Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0387/з |
Дугаар | 221/МА2019/0380 |
Огноо | 2019-07-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0380
“Н и” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0354 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлоор “Н и” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н-т холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0354 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0066664 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар ногдуулсан “3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг”-ийн торгуулийн хэмжээг мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болгон багасгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус компанийн гаргасан үйлчилгээний явцад гарсан хог хаягдлаа ил задгай шатаасан гэх зөрчил нь Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 16.1.1-д “Зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах” гэснийг, мөн “Нано интернэйшнл” ХХК-ийн байрлаж байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо нь Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүсэд хамрагдаж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан А/226-А/619 дүгээр тушаал захирамжаар тогтоогдож байна. Иймд “Н и” ХХК-ийн гаргасан дээрх зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг журамлан Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн этгээдийг торгох шийтгэл ногдуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “н и” ХХК нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н-т холбогдуулан “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0066664 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0066664 дугаартай шийтгэлийн хуудсаар “Н и” ХХК-ийг “хог хаягдал цуглуулах савгүй, хогоо удаа дараа шатаадаг” гэх зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг”, 1.3-д “нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг салгаж ойлгох боломжгүй, агаарын чанарт сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг этгээдийн гаргасан зөрчилд хамаарах зохицуулалт гэж ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл, тухайн зөрчлийн урьдач нөхцлийг Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д зааж өгсөн байх бөгөөд зөрчлийн хэлбэрүүдийг 7.4 дүгээр зүйлийн 1.1-1.3 дахь хэсэгт нарийвчлан тодорхойлжээ.
Харин Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 16.1.1-д “Зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах” гэж хориглосон зохицуулалтыг дээрх хуулиар тодорхойлсон “Агаарын тухай хууль зөрчих” 7.4 дэх хэсэгт зөрчилд хамааруулаагүй байх боловч Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Хог хаягдлыг ил задгай шатаасан” гэх зөрчлийн шинжийг агуулсан үйлдэл болох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Иймд хариуцагчийн гаргасан “Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийг торгосон” гэх гомдлыг хангах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул захиргааны хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн өөр бүлэгт тодорхойлсон зөрчлийн шинжийг тодорхойлж, түүнд заасан шийтгэлийг ногдуулсан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.
Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн заалтыг буруу баримталсан, утгын болон үг зүйн найруулга зохимжтой болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0354 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0066664 дугаар шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгжтэй /3 сая/ гэснийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болгон багасгасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН