Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Одгийвын Түвшинбаярт холбогдох эрүүгийн 201625022648 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                  

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо Арцат 3 дугаар гудамжны 117 тоотод оршин суух,

1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Сүхбаатар дүүргийн шүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас тэнсэн сулласан,

3. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялд урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 293 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн , бие эрүүл, ухаан бүрэн / РД:УП92051853 / Боржигон овогт Одгийвийн Түвшинбаяр нь:

 

-ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны урд байрлах Хаан банкны урд зогсоолд байрлуулан тавьсан байсан 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр маркийн автомашины баруун хойд хаалганы цонхыг хагалж, Макбүүк про маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд, цамц, пүүз зэрэг эд зүйлс хулгайлж, Г.Баясгаланд 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Баясгалан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд Гадаад харилцааны яамны урд талын Хаан банкны урд байх зогсоолд өөрийн эзэмшлийн 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр маркийн автомашинаа орхиод кино үзчихээд 00 цаг 30 минутын орчимд автомашин дээрээ иртэл баруун хойд хаалганы шилийг хагалж, автомашин дотор нь байсан цүнхтэй бэлтгэлийн хувцас, цүнхтэй бичиг баримт, нөүтбүүк зэрэг эд зүйлс алга болсон байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 32 /

Иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Од мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Компьютер Ланд-д ажил дээрээ байж байтал 15 цагийн орчимд нэг залуу Макбүүк про маркийн Нөүтбүүк байна кодыг нь гаргаад өгөөч гэхээр нь би кодыг нь гаргаж өгсөн. Тэр залуу надад “ Энэ нөүтбүүк хэрэглэж байсан хүн нь хөдөө явчихсан. Би өөрөө хэрэглэнэ “ гэж хэлсэн. Тэгээд би “ Код тайлахын тулд доторхи файлыг устгах хэрэгтэй. Энэ файл дотор хэрэгтэй зүйл байгаа юм уу “ гэж асуутал тэр залуу байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөүтбүүкний кодыг арилгаж шинээр 1 гэсэн код хийсэн. Тэгтэл тэр залуу “ Одоо энэ нөүтбүүкийг хэрэглэхэд хэцүү чадахгүй байна. Үнэ тохирсон хүндээ худалдана “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ Үнэ тохирвол би авъя “ гэж хэлтэл тэр залуу 1 жилийн өмнө энэ Нөүтбүүкийг америкаас захиалж авчирч байсан. Монгол мөнгөөр 1.700.000 орчим төгрөг болсон гэж хэлсэн. Би 700.000 төгрөгөнд авч болох уу гэтэл тэр залуу болно гэж хэлсний дагуу худалдаж авсан. Өөрийнх нь эд зүйл юм байна гэж бодоод худалдаад авчихсан гэжээ. / хх 34 /

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-5, 8-9 /

 

            Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / хх 19-24 /

 

            Эд зүйлийн үнэлгээ / хх 27-28 /

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / хх 30 /

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 29 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 50 /

Шүүгдэгч О.Түвшинбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 44-46 /, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 47-48, 81 / зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгай хийхгүй. Хүүхэдтэй болохороо их зүйлийг ойлгож ухаардаг юм байна. Хохирлоо нөхөн төлсөн. Дахин хулгай хийхгүй. Намайг харж үзэж хорих ялын хугацааг багаар тогтоож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.Түвшинбаяр нь ялтай байх хугацаандаа  2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад харилцааны яамны урд байрлах Хаан банкны урд зогсоолд байрлуулан тавьсан байсан 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр маркийн автомашины баруун хойд хаалганы цонхыг хагалж, Макбүүк про маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд цамц, пүүз зэрэг эд зүйсийг хулгайлж, хохирогч Г.Баясгаланд 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-5, 8-9 /, Эд зүйлийн үнэлгээ / хх 27-28 /, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 19-24 /,  ... камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 29 /,  …23 цагийн орчим өөрийн машинаа түгжиж орхиод 00.30 цагийн үед иртэл машины баруун хойд талын хаалганы шилийг хагалж ороод цүнхтэй хувцас, Макбүүк про маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга зэргийг хулгайлсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Баясгалангийн мэдүүлэг /  хх 32  /, ... 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Компьютер Ланд-д ажил дээрээ байхад нэг залуу Макбүүк про маркийн нөүтбүүкний  кодыг гаргуулаад зарна гэхээр нь 700.000 төгрөгөөр авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Одын мэдүүлэг / хх 34 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.Түвшинбаярыг давтан бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Түвшинбаяр нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Шүүгдэгч О.Түвшинжаргал нь иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Одод 700.000 төгрөг / хх 57 /, хохирогч Г.Баясгаланд эд зүйлүүдийг буцаан өгсөн / хх 56 / байх тул

төлөх төлбөргүйд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Одгийвын Түвшинбаярыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Түвшинбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, О.Түвшинбаяр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

4. О.Түвшинбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ