Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02034

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02034

 

Ц.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/03814 дугаар шийдвэртэй,

 

Ц.Тын нэхэмжлэлтэй,

Б.Бнд холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Алдар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, - дугаар байр, - хаягт орших улсын бүртгэлийн - тоот дугаартай, 92.1 м.кв талбайтай орон сууцыг эд хөрөнгө, тавилгын хамт хариуцагч Б.Бнд зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед яаралтай их хэмжээний мөнгөний шаардлага гарсан тул зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хүүгүй худалдах урт хугацааны гэрээг хариуцагчтай байгуулж, гэрээний дагуу орон сууцны урьдчилгааг үнийн дүнгийн 15 хувиар тооцож авах, үлдэгдэл төлбөрийг 76 сарын хугацаанд cap бүр тэнцүү хувааж бага, багаар төлөхөөр тохиролцсон.

Өөрөөр хэлбэл, орон сууцны ханшийн өсөлт, инфляцийг тооцолгүй олон cap дамнасан урт хугацааны нөхцөлтэй, хүүгүй өөртөө илт хохиролтой гэрээ байгуулсан.

1.2. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчилдөг дундын эд хөрөнгийг тэдгээрт мэдэгдэхгүйгээр худалдаж, өмчлөх эрхийг нь зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, цуцалсан талаар хариуцагчид 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс мэдэгдэж, эсхүл тохиролцох санал тавихад хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. 

Хариуцагч Б.Бнд төлбөрийг түүний хэлж байсанчлан богино хугацаанд төлж барагдуулаад орон сууцны өмчлөлийг өөртөө шилжүүлэх боломж өнгөрсөн 3 жил 8 сарын хугацаанд байсан.

2022 оны 11 дүгээр сараас хойш хариуцагч Б.Бнээс гэрээний дагуу ямар нэгэн нэмэлт төлбөр аваагүй бөгөөд цаашид авахгүй гэдгээ мэдэгдэж, гэрээнээс татгалзаж, цуцалсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөг, cap бүр төлсөн 1,500,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буцаан шилжүүлсэн. Ийнхүү бүх төлбөрийг бүрэн буцааж шилжүүлснээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна.

Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, цуцалсан болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, - дугаар байр, - хаягт байрлах 92.1 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, - дугаар байр, - хаягт байрлах 92.1 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1,450,000 төгрөгөөр тооцож нийт 133,545,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууцыг зээлээр худалдан авахдаа нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөр 113,545,000 төгрөгийг 76 сарын хугацаанд cap бүр 1,500,000 төгрөг төлөхөөр тохироод 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 58,500,000 төгрөгийг төлсөн.

2.2. Миний бие гэрээний үүргээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний 1.3-т заасан төлбөр хүлээн авдаг “Голомт банк” ХХК дахь - тоот дансаа нэхэмжлэгч хааснаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн.

Гэрээний 1.9-т “Гэрээнд заасан хугацааны дотор үүрэг гүйцэтгэх явцад худалдагдсан хөрөнгийн үнэнд болон мөнгөний ханшийн өөрчлөлт гарвал, энэхүү гэрээ байгуулсан өдрийн тохиролцсон үнээр тогтоох бөгөөд талууд үнийг дангаар өөрчлөх буюу өөрчлөхийг шаардах эрхгүй” гэж заасан тул миний бие төлбөр нэмэхийг хүлээн зөвшөөрөөгүй, энэ нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

2.3. Дээрх нөхцөл байдал үүссэн даруйд миний бие тухайн гэрээний маргаантай холбоотой асуудлаар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Тт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.3-т заасан төлбөр хүлээн авах дансыг нээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч Ц.Т нэхэмжлэлийн хувийг гардан авахгүйгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч миний бие нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу гэрээний үнэ, хугацаа, талуудын эрх, үүрэг зэрэг бүхий л зүйлийг тохиролцон байгуулсан бөгөөд тухайн гэрээ нь огт хууль зөрчиж, бусдын эрхэнд халдаагүй гэж үзэж байна.

2.4. Би гэрээнд заасан төлбөрийг 2019 оноос хойш 2022 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаанд огт тасалдуулаагүй бүрэн төлж, дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал гарсан үед ч гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан. Нэхэмжлэгч нь миний төлсөн төлбөрийг буцаасан үйлдэл нь гэрээнээс зориуд татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан гэрээнээс татгалзаж, цуцалсан болохыг тогтоолгоно гэсэн боловч 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний талууд үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал огт үүсээгүй тул гэрээг цуцлах боломжгүй.

2.5. Иймд нэхэмжлэгч Ц.Тын гаргасан нэхэмжлэл нь хуульд нийцээгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Тын гаргасан хариуцагч Б.Бнд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсан болохыг тогтоолгож, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 895,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөл болох төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгана гэж заасан. Уг орон сууцыг худалдахаар болсон үед Б.Бн тухайн байрыг түрээслэж байсан ба түүний “богино хугацаанд төлж барагдуулна, таньтай худалдан авах хэлцэл хийе” гэсэн саналд итгэж, төөрөгдсөний улмаас гэрээг анх байгуулсан. Гэвч богино хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд энэ хугацаанд гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор холбогдох хууль болон гэрээний 5.6-д заасны дагуу тохиролцох санал гаргасныг үгүйсгэж, огт хүлээж аваагүй тул байраа зарахаа больсноо 2022 оны 07 дугаар сараас эхлэн урьдчилан мэдэгдэж, зөвшилцөлд хүрээгүй учраас гэрээнээс татгалзсан.

Хэрэв Б.Бн нь богино хугацаанд төлөх талаар итгэл үнэмшил төрүүлж, намайг төөрөгдүүлээгүй бол огт хүүгүй гэрээ хийх, нэмээд маш урт хугацаанд буюу 76 сарын турш түрээсийн төлбөр авахгүйгээр орон сууцаа худалдах сонирхол надад байхгүй байсан. Гэрээний зүйл болох орон сууцны үнийг Б.Бн бүрэн төлөөгүй байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.Т миний бие гэдгийг шүүх анхаараагүй.

4.2. Иргэний хуулийн126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч”, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар заасан. Гэрээний зүйл болсон уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдалд байхад бүртгэлгүй гэсэн дүгнэлт өгч байгаа нь өрөөсгөл бөгөөд өнгөц хандлагаар дүгнэсэн. Шүүхэд Ц.Т миний гэр бүлийн гишүүдийн зүгээс тайлбар хүсэлтээ тодорхой, дэлгэрэнгүй бичиж, гарын үсэг зурж өгсөн боловч шүүгч үүнийг гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гэсэн нэрээр бичсэн байна гэж үзэж, зөвхөн нэршил, хэлбэр хөөн доторхи бичсэн агуулгыг хэлэлцэлгүй үл ойшоож, тоолгүй орхисон.

Цаашид манай гэр бүлийн насанд хүрсэн гишүүд шүүхэд эрхээ хамгаалж маргах талаар хүсэлтээ илэрхийлсээр байгаа нөхцөл байдал нь гэрээний үүрэг биелэгдэхгүй байх эцэс төгсгөлгүй маргаан үүсэх агуулга байгааг анхаарч үзэх шаардлагатай байсан гэж үзэж байна.

Манай гэр бүл гадаадад хар ажил хийж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон өмч хөрөнгөө ямар ч хүүгүйгээр, эргэн төлөгдөх урт хугацаандаа ямар ч түрээсийн төлбөр олох боломжгүйгээр, мөн үнэ цэнээ улам алдсан байдалтайгаар хөрөнгөө алдаж байгаа талаар нэхэмжлэгч тал олон удаа шүүх хурал болгонд тайлбарласаар байхад шүүгч хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Монгол Улсад Ковид-19 цар тахал гарч, үүнтэй холбоотойгоор орон сууцны үнэд их хэмжээний өөрчлөлт орсон талаар хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн нь нийтэд илэрхий нөхцөл байдал гэдгийг батлан харуулж байна.

Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын улмаас огцом өөрчлөгдсөнөөс гэрээний нэг талд хэт ашигтай, нөгөө талд хэт алдагдалтай буюу 2 талд тэгш бус, харилцан ашиггүй байдлыг бий болгож байгааг, улмаар гэрээний талуудын тэгш байдлын үндсэн зарчим алдагдаж байгааг шүүх анхаараагүй.

Шүүх “гэрээний 1.9-т зааснаар гэрээний анхны үнийг тогтвортой баримтлахаар заасныг дагаж мөрдөх ёстой” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь цар тахлын онцгой нөхцөл байдлаас шалтгаалж барилгын материал, орон сууцны үнэ огцом өссөн нь хэний ч урьдчилан таамаглаж чадахааргүй, урьдчилан хүлээж байгаагүй эдийн засгийн томоохон өөрчлөлт байсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч, улмаар хувь хүмүүс, компанууд хооронд, улс хооронд хийгдсэн гэрээнүүд хүртэл цар тахлаас үүдэлтэй өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэгдэж байгаа.

4.4. Түүнчлэн, шийдвэрийн 8 дугаар хэсэгт шүүгч “...гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй...” талаар, 9 дүгээр хэсэгт “...гэрээний нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй...” талаар холбогдох тайлбарыг бичээд дүгнэхдээ “...нотлогдохгүй гээд гэрээнээс татгалзах үндэслэлгүй...” гэж байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй гэж үзэж байна.

Мөн шийдвэрийн 11 дүгээр хэсэгт шүүгч “...худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн...” гэж бичсэн нь учир дутагдалтай хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь нэг тал  төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй, нөгөө тал буюу байрны өмчлөгч нь гэрчилгээгээ шилжүүлээгүй байгаа.

Шийдвэрийн 12 дугаар хэсэгт дурдсан данс хааснаас шалтгаалж төлбөрөө хийх боломжгүй болгосон гэж дүгнэсэн. Гэвч Ц.Т миний бие гэрээнээс татгалзсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчийн шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг бүрэн буцаан шилжүүлсэн хэргийн нөхцөл байдлыг, мөн хуульд заасан татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэхдээ хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй буюу хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Гэрээний 5.6-д “...талууд гэрээний талаар санал зөрөлдөөн гарвал гомдлын шаардлага гаргах, хариу өгөх зэргээр найрсгаар харилцаж маргааныг зохицуулна...” гэж заасны дагуу миний бие шүүхэд хандахаасаа өмнө Б.Бнд хандаж ипотекийн хөнгөлөлттэй зээлийн адил хүүтэй болгох, эсвэл өссөн үнийн багахан хэсгээр үнийг шинэчлэн тогтоох (1 метр квадратыг 1.9 сая төгрөгөер тооцох) зэрэг хэд хэдэн саналууд дэвшүүлснийг бүгдий нь үгүйсгэж, хүлээн аваагүй болно.

4.5. Ижил гэрээнд 2 дүүргийн шүүх 2 өөр дүгнэлт гаргана. Яг адилхан гэрээний хувьд намайг хариуцагчаар татсан Хан-Уул дүүргийн шүүх 7 хоногийн дотор хэрэг үүсгэсэн байхад Г.Мандалбаяр шүүгч энэ гэрээний асуудлыг шүүхээр шийдэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Үүний дагуу гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Ерөнхий шүүгч нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, 2 дүүргийн 2 шүүгч 1 гэрээн дээр 2 өөр дүгнэлттэй хандсан нь намайг маш их чирэгдүүлсэн, эргэлзэх сэтгэгдэл төрүүлж байна.

4.6. Шүүгч хэргийн материалтай бүрэн танилцдаггүй, анзааргагүй байсан. Дээр дурдсан Ерөнхий шүүгчийн шийдвэр гарсны дараа дахин шүүхэд хандахад шүүгч Г.Мандалбаяр дахин яг адилхан энэ асуудлыг шүүхээр шийдэхгүй гэсэн өмнөхтэйгээ яг адил захирамжийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан ба шүүгчийн туслахад нь Ерөнхий шүүгчийн шийдвэр гарсан байтал яагаад өмнөхтэйгээ яг ижил захирамж гаргасан талаар нь хэлэхэд “..өө уучлаарай, манай шүүгч Г.Мандалбаяр нь Ерөнхий шүүгчийн шийдвэр ард нь хавсаргасныг анзаараагүй бололтой, та дахиад нэхэмжлэлээ өгчих үү” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхэд өгсөн нэхэмжлэлийн материалаа шүүгч хайхралгүй, гүйцэд бүрэн танилцаагүйгээс миний бие ийнхүү 3 удаа Баянзүрх дүүргийн шүүхэд яг адилхан нэхэмжлэл гаргаж, явдал чирэгдэл, төлбөр мөнгөнөөс өгсүүлээд хүнд суртал учруулсан. Мөн захирамж шийдвэр дээрээ ч хүний нэрийг тэс өөрөөр буруу бичих (тухайлбал, гэр бүлийн гишүүдийн зүгээс өгсөн шаардлагыг хангахгүй болгох шийдвэр дээрээ Г.Анунгоог Г.Урангоо гэж бичсээр байсан) үйлдлийг гаргаж байгаа нь ч шүүгчийн анзааргагүй байдлыг давхар баталж байна.

4.7. Асуудалд өнгөц өрөөсгөл хандсан. Орон сууцны төлбөр нь бүрэн төлөгдөөгүй, 76 cap үргэлжлэх гэрээг 1 талхны худалдан авалтын жишээтэй дүйцүүлэн адилхан гэж ойлгосон, үүнийгээ шүүх хурлын үеэр нэхэмжлэгч талд тулгасан эсвэл хөтөлсөн асуулт тавих маягаар ярьсныг шүүх хурлын бичлэг, тэмдэглэлээс харах бүрэн боломжтой. Мөн шүүгч хурлын үеэр “...та эдийн засагч мэргэжилтэй хүн хүүг бодохгүй байна гэж байхгүй...” гэх мэтээр миний гэрээ анх байгуулагдсан шалтгаанаа давтан хэлсээр байтал зориуд эсрэгээр “мэдсээр байж ийм гэрээ хийсэн” мэтээр хэлсэн нь хэт нэг талыг барьсан гэж харагдахаар байна.

4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гадагшаа явах онгоцны билетээ хавсаргаж шүүх хурал болох хугацааг сунгаж өгөхийг хүссэн байдал нь билетийн ирж, очих хугацаатай таарахгүй зөрсөн, худлаа бичсэн байгаа талаар нэхэмжлэгч тайлбар, хүсэлт бичиж өгсөн боловч энэ талаар шүүгч танилцаагүй эсвэл танилцсан ч тоолгүй орхиж, энэ талаар хариу огт өгөөгүй, нь баримт материалтай дутуу танилцдагийг дахин нотолж байна. Ингэснээр хэрэг хэлэлцэх хугацаа шалтгаангүй дахиад удааширсан болно.

4.9. Иймд дээр дурдсан тайлбарууд, шалтгааны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ц.Ттай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө төлсөн. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл гэрээ хэвийн явагдаж, төлөгдөж ирсэн. Гэвч гэрээнд заасан данс хаагдсан учир гэрээгээ зөрчих нөхцөл байдал бий болсон. Хариуцагч талд мэдэгдэлгүйгээр дансаа хаасан. Гэрээнд 3 удаагийн сарын төлөлт хийгдээгүй бол гэрээ цуцлагдахаар заасан байсан тул санаатайгаар дансаа хаасан. Үүний дагуу шүүхэд хандсан боловч хариуцагч талын нэхэмжлэлийг хүлээн аваагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад орон сууцны төлбөрт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, одоо сардаа төлөх төлбөрөө төлөөд явж байгаа. Үлдэгдэл төлбөрөө төлөөд гэрээг дуусгавар болгохыг манай тал хүлээн зөвшөөрч байна. Бүх төлбөрөө буцааж авчихаад өмгөөлөгчийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн зардал, банкны хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.Бнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгох, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Ч.Т болон Б.Бн нар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр худалдагч Ц.Т өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 хороо, - байрны - хаягтай, 92.1 м.кв талбайтай орон сууцыг 133,545,000 төгрөгөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Бн орон сууцны үнийг урьдчилгаанд 20,000,000 төгрөг, үлдэгдэл 113,545,000 төгрөгийг 76 сарын хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх гэрээгээр талууд гэрээний үнийг урьдчилж болон үлдэх хэсгийг 76 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр харилцан тохиролцсон, энэ тохиролцооны хүрээнд гэрээний үнэ дээр хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.  

Иймд анхан шатны шүүх гэрээний үнийг хүүтэй төлөхөөр тохиролцоогүй гэж зөв дүгнэсэн атлаа үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдлыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

3.2. Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээний хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байдлаас дүгнэвэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. Гэтэл анхан шатны шүүх талууд гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнээс гадна талууд гэрээ байгуулагдаагүй гэж маргаагүй тохиолдолд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.4 дэх хэсэгт заасан гэрээний санал, гэрээний санал гаргах дуудлагын талаарх зохицуулалт, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар худалдагч бие даасан байх, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын талаар анхан шатны шүүх дүгнэх шаардлагагүй байжээ. 

Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.  

 

4. Худалдагч Ц.Т орон сууцыг хариуцагч Б.Бний эзэмшилд шилжүүлсэн, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй, худалдан авагч Б.Бн нь орон сууцны үнэд 75,800,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч Ц.Т гэрээнд заасан орон сууцны төлбөрийг хүлээн авах өөрийн “Голомт банк” ХХК дахь - дугаар дансыг хаалгаж, хариуцагчид 80,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

5.1. Гэрээний зүйл нь орон сууц буюу нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байх тул талууд гэрээ цуцлах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Гэрээг цуцлах тохиолдолд талууд гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн үүргээ харилцан тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл нь орон сууц байгаа тохиолдолд орон сууцны зарим хэсгийг төлөгдсөн төлбөрт харилцан тооцох боломжгүй юм. Иймд гэрээний зүйлийн шинж байдалтай холбоотойгоор энэ маргаанд талууд гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь мэргэжлийн өмгөөлөгчтэй оролцох шаардлага тавигдаагүй тул тэдгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар тодорхойлох үүрэг хүлээхгүй. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг тодруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн тодорхойлно.

Нэхэмжлэгч “орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, цуцлагдсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь “орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах” агуулгатай байгааг анхан шатны шүүх залруулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

5.2. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэлийг гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг зөрчсөн, хуульд заасан журмаар болон гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан гэх агуулгаар тодорхойлжээ.

 

5.2.1. Гэрээний зүйл болсон орон сууцыг өмчлөх эрхийг Ц.Тын нэр дээр 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн -- гэрчилгээг олгожээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч Б.Бн орон сууцны өмчлөгч Ц.Тыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд үндэслэж   өмчлөгч гэж итгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Улсын бүртгэлд өөр хэн нэгэн этгээд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авагч Б.Бн нь маргаан бүхий орон сууцыг Ц.Т Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийнхээ насанд хүрсэн гишүүдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулах эрхтэй байхыг шалгах үүрэггүй болно. Түүнээс гадна Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсгийн зохицуулалт нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамаарна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

Харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд суурилсан маргаанд эзэмшлээр өмчлөгчийг тодорхойлох Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхан шатны шүүх дүгнэсэн нь шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Т нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэж түүний гэр бүлийн гишүүд үзэж буй бол тэдгээр нь Ц.Таас ногдох хэсгээ шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.  

Иймд гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг худалдсан, тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх нэхэмжлэгч Ц.Тын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

5.2.2. Нэхэмжлэгч хуульд заасан журмаар болон гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. 

 

5.2.2.а. Гэрээний нэг тал гэрээний нөгөө талын үүргийн зөрчилд хамаарахгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах учиртай. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т нь аливаа үндэслэл заахгүйгээр гэрээнээс татгалзах саналыг гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Ц.Т 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Б.Бнд илгээсэн цахим захидлаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хийх үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулж гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхээр, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж буй талаар мэдэгджээ. /хх 20-34 дахь тал/ Энэ мэдэгдэлд хариуцагч Б.Бн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариу илгээхдээ гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсны дараа илтэд өөрчлөгдөх гэдэгт одоогийн үнийн өсөлт, мөнгөний ханшны уналт хамаарахгүй, гэрээний үүргийг зөрчөөгүй гэх агуулга илэрхийлсэн байна. /хх 100 дахь тал/

Нэхэмжлэгч Ц.Т нь дээрх мэдэгдэлдээ худалдсан орон сууцны ижил төстэй орон сууцуудыг 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар худалдах саналыг 200,000,000 болон 169,000,000 төгрөг илэрхийлсэн гэх зарлалын хувийг хавсаргасан. Гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж хариуцагч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгөх учиртай.

Нэхэмжлэгчээс хариуцагчид илгээсэн орон сууц худалдах санал болгож буй зард дурдсан үнээр орон сууцны зах зээлийн үнийг тодорхойлох  боломжтой гэх байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүйгээс гадна ижил төстэй орон сууцны зах зээлийн үнийг эрх бүхий этгээдээс тодорхойлсон баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна.   Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн гэх тайлбараа нэхэмжлэгч Ц.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр нотлоогүй болно.

            Нөгөөтэйгүүр, нэг талаас орон сууцны үнэ нэмэгдсэн байх бол нөгөө талаас гэрээнд заасан хугацаанд төлсөн мөнгөний үнэ цэнэ өөрчлөгдөх боломжтой. Иймд орон сууцны үнэ ямар хэмжээгээр нэмэгдсэн, гэрээний дагуу төлсөн мөнгөний үнэ ханшид хэрхэн өөрчлөлт орсон, үүний зөрүү хэд байгааг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан “илт” өөрчлөлт гэх ойлголтод хамааруулах бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

            Гэрээ байгуулсан үндэслэл болсон нөхцөл байдал илт өөрчлөгдсөн гэх байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэнэ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсгийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрт хуулж бичсэн атлаа нэхэмжлэгчид энэ эрх байгаа эсэх талаар огт дүгнээгүй орхигдуулж, гэрээ байгуулсан бол гэрээний үүргийг зайлшгүй гүйцэтгэх  /pacta sunt servanda/ зарчмыг гэрээний талууд баримтлах учиртай гэж дүгнэсэн нь логикийн хувьд алдаатай болжээ. Гэрээний үүргийг зайлшгүй гүйцэтгэх зарчмыг шүүх хэрэглэхийн тулд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг гүйцэтгэх, гэрээнээс татгалзах эрхийн талаарх хэм хэмжээний зохицуулалт Иргэний хуульд дутмагшилтай байгаа талаар дүгнэлт өгсний үндсэн дээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг үндэслэх ёстой.

            Харин Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан 2 нөхцлийн аль нэг нь бүрдсэн байх учиртай. Дээр дурдсан үндэслэлээр гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болоогүй тул гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн учир Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасан гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй гэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Түүнээс гадна дан ганц нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдсөн гэх байдал тогтоогдоогүй тул гэрээнээс татгалзах эрхийг тэрээр хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

5.2.2.б. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримтад хамааруулж нотлохгүй боловч орон сууцны үнэ уг цар тахлын өмнө болон дараа хэрхэн өөрчлөгдсөн болохыг нэхэмжлэгч тал мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй, тэрээр энэ үүргээ биелүүлээгүй байна. Иймд Ковид-19 цар тахлыг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд тооцох боловч үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэлд гэрээний талуудын эрх, ашиг сонирхол буюу эдийн засгийн алдагдлыг хамааруулж дүгнэх учиртай. 

Тиймээс ч нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо “гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын улмаас огцом өөрчлөгдсөнөөс гэрээний нэг талд хэт ашигтай, нөгөө талд хэт алдагдалтай буюу 2 талд тэгш бус, харилцан ашиггүй байдлыг бий болгож байгааг шүүх анхаараагүй” гэж дурдсан байна. Харин нэхэмжлэгч нь ийнхүү тайлбартайгаа холбоотой баримтыг гаргаж өгөх замаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэгт заасан талуудын зарчмыг үндэслэн баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй болно.

Харин анхан шатны шүүхээс “гэрээний 1.9-т зааснаар гэрээний анхны үнийг тогтвортой баримтлахаар заасныг дагаж мөрдөх ёстой” гэж дүгнэсэн нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг буруутгах боломжгүй ч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Гэрээний 1.9-д “Гэрээнд заасан хугацааны дотор үүрэг гүйцэтгэх явцад худалдагдсан хөрөнгийн үнэд болон мөнгөний ханшийн өөрчлөлт гарвал, энэхүү гэрээ байгуулсан өдрийн тохиролцсон үнээр тогтоох бөгөөд талууд үнийг дангаар өөрчлөх буюу өөрчлөхийг шаардах эрхгүй” гэж талууд тохиролцсон. Энэ тохиролцоо нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны үнэ болон мөнгөний ханш өөрчлөгдсөн тохиолдолд гэрээ байгуулсан өдрийн гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулахгүй, энэ үндэслэлээр гэрээг нэг тал өөрчлөх буюу өөрчлөхийг шаардах эрхийг хязгаарлахаар байх бөгөөд гэрээнд заасан хугацааны дотор үйлчлэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийн агуулгаас дүгнэвэл хэлцэл хуульд нийцсэн байх ёстой. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн тохиолдолд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрх, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах эрхийг гэрээгээр хязгаарлаж болохгүй.  Иймд гэрээний 1.9 дэх заалт нь энэ эрхүүдийг хязгаарласан байх боловч нэхэмжлэгч талаас энэ заалтын хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаагүй. Хэдий тийм ч гэрээний 1.9 дэх заалт хүчин төгөлдөр бус байдал гэрээний гол нөхцөлд нөлөөлөхгүй юм.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан үүргийн эрх зүйн хүрээнд эрсдэлийг шилжүүлэх, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасан худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох зохицуулалтуудыг үндэслэж талуудын маргааны зүйл болоогүй эд хөрөнгийн эрсдлийг худалдан авагч хариуцахаар дүгнэсэн нь алдаатай болжээ. Эд хөрөнгийн эрсдлийг худалдан авагч шилжүүлэн авсан байдал эдийн засгийн нөхцөл байдлаас орон сууцны үнэд өөрчлөлт орсон эсэхтэй огт шалтгаант холбоогүй байхад анхан шатны шүүх холбож дүгнэлт хийснийг зөвтгөх боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар давж заалдах шатны шүүх алдаатай дүгнэлтийг залруулах боломжтой тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгохгүй юм.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үнэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг түүнд буцаан шилжүүлсэнийг гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийг гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж дүгнэхгүй. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн, банкны дансыг хааснаар хариуцагч тал гэрээний үнийг төлөх боломжгүй болгосон байх тул хариуцагч тал гэрээний үнэ төлөх үүргийг зөрчөөгүй байна. 

 

8. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/05344 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамжаар хариуцагч Б.Бнд холбогдох нэхэмжлэгч Ц.Тын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба захирамжийг шүүгч Б.Мандалбаяр үйлджээ. Энэ захирамжийг тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2023/00171 тоот тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар хянаж, хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулжээ. Иймд шүүгчийн 101/ШЗ2023/0544 дугаартай захирамжийг алдаатай гарсан гэж дүгнэхгүйгээс гадна нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “шүүх нэг нэхэмжлэлд 3 удаа адил захирамж гаргасан” гэх байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/03814 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...262 дугаар зүйлийн 262.1, 220 дугаар зүйлийн 220.4...” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Таас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 898,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

             ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА