдэл 90,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Гэхдээ сөрөг нэхэмжлэлээр алданги тооцож байгаа.

2.2. Дотор цахилгаан бараа материал худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулаад 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээгээд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийж дуусгасан. Мөн цахилгааны ажил болон 4 давхрын барилгын ажлыг дутуу хийж орхиж явсан.

Дутуу гүйцэтгэсэн болон доголдолтой холбоотой ажлуудыг “Х” ХХК-аар хийлгэж ажлын хөлсөд 17,337,800 төгрөгийн зардал гарсан. Тус гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу дутуу хийгдсэн холбоо дохиоллын ажил болон цахилгааны ажил, нийт 35,951,360 төгрөгийг хасаж тооцохоор байна. Ингээд 268,645,748 төгрөгөөс 11,760,000 төгрөгийг хасахаар 256,885,748 төгрөг болж байгаа. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь нь 12,844,287 төгрөг суутгах үндэслэл байгаа. 256,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн.

Ажлын хөлсөнд 05 давхрын 14 тоот 61,43м.кв, 3 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн байдаг. Ингээд 202,719,000 төгрөг болсноос баталгааны суутгал гэж 12,844,287 төгрөгийг тус тус суутгаж тооцоод 4,628,899 төгрөгийн илүү төлөлттэй байна. Гэрээнд зааснаар 2 бартерын байр шилжүүлж өгнө гэж гэрээ байгуулснаас манайх илүү төлөлттэй учир 48.02 м.кв орон сууцыг шилжүүлэх боломжгүй. Харин дээрх 05 давхрын 48.02 м.кв орон сууцыг барилгын цонх гэрээний тагны гэрээний төлбөрт шилжүүлэх боломжтой. Бараа материалын үнэ болох 58,000,000 төгрөгийг төлөх боломжгүй.

2.3. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр барилгын дээвэр заслын ажлыг хийж дуусгах гэрээтэй байсан. Гэвч 2021 оны 11 дүгээр сард хүйтэн болж бетоны ажил хийгдэх боломжгүй болж үйлчилгээний төвийн 128 м.кв талбайг нэг үе цутгалгүй орхисон. 2022 оны зун бороо ихтэй байсан учир дулаалга ялзарч унаж, ус гоожсон байдаг. Энэ ажлыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөр компанитай гэрээ хийж дутуу ажлуудаа гүйцэтгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 128 м.кв ажлаа бүрэн хийсэн гэж 15,414,300 төгрөгийг бүтнээр нь нэхэмжилснээс тал нь буюу 7,552,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй юм. Гэрээний гүйцэтгэл 148,317,700 төгрөгөөс 7,552,000 төгрөгийг хасаад 140,765,700 төгрөг болж байгаа ба баталгаат хугацааны 5 хувь буюу 7,038,000 төгрөгийг суутгах үндэслэлтэй. 5 давхрын 17 тоот, 47,95 м.кв орон сууцыг шилжүүлсэн. 148,000,000 төгрөгөөс хийгээгүй ажлын хөлс 7,500,000 төгрөг, баталгаат хугацааны 7,000,000 төгрөгийг хасаад нийт 133,000,000 төгрөг, шилжүүлж өгсөн байрны хувьд 144,330,000 төгрөгийн үнэтэй байр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 10,602,000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.4 “А” ХХК нь хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй. Оршин суугчид цонх, тагтны ажил доголдолтой талаар гомдол гаргадаг. Энэ доголдолтой хийсэн ажлуудыг засаж өгөөч гэж хүсэж байна. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлыг хүлээлгэж өгнө гэж гэрээ байгуулсан боловч 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр акт үйлдэж, ажлаа хүлээлгэж өгсөн. Иймд 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх алданги тооцож 132,414,399 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

Дээврийн ажлын гэрээнд 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх алданги тооцож 71,925,000 төгрөг, тухайн ажлыг гүйцэтгүүлсэн В-ийн ажлын хөлс 10,200,000 төгрөг, нийт 82,125,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 151,085,787 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны 5 давхрын ** тоот 47.95 м2 талбай бүхий 2 өрөө байр хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны 11 давхрын D айл буюу 76,22 м.кв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар 132 414 399 төгрөгийн алданги, зардал алданги 82,125,000 төгрөг гаргуулах, 88 цонхны салхивчны нугасны шрупыг гүйцээн хийж захиалагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,907,011 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,230,648 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,708,678 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 98,912,158 төгрөг гаргуулахаар болон 2 орон сууц шилжүүлж өгөхийг шаардсан. Гэтэл шүүхээс 151,085,787 төгрөг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтыг зөрчсөн байна.

4.2. Шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны 5 давхрын ** тоот 47.95 м.кв талбай бүхий 2 өрөө байр хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгасан.

Гэтэл энэхүү орон сууцыг “А” ХХК нь гэрээний дагуу хүлээн авч бусдад худалдан борлуулсан.

4.3. “А” ХХК ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, гэрээг дүгнэж акт үйлдэн ажил хүлээлгэж өгөөгүй, үр дүн гараагүй, захиалагч цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асар их алдагдал орсон байхад гэрээний төлбөрийг бүтнээр нь шаардаж түүнийг шүүх хангаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 268,645,748 төгрөгийн ажил хүлээлгэн өгсний төлбөрт 202,719,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн, мөн баталгааны 13,432,287 төгрөгийг хасахад 52,494,460 төгрөгийн үлдэгдэл гарч байгаа.

Үүнээс бусдаар хийлгэсэн ажлын төлбөр болох “А” ХХК-ийн хийж гүйцэтгээгүй холбоо дохиоллын ажлын гүйцэтгэл болох 11,760,000, цахилгааны дутуу ажил 17,337,800 төгрөгийг хасаж тооцох ёстой байтал хасаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч Л.Чулуунтөгс, Б.Цогоо нарын мэдүүлгээр нотлогдож байгаа юм.

Гэтэл шүүх гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгөхгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

4.4. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/2 тоот гэрээний дагуу 141,672,530 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүний төлбөрт 143,850,000 төгрөгийн үнэ орон сууцыг шилжүүлж өгсөн буюу илүү төлөлт хийсэн. 

Энэ гэрээний дагуу ажлыг дутуу гүйцэтгэсэн болохоо анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Адъяабазар хэлсэн байдаг.

Үүний дагуу “А” ХХК-ийн хийж дуусгаагүй ажлыг иргэн В-той гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд дээврийн ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Үүнийг шүүх харгалзан үзээгүй.

4.5. Мөн “А” ХХК-ийн барилгын цонх тагт, үйлдвэрлэн угсрах ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байж зохиомол байдал бий болгож захиалагчид худал мэдээлэл өгч гэрээ байгуулсан байгаа нь анхнаасаа ажил хийж гүйцэтгэх чадваргүй, хүн хүчний нөөц, санхүүгийн боломжгүй байсан байна. Тусгай зөвшөөрөлтэй үгүйг шүүх шалгаагүйд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

4.6. “А” ХХК нь ажил дуусгаж гэрээгээ дүгнээгүй доголдолтой дутуу хийсэн ажлууд байсаар байтал гүйцэтгэгчийн талд шийдвэр гаргаж байгаа нь шударга бус байна. Хэдийгээр бидний хооронд байгуулсан гэрээнд нийт гэрээний үнийн дүнгээс 0.5 хувь алданги тооцон авна гэж тохиролцсон ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу анзын гэрээг бичгээр хийсэн.

Шүүх алдангийг хуулийн дагуу тооцож тодорхой хэмжээнд багасах боломжтой байсан ч анзыг нотлогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. “А” ХХК ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, өнөөдөр ч гэрээ дүгнэж акт үйлдэн ажил хүлээлгэж өгөөгүй, гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй.

“А” ХХК-ийг ажил хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүхээс төлбөр төлөх шийдвэр гаргасан нь захиалагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Анх нэхэмжилсэн нэхэмжлэлд багтаж байсан орон сууц нь бусдад худалдан борлуулагдсан байсан тул түүнийг мөнгөн дүнгээр тооцож гаргуулсныг нэхэмжлэлээс хальсан гэж үзэхгүй. Харин шийдвэрт гаргуулахаар шийдвэрлэсэн орон сууцны хэмжээг буруу бичсэн нь техникийн алдаа гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 98,912,158 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны барилгын 5 давхрын F загварын 13 тоотод байрлах 48.2 м.кв талбай бүхий орон сууц, мөн 11 давхрын D загварын ** тоотод байрлах 76.22 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйд алданги тооцон 204,339,399 төгрөг гаргуулах, доголдлыг арилгаж уг ажлаа хүлээлгэж өгөхийг даалгах, дутуу гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбоотой гарсан нэмэлт зардал 10,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Талууд харилцан тохиролцон, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууц, 4 давхар спорт чийрэгжүүлэлтийн зориулалттай 2 блок барилгын цонх, тагтны шилэн хаалт үйлдвэрлэн, угсарч суурилуулах гэрээг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дотор цахилгаан бараа худалдах худалдан авах гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.  Энэ үйл баримтад талууд маргаангүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.  

3.1. “А” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн барилгын цонх, тагтны шилэн хаалт үйлдвэрлэн, угсарч суурилуулах тухай гэрээний дагуу 314,828,797 төгрөгийн хөлс бүхий ажлыг хийж гүйцэтгэн 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр,

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 268,645,748 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр,

2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу 141,672,530 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус “Б” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтыг барилгын ажил хүлээлцсэн акт, ажлын гүйцэтгэлийн баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон /1хх 43-55, 58-70/.

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлаас хэргийн нотлох баримт, гэрч Л.Чулуунтөгс, Б.Цогоо нарын мэдүүлгээр нотлогдсон бусдаар хийлгэсэн ажлын төлбөр болох дохиоллын ажлын гүйцэтгэл болох 11,760,000, цахилгааны дутуу ажил 17,337,800 төгрөгийг хасч тооцоогүй гэх гомдлыг хангахгүй.

Учир нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 268,645,748 төгрөгийн ажлыг хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан болох нь цахилгаан, холбоо дохиоллын ажлын гүйцэтгэлийн нэгтгэлээр тогтоогдсон болно /1хх 56/.

 

3.2. Анхан шатны шүүх ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан ажлын хэмжээ, зохигчийн хөлс төлөх нөхцөл, урьдчилгаа төлбөрт төлсөн баримт, зохигчийн тайлбар, зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзээд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 151,085,787 төгрөг гаргуулж, мөн гэрээнд зааснаар 159,060,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Тодруулбал, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний дагуу үүссэн 314,828,797 төгрөгийн ажлын хөлснөөс хариуцагчийн төлсөн 50,000,000 төгрөг, гэрээний 1.4-т заасан баталгааны суутгал 5,000,000 төгрөгийг хасч тооцоход 259,828,797 төгрөгийн үлдэгдэлтэй,

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу үүссэн 268,645,748 төгрөгийн ажлын хөлснөөс гэрээнд заасан үнэлгээгээр 202,719,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн 61.43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэ, гэрээний 1.5-д заасан баталгааны суутгал 13,432,287 төгрөгийг хасч тооцоход 52,494,461 төгрөгийн үлдэгдэлтэй,

2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу үүссэн 141,672,530 төгрөгийн ажлын хөлснөөс гэрээнд заасан үнэлгээгээр 143,850,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн 47.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийг хасч тооцоход 2,177,470 төгрөгийн илүү төлөлттэй болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогджээ.

Дээрхээс үзвэл хариуцагч нь 3 гэрээний ажлын хөлсөнд нэхэмжлэгчид 310,145,788 төгрөг төлөх үүргийг хүлээж байна.

Ийнхүү хариуцагчийн төлөх мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээг шүүх тогтоохдоо зохигчийн байгуулсан гэрээнд заасан баталгааг буцаан олгох хугацаа болоогүйг гэрээний зохицуулалтын хүрээнд зөв тайлбарлаж хасч тооцсон байх тул шүүх төлбөрийг буруу тооцсон, ажлаа дутуу гүйцэтгэсэн, үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

3.3. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцсон Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны 11 давхрын D загварын ** тоотод байрлах 76.22 м.кв талбай бүхий орон сууц нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бусдын өмчлөлд шилжсэн нь баримтаар тогтоогдсон тул шүүх уг гэрээний ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 98,912,158 төгрөг гаргуулах, гэрээнд заасан үнэлгээгээр 387,720,000 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг шилжүүлэн авахаар буюу нийт 486,632,158 төгрөгийн шаардлагыг шүүхэд гаргасан. Шүүхийн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ энэхүү дүнгээс хэтрээгүй, мөн нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн F загварын 13 тоотод байрлах 48.2 м.кв талбай бүхий орон сууц нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан байсан.

Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар зохигч нь гэрээ байгуулах үед тусгайлан шаардлага тавиагүй, мөн анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.4. Харин шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй буюу нэхэмжлэгчийн хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу урьд хүлээж авсан Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны 5 давхрын ** тоотод байрлах 47.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэснийг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.

Хэдийгээр энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс дээрх алдааг залруулж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд заасан Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны барилгын 5 давхрын F загварын 13 тоотод байрлах 48.2 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

4.1. Зохигчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 3.3-т “хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

Мөн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний “Хэрвээ гүйцэтгэгч тал хүн хүч дутагдалтай, ирц бүрдээгүй, цаг хугацаандаа амжихгүй, ажил зогссон, удааширсан, удаа дараалан зөрчил дутагдал гаргасан тохиолдолд захиалагч тал хоног тутам нийт гэрээний үнийн дүнгийн 0.5 хувь алданги тооцон авна” гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар агуулгын хувьд тайлбарлан авч үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцохоор талууд тохиролцсон гэж үзнэ.

 

4.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хүлээлгэн өгөх ёстой байтал 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны болон 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус хариуцагчид хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэнд тооцогдоно.

Энэхүү хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалсан, зохигч нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээний хугацааг сунгасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

4.3. Хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний алданги 132,414,399 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний алданги 71,925,000 төгрөг, нийт 204,339,399 төгрөг шаардсан.

Нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн байхад гэрээг цуцлахгүйгээр хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хожим хүлээж авсан, мөн давж заалдах гомдолдоо алдангийн хэмжээг багасгах талаар дурдсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзаад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж нэхэмжлэгчээс 61,301,819 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үлдэх алданги 143,037,580 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.4. Анхан шатны шүүх нэмэлт зардал буюу бусдаар хийлгэсэн ажлын зардал 10,200,000 төгрөг, 17 айлын цонх тагтны шилэн хаалтны дутуу ажил, 44 цонхны бариул хийлгэх, 88 цонхны салхивчны нугасны шруп хийлгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

Зохигчийн байгуулсан гэрээний харилцаанд хамаарах Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны барилга нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ашиглалтад орж Улсын комисс хүлээж авсан тул цонх, тагтны шилэн хаалт, салхивчтай холбоотой ажлыг нэхэмжлэгчийг дутуу гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Мөн В-той 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасныг нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай хамааралтай гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин энэ хэсэгт дурдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/03620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны 5 давхрын ** тоот 47.95 м2 талбай бүхий 2 өрөө байр хөрөнгийг” гэснийг “Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж дахь 12 давхар орон сууцны 5 давхрын f загварын 13 тоотод байрлах 48.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-аас 61,301,819 төгрөг гаргуулан хариуцагч “Б” ХХК-нд олгож, 

сөрөг нэхэмжлэлээс 153,237,580 төгрөг гаргуулах болон 17 айлын цонх тагтны шилэн хаалтны дутуу ажил, 44 цонхны бариул хийлгэх, 88 цонхны салхивчны нугасны шруп хийлгэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “нэхэмжлэгчид” гэсний дараа “,нэхэмжлэгчээс 464,459 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,410,404 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

 

                               ШҮҮГЧИД                                       Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                     Т.БАДРАХ