Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00620

 

Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 337 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Си Си Эм Икс” ХХК, “Жи Пи Эф” ХХК-д холбогдох,

Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

...“Жи Пи Эф” ХХК нь үүсгэн байгуулагдсан даруйдаа 2010 оны 11 дүгээр сард ашигт малтмалын хайгуулын 7991X, 12772Х болон 12773Х тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу “Их монгол майнинг” ХХК-иас шилжүүлэн авч ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хурдан морины уяач, адуучин бөгөөд голдуу хөдөө амьдардаг учир компанийн дийлэнх хувьцаа эзэмшигчийн хувьд үйл ажиллагааны бүхий л эрхээ гүйцэтгэх удирдлагад бүрэн шилжүүлж итгэл үзүүлэн ажиллаж байсан. “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан компанийг 2010 оноос удирдан ажилласан. “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь 2012 он хүртэл компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, уул уурхай зогсонги байдалд орсон тул Хятад хөрөнгө оруулагч хайж байгаа, хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа гэдэг мэдээллийг нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд өгч байсан.

“Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь 2012 оны сүүлээс нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгаас холбоо тасалсан. Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-д шилжсэнийг 2015 оны 5 дугаар сард мэдсэн.

Ш.Мөнгөншагай нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Нийслэлийн архив зэрэг газруудаас зохих ёсоор лавлагаа авсан. “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн гэрээнүүд болон шийдвэр дээр Ш.Мөнгөншагай нь гарын үсэг зураагүй бөгөөд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй юм. “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 89, 101, 106, 108, Компанийн тухай хуулийн 34.1.2, Нотариатын тухай хуулийн 3.1.4, 21.3.1, 21.3.3 заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

...Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр авсан лавлагаанд бүртгэгч Ч.Батцэцэг нь хаягийн өөрчлөлт, үүсгэн байгуулагчийн мэдээлэл зэргийг 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн нь хагас сайн буюу амралтын өдөр болж байгаа. Энэ өдөр ямар нэгэн нээлттэй хаалганы өдөр байгаагүй. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “...компанийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй хэлцэл”-д заасны дагуу компанийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг заавал зөвшөөрөл авч хийгдэх ёстой байсан ч энэ ажиллагаа явагдаагүй. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д нэгдмэл сонирхолтой этгээд, гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой гуравдагч этгээд гэдэгт “Си Си Эм Икс” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч нь БНХАУлсын иргэн байгаа учир энэхүү хувьцааны шилжүүлгийн бүртгэл нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчсөн. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 9.1-д “Энэ хуулиар тогтоосон шаардлага болон 4.1, 4.2-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” хэмээн заасан байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд заасан журмыг зөрчиж бүртгэл хийсэн.

...Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн шүүх нь Хувьцаатай холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлыг шалгаж, захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцад ...иргэн Ш.Мөнгөншагай болон БНХАУ-ын иргэн Song Lu нарын хооронд 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах худалдан авах” болон “Эрх шилжүүлэх” гэрээ, Г.Жаргалан болон БНХАУ-ын иргэн Song Lu нарын хооронд 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах” болон “Эрх шилжүүлэх” гэрээ гарч ирсэн. Нотлох баримтуудаас үзэхэд анх “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг БНХАУ-ын иргэн Song Lu-ын нэр дээр авахаар шийдвэрлэж Song Lu нь 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр бус “Хувьцаа худалдах-худалдан авах” болон “Эрх шилжүүлэх” гэрээнүүдийг байгуулсан. 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Song Lu-ын нэр дээр шилжүүлэх гэтэл Монгол улсад шинэ хууль гарсан буюу Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж гадаадын иргэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааг шилжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авдаг болсон байсан учир хувьцааг шилжүүлж чадаагүй. Тийм учраас БНХАУ-ын Ningxia Xintai компанийн Монгол улс дахь охин компани болох “Си Си Эм Икс” ХХК-ийн нэрээр “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авах гэрээг байгуулахаар болж Хувьцааг худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр огноолон 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн.

...“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлыг судлан үзэхэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 дугаар бүхий тамгатай нотариатч М.Саранцэцэг нь Нотариатын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн эзгүйд “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайн зөвшөөрөл байхгүй байхад “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Г.Жаргалангийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2012 оны 7 дугаар сард үйлдсэн боловч Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчих зорилгоор гэрээнүүдийн огноог 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болгож өөрчилсөн. Нотариатч М.Саранцэцэг болон “Си Си Эм Икс” ХХК-ийн эдгээр хууль бус үйлдлүүд нь нотлох баримтуудаар нотлогдсон.

...“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа хууль бусаар шилжиж, “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшлийн уурхайд олборлолт явуулж байгаа нь нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. “Жи Пи Эф” ХХК-ийн нийт хувьцаа шилжиж “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэнийг томилсон учир Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн баримт бичиг санхүүгийн материалтай танилцах боломжгүй болоод байна.

Иймд Иргэний хуулийн 56, 89, 101, 106, 108 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 5.4, 5.5, 34 дүгээр зүйлийн 34.1.2, Нотариатын тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.3.1, 21.3.3-т заасны дагуу иргэн Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дүгээр сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн албан бланкан дээр бичиж гарын үсэг, тамга дарсан шийдвэр байх бөгөөд түүнд “Шарав овогтой Мөнгөншагай би “Жи Пи Эф” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаа болох 60 хувийг “Си Си Эм” ХХК-д 100 хувь шилжүүлэхийг зөвшөөрч байна. “Жи Пи Эф” компанийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах бүх эрх мэдлийг Ганхуяг овогтой Жаргаланд олгосон нь үнэн болно” хэмээн өөрийн хувьцааг бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч итгэмжлэл олгосон баримт байна. Маргаан бүхий гэрээнүүдийг үнэн зөв болохыг гэрчилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саранцэцэгийн шүүхэд өгсөн тайлбарт Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь өөрсдөө ирж, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан болохыг баталдаг. Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэгт “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Чен Бангфа-гаас мэдүүлэг авах хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасныг шүүх хангаж, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт гэрч Чен Бангфа нь “... миний найз Сонг Лугаар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нартай гэрээ хийлгэсэн... Би Сонг Лу-д өөрөө эрх олгосон...”, “...Ш.Мөнгөншагай гэрээ хийх анхны өдөр байхгүй байсан. Дараа нь Ш.Мөнгөншагай нөхөж гэрээ хийгээд гарын үсгээ зурсан” гэсэн байдаг.

Компанийн тухай хуулиар компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийнх нь хувьцаа бусдад шилжсэн болохыг огт мэдэлгүй бүтэн 4 жил өнгөрөх ямар ч боломжгүй. Компанийн тухай хуулиар компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг жил болгон хийх ёстой, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа хэлэлцэж татвар, нийгмийн даатгалын байгууллагад өгөх ёстой, Компанийн дүрмийн 5.4/, 60 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ бүхнийг хийж мэдэж байх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг, хариуцлага бөгөөд үүнийгээ хийгээгүйн төлөө бусдыг, ялангуяа хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрхээ Иргэний хуулийн 56, 89, 101, 106, 108 дугаар зүйлээр үндэслэж байгаа боловч эдгээрээс нэхэмжлэлийн шаардлагатай илүү хамааралтай нь 56 дугаар зүйл байна. Гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээг зохицуулсан байх тул нэхэмжлэгч түүнийг үндэслэн маргаан бүхий гэрээг “хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах нь өөрөө утгагүй юм. Тодруулбал, онолын хувьд “гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 57-61 дэх зүйлээр л гаргах боломжтой гэдгийг дурдмаар байна. Хэдийгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 зүйлийн аль заалтыг үндэслэж байгаагаа тодорхой дурдаагүй ч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдгийг үндэслэж байгаа бололтой.

...Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн хэлцэл” гэдгийг үндэслэсэн бололтой. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг хэлцэл нь “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй” гэсэн зүйлийг дурджээ. Хууль зүйн хувьд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь 2012 оны 5 дугаар сарын 17-ноос эхэлж үйлчилсэн тул маргаан бүхий гэрээнүүдэд хамааралгүй юм. Тэдгээр нь хууль үйлчлэхээс өмнө байгуулагдсан тул хуулийг буцаан хэрэглэхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалт хамааралгүй. Түүнчлэн үйл баримтын хувьд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх улсын бүртгэл хийгдэх үед тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ч, мөн компанийн дүрэм дээр “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн л бүртгэлтэй байсан. Тодруулбал, “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг” гэх бүртгэл байгаагүй, харин үүнийг компанийг шилжүүлснээс хойш 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр одоогийн хувьцаа эзэмшигч болох хариуцагч нар улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн. Нөгөөтэйгүүр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсноос хойш өнөөдрийг хүртэл Монгол улсад Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд хууль тогтоогчоос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор хуучин хуульд байсан бүх хязгаарлалтуудыг, үүний дотор нэхэмжлэгчийн маргаж буй Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай хэлцлийн талаарх зохицуулалт байхгүй болгосон.

Шинжээчийн дүгнэлтийн тухайд Ш.Мөнгөншагай нь гарын үсгээ санаатай болон санамсаргүйгээр олон янзаар зурдаг болохыг хэрэгт авагдсан материалуудаас харж болно. Харин шинжээчийн дүгнэлтэд түүний гэх нэг хуудас дүүрэн гарын үсэг нь нэг ижил хэлбэртэй, өөрөөр хэлбэл дээрх бичиг баримтад зурсан шигээ олон янзаар зураагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарах боломжгүй тул түүнийг “хөдөлбөргүй үнэн нотлох баримт” гэж үнэлэх боломжгүй. Дээрх баримтуудаас харахад нэхэмжлэгч нь нэг бол өөрийн гарын үсгийг ийм олон янзаар зурдаг, эсхүл зориуд өөр этгээдээр зуруулдаг гэж үзэхээр байна. Нэгэнт Ш.Мөнгөншагай нь компанийг шилжүүлэхтэй холбоотой бүх бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Г.Жаргаланд олгосон бөгөөд Г.Жаргалан нь энэ бүх хэлцлийг биечлэн хийсэн тул Ш.Мөнгөншагайн өмнөөс өөр хүн гарын үсэг зурсан байсан ч түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

...Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардах эрхгүй этгээд юм. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний аль нэг тал биш, гэрээ байгуулсан талууд гэрээний талаар маргаагүй. Хэрэв Компанийн тухай хуулийн дагуу “зөвшөөрөл авах ёстой байтал аваагүй” гэж үзэж байгаа бол энэ нь “Жи Пи Эф” ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч “Си Си Эм Икс” ХХК-д биш, харин Г.Жаргалантай холбоотой асуудал юм. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн болох нь өмнө дурдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагын тухайд "огноог өөрчилсөн, гэрээний тал биечилж байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй” гэдэг нь дээрх хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль нэг заалтаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна… нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр зөрчихийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэр нь “Жи Пи Эф” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчид болох Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нарын гаргасан компанийн дотоод шийдвэр юм. Иймд хэрэв Ш.Мөнгөншагай нь уг шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол хариуцагч нь “Жи Пи Эф” ХХК-ийн 2 дахь хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал байсан Г.Жаргалан байх ёстой. Өөрөөр хэлбэл, маргаж буй шийдвэр нь одоогийн “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “Си Си Эм Икс” ХХК-д ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ...Гэхдээ уг шийдвэрийг Г.Жаргалан нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул Компанийн тухай хуулийг зөрчөөгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн 23-30 дугаарт заасан үндэслэлийг үгүйсгэсэн буюу улсын бүртгэлийг хууль ёсны болохыг тогтоосон 2016 оны 108 дугаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн шаардлагатай холбоотой тул нэгэнт үндсэн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлага нь ч мөн үндэслэлгүй. Дээр дурдсан бүх үндэслэл, нотлох баримтууд нь ...Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчмыг ноцтой зөрчиж мөн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн зорилтод нийцэхгүй байна. Ялангуяа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын зорилго нь гэрээний аль нэг талын зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд түүний эрх нь зөрчигдөөгүй болохыг хангалттай тайлбарлаж нотолсон.

Иймд Иргэний хуулийн зорилт болон шударга ёсны зарчмыг хангах, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ш.Мөнгөншагай, “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Си Си Эм Икс” ХХК, “Жи Пи Эф” ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид 168 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучнаар/ шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32016/16237 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 337 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хяналтын гомдол гаргаж байна.

Шүүх зохигчдын хооронд гарсан маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг хэлцэл”-ийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон нь буруу болжээ” гэж үзэхдээ анхан шатны шүүх тухайн зохицуулалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэсэн болон түүний алдааны талаар дүгнэлт хийлгүйгээр харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлийг үндэслэл болгосон нь мөн чанартаа хууль тайлбарлах хэрэглээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хамааруулсан эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийжээ. Мөн шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг тайлбарлахдаа хуулийн зохицуулалтын агуулгыг хэсэгчлэн салган авч, гаргах шийдвэрт нөлөөлөхүйц зохицуулалтыг орхигдуулсан алдаа гаргасан байна. Тус зохицуулалт нь “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэснийг шүүх “энгийн бичгийн хэлбэрээс гадна, нотариат, эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг мөн хуулийн 42.10-т заасан шаардлагад хамаарах бөгөөд энэ талаархи хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлажээ” гэсэн нь хоорондоо логик холбоогүй, алдаатай дүгнэлт болсон байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг аваагүй хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг шаарддаг. Иймд зохигчдын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээнүүдэд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай оролцоогүй болох нь тогтоогдсоноороо уг гэрээ хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үндэслэл болно. Үүнийг ч давж заалдах шүүх үгүйсгэж чадаагүй атлаа хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг мөн хуулийн 42.10 дахь хэсэгт хамааруулан холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Зүй нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “хүсэл зориг илэрхийлэгч этгээд гарыг үсэг зурснаар гэрээ хүчин төгөпдөр болох шаардлагыг хангаагүй” гэж нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай гэрээнд гарын үсэг зураагүй баримтад үндэслэж шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний талаас зөв буруу эсэхийг нягтлан дүгнээгүй орхижээ. Нөгөөтэйгүүр шүүх эрх зүйн зохицуулалтын хувьд зөрчилгүй 42.10 дахь заалтад хамааруулан нотлох баримтад дүгнэлт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох чиглэл барьсан нь өөрөө хууль бус ажиллагаа боллоо.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх үүрэгтэй. Энэ үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлж чадаагүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4433 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Жи Пи Эф” ХХК-ийь 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдагч ...Шарав овогтой Мөнгөншагай гэсний ард зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Щ.Мөнгөншагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна”, 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний компанийг үүсгэн байгуулагч “...Шарав овогтой Мөнгөншагай” гэсний ард зурагдсан гарын үсэг Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтээр маргааны гол баримт болж байгаа хоёр гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтооход ач холбогдолтой гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийн талаар огт дурдалгүй орхисон атлаа 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн “Хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай гэсний өмнө гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй гэсэн хэсгийг “шинжилгээнд тэнцэхгүй” гэснийг “Ш.Мөнгөншагайн гарын үсэг шинжилгээнд тэнцэхгүй” гэх бүхэл утгаар хууль бус дүгнэлт хийжээ. Энэхүү дүгнэлт нь эсэргээрээ Ш.Мөнгөншагайн гарын үсгийг хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэн гэрээнд оруулсан хууль бус ажиллагааг нотолсон баримт юм. Нөгөөтэйгүүр хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах, няцаах, дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүйг шүүх анзаарсангүй.

Г.Жаргалан “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцааг шилжүүлсэн талаа эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл, бие даасан шаардлага, гомдол гаргах эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал юм. Иймд Г.Жаргалан хувьцааны маргаан байхгүй гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай өөрийн эзэмшлийн 60 хувийн хувьцааны эрхээ сэргээлгэх шаардлага гаргасан болно. Гэтэл шүүх нэхэмжлэлийн хүрээ хязгаараас хальж, санаачлагаараа өөр этгээдийн хувьцааг тодруулахаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн алдаа болсон хэмээн үзэж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос  гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлэхээс өмнө хамааралтай, хамааралгүй, ач холбогдолтой, эсэх асуудлаар дүгнэлт хийж, нотлох баримтаас хасах шийдвэр гаргаагүй гэж шүүхийг буруутгасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

...Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 337 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар “Жи Пи Эф” ХХК-ийг байгуулсан цагаасаа хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүйгээс гадна Ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагааг ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн. Тэд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Си Си Эм Икс” ХХК-ийн захирал Чэн Банпатай хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан маш олон нотлох баримтуудаар нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх энэ бүх үйл явцыг бодитоор харж чадалгүй хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр гаргасанд харамсаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ шинжээчийн 2016 оны 4433 тоот дүгнэлтийг үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй болно. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар тогтоогдохгүй бол түүнийг үндэслэн үнэлэх учиргүй билээ.

...Давж заалдах шатны шүүх Г.Жаргаланг оролцуулах эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг буцаасныг зөвшөөрөхгүй. Учир нь Захиргааны шүүхэд Г.Жаргалан гуравдагч этгээдээр оролцохдоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө одоо энэ хуралд оролцож буй өмгөөлөгч Ч.Отгонбаатарыг өөрийнхөө өмнөөс оролцуулсан ба нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нар адил ашиг сонирхолтой байсан. Захиргааны хэргийн шүүх хуралдаанд Ш Мөнгөншагай зөвхөн бүртгэлийг хууль бус гэж л мэдүүлдэг байсан. Харин шүүх бүртгэлийг үнэн зөв явагдсан болохыг тогтоосон билээ.

Одоо тэгвзл Г.Жаргалан мөн л Ш.Мөнгөншагайгийн адилаар худал ярьж шүүх хуралдаанд оролцон компанийг буцаан авахыг л хүсэх нь тодорхой бөгөөд Г.Жаргалан бол түүний төрсөн дүүгийн нөхөр бөгөөд бүх процессийг мэдэж байгаа ба угаасаа нэхэмжлэлийн маргааны гол зүйл бол өөрөө " Гэрээн дэх гарын үсэг биш" гэдэг дээр маргаж байгаа тохиолдолд Г.Жаргаланг гуравдагч этгээдээр татах эсэх асуудал хамааралгүй гэж үзэж байна. Ш.Мөнгөншагай байлцсаныг дээр дурдсан нотлох баримтууд нотлож байгаа тул Г.Жаргаланг татах шаардлагагүй.

Нотариатч М.Саранцэцэгийн тодорхойлолтыг давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Нотариатчийг гэрчээр асуусан ч тэрээр тайлбарт бичсэн зүйлээ л хэлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагаа дурдаж нялх хүүхдээ гамшиг болсон хотын утаанаас хол байлгаж асуугдах хуралд оролцох боломжгүйгээ бичсэн нь түүний тайлбарыг үнэлэхгүй байх шалтгаан биш юм. Мөн гэрч Чен Банг Фагийн мэдүүлгийг хуулийн шаардлага хангаагүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг мэдүүлгийг төлөөлөгч би өөрөө авч болох баримт гэж үзэн ЗХАШШ-д хандаж архивийн дардас даруулан шүүхэд авчрахад шүүх өөрөө архиваас гаргуулан авна гэснээр дахин хүсэлт өгч уг гэрчийн мэдүүлгийг дахин шүүх шүүгчийн захирамжаар ирүүлж хэрэгт хавсаргагдсанаар Ш.Мөнгөншагай гэрээнүүд байгуулагдах үед байлцсан болохыг нотлож байгаа юм. Одоогоор Чен Банг Фа нь Монголд байхгүй тул түүнийг иргэний шүүх гэрчээр асуух боломжгүй юм. Чен Банг Фа нь компанийнхаа хөрөнгө завшсан хэрэгт эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа нутаг буцаад дахин ирээгүй байгаа болно. Шүүх хууль сануулж асуусан баримтыг мөн адил шатны шүүх үнэлж болохгүй гэж хуулиар хориглоогүй билээ.

...Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон байна.

 

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо дараахь үндэслэлийг магадлалдаа заажээ:

 

1.“Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын Ш.Мөнгөншагайд холбогдох асуудлын хувьд шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэсэн гэх байдлаар бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын агуулга, түүний үндэслэлийг тодорхойлж чадаагүй, талуудаас гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлж, хооронд нь харьцуулах замаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай хариуцагч “Си Си Эм Икс” ХХК-д холбогдуулан  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 60, 40 хувийг худалдах-худалдан авах, мөн эрх шилжүүлэх 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дөрвөн гэрээ, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг нэмж гаргасан байна \1-р хх-ийн 1-7, 164-165 дугаар тал\.

Дээрх шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн өөрийн өмчлөлийн 60 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, компанийн Г.Жаргалангийн 40 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээний талаар түүнд мэдэгдээгүй, улмаар хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ эдэлж чадаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргахад оролцоогүй, тогтоолд гарын үсэг зураагүй учир хувьцаа эзэмшигчийн эрхээ сэргээлгэх үндэслэлтэй гэж тайлбарлаж, дээрх гэрээг байгуулсан, гэрчлүүлсэн, бүртгүүлсэн зэрэг ажиллагаа ямар хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэнээ нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тусгажээ.

 

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой тусгагдсан, шүүх энэхүү шаардлага, үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагын агуулга, түүний үндэслэлийг тодорхойлж чадаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.   

Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх дутуу үнэлсэн бол давж заалдах шатны шүүх бүрэн үнэлэх, хооронд нь харьцуулах замаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй бол мөн өөрөө харьцуулж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой тул бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой ажиллагааг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь алдаатай болжээ.

 

2.“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан “хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг хэлцэл”-ийг “хүчин төгөлдөр бусд тооцсон” нь буруу” гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57-60 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцлийн талаар зохицуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан зохицуулалтын агуулгаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцогдсон хэлцлийн аль алин нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болдоггүй, хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөгдөөгүй агуулга, хэлбэртэй байдаг ба шүүх талуудын хүсэлт байгаа эсэхээс үл хамааран тухайн хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлыг тогтоодог бол хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл хуулиар зөвшөөрөгдсөн, хориглоогүй агуулга, хэлбэртэй боловч хэлцлийн аль нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл доголдолтой байдаг тул түүний хүсэлтээр шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцдог байна.

Энэ утгаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцлийг шүүх  хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоодог, харин Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч тэдгээрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор шийдвэртээ заасныг алдаатай гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, харин хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцсон байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

 

3.“Хувьцаа эзэмшигч Г.Жаргалан “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 05 тоот шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Г.Мөнгөншагайгийн өмнө хүлээсэн, хуульд заасан үүргээ Г.Жаргалан зөрчсөн эсэх, “Си Си Эм Икс” ХХК зөрчсөн эсэх нөхцөл байдал тодорхой бус, шүүхээс гарах шийдвэр нь эдгээр этгээдүүдийн эрх, үүрэгт нөлөөлөх эсэх, шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэх асуудлыг шүүх талуудаас тодруулан шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь нэхэмжлэлээ хариуцагч “Си Си Эм Икс” ХХК-д холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жи Пи Эф” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахыг хүссэний дагуу энэ иргэний хэргийн хариуцагчаар “Си Си Эм Икс” ХХК, “Жи Пи Эф” ХХК оролцсон байх ба хариуцагч “Си Си Эм Икс” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлаар мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж, маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж ирсэн байна \1-р хх-ийн 41-42, 59-60, 163, 171-172 дугаар тал\.

Энэ тохиолдолд “Си Си Эм Икс” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэх байсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ.

Харин Г.Жаргаланг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар, эсхүл гуравдагч этгээдээр оролцуулах талаар нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алин нь шүүхэд хүсэлт гаргаагүй, Г.Жаргаланг хариуцагчаар татах үндэслэлгүй гэх тайлбараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ \3-р хх-ийн 20-21 дүгээр тал\. Энэ тохиолдолд тухайн асуудлыг шүүх тодруулаагүй гэж дүгнэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3., 28 дугаар зүйлийн 28.1., 29 дүгээр зүйлийн 29.3.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг солих, хамтран хариуцагч, гуравдагч этгээдийг оролцуулах ажиллагааг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрлөөр гүйцэтгэх боломжтой. Г.Жаргаланг хамтран хариуцагчаар, эсхүл гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хариуцагч гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Жаргаланг ийнхүү оролцуулах хүсэлт гаргаагүйгээс гадна  “энэ хэрэгт манай шаардлагуудад хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй”, ““Жи Пи Эф” ХХК-ийн гаргасан шийдвэр. Г.Жаргалантай Ш.Мөнгөншагай гэрээ хэлцэл байгуулаагүй тул хариуцагчаар татах үндэслэлгүй” гэж тайлбарлан Г.Жаргаланг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг татгалзсан тохиолдолд шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчин Г.Жаргаланг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй.

 

Хэргийн оролцогчид Г.Жаргалангаас гэрчийн мэдүүлэг авахуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.   

 

4.“Хариуцагч “Си Си Эс Эф” ХХК-д Ш.Мөнгөншагай нь компанийн 60 хувийн хувьцааг нийт 600 000 төгрөгөөр, Г.Жаргалан нь компанийн 40 хувийн хувьцааг 400 000 төгрөгөөр худалдаж, хэн алин нь “Жи Пи Эф” ХХК-ийн эрх, үүргийг тус тусын эзэмшиж байсан хэмжээгээр шилжүүлэхээр тохиролцсон хувьцаа худалдах-худалдан авах хоёр гэрээ, мөн “Си Си Эм Икс” ХХК-ийг “Жи Пи Эф” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигчээр тогтоосон “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчингүй болгохоор эрх зүйн ямар үр дагавар үүсгэх, ямар эрхээ сэргээлгэх гэж байгаа нь тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна” гэж давж заалдах шатны шүүх магадлалдаа заасан байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь “Си Си Эм Икс” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүх “Си Си Эм Икс” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж буй гэрээнүүд энэ компанитай байгуулагдсан байхад давж заалдах шатны шүүх “Си Си Эс Эф” ХХК гэж энэ хэрэгт огт дурдагдаагүй компанийн нэрийг оруулсан нь ойлгомжгүй болжээ.  

Харин хэрэгт авагдсан зарим нотлох баримтад “Си Си Эм” ХХК-ийн талаар тусгагдсан байгааг анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан энэ нэхэмжлэлд  холбогдолгүй өөр хуулийн этгээд болохыг шийдвэртээ заасан байна \2-р хх-ийн 225-233 дугаар тал\.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохыг шаардсанаар компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор хувьцаа эзэмших эрхээ сэргээлгэхийг хүссэнээ тодорхой илэрхийлсэн байхад “эрх зүйн ямар үр дагавар үүсгэх, ямар эрхээ сэргээлгэх гэж байгаа нь тодорхой бус” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

5.“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэх заалт нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариат, эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг мөн хуулийн 42.10.-т заасан шаардлагад хамаарах бөгөөд энэ талаархи хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарласан” гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэдэгт Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг уг гэрээнд Ш.Мөнгөншагай гарын үсэг зураагүй, улмаар гэрээнд түүнийг оролцсон гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр хамааруулсан байна.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 40 хувийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хувьцаа худалдах талаар хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагайд мэдэгдээгүй, түүний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэх үндэслэлээр хамааруулжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн”, “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэх хоёр нөхцлөөс “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэдгийг сонгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах эрх зүйн үндэслэл болгосон байхад давж заалдах шатны шүүх “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэх асуудлаар дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзэхдээ Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4., “Жи Пи Эф” ХХК-ийн дүрмийн 6.8.-дахь заалтыг үндэслэл болгож, шийдвэртээ дэлгэрэнгүй тусгасан байна.

 

6.“Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4433 дугаартай шинжилгээний дүгнэлтээр “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн “Хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай” гэсний өмнө зурагдсан гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг тодруулалгүйгээр “...нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн уг шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэл бүхий болж чадаагүй” гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай гарын үсгийн шинжилгээ хийх шинжээч томилуулахаар шүүхэд гаргасан хүсэлтдээ хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэргийг эх хувиар хариуцагч “Си Си Эм Икс” ХХК, уг компанийн захирал Чен Банг Фа, эсхүл хувьцаа эзэмшигч Г.Жаргалан нараас гаргуулж авахыг хүссэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс “гэрээ болон шийдвэрийн эх хувийг маргалдагч талуудаас биш Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргээс авч, гарын үсэг шинжлүүлэх”-ийг хүссэн байна \1-р хх-ийн 107, 115 дугаар тал\.

Шүүх хэргийн оролцогч нарын хэн алины хүсэлтийг хангаж, шинжээч томилохдоо нотлох баримт гаргуулах ажиллагаа явуулж, 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг эх хувиар нь хариуцагч компаниас гаргуулан авчээ \1-р хх-ийн 117 дугаар тал\.

Харин “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн эх хувийг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газраас лавлахад уг компанийн хувийн хэрэг Дундговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт байгаа гэх хариу ирүүлсний дагуу Дундговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт дээрх шийдвэр эх хувиар байгааг тогтоожээ \1-р хх-ийн 118, 119, 120, 123, 128, 130 дугаар тал\.

Шүүхээс шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэсгийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч нь Дундговь аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт очиж, архивч Д.Наранцэцэгийг байлцуулан энгийн нүдээр болон өсгөгч шил, зөөврийн микроскоп, гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл зургийн аппарат ашиглан дээрх баримтад үзлэг, шинжилгээ хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна \1-р хх-ийн 132, 133-134 дүгээр тал\.

“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэр гэх баримтын эх хувь дээр “Хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай” гэсний өмнө зурагдсан гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн тул шинжээч гарын үсгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэж үзжээ.

Маргааны зүйл болж буй баримтын эх хувь дээр зурагдсан гэх нэхэмжлэгчийн гарын үсэг хэвлэгчээр хуулбарлагдсан болох нь тогтоогдсон байхад шүүх “нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй” гэж үзэхээс өөрөөр дүгнэлтийг хэрхэн тодруулах ёстой байсан нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдаагүй, анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хийсэн дүгнэлтийг үгүйсгэх ямар үндэслэл байгаа нь тодорхой бус болжээ.

Хэргийн оролцогчид шинжээчээр дахин, эсхүл нэмэлт шинжилгээ хийлгүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

7.“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа нотариатч М.Саранцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогч биш этгээдийн тайлбарыг хэрэгт хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хасах эрхээ хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн хувьд нотлох баримт бүрдүүлэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй” гэх давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр  сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг шинээр нотлох баримт шүүхээр бүрдүүлүүлэхээр буюу нотариатч М.Саранцэцэгээс гэрчийн мэдүүлэг авахуулахаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Гэвч гэрч нялх хүүхдээ асарч хотод байхгүй байгааг харгалзан  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаж, түүний бичгээр өгсөн тайлбарыг шүүхэд өгчээ \2-р хх-ийн 181-185, 234, 235-236 дугаар тал\.

М.Саранцэцэгийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн гэх уг тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан  гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар хэргийн оролцогч гэж зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэлдэг байна. Хэргийн оролцогчоос өөр этгээдийн тайлбарыг хэрэгт хавсаргаж болохгүй, эсхүл хэрэгт зөвхөн хэргийн оролцогчийн л тайлбар байх ёстой гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам хуульд байхгүй учир энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

М.Саранцэцэг тайлбартаа нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нар хувьцаа худалдах-худалдан авах гэрээг гэрчлүүлэхэд нотариат дээр биечлэн ирсэн, гэрээний он, сар, өдрийг урагшлуулж бүртгэсэн, нотариатчийн үйлдлийг хэрхэн гүйцэтгэсэн талаар тусгасан байх тул энэхүү баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэх боломжгүй юм. Улмаар анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтаас хасаагүйг буруутгах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасан нотлох баримт биш гэж үзсэн нь алдаатай болжээ. Шүүх уг баримтыг хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийн хэмжээнд авч үзээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тохиолдолд М.Саранцэцэгийн тайлбар хэрэгт авагдсан байдал нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

М.Саранцэцэгийн тайлбарт зурагдсан гарын үсэг хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй, түүнд шүүхэд үнэн зөв тайлбар өгөх талаар хууль сануулсан ажиллагаа явагдаагүйгээс гадна нотариатч М.Саранцэцэгийн энэ маргааны зүйл болох гэрээ, хэлцлийг гэрчилсэн үйлдлийг нотлох баримт буюу бүртгэл, тэмдэглэл Нийслэлийн архивын газарт байхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх дээрх тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгах боломжгүй \2-р хх-ийн 27, 171 дүгээр тал\.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь нотлох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгдөг бол нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийдэг болох нь мөн зүйлийн 38.6.-д заасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт бүрдүүлэх буюу гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсанаар нотлох баримт бүрдүүлүүлэх тухайн эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзнэ. Энэ тохиолдолд “нотлох баримт бүрдүүлэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт утга муутай болжээ.

  8.“Гэрч Ванг Фагийн мэдүүлэг 2-3 удаа хэрэгт авагдсан бөгөөд захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан энэхүү гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай эсэхийг үнэлж, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хуулийн шаардлагыг хангаагүй нотлох баримтыг нотлох баримтаас хасах эсэхээ анхан шатны шүүх шийдвэрлэх байсан” гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд 31 хуудас нотлох баримт гаргаж өгсөн байх ба тэдгээрийн дотор БНХАУ-ын иргэн Чен Банг Фагийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн гэрчийн 3 хуудас мэдүүлэг авагдсан байна \1-р хх-ийн 250-251, 1-р хх-ийн 1 дүгээр тал\. Гэрчийн мэдүүлгийн хуулбарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байна.

Хариуцагчийн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Энэхүү хүсэлтэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэр, түүнийг хянасан Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 108 дугаар тогтоол, тус хэрэгт Ш.Мөнгөншагайгаас Б.Батзаяад олгосон итгэмжлэл, шүүгч О.Оюунгэрэлээс БНХАУ-ын иргэн Чен Банг Фа-г гэрчээр асуусан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, Ш.Мөнгөншагайгаас хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын анкетыг гаргуулах талаар заажээ \2-р хх-ийн 166 дугаар тал\.

Анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж, шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101\Ш32016\30714 дүгээр захирамжаар хангасан байна \2-р хх-ийн 167-168 дугаар тал\.

Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүгчийн захирамжийг хүргүүлсний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Ш.Мөнгөншагайн нэхэмжлэлтэй, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргээс “холбогдох материалыг хуулбарлан, нотлох баримтын шаардлагыг хангуулан” Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ \2-р хх-ийн 169, 190-205 дугаар тал\. Захиргааны хэргийн шүүхээс ирүүлсэн 16 хуудас баримтад шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдэг дарагджээ.

Ийнхүү БНХАУ-ын иргэн Чен Банг Фагийн захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг тухайн хэрэгт хоёр удаа авагдсан байна.

Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан энэхүү гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай гэж үзэж, шүүгчийн захирамж гаргасан, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзээгүй, дээрх нотлох баримт нь бичмэл нотлох баримтад тавигддаг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх дээрх баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэг гэж үнэлээгүй, шийдвэрийн үндэслэл болгоогүй, хэргийн оролцогчид Чен Банг Фагаас гэрчийн мэдүүлэг авахуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Дээр дурдсан байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан шаардлагын аль нэгт хамаарахгүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.1., 168.1.3., 168.1.7.-д заасан зохицуулалтыг магадлалын үндэслэл болгосон нь  хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хувьд алдаатай болжээ.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэжээ.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

“Жи Пи Эф” ХХК-ийг Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар үүсгэн байгуулж, компанийн хувьцааны 60 хувийг Ш.Мөнгөншагай, 40 хувийг Г.Жаргалан эзэмшиж байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн компанийн дүрэм, бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогджээ.

2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа “Си Си Эм Икс” ХХК-д шилжсэн болох нь мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

1.“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 60 хувийг, хувьцаа нэг бүрийг 10 000 төгрөгөөр тооцон 600 000 төгрөгөөр Ш.Мөнгөншагай “Си Си Эм Икс” ХХК-д худалдсан 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ, “Жи Пи Эф” ХХК-ийн эрх, үүргийн 60 хувийн хамт бүрмөсөн шилжүүлэхээр тохиролцсон мөн өдрийн “эрх шилжүүлэх” гэрээ хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай дээрх хоёр гэрээг хариуцагч “Си Си Эм Икс” ХХК-тай байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, ийм гэрээ байгуулахыг хэн нэгэнд зөвшөөрөөгүй, гэрээ байгуулагдсан, өөрийн өмчлөлийн хувьцаа бусдын өмчлөлд шилжсэн болохыг 2015 онд мэдсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон криминалистикийн шинжээч дээрх хоёр гэрээнд зурагдсан гарын үсэг Ш.Мөнгөншагайн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг гарын үсгээ өөр өөрөөр зурдаг гэж гарын үсгийн хэлбэрийн талаар маргасан боловч гар бичвэрийн зөрүүтэй байдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй, шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгээгүй, шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 60 хувийг “Си Си Эм Икс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх дээрх хоёр гэрээнд Ш.Мөнгөншагай гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй тохиолдолд шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог бол ийнхүү гэрээний тал гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй нөхцөлд шүүх тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ байгуулахад нотариат дээр биеэр ирсэн гэх нотариатч М.Саранцэцэгийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбар нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, М.Саранцэцэг нотариатчийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрчилсэн Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-тай байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдтэй холбоотой баримт Нийслэлийн архивын газарт байхгүй, нотариатчийн үйлдлийг гэрчлэх баримт хэрэгт авагдаагүй учир Ш.Мөнгөншагай гэрээ байгуулах, нотариатаар гэрчлүүлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх худалдах-худалдан авах гэрээнд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 60 хувийг 600 000 төгрөгөөр үнэлсэн байх боловч гэрээний дагуу энэ үнийн дүн бүхий төлбөрийг хариуцагч “Си Си Эм Икс” ХХК нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмших эрхийг сэргээж, түүнийг компанийн нийт хувьцааны 60 хувийн эзэмшигчээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан шаардлагад нийцжээ.

2. “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Жаргалан нь компанийн хувьцааны 40 хувийг, хувьцаа нэг бүрийг 10 000 төгрөгөөр тооцон 400 000 төгрөгөөр “Си Си Эм Икс” ХХК-д худалдсан 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ, “Жи Пи Эф” ХХК-ийн эрх, үүргийн 40 хувийн хамт бүрмөсөн шилжүүлэхээр тохиролцсон мөн өдрийн “эрх шилжүүлэх” гэрээ хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх дээрх хэлцэл нь бусад хувьцаа эзэмшигчийн буюу Ш.Мөнгөншагайн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  зохицуулалтад нийцжээ. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа  эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй. Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь  уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэх ёстой. Уг мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан  авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байх учиртай. Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэж, уг мэдэгдэлд хувьцаа худалдан авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо зэргийг зааж, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна.

Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй.

Компанийн хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь өөрийн мэдэгдэлд зааснаас багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй болно.

“Жи Пи Эф” ХХК-ийн дүрэмд зааснаар хувь нийлүүлэгч нь энгийн хувьцаа, ногдол хувь эзэмших эрхээ бүгдийг буюу хэсгийг гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх саналтай бол энэ тухай бусад хувь нийлүүлэгчид бичгээр мэдэгдэх, хувьцааг давуу эрхийн дагуу тэргүүн ээлжинд худалдан авах этгээдэд ийнхүү худалдан авах эсэхээ 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй байна.

“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 40 хувийг “Си Си Эм Икс” ХХК-д худалдахад хууль болон гэрээнд заасан дээрх журам хангагдсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.  

Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1., 270.3.-т зааснаар худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй бол худалдан авах давуу эрх бүхий этгээд нь худалдагчаас гуравдагч этгээдэд санал болгосон нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар шаардах эрхтэй байна. Мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.-д зааснаар худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 40 хувийг худалдах-худалдан авах гэрээнд хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах этгээдийн эрхийг тусгаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 40 хувийг “Си Си Эм Икс” ХХК-д худалдаж, эрх шилжүүлсэн хоёр гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

3.“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэрээр хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчээс Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг хасч, шинэ хувьцаа эзэмшигчээр “Си Си Эм Икс” ХХК болсныг баталгаажуулсан байна.

Уг шийдвэрт Ш.Мөнгөншагай мөн гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч “Си Си Эм Икс” ХХК нь “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсноос хойш компанийн үйл ажиллагаа, эд хөрөнгөд их хэмжээний хөрөнгө оруулсан гэж тайлбарлан энэ талаар шүүхэд нотлох баримт гаргасан боловч нэхэмжлэгчид холбогдуулан хариу шаардлага гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 337 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН