Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02045

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02045

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03070 дугаар шийдвэртэй,

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, О.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтуслах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01519 дугаар тогтоолоор “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлээр, төлбөр төлөгч “Э” ХХК нь холбогдох шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай - орд нэртэй газар орших шаврын ордын - дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг баримт бичиг болон барилгажих сул чөлөөтэй 40,86 га талбайтай газар эзэмших эрхээс үүргийг хангуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх тогтоолд зааснаар барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай - орд нэртэй газар орших шаврын ордын - дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй болох талаар тогтоосон ба нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь энэ талаар маргаагүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/57 дугаар шинжээч томилох тогтоолоор томилогдон “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгийг 6,768,316,596 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэгч нь бидний саналыг огт аваагүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийсэн үнэлгээ нь зөвхөн тусгай зөвшөөрлийн талбайд буюу лицензтэй талбай дээр үнэлгээ хийсэн. Сул чөлөөтэй 40,86 га талбай газар дээр үнэлгээ хийгээгүй гэдэг нь харагддаг. Бид шүүхийн шатанд “Лэндс” ХХК-д захиалга өгч 2023 оны байдлаар зах зээлийн ханш нь ямар байгааг үнэлэхэд 70,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, -, Хос шаргын хооронд барилгажих боломжтой 40,83 га талбай газар дээр нөхөн сэргээлт хийгээд, 10,000 айлын орон сууц барихаар төлөвлөөд, аялал жуулчлалын цогцолбор гэсэн ангиллаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан байгаа.

Энэ ордыг тусгай зөвшөөрлийн дагуу ашигладаг бөгөөд социализмын үеэс хойш ашиглаж байсан газар юм. Улаанбаатар хотод байгаа хамгийн том, сул чөлөөтэй барилгажих боломжтой газар тул яагаад ч 6,0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байх боломжгүй. Үүнийг 3-н шатны шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрчихсөн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш зах зээлийн үнэлгээ нэмэгдээд, 2023 онд өндөр үнэлгээтэй болсон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1519 дугаартай тогтоолоор “Э” ХХК-аас 21,982,168,422 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд “Э” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, - нэртэй газар орших, шар шаврын ордны - дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологи судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой, сул чөлөөтэй 40,86 га талбайтай газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Тус шүүхийн тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2241008801 дугаартай тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжлээд, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2241008802 дугаартай тогтоолоор тус хөрөнгийг хурааж авсан.

2.3. Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/2212782 дугаартай үнийн санал ирүүлэх мэдэгдлийг гардуулж, “Э” ХХК болон “Хас банк” ХХК нь үнийн саналыг зөрүүтэй ирүүлсэн учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээчийг томилсон.

Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр тухайн эд хөрөнгийг 6,768,316,596 төгрөгөөр үнэлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон гүйцэтгэх хуудаст 22,000,000,000 төгрөгийг эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт байрлах - нэртэй, - дугаартай, 53.8 гектар талбайтай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, “Э” ХХК-ийн аждын үр дүн, геологи судалгааны мэдээлэл бүхий бичиг баримт мөн барилгажих боломжтой, 40,8 га газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Нэхэмжлэлд дурдсанаар - дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 39,800,000,000 төгрөгөөр худалдан борлуулах талаар гүйцэтгэх хуудас, шүүхийн тогтоох хэсгүүдэд байхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч талаас маш өндөр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Хас банк” ХХК нь эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн анхны үнэлгээг 6 сарын дараа дахин хийлгэе гэсэн нь Иргэний хуульд хамааралгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хийгдсэн анхны шинжээчийн үнэлгээ байдаг.

“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээч нь дүгнэлтээ 40,8 га газар нь тусдаа эзэмших эрх байхгүй учраас 53.8 гектар талбайтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд үнэлгээгээ гаргасан гэж бичсэн байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд 40.8 га газарт тусдаа газар эзэмших эрх байхгүй, харин 53.8 гектар талбайтай тусгай зөвшөөрлийн дотор энэ явагдаж байгаа юм.

Газрын алба болон байгаль орчны газруудаас ирсэн баримтуудаас үзэхэд 40.8 га газар дээр дүүргийн болон Нийслэлийн засаг даргаас олгосон газар эзэмших захирамж байхгүй, мөн гэрээ байгуулагдаагүй, кадастрын санд бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Ийм учраас 40.8 га газар дээр тусгайлан үнэлгээ гаргах боломжгүй. Тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу бичиг баримтын хүрээнд шинжээч үнэлгээгээ гаргасан нь хуулийн дагуу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, - орд нэртэй газарт орших ашигт малтмалын MV-- тоот тусгай зөвшөөрөл бүхий шаврын ордыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэн, эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

5.1. “Хас банк” ХХК нь “Э” ХХК-тай 2012 онд 1410000683 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 53.8 гектар талбай бүхий шар шаврын ордын - тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйл нь уг тусгай зөвшөөрөл байсан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд “... Газрыг хуульд заасан хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Нэгж талбар бүр гэрчилгээтэй байна. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргаас “Э” ХХК-д - орд, 40,86 гектар талбайтай газарт барилга барих болон бусад зориулалтаар газар эзэмших эрх олгосон захирамж гараагүй, нэгж талбараар нь газар эзэмших гэрчилгээ олгоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй атал анхан шатны шүүхээс 40,86 гектар талбайтай газар эзэмших эрх байгаа, үнэлэх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01-07/5822 дугаар албан тоотод “газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулаагүй, газрын кадастрын нэгдсэн системд бүртгэлгүй байна” гэсэн утга бүхий баримт хэрэгт авагдсан байхад үүнийг шүүх огт үнэлсэнгүй.

5.2. Нэхэмжлэгч талын 10,000 айлын орон сууц барих боломжтой гэж дурдаж байх боловч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08/2436 дугаар албан бичиг нь барилга барих боломжтой гэж зөвшөөрөл олгосон зөвшөөрөл биш бөгөөд орон сууцны хороолол барих талбай бус харин аялал жуулчлалын цогцолбор, ногоон байгууламжийн бүсэд хамрагдаж байгааг мэдэгдээд хавсралтаар тодорхой гаргаж өгчээ. Хавсралтад ногоон өнгөөр - ордыг тэмдэглэж ирүүлсэнээс харахад “Хамбын овоо” аялал жуулчлалын цогцолбор, ногоон байгууламжийн бүс нь бүхэлдээ ногоон байгууламж буюу нийтийн эзэмшил газар байхаар төлөвлөгдсөн ба орон сууц барих шар өнгийн хэсэгт хамаарагдахгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал нь барилгажих боломжтой сул чөлөөтэй 40,86 гектар газар нь - ордын аль хэсэгт байрладаг талаархи газрын солбилцол, талбайн хэмжээг тогтоосон кадастрын схем зураглал, газар эзэмших эрхийн зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөл зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж нотлоогүй байхад шүүх уг газрыг тусад нь үнэлсэнгүй гэж үзэж байгаа нь үндсэлэлгүй байна.

5.3. Шинжээч тайландаа холбогдох бичиг баримт болон газар дээрхи биет үзлэгээр барилгажих боломжтой сул 40,8 гектар газар байхгүй, ашигт малтмалын орд газрын нөөцөд хамаарах газар байгаа тул тусад нь салангид үнэлэх боломжгүй гэж тодорхойлон нөөцийн хэмжээгээр тооцож үнэлсэн гэдгээ тодорхой тусгасан.

Гэтэл анхан шатны шүүхээс шинжээч томилох тогтоолд дурьдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэн үнэлгээг хүчингүй болгож байгаа нь үнэлгээний 1 зүйлд 2 дахин үнэлгээ гаргасан байхыг шаардсан, огт байхгүй газар эзэмших эрхийг үнэлээгүй байна хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шаардсанаар барилгажих боломжтой сул чөлөөтэй 40,86 гектар талбайг тусад нь үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах тохиолдолд 53.8 гектар ашиглалтын тусгай зөвшөөрөлийг худалдан борлуулах уу эсхүл барилга барих боломжтой 40,86 гектар газар эзэмших эрхийг худалдан борлуулах уу гэдэг нь тодорхойгүй болж худалдсан тохиолдолд маргаан үүсч үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл үүсэхээр байна.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “... Шинжээч томилох тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийж дүгнэлтийг гаргасан гэх үндэслэлгүй, энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 ,8.3-т заасан шаардлагад нийцсэн үнэлгээг гаргасан гэж үзэхээргүй байна” гэжээ.

“Сэлэнгэ эстимейт” ХХК-аас ирүүлсэн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах гомдлыг хууль хэрэглээний зөрчил гаргасан, хуулийг буруу тайлбарласан, нотлох баримт дутуу, буруу үнэлсэн, процессын зөрчил гаргасан гэх зэрэг агуулгаар гаргах ёстой. Гэтэл гуравдагч этгээдийн гаргасан гомдолд шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа, ямар хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа, ямар ямар нотлох баримтыг буруу үнэлсэн талаар дурдаагүй зөвхөн үйл баримтыг дурдсан шинжтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр ажиллаж байгаа хэдий ч томилсон шинжээч нь шүүхийн тогтоолд заасан ажиллагааг дутуу хийсэн байна. Шүүхийн шийдвэрүүд дээр нэгэнт хөрөнгийг үнэлээд, үнэлгээгээр тогтоогдсон. Өмнө нь гурван шатны шүүхээс үнэлгээтэй холбоотой маргаан гаргаагүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн хөрөнгийг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр нь 40,86 га газарт биет үзлэгээр очиход 40,86 га газрыг тусад нь залгасан зүйл байхгүй. 40,86 га газар нь 53.8 гектар газарт бүхэлдээ орж, тухайн газрын нэг хэсэг болж байгаа гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн.

Иймд анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 909 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01519 дугаар тогтоолоор “Э” ХХК-аас 21,982,168,422 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбай - орд нэртэй газар орших шар шаврын ордын - дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40,86 га талбайтай газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, нэхэмжлэлийн шаардлага хангахгүй тохиолдолд бусад барьцааны эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

 

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, явуулж байгаа талаар талууд маргаагүй.

 

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт бичигдсэн “- дугаар тусгай зөвшөөрөл болон Э, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40,86 га талбайтай газар эзэмших эрх”-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 202410088/01 тоот тогтоолоор эд хөрөнгийг “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн - орд нэртэй газарт орших 53,8 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 34/1163 тоот гэрчилгээтэй, дугаар -, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж тодорхойлж битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22410088/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг    “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн - орд нэртэй газарт орших 53.8 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 34/1163 тоот гэрчилгээтэй, дугаар -, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Э хайгуулын ажлын үр дүнгийн тайлан геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл баримт бичиг болон барилгажих боломжтой 40,86 га талбайтай газар эзэмших эрх” гэж тодорхойлж хураасан байна. Энэ ажиллагаандшийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудгомдол гаргаагүй.  

 

4.3. Хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудыг тохиролцуулах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч “Э” ХХК 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 68,000,000,000 төгрөгөөр тогтоох санал ирүүлснийг төлбөр авагч “Хас банк” ХХК 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байгааг талууд тохиролцоогүй гэж дүгнэж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2/57 тоот тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүзйлийн 55.2.2-т заасантай нийцсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5.1. “Сэлэнгэ эстимэйт” ХХК 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр үнэлгээ гаргаж, барьцаа хөрөнгийн буюу  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - орд нэртэй газарт байрлах “Э”ХХК-ийн төлбөрт хураагдсан 53.8 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын MV-- дугаар тусгай зөвшөөрөл бүхий орд газрын үнэ цэнийг ... зах зээлийн үнэ болох 6,768,316,596 төгрөгөөртодорхойлжээ. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбарыг буруу үнэлснээс барьцаа хөрөнгийг буруу тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

5.2. Шинжээчийн тайланд үнэлгээ хийх объектыг тодорхойлохдоо “Улсын бүртгэлийн 9011115021 дугаартай, 2027194 тоот регистрийн дугаартай “Э” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - орд нэртэй газарт орших 53.8 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын MV-- дугаар тусгай зөвшөөрөлтэй шаврын орд ... ашигт малтмалын газраас барилгажих боломжит 40,86 гектар талбайтай газрыг үнэлгээ хийлгэхээр тусгасан байгаа хэдий ч орд газрын холбогдох бичиг баримт, газар дээрх биет үзлэгийн мэдээллээр барилгажих боломжит сул талбар газар байхгүй, ашигт малтмалын орд газрын нөөцөд хамаарах газар байгаа тул тусад нь салангид үнэлэх боломжгүй ... Иймд бид шинжээч томилох тухай тогтоолд тусгасан хөрөнгөөс ашигт малтмалын орд газрыг үнэлэв” гэжээ.

Шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2/57 тоот  тогтоолд заасан объектыг биечлэн очиж үзлэг хийсэн байх ба уг объекттой холбоотой эрх бүхий этгээдээс гаргасан баримт бичгийг үндэслэж хийсэн дүгнэлтэд “Э” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, ашигт малтмал ашиглалтын - дугаартай тусгай зөвшөөрөлөөр олгосон газар нь нийт 53.8 гектар талбайг хамрах бөгөөд шүүхийн шийдвэрт тухайлан заасан “...барилгажих боломжтой сул чөлөөтэй 40,86 га талбайтай газар эзэмших эрх” бодитоор байхгүй, харин энэхүү газар нь ашигт малтмалын - дугаар тусгай зөвшөөрөлтэй орд газрын нөөцөд хамаарч байгаагаассалангид үнэлэх боломжгүй гэжээ.

Тодруулбал, барилгажих боломжтой сул чөлөөтэй гэх 40,86 га газарт тусгайлсан зөвшөөрөл олгогдоогүй, нэгж талбар нь нарийвчлан бүртгэгдээгүй, харин 53.8 гектар газрын координатаар тодорхойлсон хэсгийн нэгжид дээрх газар нь хамаарч байх тул барилгажих боломжтой сул чөлөөтэй 40,86 га газрыг үнэлээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй.

“Сэлэнгэ эстимэйт” ХХК 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд тусгай зөвшөөрөл олгосон талбай буюу 53.8 гектар газрын координатаар тодорхойлсон хэсгийн нэгжийн хэмжээнд үнэлгээ гаргасан тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой” байх, 8.3.6-д заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт”-ыг заах шаардлагыг тус тус хангажээ.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага 3 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт тус тус мэдэгдсэн, төлбөр төлөгч үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд гаргасан байна.

 

7. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Хас банк” ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

                                                       Э.ЗОЛЗАЯА