Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

    2020         09         30                                  2020/ШЦТ/864       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Г.Эсэн, 

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 1710007560482 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ШШГЕГ-н харъяа 0413 дугаар хорих ангид хорих ял эдэлж байгаа, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-179а тоотод оршин суух, урьд:

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №2020ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №573 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 04 хоногийн хорих ял дээр уг хорих ялыг нэмж нэгтгэн биечилэн эдлэх ялыг 3 жил 04 хоногийн хугацаагаар тогтоосон,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Г нь хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч М.Халиунааг “Шенгений орны виз 2500 ам доллараар гаргаж өгнө” гэж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзан 1350 ам доллар буюу 3.335.000 төгрөгийг төөрөгдөлд оруулан авч залилсан,

 

Мөн шүүгдэгч Б.Г нь “Франц улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч О.Даваасүрэнг хуурч 2017 оны 08 дугаар сарын 03-ны Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модерн Номадс” ресторанд 7.954.200 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...хэрэг 2017 онд гарсан бөгөөд 2 хохирогчоос гадна маш олон хүмүүс байсан. Тэр хүмүүсийн хэрэг шийдэгдэж би шийтгэлээ хүлээсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргаагүй...” гэв.

 

Эрүүгийн 1710007560482 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Халиунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 09 дүгээр 14-ний өдөр өөрийн Facebook-ээр “Шенгений орнуудын виз гаргаж өгөх хүн байна уу” гэж зар тавьсан. Тэр өдөр 88095151 дугаараас Лхагва гэх хүн холбогдоод “виз гаргадаг найдвартай хүн байна, би урьд энэ хүнээр виз гаргуулж байна. Одоо би 15 настай дүүгээ явуулах гэж байгаа чамтай хамт явуулмаар байна” гэсэн. Тэр оройноо виз гаргадаг Ган-Эрдэнэ гэх хүнтэй Лхагва гэдэг хүн бид 3 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг 5 дугаар сургуулийн урд байдаг пабад уулзсан. Ган-Эрдэнэ гэх хүн “хурдан найдвартай Европ руу гаргах виз гаргаж өгнө чи маргааш  явахад бэлэн үү, мөнгө чинь бэлэн байгаа юу” гэхээр нь “бэлэн мөнгө байгаа” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гадаад паспорт, 1 хувь цээж зурагаа өгсөн. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ган-Эрдэнэ 98221221 гэсэн дугаараас залгаад “Лхагвагийн дүү нь мөнгө байхгүй урьдчилгаа мөнгө өгөхгүй хойшлогдоод байна. Шенгени улс руу гарахдаа дөрвүүлээ явдаг. Монгол улсаас ОХУ-н Москва хот руу олон улсын галт тэргээр яваад цаашаа машинаар явдаг” гэж хэлж байсан. Ган-Эрдэнэ “урьдчилгаа 1350 ам.доллар өгөхгүй бол чи бас явж чадахгүй болох гээд байна” гээд урьдчилгаа мөнгө нэхээд байсан. 2017 оны 09 дүгээр 23-ны өдөр Улсын Их дэлгүүрийн урд талын Хаан буузанд Ган-Эрдэнэтэй уулзахад “урьдчилгаа 1350 ам.доллараа өг гэрээ хийнэ” гэж хэлсэн. Би “гэрээ хийхгүйгээр дундын дансанд мөнгө байршуулъя” гэсэн чинь Ган-Эрдэнэ “үгүй мөнгө бэлэн өгөх хэрэгтэй, уг мөнгийг урьдчилгаа болгож хил рүү явуулдаг бид нар группээр ажилладаг мөнгө хувааж авдаг. Сербе улсад хүн тосож авдаг хүнд бас мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэр өдрөө Ган-Эрдэнэд мөнгө өгөөгүй болохоор “чиний юм чинь бүтэхгүй юм байна мөнгө өгсөн хүмүүс яваад байна, чи үлдчихлээ” гээд байдаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байралдаг Бройдей ресторанд Ган-Эрдэнэтэй би өөрийн ээж Тамираагийн хамт очиж уулзаж Серби улсаар дамжин Унгарын хилийн хууль бусаар нууцаар давахад нь зуучилж өгөх урьдчилгаа 1350 ам доллар авсан талаар гэрээ байгуулсан. Бид нар гэрээнд итгэхгүй байсан учир Нотариатаар орж 1350 ам.доллар буюу 3.350.000 төгрөгийн зээлийн гэрээг Ган-Эрдэнэтэй байгуулж 1350 ам.доллар өгсөн. Тэрнээс хойш Ган-Эрдэнэ “дараа болсон, хойшилсон” гэж хэлээд хойшлуулаад байсан. Дараа нь утсаа авахаа больсон. Анх Ган-Эрдэнийг холбож өгсөн Лхагва гэх хүнтэй холбогдохоор манай дүүгийн виз гаргуулахаар1.600.000 төгрөгийг өгсөн хүн дутаад байна чамд нэг хүн байна гэсэн тэр хүнийхээ утасыг өгчих гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-32 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ган-Эрдэнэ гэх хүнээр Франц улсын виз гаргуулахаар утсаар холбогдоод СУИС-ийн урд талын Модерн Номадсын урд уулзсан. Би 2017 оны 08 дугаар сарын үед эхлээд 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Нефтийн автобусны буудлын АТМ-ээс данс руу нь шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Метро малл дэлгүүрийн урд талын Модерн номадс хоолны газрын ард талд бэлнээр 7.954.200 төгрөг өгсөн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Халиун гэх хүнийг “Шенгений визэнд зуучилж өгнө” гэж харилцан тохирч ярилцаж 2500 ам.доллар авах байсан. Халиунаас 1350 ам.доллар аваад, авсан мөнгөний 1000 ам.доллар нь виз гаргахад урилгын мөнгө гэж аваад, 350 ам доллар нь бичиг баримт бүрдүүлэх зардал гэж авсан. Үлдсэн мөнгийг нь виз гарсаны дараа авах байсан...Франц улсаас манай найз болох Гансүх Монголд ирээд над руу залгаад “миний дүү Франц улсаас ирсэн, эхнэрийгээ Франц руу авч явмаар байна” гэж хэлсэн байсан. Тэгээд Гансүх миний утасыг Даваасүрэнд өгсөн байсан. 2017 оны 08 дугаар сарын 03-нд над руу залгаад “тантай уулзмаар байна. Эхнэрээ дагуулж явмаар байна” гэхээр нь “та гадаад пассортаа 2 хувь цээж зурагтай аваад Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модерн Номадс”-т хүрээд ир” гэж хэлээд тэнд уулзаж гадаад поспартыг нь зурагнуудтай аваад “бичиг баримт бүрдүүлэх мөнгө болох 300.000 төгрөгийг шилжүүлээрэй” гэж хэлээд дансаа үлдээгээд явсан. Тэгээд миний Хаан банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэнээс хойш ахиад хэд хэдэн удаа уулзсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-67, 141-142 дугаар хуудас/,

 

            Гэрч М.Тамираа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 онд байсан санагдаж байна. Миний төрсөн охин Халиунаа Швейд Улс руу нөхөр дээрээ очих виз гаргуулах гээд хөөцөлдсөн. Тухайн үед манай охин хүнээр дамжуулж байгаад Ган-Эрдэнэ гэх залуу “виз гаргаж өгнө” гэхээр нь уулзаж байсан. Тэгээд Ган-Эрдэнэ манай охинд “чиний виз бүтэхгүй гээд байна, урьдчилгаа мөнгө заавал өгөх хэрэгтэй байна” гээд 1350 ам. доллар нэхээд байсан. 2017 оны 9 дүгээр сарын 25ны өдөр би охиныхоо хамтаар Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бродвэй ресторанд Ган-Эрдэнэтэй анх уулзаж байсан. Тэр үед Ган-Эрдэнэ манай охинд “чиний виз бүтэж байгаа 7 хоногийн дотор гаргаад өгнө урьдчилгаа 1350 ам.долларыг өгчих, виз гаргаж байгаа хүмүүст тарааж өгөх ёстой, виз чинь гарсаны дараа үлдэгдэл мөнгө авна” гэж байсан. Тэр үед манай охин залилуулчих байх гэж болгоомжлоод “дундын санд мөнгө хадгалуулмаар байна” гэхэд Ган-Эрдэнэ тухайн үед зөвшөөрөөгүй. Тэгээд манай охин мөнгө өгсөн, авсан баримт хэрэгтэй байх гэж бодоод Хан-Уул дүүрэгт байдаг Нотариат орж зээлийн гэрээ гэж хийгээд мөнгийг нь өгч байсан. Гэрээ хийсэн шалтгаан нь манай охин мөнгө өгсөн баримт хэрэгтэй байх гээд гэрээ гэж зүйл хийж байсан. Тухайн мөнгийг манай охин түүнд зээлээгүй. Тэр үед Ган-Эрдэнэ манай охины гадаад паспортыг авч байсан. Тэрээр огт утсаа аваагүй манай охины мөнгийг залилаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Зээлийн гэрээ /М.Халиунаа, Б.Г нарын хооронд байгуулсан/, /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

 

О.Даваасүрэнгийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 155 дугаар хуудас/,

 

Б.Ган-Эрдэний депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 158-165 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71, 148 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд /хх-ийн 86-102 хуудас/, ялын тооцооны тодорхойлолт хх-ийн 106 дугаар хуудас/, Монгол банкнаас зарласан ханшын лавлагаа / хх-ийн 189 дүгээр хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь:

 

- 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзан хохирогч М.Халиунаад “Шенгений орны виза 2500 ам доллараар гаргаж өгнө” хэмээн хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн түүнээс 1350 ам доллар буюу 3.330.450 төгрөгийг төөрөгдөлд оруулан авч залилсан,

 

- Б.Г нь хохирогч О.Даваасүрэнд “Франц улсын виза гаргаж өгнө” хэмээн хуурч зохимол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модерн Номадс” ресторанд 7.954.200 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч М.Халиунаагийн “...Ган-Эрдэнэ гэх хүн “хурдан найдвартай Европ руу гаргах виз гаргаж өгнө чи маргааш  явахад бэлэн үү, мөнгө чинь бэлэн байгаа юу” гэхээр нь “бэлэн мөнгө байгаа” гэж хэлсэн. Урьдчилгаа өгөх хэрэгтэй гээд Ган-Эрдэнэтэй 1350 ам доллар авсан талаар гэрээ байгуулж өгсөн....” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч О.Даваасүрэнгийн “...Ган-Эрдэнэ гэх хүнээр Франц улсын виз гаргуулахаар утсаар холбогдоод СУИС-ийн урд талын Модерн Номадсын урд уулзсан. Би 2017 оны 08 дугаар сарын үед эхлээд 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Нефтийн автобусны буудлын АТМ-ээс данс руу нь шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Метро малл дэлгүүрийн урд талын Модерн номадс хоолны газрын ард талд бэлнээр 7.954.200 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Тамираагийн “...манай охин мөнгө өгсөн, авсан баримт хэрэгтэй байх гэж бодоод Хан-Уул дүүрэгт байдаг Нотариат орж зээлийн гэрээ гэж хийгээд мөнгийг нь өгч байсан. Тухайн мөнгийг манай охин түүнд зээлээгүй. Тэр үед Ган-Эрдэнэ  манай охины гадаад паспортыг авч байсан. Тэрээр огт утсаа аваагүй манай охины мөнгийг залилаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 

Зээлийн гэрээ /М.Халиунаа, Б.Г нарын хооронд байгуулсан/,

 

О.Даваасүрэнгийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Б.Ган-Эрдэний депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Б.Г нь “Шенгений орны виз гаргаж өгнө”, “Франц улсын виз гаргаж өгнө” гэж М.Халиунаа, О.Даваасүрэн нарыг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар болон бэлнээр өөртөө шилжүүлүүлэн авсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогч нарт 11.584.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Б.Ган-Эрдэнийн санаатай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, “гадаад улс руу явах” гэсэн хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Б.Г нь хохирогч нараас авсан мөнгөн хөрөнгийг залилан авах шууд санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэсэн нэг төрлийн нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.Ган-Эрдэнийг үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...хохирогч О.Даваасүрэнгийн 7.954.200 төгрөгийн хохирлыг тодорхойлсон нотлох баримт хангалтгүй тул үүнийг Ган-Эрдэнээс гаргуулах боломжгүй...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар Б.Ган-Эрдэнийн үйлдэл бүр нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул хэд хэдэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болохыг анхаарвал зохино.

 

Хохирогч О.Даваасүрэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас эхлээд түүнийг гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, тэрээр Б.Гд хэрхэн яаж мөнгө өгсөн талаар тодорхой мэдүүлсэн ба хохирогчоос 7.954.200 төгрөгийг баримтгүйгээр, бэлнээр өгсөнийг мэдүүлж, шүүгдэгчийн “...мөнгө өгсөнийг санахгүй байна...” гэж хэлснээр хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж, худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч Б.Гэс нийт хохирлын мөнгө болох 11.584.650 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Халиунаад 3.330.450 төгрөгийг, хохирогч О.Даваасүрэнд 8.254.200 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Б.Ган-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Б.Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №2020ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №573 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 04 хоногийн хорих ял дээр уг 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечилэн эдлэх хорих ялыг 3 жил 04 хоногийн хугацаагаар тогтоосон байна.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын харъяа 413 дугаар хорих ангийн ялын тооцооны тодорхойлолтод Б.Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №2020ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор тогтоосон 3 жил 04 хоногийн хорих ялаас 2020 оны 6 дугаар сарын 29-ний байдлаар 2 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорихыг эдлээгүй үлдсэн талаар тодорхойлжээ.   

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №2020ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор тогтоосон 3 жил 04 хоногийн хорих ялаас 2 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн гэж үзэж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.Ган-Эрдэнийн биечилэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар тогтоов.     

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Гийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Гд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №2020ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулж, тогтоосон хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэх хэмжээг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Гд оногдуулсан 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 11.584.650 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Халиунаад 3.330.450 төгрөгийг, хохирогч О.Даваасүрэнд 8.254.200 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН