Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Ч.Хосбаяр, Б.Цогт, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0075 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 1710007560482 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн  2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэнж, хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар өмнө оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 4 хоногийн хорих ял дээр уг хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 хоногийн хугацаагаар тогтоосон, Б овогт Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с 11,584,650 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Х-д 3,330,450 төгрөгийг, хохирогч О.Д-д 8,254,200 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаажээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн заалтыг зөрчсөн байна. Б.Г-д холбогдох 1710007560482 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” нь хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж шүүгдэгч Б.Г-д оногдуулах ялыг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхийн 75 дугаартай магадлалд “... ямар ял оногдуулсныг шийдвэрлээгүй орхигдуулсан...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн Б.Г-д холбогдох хэргийг шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор хэлэлцсэн байхад магадлалд “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд...” гэж зөрүүтэй бичигдсэнийг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Шийтгэх тогтоолын хуулбарыг хавсаргавгэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээПрокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоол, прокурорын гардаж авсан тогтоолоос харахад тогтоох хэсгийн хоёр дахь заалт дутуу хэвлэгдэж гарсан харагдаж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолын хоёр дахь заалтад өгүүлбэрийн төгсгөл байхгүй буюу хэвлэхдээ техникийн алдаа гаргасан байна. Дээрх асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байсан боловч дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүхийн гаргасан техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөх боломжтой байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ /хх-ийн 239 хуудас/ шүүгдэгч Б.Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн талаарх гэм буруугийн дүгнэлтийг хийж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан уг зүйл, хэсэгт зааснаар “1 жил хорих ял” шийтгэсэн шалтгаан үндэслэлээ тодорхой тусгажээ.

 

Үүнээс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн /хх-ийн 241 хуудас/ 3 дахь заалтад “...энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн...” гэж зааснаас гадна шүүх хуралдааны тэмдэглэл, прокурорт гардуулсан шийтгэх тогтоолын эх хувь зэргийг судлахад хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын сүүлийн мөр бүрэн хэвлэгдээгүй буюу техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэхээр байна.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг дутуу хэвлэж албажуулан хэрэгт хавсаргасныг зөвтгөхгүй боловч үг, үсэг, техникийн шинжтэй гарсан алдааг хэрхэн засагдах нь тодорхой, шийдэл нь ил байхад дахин хэргийг хянан хэлэлцэх замаар гүйцэлдүүлэх нь хууль зүйн ач холбогдолгүй атлаа цаг хугацаа, хүн хүчний үргүй зардал шаардаж эцсийн дүндээ хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт, шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй юм.

 

Иймд энэхүү техникийн алдааг арилгах зорилгоор, улмаар хэргийн оролцогчдын давж заалдах гомдлоо хэлэлцүүлэх эрхийг хангах үүднээс магадлалыг хүчингүй болгож, давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0075 дугаар магадлалыг хүчингүй болгож, Б.Гд холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 

          ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЦЭРЭН

          ШҮҮГЧ                                             Ч.ХОСБАЯР

             Б.ЦОГТ

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН