Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2023/00092

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/01202 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   “” ХХК,

                   ******* нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 41,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч *******ыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах” тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “1 өрөө орон сууцанд амьдарсан 6 жилийн төлбөр болох 36,000,000 төгрөг гаргуулах”  тухай шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн *******ын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* миний бие 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Ласти-Иинтернэшнл” ХХК-тай 144 айлын орон сууцны А блокны 1-р орцны тоот 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг нийт 41,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод тухайн компанийг төлөөлж надтай мөнгө төгрөг өгөлцөж авалцсан *******д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бэлнээр 17,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 24,000,000 төгрөгт тус өдрөө тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагчид нь орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.6 дугаар зүйлд зааснаар төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид өмчлөх эрхийн гэрчилгээг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй мөн надад огт мэдэгдэлгүйгээр миний байрыг иргэн ******* гэх хүнд шилжүүлж хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн байх тул орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 41,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн хариуцагч *******ыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...******* нь 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тоот гэрээ байгуулсан бөгөөд манай компанийн дансанд буюу бэлнээр ямар нэгэн төлбөр хийгдээгүй буюу төлөгдөөгүй. ******* гэдэг хүнд өгсөн нь баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэл нь манай компанид огт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...******* би 2016 онд захирал *******тай гэрээт нягтлангийн албан тушаалтай Дархан хотын Хүслийн хотхоны барилгын ажил дээр ажилладаг байсан. Тухайн үедээ байгууллага Хүслийн хотхон, Ласти таун гэх хоёр компанид барилгын ажил гүйцэтгэж манай захирал ******* бартерт хүслийн хотхоноос 49 м.кв, 38 м.кв, Ласти таун хотхоноос / ХХК/ 41,3 м.кв байруудыг тус тус ******* буюу миний нэр дээр захиалгын гэрээгээр шилжүүлэн авч байсан. ******* захирал ажлын санал тавьж гэрээт нягтлангаар ажиллаж байгаад Дархан-Уул аймагт хийгдэж байсан барилгын ажил гэрээний дагуу дуусч захиалагчидтай манай захирал ******* гэрээг дүгнэж байруудаа шилжүүлэн авч зарсан. 2016 оны 08 дугаар сарын эхээр Ласти таунтай байрны захиалгын гэрээг ******* захирал очоод хийчих гээд би ХХК-ийн захирал буюу төлөөлөгч захиралтай анх удаа уулзаж тухайн үед нэг ах цуг очиж захиалгын гэрээг шилжүүлэн авсан.

******* би өнөөдрийг хүртэл энэ “” ХХК-ийн гэх компанид ямар нэгэн албан тушаалд ажиллаагүй бөгөөд бусад талаараа холбоо хамааралгүй энэ “” ХХК-ийг төлөөлөх үүрэг хариуцлага байхгүй болно. Тухайн үед сургууль төгсөөд ахынхаа Элсний хаяа констракшн ХХК-д түр хугацаанд нягтлангаар ажиллаж эхэлсэн. 2016 оны 8 дугаар сарын дундуур энэ “” ХХК-аас Ласти таун нэртэй хотхоны 41 м.кв байрыг бартерт аваад эргүүлээд манай захирал ажилчдын цалинд мөнгө дутаад байна гээд зар тавьж зарсан. Энэ үед энэ *******, захирал хоёрын дундах наймаа байсан тэр тохироод би болон ******* захирал ******* бид гурав Ласти таун хотхон дээр очиж “” ХХК-ийн захиралтай ******* захирал дөрвүүлээ уулзаад манайх байраа зарлаа гэж хэлээд нягтлан Хонгорзултай хийсэн байрны гэрээг цуцалж 2016 оны 8 дугаар сарын дундуур хийсэн байр захиалгын гэрээг захирал эрхийнхээ дагуу цуцалж ******* гэх хүнд 11 сард ашиглалтад орно гээд байрыг зарсан. Манай захирал ******* “” ХХК-тай төлбөр тооцоогүй байсан учир гэрээг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгөөд байр захиалгын гэрээг 2016 оны 10 дугаар сарын дундуур *******өд байр захиалгын гэрээг шилжүүлж өгөөд би удалгүй ажлаасаа гарсан. ******* тухайн үед байрны зөрүүнд эхлээд машинаа өгөөд 20 хоногийн дараа бэлэн мөнгө захиралд өгсөн санаж байна. Миний хувьд цалинтай ажилтан байсан учир би захирлын хэлсэн ажлыг гүйцэтгэж байсан тул манай захирал *******ыг хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч ******* нь тайлбартаа:

******* нь зөвхөн дамжуулах үүрэгтэй байсан гэж хэлсэн. ******* *******ын компанид нягтлан хийдэг байсан. Зөвхөн захирлынхаа даалгасан ажлыг л хийдэг байсан. Тухайн үеийн хийж байсан ажил нь дуусаад ажлаасаа гарсан. Энэхүү үйл баримт авагдсан байгаа учраас *******ыг энэ маргаанд хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

5. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ:

“Ласти-Интернейшнл ХХК-д барилгын ажлыг нь хийж өгсний төлбөрт мөнгө өгч чадахгүй байна, төлбөртөө байр аваач гэсэн захирал гийн хүсэлтийн дагуу тэдний барьж буй барилгаас тоот 1 өрөө байрыг авсан. Манай ажилчдын цалинд мөнгө хэрэгтэй болоод “Ласти-Интернейшнл” ХХК-ийн захирал байр ашиглалтад орсны дараа уг байрны гэрчилгээг *******өд шилжүүлж өгөх, ******* нь төлбөртөө бэлэн мөнгө болон машин өгөх санал тавьсныг бид зөвшөөрсөн. Хэрвээ ******* надаас байрны төлбөр нэхэж байгаа бол би өөрийн эзэмшилд байсан 1 өрөө орон сууцанд түүнийг 6 жил амьдруулсан төлбөрийг нэхэх эрхтэй гэж үзэж байна. Үүнд: 1 өрөө орон сууц хөлслөх үнэ 1 сарын үнэ 500,000 төгрөг буюу жилийн хөлслөх үнэ 5,000,000 төгрөг болно.

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 6 жилийг 6,000,000 төгрөгөөр бодоход 36,000,000 төгрөг болж байх тул энэ мөнгийг нэхэмжлэгч *******өөс гаргуулж хамтран хариуцагчаар татагдсан ******* надад олгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

6. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Миний хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. тай байр хөлслөх гэрээ байгуулаагүй, байрыг худалдаж авч байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

7. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 41,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгож, 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч *******, “” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

*******ын *******өд холбогдуулан гаргасан 1 өрөө орон сууцанд амьдарсан 6 жилийн төлбөр болох 36,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 362,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 338,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Гэрээний 6.4-д” Талууд гэрээгээр хүлээсэн эрх үүргээ нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлсний улмаас хохирол учирсан тохиолдолд буруутай тал нь хохирлыг бүрэн барагдуулна”. Гэж, мөн гэрээний 8.3-д “Гэрээг аль нэг талын санаачилгаар цуцалсан бол байрыг өөр этгээдэд худалдсаны дараагаар захиалагчийн урьдчилан төлсөн төлбөрийн буцаан олгоно”. гэж  тус тус заасан байна.

Гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн “Ласти-Интернэйшнл” ХХК буруутай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ласти-Интернэйшнл” ХХК-иас 41,000,000 төгрөг гаргуулж *******өд олгож, *******өөс *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. *******ийн нэхэмжлэлтэй *******, *******, “Ласти интернэшнл” ХХХ нарт холбогдох гэрээнээс татгалзсантай холбогдуулж, 41,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч тухайн маргаанд холбогдох нэхэмжлэгчийн хариуцагч *******тай хийсэн арилжааны гэрээний талаар дутуу дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэхээр байна.

 3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэгч компанийн нягтлан бодогч *******д бэлнээр 17,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 24,000,000 төгрөгт Тоёото Харриер маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагчид нь гэрээний 3.6-д зааснаар төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ саадгүй гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, иргэн ******* гэдэг хүнд өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж, гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсантай холбогдуулж 41,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч *******: Би тухайн үед *******ын компанид гэрээт нягтлангаар ажиллаж байсан бөгөөд Ласти Таун хотхоноос  41,3 м.кв талбайтай байрыг миний нэр дээр шилжүүлэн авч, нэхэмжлэгч *******өд дамжуулан шилжүүлж өгсөн ба төлбөрийг бартераар хийсэн бөгөөд бэлэн мөнгө, машин өгч байсан санагдаж байна. Миний хувьд цалинтай ажилтан байсан бөгөөд захирлын хэлснийг л хийж гүйцэтгэсэн тул хариуцагчаар *******ыг татаж өгнө үү гэж,

хариуцагч *******: ...Зар тавьсны дагуу ******* миний утсаар холбогдоод энэ харилцаа үүсэж, бартерт машин, бэлэн мөнгө өгсөн бөгөөд энэ хэрэгт нэхэмжлэгч ******* болон би ч ялгаагүй хохирогч болчхоод байна, гомдол гаргахаар цагдаа, прокурор хэргийг хаачхаад байна, 6 жилийн дараа энэ асуудал үүссэн тул өнгөрсөн хугацаанд маргаж буй байранд амьдарсны төлбөр 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэж, хариуцагч “” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сард компани хүлээж авахад маргаж буй байртай холбоотой гэрээ болон мөнгө тушаасан баримт огт байгаагүй, одоо нотлох баримт гаргаж өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус татгалзлуудаа тодорхойлжээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, А блок, 1 дүгээр орцны тоотын 41,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар нэхэмжлэгч *******, хариуцагч “” ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан болох нь хэргийн 9-11 дүгээр талд авагдсан баримтаар, ******* тухайн орон сууцны үнэд 17,000,000 төгрөг болон 24,000,000 төгрөгийн төлбөрт Тоёото Харриер  маркын тээврийн хэрэгсэл шилжүүлсэн болох нь хэргийн 12 дугаар талд авагдсан итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 13-14 дүгээр талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдох бөгөөд талуудын хэн аль нь энэ талаар маргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч ******* Хонгорзулаар дамжуулан нэхэмжлэгч *******ийн орон сууцны төлбөрт өгсөн 17,000,000 төгрөг болон тээврийн хэрэгслийг захиран зарцуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

6. Хариуцагч ******* “” ХХК-ийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, ажил гүйцэтгэсний төлбөрт маргаж буй байрыг авч, нэхэмжлэгч *******өд арилжааны гэрээгээр шилжүүлж, нэхэмжлэгчийг хариуцагч “” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийлгэсэн болох нь талуудын  шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр  ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн  материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч “” ХХК, ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөнд маргаж буй орон сууцыг өгч авалцсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар тайлбарладаг боловч бичгээр хийгдсэн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

8. Харин анхан шатны шүүх Ажил гүйцэтгэх гэрээ нь ирээдүйд бий болох хөрөнгийн талаар, арилжааны гэрээ нь бэлэн байгаа хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэхийг хэлдэг учир хариуцагч *******, ******* нарын арилжааны гэрээгээр буюу бартераар шилжүүлсэн гэсэн нь буруу бөгөөд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаантай асуудал байж болохоор байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт орууллаа.

9. ******* нь тухайн үед компаний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажил үүргийн хуваарийн дагуу захирал *******ын даалгаснаар арилжааны гэрээнд оролцсон энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул түүнийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70,200 төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна.

10. Анхан шатны шүүхийн гэрээнээс татгалзах, татгалзсанаас үүсэх үр дагавар, үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах, үүсэх хариуцлага болон хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлт нь болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөв үнэлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

   1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  135/ШШ2023/01202 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын "Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д" гэсэн заалт дээр "Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1" гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,0 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МЯГМАРСҮРЭН                                                          

                                           ШҮҮГЧИД                                      Я.ТУУЛ         

                                                                                                        Л.АМАРСАНАА