Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00100

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/01410 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэг болон алданги нийт 58,950,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           ******* нь Тесо компанид борлуулагч хийдэг байхдаа барааны өрөнд орчихлоо тус болооч гэсээр байгаад 2021 оны 09 сарын 17-ны өдөр 57,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алданги 0,1 хувиар тооцохоор тохирч зээлж авсан. Мөнгийг тухайн өдрөө би өөрийн данснаас *********ын данс руу шилжүүлсэн.

Зээлийг сар бүр 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоны дагуу ******* нь үндэслэн зээлээс 27,000,000 төгрөг, 5 сарын хүүнд 7,050,000 төгрөгийг төлөөд одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна.

Мөн ******* нь 2022 оны 06 дугаар сард миний контейнерыг өөрийн компанид өөрийнхөө өмч гэж ойлгуулаад өрөндөө тооцуулаад өгчихсөн байсан. Тухайн үед цагдаа шүүхэд хандах гэхэд би худалдаад авчихъя, тус болооч гэсээр байгаад 2 контейнерыг маань 27,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Контейнерын төлбөрт цувуулж увуулан 22,500,000 төгрөг төлсөн. Одоо 4,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ******* гуйгаад байхаар нь байр авах гэж байсан мөнгөө итгээд зээлүүлсэн. Асуудлаа эвийн журмаар шийдүүлэхээр эвлэрүүлэн зуучлалд хүртэл хандсан боловч ******* ирж уулзаагүй. Зээл болон контейнерын мөнгөө нэхэхээр элдэв шалтаг хэлээд хойшлуулаад үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд *******ас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 6,300,000 төгрөг, алданги 18,150,000 төгрөг болон контейнерын үлдэгдэл төлбөрт 4,500,000 төгрөг, нийт 58,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Миний бие 2021 оны 10 сард *******аас 57,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алданги 0,1 хувиар тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулсан. 2022 оны 03 дугаар сар хүртэл гэрээний дагуу төлбөрөө бүрэн хийсэн. Үүнээс хойш сард 1 сая төгрөгөөс 3 сая төгрөг хүртэл төлөлтийг дансаар төлдөг байсан. Миний бие үндсэн зээл 30,000,000 төгрөг, контейнерын төлбөр 4,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин хүү болон алданги төлөх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ас нийт 58,950,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 452,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Хариуцагч ******* нь н.Баттулгаас 57,000,000 төгрөгийн зээл болон 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг контейнерыг хүү, алданги хасуулах зорилгоор аман байдлаар худалдан авч дараах байдлаар зээл, контейнерын төлбөрийг төлсөн байдаг. Үүнд: 2022.07.24 өдөр 4,000,000 төгрөг, 2022.07.28 өдөр 1,500,000 төгрөг, 2022.07.30 өдөр 1,500,000 төгрөг,            2022.07.31 өдөр 1,000,000 төгрөг, 2022.08.11 өдөр 2,000,000 төгрөг, 2022.12.20 өдөр 3,500,000 төгрөг, 2023.01.12 өдөр 3,000,000 төгрөг, 2023.02.27 өдөр 3,000,000 төгрөг, 2023.05.05 өдөр 3,000,000 төгрөгийг тус тус Хаан банкны ******* данс руу, 35,280,000 төгрөг бэлнээр н.Баттулга найздаа төлж нийт 57,780,000 төгрөг буцааж өгсөн байдаг.

Ингээд зээл болон 2 ширхэг контейнерын төлбөр 73,000,000 төгрөг болсноос контейнер худалдан авсан гэж хүү, алданги хасуулан нийт 57,780,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 15,220,000 төгрөгийн өртэй байсан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2 ширхэг контейнерыг 27,000,000 төгрөгөөр бодож мөн 57,000,000 төгрөгийн төлбөрөөс 30,000,000 төгрөг, хүү 6,300,000 төгрөг, алданги 18,150,000 төгрөг, контейнерын үлдэгдэл төлбөр гэж 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөөгүй.

            Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйл, 46 дугаар зүйлийг тус тус зөрчин хууль бус шүүхийн шийдвэр гаргасан.

            Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчийн эрх үүргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчсөн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг буруугаар үнэлсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн гэх үндэслэл байх тул дээрх шийдвэрийг бүхэлдэн хүчингүй болгож шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.

            6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн болон худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 58,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг хуульд зааснаар үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Нэхэмжлэгч *******: “...хариуцагч нь 57,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, зээлээ гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан, одоо зээлийн үндсэн үлдэгдэл 30,000,000 төгрөг, түүний хүү 6,300,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 18,150,000 төгрөг, худалдаж авсан контейнер /цаашид чингэлэг гэх/-ийн төлбөрийн үлдэгдэл 4,500,000 төгрөг нийт 58,950,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч  *******: Зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, худалдаж авсан чингэлгийн төлбөрийн үлдэгдэл 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, хүү, алданги төлөх боломжгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4. Хэргийн 3-4  дүгээр талд авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний 3.3-т хүү, 3.7-д алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний дагуу гэрээгээр тохиролцсон 57,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг  тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “ ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, зээлийн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө” гэж гэж тус тус зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

6. Хариуцагч ******* хүү, алданги төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25. 2.2-т “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага буюу татгалзлын  үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар үүргээ биелүүлээгүй байна.

7. Шүүх 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн байх бөгөөд хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хариуцагчаас тайлбар, хүсэлт болон татгалзлаа нотолсон бичгийн баримт ирүүлээгүй байна.

8. Талуудын хооронд чингэлэг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, төлбөрийн үлдэгдэл 4.500.000 төгрөгийн талаар хариуцагч маргаагүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүсэн үйл баримтад хуульд нийцсэн дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэжээ.

9. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хэргийн оролцогчийн эрх үүргийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэт нэг талыг баримталсан буруу шийдвэр гаргасан гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/01410  дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МЯГМАРСҮРЭН                                             

                                            ШҮҮГЧИД                                   Я.ТУУЛ        

                                                                                                      Л.АМАРСАНАА