Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 114

 

 

 

 

О.Түвшинбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

ялтан О.Түвшинбаярын өмгөөлөгч Р.Батцогт,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Түвшинбаярын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлоор О.Түвшинбаярт холбогдох 2016 2502 2648 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Одгийвийн Түвшинбаяр, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат 3 дугаар гудамжны 117 тоотод оршин суух,

-2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тогтоож уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

-2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар  хорих ялд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 3 сарыг нэмж нэгтгэн 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан.

-2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялд урьд 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн / РД:УП92051853 /;

О.Түвшинбаяр нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны урд байрлах “Хаан банк”-ны урд зогсоолд байрлуулан тавьсан байсан 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр загварын автомашины баруун хойд хаалганы цонхыг хагалж, “Макбүүк про” маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд, цамц, пүүз зэрэг эд зүйлс хулгайлж, Г.Баясгаланд 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Одгийвын Түвшинбаярыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Түвшинбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, О.Түвшинбаяр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, О.Түвшинбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан О.Түвшинбаярын өмгөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс О.Түвшинбаяр нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны урд байрлах “Хаан банк”-ны урд зогсоолд байрлуулан тавьсан байсан 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр загварын автомашины цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацагаар хорих ял шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл О.Түвшинбаяр дээрх гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Монос” эмийн сангийн гадаа байсан иргэн Б.Энхбаярын эзэмшлийн 15-05 улсын дугаартай, “Тоёота Аллион” загварын автомашины цонхыг хагалж 880.000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгжийг хулгайлсан үйлдэлд нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 2016 2602 2796 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдлүүлэхээр Баянгол дүүргийн прокурорт шилжүүлээд байгаа болохыг олж мэдлээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх 2 хэргийг нэгтгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан О.Түвшинбаяр нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Р.Батцогт өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй учраас О.Түвшинбаярт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд, шүүгдэгч О.Түвшинбаяр нь … автомашины цонхыг хагалж, “Макбүүк про” маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд, цамц, пүүз зэрэг эд зүйлс хулгайлж, Г.Баясгаланд 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн ба түүний энэхүү “…автомашины цонхыг хагалж …эд зүйлс  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдээс  “агуулах саванд нэвтэрч” үйлдсэн шинжийг агуулж байхад О.Түвшинбаярыг яллагдагчаар татсан болон ял өөрчлөн сонсгосон тогтоол, тэмдэглэлүүд, прокурорын яллах дүгнэлтэд энэ талаар огт авагдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “Тэмдэглэх хэсэгт ...үйлдсэн хэргийн ... арга, ... зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.1 дэх хэсэгт “Яллагдагч дор дурьдсан эрх эдэлнэ: …ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх, …” гэсэн заалт шаардлагыг зөрчсөн  гэж үзэхээр байна.

Иймд хуулийн дээрх заалтын дагуу О.Түвшинбаярт ял өөрчлөн сонсгосон тогтоол, яллах дүгнэлтээ зөвтгөн ирүүлэх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурор О.Түвшинбаярт холбогдох хэргийн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн“ шинжийг огт заагаагүй байхад шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “…Түвшинбаярыг ..бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн...” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ба шүүгдэгч О.Түвшинбаяр хулгайн гэмт хэрэгт урьд хорих ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй, хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн байхад анхан шатны шүүх О.Түвшинбаярт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийг хорих ангид эдлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтад нийцээгүй байна.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх...” нөхцөл байдал байгаа эсэхийг шийтгэх тогтоолд дүгнэлгүй орхигдуулсныг тэмдэглэж байна.

Иймд өмгөөлөгч Р.Батцогтын давж заалдсан гомдлоос  “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож...” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмж мөрдөн байцаалгахаар прокурорт буцаах хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.