Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00088

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/01206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 7,760,898.50 төгрөг  гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******тай ЗГ******* тоот зээлийн гэрээг байгуулж 9,750,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

ЗГ******* тоот Зээл болон барьцааны гэрээгээр ******* тоот цалингийн дансыг барьцаалсан. Зээлдэгч *******т ЗГ******* тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. ЗГ******* тоот зээлийн үндсэн төлбөрт 7,262,294.36 төгрөг, хүүний төлбөр 486,988.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,615.26 төгрөг, нийт 7,760,898.50 төгрөгийг гаргуулж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

  Миний бие нөхөр ын хамтаар "*******" ХХК-ны Дархан салбартай 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ дугаар тэтгэврийн зээлийн гэрээг хамтран зээлдэгчээр байгуулж 16,650,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр байгуулсан. Нөхөр минь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан үүнээс хойш голомт банкны зээлийн эдийн засагчтай тогтмол уулзан өөрийн нөхцөл байдлаа хэлж ярьж байсан. Миний хувьд "" ХХК-ийн Дархан салбартай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1070028792 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан байсан. Миний хувьд 2 өөр банканд зээл төлөх хүндрэлтэй байгаа тул нэгтгэж болох эсэх талаар боломж байгаа юу? гэж асуухад тус банкны эдийн засагч нь тийм ямар ч боломж байхгүй, мөн зээлийн хүүг хэрхэн зогсоох, зээл тэглэх талаар ямар ч зөвлөгөө тусламж үзүүлэлгүй та зээл авсан учир төлөх л ёстой гэж ойлгуулж байсан. 

...ны эдийн засагч та наас эхэлж цалингийн зээл авсан, харилцагчийн өр орлогын харьцаа хангагдахгүй байхад таньд цалингийн зээлийг хүчээр олгосон байна, та үндсэн зээлдэгч биш хамтран зээлдэгч тэгвэл үндсэн зээлдэгч нас барсан үед тухайн зээлийн хүүг нас барсан өдрөөс нь эхэлж тэглэх буюу зогсоож хамтран зээлдэгч нь зөвхөн үндсэн зээлийг төлөх ёстой байдаг. ******* Монгол банкнаас гаргасан журам зөрчиж давхардуулан цалингийн зээлийг олгож харилцагч таныг өрийн дарамтад оруулсан байна. Таны талийгаач нөхөр өнгөрснөөс хойш тухайн зээлд төлж байсан бүх хүүг нөхрийн тань үндсэн зээлээс хасаж тооцох ёстой гэсэн зөвлөгөөг өгсөн. Тухайн үеэс эхлэн миний хувьд *******ны зээлийг төлөөгүй, төлөх чадвар ч байгаагүй.

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан нөхөрт минь 2020 оны 05 сард тэтгэвэр буусан байсан ба уг тэтгэвэр зээлээс нь хасагдсан эсэх нь тодорхойгүй, уг тэтгэвэр буухад хасагдаж тухайн үед яг хэдэн төгрөгийн өртэй үлдсэн талаар ******* танилцуулаагүй. Мөн нас барсны тэтгэмж 1,000,000 Нийгмийн даатгалын сангаас авч зээлд нь төлсөн боловч эдийн засагч нь 1,000,000 төгрөг ороогүй байна гэсэн. Миний хувьд *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ******* нь Монгол банкнаас гаргасан журмыг зөрчиж надад давхардуулан цалингийн зээл хүчээр олгож, тэглэх ёстой хүүг тэглэлгүй надаас авах ёсгүй төлбөрийг нэмэгдүүлэн авч байсан учир *******ны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 7,760,898.50 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,125 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Банк, мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 20 дугаар зүйлийн 20.2.4, 22 дугаар зүйлийн 22.2.6- т заасныг зөрчсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн шүүх дүгнэлтдээ "... хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13-т зааснаар банк зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй...” гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийн үндэслэлийг хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу явцуу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна.

...Талууд гэрээний гол нөхцөл болох мөнгөн дүн, хүү, хугацаа зэрэг гол нөхцөлийг тохирч, гарын үсэг зурсан”, “зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн бөгөөд энэ тал дээр маргаагүй”, “зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2022 оны 08 сарын 09-ний өдрийг хүртэл төлж байсан" зэрэг нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан буюу хүсэл зоригийн илэрхийлэл байсан, харилцан хүлээн зөвшөөрсөн, хэрэгжээд явж байсан харилцаа гэдгийг нотолж байхад шүүх агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх заалтад хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой хэлцэл хамаарах атал талуудын хооронд байгуулагдсан гэрээг ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй”.

Нөгөө талаас шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхдээ хэргийн нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн тайлбарлаагүй буюу хариуцагч талын тайлбарыг хэт үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна. 

3. Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7,760,898.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

   4. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* эс зөвшөөрч, “...анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу явцуу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. ... агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдлыг гаргасан байна.

Хэргээс судлан үзвэл:

5. Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7,760,898.50 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэгч "*******" ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 9,750,000 төгрөгийн зээлийг 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү 7,760,898.50 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

6. Хариуцагч ******* нь “...*******наас цалингийн зээл авах шаардлага байгаагүй, нөхөр ын авсан тэтгэврийн зээлийг түүнийг нас барснаас хойш төлөх боломжгүй байдал үүссэний улмаас банкны шаардлагаар тэтгэврийн зээлийг хаах зорилгоор тус зээлийн дүнтэй ижил хэмжээний зээлийг авч гэрээнд гарын үсэг зурсан, тухайн зээлийг ашиглах боломж олгоогүй. ...Хууль тогтоомж зөрчиж, нэг үүсвэрээр зээл олгож,  хүнд байдал оруулсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 7. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа энэхүү зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно.” гэж, 20 дугаар зүйлийн 20.2.4-т “зээлийн гэрээнд зээлийн зориулалт, зээл олгох хэлбэр”, 22.2.6-д “зээлдэгчийн хувийн хэрэгт ...зээл хүсэгчийн өр, орлогын харьцааг нотолсон баримт бичгийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

7.1 Хариуцагч ******* нь нөхөр ын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр *******тай байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх бөгөөд нөхөр нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

7.2 Хэргийн 53-57 дугаар талд авагдсан хариуцагч *******ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *******анд гаргасан өргөдөлд “...нөхөр нас барсан учир зээлийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас өөрийн цалингийн зээлтэй нэгтгэн зээлийг барагдуулах”, өргөдлийн хугацаа хэтэрсэн зээлийн тайлбар хэсэгт “нөхөр нас барсан” гэж бичжээ.

Дээрх хүсэлтийг ******* хүлээн авч, *******тэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ4315121412 тоот зээл болон барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 9,750,000 төгрөгийг 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгохоор тохиролцож, талууд гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 4-5,13-14/

7.3 "*******" ХХК нь гэрээнд заасан 9,750,000 төгрөгийг зээлдэгч *******ийн ******* дугаарын /цалингийн/ дансанд шилжүүлж, дээрх үнийн дүнгээр тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хаасан, гэрээний дагуу зээлдэгч зээлийн төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл төлж байсан нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.  /хх-ийн 4-5, 12/

   8. Дээрх байдлаас дүгнэж үзвэл талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохирч, гарын үсгээ зурж баталгаажуулсан, 9,750,000 төгрөгийн зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, түүний хүсэл зоригийн дагуу нөхөр тай хамтран авсан тэтгэврийн зээлийг хаасан, зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл төлж байсан нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

   Тодруулбал, ******* нь хариуцагч *******ийн зээл хүссэн өргөдлийг хянаж үзээд иргэний зээлийн хорооны шийдвэрээр түүнд зээл олгохыг зөвшөөрч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 54/

   Зээлийн гэрээнд зээлийн зориулалт, зээл олгох хэлбэрийг тусгаагүй ч түүний 4315131227 дугаарын харилцах /цалингийн/ дансанд 9,750,000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгөн дүнгийн хэмжээгээр өмнө авсан тэтгэврийн зээлийн төлбөрийг хааж байгааг зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласан гэж үзэх ба энэ нь зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл *******, ******* нар харилцан тохиролцож  гэрээ байгуулагдсан, дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

 9. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч "*******" ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13-д /Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй /зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй/ гэж үзсэн.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэж заасан байна. Ийнхүү үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх тул нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, зээл төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж байсан тул зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна гэж тайлбарласан бөгөөд энэ талаар хариуцагч нь маргаагүй байна. /хх-ийн 180-181/

Талуудын хооронд байгуулсан Зээл болон барьцааны гэрээний 3.3.4-т “...зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй... бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан дуудна” гэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардах эрхтэй байх тул талуудын хооронд байгуулсан   ЗГ******* тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******ээс зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7,760,898,50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч "*******" ХХК-ийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/01206 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 7,760,898.50 төгрөг гаргуулах тухай "*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ЗГ******* тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******ээс зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7,760,898,50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгосугай” гэж,

2 дах заалтын “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,125 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,125 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 139,125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 209,324 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдсугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА                                                 

                                              ШҮҮГЧИД                                      Я.ТУУЛ  

                                                                                                           Г.МЯГМАРСҮРЭН