Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02145

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02145

 

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 103/ШШ2023/00558 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А-д холбогдох,

хохирол 8,002,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А- нь Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар тус албаны ахлах мэргэжилтэн Б-г албан тушаалаас нь чөлөөлжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 103/ШШ2019/00129 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1107 дугаар магадлалаар Б-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар тушаалаар 3,002,861 төгрөг, нийт 8,002,861 төгрөгийг Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.

Иймд А-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 8,002,861 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.Баярмааг ажлаас чөлөөлөхдөө Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны А04 дугаартай захирамжийг үндэслэн тушаал гаргасан.

Энэ захирамжийн 2 дахь хэсэгт шинэчлэн баталсан бүтцийн дагуу 2017 оны 1 дүгээр сард багтаан зохион байгуулалтын өөрчлөлт хийх, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлах, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Худалдан авах ажлын албаны дарга А-д үүрэг болгосон байгаа. А- Төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах зарчмын дагуу энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллахаас өөр аргагүй.

Б- бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөхөд оронд нь хүн ажилд аваагүй, сул цалин олгогдоогүй.

Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт төсвийн зарцуулах зарцуулалт нь холбогдох хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан байгаа юм. Гэтэл өнөөдөр ямар ч акт тогтоосон баримт байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-гээс 8,002,861 төгрөгийг гаргуулж Төрийн банкан дахь Төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 142,996 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуульд заасан зөрчлөөс үүсэх буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг үүссэн эсэхийг шүүх нарийвчлан тогтоох ёстой, энэ талаар Улсын дээд шүүхийн 1977 оны 473 дугаар тогтоолд гэм хор учруулагч нь гэм буруутай байх буюу субьектын хувьд хариуцагчийн санаатай, болгоомжгүй хандсан байхыг ойлгоно. Гэтэл хариуцагч өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй тул захирамж гаргасан тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай 4 зүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлсэн, үүгээр үйлдлийн субьектив тал үгүйсгэгдэж байна.

Д.Баярмааг Багануур дүүргийн засаг даргын бүтэц орон тоо батлах тухай захирамжийн хүрээнд чөлөөлсөн учир түүний оронд өөр хүн авах замаар нэг орон тоон дээр 2 хүн ажиллуулаагүй, байгууллагад санхүүгийн хохирол учруулаагүй. Хэрэв учруулсан гэж үзвэл,Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн актын мэдэгдэл өгч биелэлтийг хангуулах байсан. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар Д.Баярмааг чөлөөлсөнтэй холбоотой түүнд ажилгүй байсан хугацааны олговрын ойлголттой холбоотойгоор Төрийн аудитын байгууллагаас шалгалт хийж акт үйлдсэн баримт тогтоогдоогүй байхад Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч А-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 8,002,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3. Хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоол болон Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 103/ШШ2019/00129 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1107 дугаар магадлалаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. А- нь Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 тоот тушаалаар тус албаны ахлах мэргэжилтэн Б-г албан тушаалаас чөлөөлсөн.

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 тоот Г-ийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, Б-г сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж шийдвэрлэсэн,

3.2. Б- нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон тул түүний 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,281,999 төгрөгийг Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргуулж олгосон.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

4.1. Хариуцагч А- нь Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот захирамжийн дагуу бүтцийн өөрчлөлт хийхдээ төрийн албанд ажиллах ерөнхий шаардлагыг хангасан Б-г ажлаас чөлөөлсөн атлаа дээрх шаардлагыг хангаагүй Г-ийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн болохыг захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон байна.

Ийнхүү Б-г ажлаас чөлөөлснөөс үүдэж түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 тоот Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар 3,002,861 төгрөг, нийт 8,002,861 төгрөгийг Б-д шилжүүлэн өгчээ.

 

4.2. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор төрд 8,002,861 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4.3. Хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалж төрд хохирол учирсан үйл баримтад өгсөн анхан шатны шүүхийн дүгнэлт нь иргэдийн төлөөлөгч Н.Отгонсайханы шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцсэн байна.

 

4.4. Хариуцагчийн гаргасан төрд хохирол учруулсан үйл баримт тогтоогдоогүй, аудитын акт тавигдаагүй гэх гомдлыг хангахгүй.

Шүүх гэм хорын хохиролтой холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл тогтоогдсон эсэхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар дүгнэх бөгөөд энэ тохиолдолд аудитын байгууллагын акт урьдчилж гарсан байх ёстой гэж үзэхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 103/ШШ2023/00558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ