Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 102/2023/00208/И |
Дугаар | 210/МА2023/02170 |
Огноо | 2023-12-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2023/02170
2023 12 18 210/МА2023/02170
А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03907 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: МОХННУБТЗ-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Чойр өртөөний даргын албыг хашиж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Улаанбаатар төмөр замын нэг дүгээр орлогч даргын Б/2/176 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Дотоод аудит хяналт шалгалтын албаны хурлын тэмдэглэлийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргаж сахилгын шийтгэл оногдуулсныг хууль бус гэж үзэж байна.
А- нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш нийтдээ 8 сар ажиллаж энэ хугацаанаас сургуульд явсан болон ээлжийн амралттай байсан үеэ хасвал нийт 6 сарын хугацаанд ажилласан. Гэтэл өмнөх удирдлагын үед үүссэн дотоод аудитын актыг надад хамаатуулж байгаа нь ойлгомжгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тухайн үед ажиллаж байсан Чойр өртөөний дарга н.Төгсбаяр, ачаа тээвэр хариуцсан дарга В-, ерөнхий нягтлан бодогч Г- нар дотоод аудитын шалгалтын актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй.
Мөн бид ажил үүргийн дагуу илрүүлээд, барагдуулаад явж байгаа ачаа тээвэртэй холбогдолтой зүйл дээр Дотоод хяналтын алба өөрсдөө илрүүлсэн юм шиг акт тавьсан нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч байгууллагууд дотоод хяналтаар тавигдсан акт болон нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрдөггүй. Цар тахалтай холбоотойгоор ачаа их хуримтлагдсан, үүнд манай өртөөнөөс ч шалтгаалахгүй, харилцагчаас ч шалтгаалсан асуудал байгаагүйд зөв дүгнэлт хийгээгүй.
Тухайлбал, “Г” ХХК-тай холбоотой 1,300,000,000 төгрөгийн акт тавьсан. Энэ асуудлыг “Г” ХХК нь зөвшөөрөөгүй учир маргалдаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд 300,000,000 төгрөг дээр эвлэрсэн. Үүнээс дүгнэлт хийгээд үзвэл акт зөвхөн нэг талыг барьж гарсан нь харагдана.
Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг надад тайлбарлаагүй, мөн надаас бичгээр тайлбар гаргуулж аваагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй тул Чойр өртөөний даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний хэмжээний 32,444,286 төгрөгийг ажил олгогчоос нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Чойр өртөөний дарга А- нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиргааны ажилтны цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулсан, удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалттай биелүүлээгүй, өмнөх оны Дотоод аудит хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт хангалтгүй ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан зэрэг сахилгын зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан Тээвэр зохион байгуулалтын албанд шилжүүлсэн.
Тушаалын үндэслэл Дотоод аудит хяналт шалгалтын тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан ба аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар асуухад А- зөвшөөрч байна гэж хариулсан байдаг. Мөн 2022 онд захиргааны ажилчдын цаг ашиглалт болоод А-ын цаг ашиглалтын талаарх баримт авагдсан.
Өмнө нь аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг биелүүлэх хугацаа өгөхөөр А- бичиг явуулсан гэснээс өөр авлага авах үйл ажиллагааг явуулдаггүй. Мөн нэхэмжлэгч сургалтад сууна гэж хэлээд чөлөө авалгүй явсан.
Хөдөлмөрийн маргаан таслах комисст хянуулахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МОХННУБТЗ- нийгэмлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 23,869,724 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,812 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 35,487 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг дутуу оруулснаас гадна хариуцагчаас гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгсөн гэж бичсэн.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын цахилгаан, Цомог, Олон-Овоо, Шивээ-Овоо зөрлөгийн галт тэрэгний хөдөлгөөний дэвтэр, зам сумын үзлэгийн дэвтэрт бичсэн тэмдэглэл, үүрэг даалгаварт бичсэн тэмдэглэл, Чойр өртөөнд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилчдын цалингийн жагсаалтад гарын үсэг зурсан жагсаалт зэрэг нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн, няцааж байгаа талаар шийдвэртээ огт дурдсангүй.
2023 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн 102/TM2023/06199 дугаартай тэмдэглэлд нотлох баримт шинжлэн судалсан байдлыг тодорхой дурдаагүйгээс шүүгч нотлох баримтыг өөрийн дураар гуйвуулж шийдвэртээ бичсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримтын шинжлэн судалсан байдлыг бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
4.2. Ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл хүлээлгэхдээ А-аас бичгээр тайлбар авах, шууд харьяалан удирдах албан тушаалтан болох Тээвэр зохион байгуулалтын албаны даргаас илтгэх хуудас авах, ҮЭ-ийн төлөөлөл оролцуулсан шуурхай хуралдааныг хийх ёстой байсан тул А-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй.
4.3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байх шаардлагатай гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж байгаад хамаарч байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.9, 5 дугаар зүйлийн 5.6, 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.10, 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.1.17 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөнийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тусгаж тохироогүй байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.4. А-ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах тухай ажил олгогчийн шийдвэрт Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Энхбаярын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байдаг. Гэтэл энэхүү хурлаар А-т сахилгын арга хэмжээ ногдуулж ажлаас халах асуудлыг биш харин Чойр өртөөнд дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайланг авч хэлэлцсэн тухай байсан.
Нэхэмжлэгч хэдийгээр тайлан дээр гарын үсгээ зураагүй боловч өртөөний даргыг орлохоор тушаал гарсан орлогч дарга Ч.Гантогтох “тайлантай танилцав” гэж гарын үсгээ зурж өртөөний даргад ажил хүлээлгэн өгөх өдрөө тайланг танилцуулж, энэ тайлантай биечлэн танилцсан үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй, Чойр өртөөний удирдлагын ажлын талаар дүгнэж хийсэн шуурхай хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцоод өртөөн дээр гарсан зөрчил , дутагдлыг зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.
4.5. Шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж дүгнэсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан, түүнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэх маргаан нь гомдлоор авч хэлэлцэгддэг маргаан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн.
Дээр дурдагдсан бүхэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байх тул шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулсан, хяналт шалгалтаас өгсөн үүргийн биелэлтийг хангаагүй, албан үүрэгтээ хайнга хандсан тул ажлаас чөлөөлсөн.
Чойр өртөөний захиргааны хэлтсийн цаг ашиглалтын байдал хангалтгүй байсан, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд А- нь 44 өдрийн хоцролттой, 24 өдрийн ажил таслалттай, 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 өдрийн ажил таслалттай байсан.
Чойр өртөөнд хийсэн шалгалтын тайланг нэхэмжлэгчид өөрт нь танилцуулсан ба энэ талаар тайлангийн хурал хийхэд нэхэмжлэгч нь зөрчлүүдээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч МОХННУБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн алдааг залруулан дүгнэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. А- нь МОХННУБТЗ-ын даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б-1-44 тоот тушаалаар Чойр өртөөний даргаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.
4.1. МОХННУБТЗ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-176 дугаартай тушаалаар ажилтан А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-т зааснаар цуцалсан байна /1хх 8/.
Ингэхдээ А-ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулж, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, өмнөх оны дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт хангалтгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж үзжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтны гаргасан ноцтой зөрчлийг тогтоосон байх ёстой.
5.1. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар харилцан тохиролцсон байх ба уг заалтад ажлаас хоцорсон нийт хугацааг тодорхой тоо хэмжээнд хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заагаагүй.
Уг заалтын хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд А- нь 7 хоногийн таслалттай байсан эсэхэд талууд маргасан.
Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч байгууллагын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайланд ажилтан А- нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 7 хоног ажил тасалсан гэж тусгасан боловч чухам аль өдөр ажилтан ажил тасалсан болох нь тодорхой тусгагдаагүй байна. /1хх 170/.
Мөн МОХННУБТЗ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1/474 дугаар тушаалаар Чойр өртөөний дарга А-ыг сургалтанд явах хугацаанд үүрэгт ажлыг шуурхай ажил хариуцсан орлогч дарга Ч.Гантогтоход 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн /2хх 26/,
“Эйбл клоуд” цаг ашиглалтын системд А-ыг 2022 оны 09 дүгээр сарын 12-14, 16-ны өдөр тасалсан гэж бүртгэсэн боловч хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж авсан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээнд А-ыг ажлаас чөлөөлж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11.00 цагт “Ганзам палас”-т болох үйлчлүүлэгчдийн зөвлөгөөнд дүрэмт хувцастай бэлэн байхыг үүрэг болгосон /2хх 158/, Цомог, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн галт тэрэгний хөдөлгөөний дэвтэр, зам сумын үзлэгийн дэвтэр, үүрэг даалгаврын тэмдэглэл зэргээр эдгээр өртөөнд А- нь 2022 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд ажилласан байна /2хх 161-167/.
5.2. Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт шалгалтын хүрээнд Чойр өртөөнд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ачаа хадгалалтын хөлс 1,333,310,000 төгрөгийн, зам ашиглалтын хөлс 616,840,000 төгрөгийн, цахим программ ашигласны төлбөр 2,8385,000 төгрөгийн, удаан хугацаагаар хадгалагдсан ачаа хадгалалтын хөлс 554,061,000 төгрөгийн авлагуудыг тус тус барагдуулах, хувь хүний орлогын албан татвар 930,000 төгрөгийг суутгах, 168,000 төгрөгийн үнэтэй карбин бууг олж тогтоох, үндэслэлгүйгээр хураасан 16,200,000 төгрөгийг үйлчлүүлэгчид буцаан олгохыг тус тус даалгасан актууд гарсан байна /1хх 187-198/.
Эдгээр актуудад А- нь хэзээ ямар буруутай үйлдэл, эс үйлдэл гаргаж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй.
5.3. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Т-63/04/44 тоот төлөвлөгөөт шалгалтын тайлан, үүний дагуу хийгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлд А-ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулж, удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, өмнөх оны дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт хангалтгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан талаар заасан байх боловч эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-5.3.16-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
5.4. Дээрх хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийн хэр хэмжээ, гэм бурууд тохирсон хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаагүй, мөн ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэдгийг эргэлзээгүй нотлогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан МОХННУБТЗ-ын Чойр өртөөний даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцнэ.
6. Нэхэмжлэлийг хангаж байгаа тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай шаардлагыг мөн хангана.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарласан тул уг хугацаагаар олговрыг тооцох нь зүйтэй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 29,730,774 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж байна.
Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн дараалал болон улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч А-ыг МОХННУБТЗ-ын Чойр өртөөний даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн найруулж,
“2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 29,730,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг МОХННУБТЗ-д даалгасугай” гэсэн заалт нэмж,
2 дахь заалтыг “3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос 241,812 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 376,804 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай” гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Т.БАДРАХ