Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00091

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Nргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01076 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг  гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           Миний бие нь хааяа нэг мөнгөний боломж гарсан үедээ хувь хүмүүст мөнгө зээлдүүлдэг. 2023 оны 05 дугаар сарын 26-нд орой 22 цаг өнгөрч байхад ******* нь утасдаад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, мөнгө зээлдүүлээч 10,000,000 төгрөг хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Би маргааш уулзъя гэхэд одоо л хэрэгтэй байна гэж намайг шалж гуйсаар байгаад уулзсан. Ингээд 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж аваад 11,000,000 төгрөг болгож өгөх, зээлсэн мөнгөө эргэн төлөх баталгаа болгож ******* ДАА улсын дугаартай Toyota ******* маркийн суудлын машиныг барьцаа болгож үлдээсэн. Машин барьцаа болгож үлдээхдээ тухайн орой нотариат дуудаж надад итгэмжлэл хийж өгсөн. Би ч харанхуй шөнө байсан учир машиныг нь сайн үзэж харалгүй граждаа оруулж тавиад үлдсэн. Зээлийн хугацаа дуусаж мөнгөө авахаар ******* руу утсаар нь залгахад өөрөө утсаа авчхаад Түвшинбаяр алга байна, би найз нь байна гэж хэлээд яриагүй. 24 удаа надад ийнхүү худлаа хэлсэн. Сүүлдээ утсаа ч авахаа болилоо. Иймд *******аас 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

  ******* миний бие 2023 оны 05 дугаар сарын 26-ны орой найзуудтайгаа утсаар тоглож байтал 22-23 цагийн үед ******* утаснаас нэг ах залгаад чи нөгөө Sai машин барьцаанд тавина гээд байсан хүн мөн үү гэж асуусан би биш гээд та машин барьцаалдаг юм уу гэсэн чинь тиймээ ямар машин байгаа юм бэ гэсэн, тэгэхээр нь Toyota ******* ******* оных байна хэдэд авах юм бэ гэсэн чинь 10,000,000 нэг хоногийн 10 хувийн хүүтэй авна гэсэн тэгээд манай найзууд машиныг чинь тавиад шөнө хожоод маргааш авчихъя буцаагаад гэсэн тул хаана очих вэ гэж асуусан 16 давхрын арын нотариат дээр хүрээд ир гэсэн тэгээд би найзынхаа найз охинтой цуг очиж уулзсан тэгсэн тэр ах 10 хоногийн хугацаатай авдаг хугацаа хэтэрвэл шууд өөрийн болгоно гээд худалдан авах итгэмжлэл хийлгээд бүх бичиг баримтыг өөрөө аваад машиныг замын гэрлийн доор болон гэрэл тусгаж үзээд өөрөө унаж гражид оруулсан.

 Над руу хийсэн 10,000,000 төгрөгийг найзуудтайгаа 1xbet 2-7 хоног тоглоод алдсан. Машины мөнгө 10 сая төгрөгийг тоглож алдсан нь миний нэртэй дансны хуулган дээр байгаа. Нэгэнт худалдаж авах итгэмжлэл хийлгэж үзэж харж өөрөө унаж авсан. Мөнгөө алдсан тул машинаа буцааж авах ямар ч боломж байхгүй  гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч *******ын өмчлөлийн ******* ДАА улсын дугаартай Toyota ******* маркийн автомашиныг цааш нь зарж борлуулах эрхтэй итгэмжлэл хийлгэж аван өөртөө барьцаалж хариуцагчид 10,000,000 төгрөг зээлүүлсэн.

Нэхэмжлэгч нь тус 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаандаа Toyota ******* маркийн автомашиныг үзэж харж үнэлээд өөртөө барьцаалсан, тухайн автомашиныг бусдад зарж борлуулах эрх нь хүчин төгөлдөр байгаа.

Анхан шатны шүүхээс энэхүү үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хариуцагчийн автомашин нэхэмжлэгчийн барьцаанд, бусдад зарж борлуулах эрхтэйгээр байгаа зэргийг үл харгалзан хариуцагчаас нэмж 10,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэр *******ын өмчлөлийн авто машиныг  нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан өгч, хариуд нь хариуцагчаас 10,000,000 төгрөг нэхэмжлэгчид олгохоор тодорхой заагаагүй тул нэхэмжлэгч нь өөрт олгогдсон итгэмжлэлийнхээ үндсэн дээр тухайн автомашиныг бусдад худалдан борлуулах нэмээд хүү нь гэж хариуцагчаас 10,000,000 төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулан авах эрсдэлтэй байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******: Би хааяа мөнгөний боломжтой үедээ бусдад мөнгө зээлүүлдэг байсан.

 2023 оны 05 дугаар сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байхад ******* утсаар ярьж, 10.000.000 төгрөг яаралтай зээлүүлээч гэж хүссэн бөгөөд зээлийг эргэн төлөх баталгаа болгож Toyota Harrier маркийн ******* ДАА улсын дугаартай авто машин барьцаанд үлдээж, 10.000.000 төгрөг 10 хоногийн хугацаатай 11.000.000 төгрөг болгож өгөхөөр зээлж авсан. Зээлийн хугацаа дууссан ч зээлдэгч ******* зээлээ төлөөгүй бөгөөд утсаа авахгүй, авсан ч худлаа яриад байгаа тул *******аас зээлийн 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******: 2023 оны 05 дугаар сарын 26-ны орой *******аас 10.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлж авсан 10 сая төгрөгөөр 1xbet 2-7 тоглоод алдсан бөгөөд аав ээждээ хэлэхэд авч өгч чадахгүй гэсэн тул нэгэнт машинаа худалдан авах итгэмжлэл хийж өгсөн тул машинаа буцааж авах бололцоо, боломж байхгүй болно гэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл: Нэхэмжлэгч *******ын эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данснаас хариуцагч *******ын эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данс руу 2023 оны 05 дугаар сарын 26-ы өдрийн 23 цаг 13 минутад 10.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь тус банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох бөгөөд талуудын хэн аль нь мөнгө шилжүүлсэн талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагч ******* хуулиар 10.000.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан итгэмжлэлтэй  холбоотой үйл баримтыг дүгнээгүй бөгөөд хариуцагч *******ыг зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй гэсэн үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Хэргийн 3 дугаар талд авагдсан итгэмжлэлээр төлөөлүүлэгч *******аас төлөөлөгч *******ад ******* ДАА улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашиныг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрх олгосон нь талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр / цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь фидуцийн гэрээгээр шилжүүлсэн хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй байх бөгөөд хариуцагч *******ын нэгэнт худалдан авах итгэмжлэл хийж өгөөд мөнгөө алдсан тул машинаа буцааж авах бололцоо байхгүй гэж маргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн “... тухайн автомашиныг бусдад зарж борлуулаад хариуцагчийн зээлийн үүргийг хангуулах бүрэн эрх нэхэмжлэгчид байгаа,  ... автомашиныг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан өгч, хариуд нь хариуцагчаас 10.000.000 төгрөг нэхэмжлэгчид олгохоор тодорхой заагаагүй тул нэхэмжлэгч нь өөрт олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр тухайн автомашиныг бусдад борлуулах, нэмээд хариуцагчаас 10.000.000 төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулан авах эрсдэлтэй байна” гэсэн давж заалдсан гомдол нь үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01076 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН                                              

                                            ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                                   Л.АМАРСАНАА