Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 211/МА2024/00001

 

                                                                    211/МА2024/00001

 

                                        

                             

          Д.Эийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00472 дугаартай шийдвэртэй

Мундаг овгийн Дгийн Эийн нэхэмжлэлтэй

Өндөр овгийн Жгийн Од холбогдох

3,591,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,  нарийн бичгийн дарга М.Т нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 5-р сард Э миний бие Ц сумын жолооч Отай Ц сумын Цийн гол багаас 00-00 УНМ дугаартай Kia Fronter маркийн машинаа түүний “31” маркийн машин дээр ачиж авчруулахаар тохиролцож, ачааны хөлсөнд 200 000 төгрөг төлсөн. Гэвч ачиж, авчирч яваад Ц сумын сумын төвийн урдхан талд миний машиныг унагаж, дахин ашиглах боломжгүй болгож намайг хохироосон. Тухайн үедээ О нь “намайг шүүхэд битгий өгөөрэй, би бас шүүх дээр өөр асуудалтай байгаа улам нэрмээс болно” гэж биднээс гуйсан. Ингээд миний хохирлыг барагдуулахын тулд 2022 оны 11 сарын 20-ноос өмнө 1 500 000, 2023 оны 05-р сарын 20 гэхэд 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг өгнө гэж амаар ярилцаж тохирсон боловч өгөхгүй өдий хүрлээ. 2023 оны хавар би уурхай дээр ажилтай байсан бөгөөд энэ хооронд манай эхнэр Ш.Б түүнтэй 9000000000000 утсаар нь удаа дараа холбогдож мөнгөө нэхэж, мөн мессеж бичиж байсан. Мессеж бичингүүт эргээд залгадаг, манай авгайд битгий хэлээрэй, би өөрөө зохицуулна гэх мэтээр эргээд ярьдаг байсан. 2022 оны 5-р сард машинаа барьцаалж зээл авах гэсэн өөр хүний нэр дээр байгаад байна, хот орж өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ. Өөрийн нэр дээр шилжүүлчхээд зээл аваад, 06.20 гэхэд өгнө гэж хэлсэн. Мөн би 06 сарын эхээр гэрт нь очиж уулзсан. Түүнээс хойш утас нь холбогдохоо больсон. Энэ машинд бид 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байсан. Хэрэв унагаагаагүй байсан бол бид энэ машинаа зарж, зээлээ төлөх байсан. О нь бидний хохирлыг барагдуулна гэж удаа дараа худал ярьсан. Өгнө гэсэн үгэнд нь итгэснээс болж 5-р сард бид зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлэн, хүний итгэлийг алдаж хүнд байдалд орсон. Мөн хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэх мэтээр хохирч байна. Иймд иргэн Огаас машины үнэлгээний 3.191.000 төгрөг, ачааны хөлс 200.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 200.000 төгрөг нийт 3.591.000 төгрөгийг гаргуулж, манай гэр бүлийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  00-00 УНМ дугаартай, Kia Fronter маркийн машинаа Ц сумын Цийн гол гэх газраас Ж.Огийн 31 маркийн машин дээр ачиж авчруулахаар Ж.Отай тохиролцож, ачааны хөлсөнд 200.000 төгрөг төлсөн. Ж.О машиныг ачиж ирж байгаад Цийн гол гэх газарт унагааж машиныг дахин ашиглах боломжгүй болгосон. Ж.Огийн 31 гэдэг машин нь тэвшгүй байсан учраас машин унасан юм байна лээ. Тухайн машиныг 2012 онд хүнээс 2.000.000 төгрөгөөр аваад 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн. Машинаараа хөдөө гадаанаас мал, мах ачдаг байсан. Машины тухайд дугуй нь болохгүй, мост нь ажиллахгүй, 3 жилийн турш засаж янзалсан нь үнэн. Ж.О 2022 оны 11 сард 1.500.000 төгрөг, 2023 оны 01 сард 1.500.000 төгрөг өгье гэж хэлсэн боловч өгөөгүй. Тухайн машиныг унагаагүй бүрэн бүтэн аваад ирсэн бол 5, 6 сая төгрөгөөр худалдан борлуулах боломжтой байсан. Иймд Ж.Огаас машин үнэлгээгээр тогтоосон 3.191.000 төгрөг, ачааны хөлс 200.000 төгрөг, үнэлгээ хийсэн 200.000 төгрөг, нийт 3.591.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

  Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг гэртээ байхад Д.Э ирээд машин чирээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн машин дээр очиход араа шүд ч байхгүй, асахгүй байсан. Д.Э ачаад явбал хэдэн төгрөгөөр ачих боломжтой вэ гэж асуухаар нь би 200.000 төгрөгөөр ачих боломжтой гэж хэлээд машиныг нь ачихаар Д.Этай тохиролцсон. Тухайн машины хувьд яагаад ч асахгүй, бичиг баримт ч байхгүй байсан. 00-00 УНМ дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэж яваад унагаасан гэдэгтэй маргахгүй. Уг тээврийн хэрэгсэл унасны дараа ганцхан кабин эвдэрч, салхины шил хагарсан байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Чирч авчраад манай хашаанд арав гаран хоносон. Уг машины кабин нь сайн кабин байсан. Би эвдэрсэн кабины 750.000 төгрөг, салхины шил 200.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг өгөх боломжтой. Д.Э машинаа манай сумын Бат-Өлзий гэх хүнд зарсан боловч Бат-Өлзий албан ёсоор авсан зүйл байхгүй, Онги гэх айлын гадаа нэг жил гаран болсон. Энэ хэний машин бэ гэж асуухад Онгиогийн машин гэж хэлж байсан. Нутгийн хүмүүс тухайн машиныг айлын гадаа хэр удсан, явдаггүй байсан талаар бүгд мэднэ. Машин нь одоо байгаа бол засварын газар авч ирээд янзлуулчих. Тэгвэл би засварын мөнгийг өгнө. Гэтэл одоо машинаа задалж зарчхаад засварын мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Машин унагааснаас болоод 3.000.000 гаруй төгрөгийн засвар хийхээр хэмжээний хохирол учраагүй. Мөн 10 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн машин бол түлхүүр түлхээд л асах ёстой. Тийм машин биш байсан учраас би төлөхгүй гэжээ.

 А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00472 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1-д зааснаар хариуцагч Ж.Огаас 3,591,000 /гурван сая таван зуун ерэн нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,406 /далан хоёр мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод үлдээж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх ‘Х" ХХК-ийн үнэлгээ нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл тогтоосон үнэлгээ бөгөөд хариуцагчийн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэл болон тээврийн хэрэгслийг сэргээн засварласныг нотолсон нотлох баримт биш гэсэн байна. Үүнийг би хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл Ц дугаартай миний тээврийн хэрэгслийг хариуцагч О нь өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ ачиж яваад унагаасан, үүний улмаас кабин эвдэрсэн, салхины шил хагарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн буруутай үйлдлээ анхан шатны шүүх хурал дээр нотолсон. Машин унагаснаас 2 хоногийн дараа О гэдэг жолоочийн машинаар чирүүлж Огийн хашаанд аваачсан. Ингээд 2022 оны 5 сарын 26-ны өдөр “Х” ХХК-ий үнэлгээчин Э.Д Огийн хашаанд очиж, машины эвдрэл, гэмтлийг дараах байдлаар тогтоосон. Үүнд: Авто машины урд салхины шил, урд гуфер хагарч бутарсан. Баруун урд хаалга нугаларч үрчийсэн. Гуферийн дотор төмөр гулзайж, Баруун урд шанаа чихэгдэж хувирсан. Баруун, зүүн толь хагарсан. Урд салон хагарч цуурсан. Урд 2 амартизатор гулзайсан. Радиатор/ком/ мөн цоорч нумарсан. Моторын хар таг задарсан. Мөн машины кабин чихэгдэж, нугаларч хувирч, ханзарч хэд хэдэн газраа нугарч гажсан байдалтай байсан. Үнэлгээ хийсэн "Х" ХХК нь энэ эвдрэл гэмтлийн тухай автомашин техникийн үнэлгээний тайландаа дурдсан. Иймд нэхэмжлэгч миний хувьд хууль ёсны байгууллагаар эвдрэл, гэмтлийг тогтоолгосон учир энэ нь нотлох баримт болно гэж үзэж байна (нотариатаар батлуулсан хувийг нэхэмжлэлд хавсаргасан). 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би "Х" ХХК дээр очиж, энэ нотлох баримт биш гэсэн учрыг ажилтнаас нь асууж тодрууллаа. Тухайн үед авч байсан зураг байгаа эсэхийг асуухад холбогдох зургуудыг өгсөн. Эвдрэл  гэмтлийг харуулсан зургууд бидэнд байна. (Энэ зургаас харахад Огийн гэр орон мөн гэдэг нь харагдана.) Харин тээврийн хэрэгслийг дахин засах мөнгө төгрөг бидэнд байгаагүй учраас би сэргээн засварлаагүй, машинаа задалсан болно.  Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ ашиглах боломжгүй болсон гэж тайлбарладаг боловч ямар эд анги эвдэрч гэмтсэний улмаас ашиглах боломжгүй болсноо нотлоогүй гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл Авто машины урд салхины шил, урд гуфер хагарч бутарсан, Баруун урд хаалга нугаларч үрчийсэн, Гуферийн дотор төмөр гулзайж, Баруун урд шанаа чихэгдэж хувирсан, Баруун, зүүн толь хагарсан. Урд салон хагарч цуурсан, Урд 2 амартизатор гулзайсан, Радиатор/ком/ мөн цоорч нумарсан, Моторын хар таг хагарсан. Мөн машины кабин чихэгдэж, нугаларч хувирч, ханзарч хэд хэдэн газраа нугарч гажсан гэдгийг эвдрэл гэмтлийн тухай үнэлгээ хийсэн "Х" ХХК нь автомашин техникийн үнэлгээний тайландаа дурдсан (тайлангийн нотариатаар батлуулсан хувийг нэхэмжлэлд хавсаргасан) бөгөөд энэ тайлан нотолгоо болно гэж үзэж байна. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-д "Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөнд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ" гэж заасны дагуу хариуцагч Ж. О нь ачиж явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Д.Эийн өмнө хариуцах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Огийн учруулсан хохирлыг нотлох баримтаар нотолж чадаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул үнэлгээгээр тогтоосон 3,191,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл би хуулийн этгээд болох албан ёсны зөвшөөрөлтэй "Х" ХХК-ий үнэлгээчин Э.Даваасүрэнгээр үнэлгээг хийлгэж, эвдрэл гэмтлийг тогтоолгосон. Үнэлгээ хийсэн "Х" ХХК нь үнэлгээг Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй, бие даасан, хараат бус байдлаар гүйцэтгэсэн. "Х" ХХК-СЗХ- ны 2015.04.10-ны өдрийн 233/22 тоот тусгай зөвшөөрөлтэй, Б даатгалын LIA01С0000000 тоот хариуцлагын гэрээгээр даатгагдсан. Мэргэшсэн үнэлгээчин Э.Д нь сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх 100000 тоот тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгийн үнэлгээчнээр 8 дахь жилдээ ажиллаж байгаа ба М даатгалын №00000 тоот гэрээгээр даатгагдсан буюу хууль, эрх зүйн хүчинтэй тухайгаа энэхүү автомашин техникийн үнэлгээний тайландаа дурдсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйл, эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийг баримтлан, сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 3-р зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тариф болон "Hasunelgee" программыг ашигласан. Мөн зах зээлийн жишиг үнийн болон зардлын хандлагын аргыг ашигласан. Солигдох сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоосон гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О манай машиныг ачиж яваад унагасан. Унагасны улмаас машины эд анги эвдрээд нийт 1.841.000 төгрөгийн хохирол учирсан. О нийт 3.191.000 төгрөгийг төлөхгүй гэж хэлсэн. Бид машинаа задлаад зарсан, засварлаагүй учраас засварын зардал гэдгийг хасаад машиныг унагаснаас болоод машиныг унагаад эвдэрсэн 1.841.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 200,000 төгрөгийг Огаас гаргуулах хүсэлтэй байна. Машиныг ачиж яваад унагасны улмаас машины эд анги эвдэрсэн учраас Огаас нийт 2.000.000 төгрөг гаргуулах гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралд үнэлгээ байгаа учраас болно гэж бодоод зураг аваагүй орсон. Шүүх хурлын дараа Хний газартай уулзаад машины эвдэрсэн эд ангийн зургийг авсан. Тэр зураг нь бид нарт байгаа. Эвдэрсэн эд ангийг бид нар зарах боломжгүй учир манай хашаанд одоог хүртэл байна. Хохирсон нь үнэн учраас Огаас 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э, хариуцагч О нарын хооронд тээвэрлэлтийн гэрээ үүсээд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ үүссэн. Гэрээ үүссэний дагуу О тухайн тээврийн хэрэгслийг ачиж явж байгаад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Цийн гол багаас ачиж явж байгаад машиныг унгааж эвдсэн үйл баримт тодорхой байдаг. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэхээр эвдэрсэн зүйлээ нотолж чадахгүй, машинаа задалж зарсан байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Машин зах зээлийн ханшаар 8.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. 2019 онд 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. 2022 онд машины ханш нэмэгдсэн. Машиныг задалж зараад гэмтэл учирсан эд ангийг одоог хүртэл зарж чадаагүй. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-т тээвэрлэлтийн явцад эд хөрөнгөд гэм хор учирсан, гэмтсэн бол тээвэрлэгч тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ. Жолоочийн үүрэгт ачааг сайтар бэхэлж, унаж гэмтэхээс хамгаалах үүрэгтэй, ачааг хүлээн автал ачааны бүрэн бүтэн байдал хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцах үүрэгтэй субъект.  Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй хэрвээ дүрмээ биелүүлсэн бол ачаа бүрэн бүтнээрээ очиж уг машин нь 8.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, багадаа 7.000.000 төгрөгөөр зарах бүрэн боломжтой байсан. Машины кабин бусад эд зүйл Хгээр хийгээд зураг авсан хэрэгт энэ зургийг өгч чадаагүй гэсэн асуудал байдаг. Машин эвдрээд үнэлгээг хийхдээ Ог аваачиж зургийг авхуулсан. Зургийг нотлох баримтаар гаргаж өгөх байсан ч өгөөгүй. Хний 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 980 дугаартай машины эвдрэл хохирол машины 12 төрлийн хохирлын үнэлгээ байгаа. Машиныг задалж зарсан гэхэд эдгээр эд анги зарагдаагүй хашаанд нь байгаа. Хагарсан шилийг баталж чадаагүй гэж байгаа урд салхины шил хагарсан гэж байгаа үүний зургийг шүүхэд өгнө үү гэхээс хагарсан шилийг шүүхэд өгөх боломжгүй. Бүгд солих эд анги. Моторын хар таг, салхины шил, урд хоёр амаржин гулзайгаад хугарсан ашиглах боломжгүй тийм зүйлийнхээ хохирлыг нэхэмжлэхэд шүүх нотолж чадаагүй гэж шийдсэн. Эвдрэлийг О зөвшөөрч байгаа. Эдгээр эд ангийг хэн ч авахгүй. Хэрвээ машиныг унагаагүй байсан бол машинаа задалж зарах шаардлага байхгүй. Хэрвээ задалж зарах байсан бол эдгээр эвдэрсэн зүйлсийг зарах боломжтой. Иймд анхан шатны шүүх учруулсан хохирлоо нотолж чадаагүй гэж байгаа нь буруу. Анхан шатны шүүх хуралдаанд О хүлээн зөвшөөрч хэлсэн байна. Үүнээс төлөгдөх боломжгүй 12 эд ангиас өөр шууд зардлын дүн гээд 700.000 будах зардал, эд анги солих зардал 500.000, тэнхлэг шалгуулах, 1000 грамм будаг туслах материал 3.190.000 эдгээрийг гаргахгүй байхыг үгүйсгэхгүй. 1.841.000 төгрөгийн хохирол гарах ёстой мөнгө, үүн дээр үнэлгээний 200.000 төгрөгийг нэмээд нийт 2.041.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Батсүхийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхэд зургийг гаргаж өгөөгүй шүүхээс бүтэн байгаа юм уу гэсэн ойлголтыг авсан байх. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн тэмдэглэл байгаа. Хариуцагч О эвдэрсэн кабин сайн кабин байсан, би кабинд 700,000 төгрөг, салхины шилэнд 200,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг өгөх боломжтой гээд өөрөө зөвшөөрөөд байгаа. Энэ талаар шүүх шийдэх боломжтой. Хавтас хэрэгт Хний  2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн техникийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн, Эийн 200.000 төгрөгийн төлбөрийг төлсөн орлогын баримтыг гаргаж өгсөн. Эдгээрийг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зохих хэсгийг хангаж өгнө үү гэв.

                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00472 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Ж.Огаас машины үнэлгээний 3.191.000 төгрөг, ачааны хөлс 200.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 200.000 төгрөг, нийт 3.591.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ж.О “Уг тээврийн хэрэгсэл унасны дараа ганцхан кабин эвдэрч, салхины шил хагарсан байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Би эвдэрсэн кабины 750.000 төгрөг, салхины шил 200.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг өгөх боломжтой. Машин унагааснаас болоод 3.000.000 гаруй төгрөгийн засвар хийхээр хэмжээний хохирол учраагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ж.О нарын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу Ц улсын дугаартай Kia Fronter маркийн автомашиныг Ж.Огийн автомашинд ачуулсан, нэхэмжлэгч Д.Э тээврийн хөлсөнд 200.000 төлсөн, тээвэрлэх явцад Ц улсын дугаартай Kia Fronter маркийн автомашин унасан үйл баримтын талаар талууд маргаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй болжээ.

 

Харин хариуцагч Ж.О шүүх хуралдааны явцад  өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн автомашинд нэхэмжлэгч Д.Эийн эзэмшлийн Ц улсын дугаартай Kia Fronter маркийн тээврийн хэрэгслийг ачиж, тээвэрлэх явцдаа унагаснаас тухайн машины кабин эвдэрч, салхины шил хагарсан, машины кабин сайн байсан, машин унаснаас болж эвдэрсэн кабины 750.000 төгрөг, салхины шил 200.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг төлөх боломжтой талаар тайлбар /хх-ийн 27-28/ гаргасан байхад тайлбарыг үнэлэлгүй, нэхэмжлэгч Д.Э хариуцагч Ж.Огийн учруулсан хохирол болон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 980 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд автомашины эвдрэл, хохирлын үнийн дүнг 1.841.000 төгрөг, шууд болон шууд бус зардлын үнэ буюу засварын үнийг 1.350.000 төгрөг гэж тогтоожээ.

Нэхэмжлэгч Д.Э Ц улсын дугаартай Kia Fronter маркийн автомашинд засвар хийлгээгүй, машины эд ангийг задалж худалдсан болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бийн гаргасан тайлбар /хх-ийн 28/-аар тогтоогдож байх тул   “Х” ХХК-ийн 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 980 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон засварын үнэ 1.350.000 төгрөгийг хариуцагч Ж.О хариуцах үндэслэлгүй юм.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний дагуу хариуцагч Ж.О гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн, нэхэмжлэгч Д.Э машин унагаснаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор  үнэлгээ тогтоолгосон ажлын хөлсөнд 200.000 тул тээврийн хөлсөнд төлсөн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 980 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоосон болохоос тайланд нэрлэн заасан эвдрэл автомашин унасан тэр цаг хугацаанд үүссэн болохыг нотлохгүй, нэхэмжлэгч Д.Э тухайн эвдрэл автомашин унасан тэр цаг хугацаанд үүссэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагч Ж.Огийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ж.Огийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Эийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Огаас 28.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгохоор шийдвэрлэв.

                                                                         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00472 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1-д зааснаар хариуцагч Ж.Огаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.591.000 /хоёр сая таван зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.406 /далан хоёр мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Огаас 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгосугай гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч Д.Эийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.406 /далан хоёр мянга дөрвөн зуун зургаа/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Огаас 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.Д

              

                  ШҮҮГЧИД                                    В.Ц

                                                                                                            Н.Э