Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2015/0312/З |
Дугаар | 196 |
Огноо | 2017-03-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 196
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, Ц.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар
Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/*8 дугаар тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/*2 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Т.Б 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цөмийн энергийн газарт ажиллаж байхдаа цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшиж байсан компаниудаас зарим нь ашиглалтын лиценз авсан харагдаж байна. Эдгээр компаниудын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалд нь хяналт тавьж, арга зүйн зөвлөмжөөр хангаж, нөхөн сэргээлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байсан. Цацраг идэвхт ашигт малтмалын энгийн ашигт малтмалаас ялгарах нэг онцлог нь хайгуул, туршилтын олборлолт, ашиглалт хийгээд, нөхөн сэргээлт хийсний дараа 10-15 жилийн дотор хяналтад байх ёстой байдаг. Цацраг идэвхт ашигт малтмалын нөхөн сэргээлтийг хугацаа алдаж болдоггүй. Энгийн ашигт малтмалаас илүү нарийн технологиор нөхөн сэргээлт хийдэг. Энгийн ашигт малтмалын хайгуулыг зүгээр хийж болдог бол цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж байх явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь өөрчлөгдөж байдаг. Тийм учраас ойролцоох байршилд хөрс, ус, агаараас шинжилгээ тогтмол авах гэх мэт нарийн зүйлүүд байдаг. Өнөөдрийн байдлаар миний ажлын байр орхигдсон байна гэж харагдаж байна. Энэ ажлын байрны чиг үүрэг орхигдсон байна гэж харагдаж байна. Ашигт малтмалын газарт мэргэшсэн ажилтан байх ёстой гэж үзэж байна. 2014 онд Цөмийн энергийн газар татан буугдсан. Засгийн газрын 387 дугаар тогтоолоор нэр бүхий 6 албан хаагчийг чиг үүрэг, цалин, ажлын байрны тодорхойлолттой нь Ашигт малтмалын газарт шилжүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг Ашигт малтмалын газарт цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэнгээр түр гэсэн тушаалаар авсан. Уг тушаалаар ажиллуулж байгаад 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 387 дугаар тогтоолыг үндэслэж, миний ажлын байрны орон тоог байхгүй болгож цомхтгосон. Засгийн газрын 387 дугаар тушаалаар Цөмийн энергийн газраас Ашигт малтмалын газарт шилжиж ирсэн байтлаа миний санал, хүсэлтийг сонсолгүйгээр цомхтголд оруулсан. Би энэ байгууллагад үлдэх ёстой байсан. Миний албан тушаал хадгалагдах ёстой байсан. Миний эрх зөрчигдөж байна. Би байгууллага татан буугдаад шилжиж ирсэн. Гэтэл тэр тогтоолыг үндэслэж намайг цомхтголд оруулсан. Миний бие 2014 онд Цөмийн энергийн газар ажиллаж байгаад Цөмийн энергийн газар татан буугдсаны улмаас Засгийн газрын 387 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газар луу цалин, ажлын чиг үүргийн хамт шилжиж очсон. Ашигт малтмалын газар 2015 онд намайг түр тушаалаар ажиллуулж байгаад Засгийн газрын 387 дугаар тушаалаар ажлыг цомхтгосон. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах хүсэлттэй байна” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөх эрхтэй. Үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тухай гомдлоо хуульд заасан хугацаа, журмын дагуу гаргасан. Хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэж байна. Т.Бийг Цөмийн энергийн газраас шилжиж ирэхэд цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтний албан тушаалд томилсон. Гэтэл энэ хугацаанд хууль тогтоомж өөрчлөгдөөгүй байхад тухайн ажлын байрны чиг үүргийг хэн нэгний ажлын байрны чиг үүрэг лүү шилжүүлж, нэгтгэхгүйгээр цомхтгосон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Цацраг идэвхт ашигт малтмал бол онцгой хяналт шаардлагатай. Хууль тогтоомж өөрчлөгдөөгүй байхад хэнээр ч энэхүү ажлын байрны чиг үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр хассан нь үндэслэлгүй байна. Өнөөдөр өгсөн тайлбартаа тухайн чиг үүргийг албан тушаалтан гүйцэтгэж байгаа боловч, ажлын байрны тодорхойлолтод нь энэ талаар тусгаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр ирүүлсэн тайлбартаа дурдсан байна. Тэрхүү ажлыг мэргэшсэн ажилтан гүйцэтгэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч байгууллагад одоо байгаа байгаль орчинтой холбоотой бүх ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. Эдгээр тодорхойлолтод цацраг идэвхт ашигт малтмалд хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж байгаа ажилтан байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ажлын байрны тодорхойлолтод оруулаагүй гэж байна. Ажлын байрны тодорхойлолтод энэхүү чиг үүргийг оруулаагүй юм бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар тэр хүнд хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь маягтын дагуу материалаа бүрдүүлж өгдөг. Тэрхүү материалын 2 дугаар хавсралтад хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлтэд хэрхэн хяналт тавих тухай зохицуулалт байдаг. Ажлын байрны тодорхойлолтод нь тусгагдаагүй ажилтан энэхүү үүргийг гүйцэтгэж байгаа юм бол хэрхэн хяналт тавьж ажиллах нь ойлгомжгүй байна. Хөдөлмөр, аюулгүй байдал, нөхөн сэргээлтийн ажил байгаа гэдэг нь харагдаж байна. Т.Бийн тухайн үед хийж байсан тайлангаар энэхүү ажил үүрэг нь зайлшгүй байх ёстой гэдэг нь нотлогдож байна. Засгийн газрын 387 дугаар тушаалаар Т.Бийг шилжүүлсэн. Энэ байгууллага ажиллуулах сонирхолгүй байсан нь харагддаг. Учир нь цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтний албан тушаалд томилсон мөртлөө нэхэмжлэгчийн хийж байсан ажил нь нүүрсний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр давхар хариуцуулж ажиллуулж байсан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр н.А******* гэж тухайн үед ажиллаж байсан хүн нь Т.Бийг томилогдож ирэхэд ажлаас чөлөөлөгдсөн байсан байдаг. Ажлын байр, орон тооны жагсаалт дээр нүүрсний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн гэсэн хэсэг нь хоосон. Тайлбартаа н.С гэдэг ажилтан жирэмсний амралттай байгаа гэж тайлбарласан. Т.Бийг цомхтголд оруулсан бол мэргэжил, мэргэшлийн дагуу тухайн сул орон тоон дээр ажиллуулах боломжтой байсан. Засгийн газрын 387 дугаар тогтоолд дурдсанаар Цөмийн энергийн газраас шилжиж ирж байгаа хүмүүсийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулах тухай гарсан байдаг. Т.Бийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Одоо тэрхүү ажлын байр нь байгаа эсэх нь хамаагүй нийт орон тооны хязгаарт багтааж, зохион байгуулалт хийх ёстой байсан гэж үзэж байна. Чиг үүрэг нь байна. Ажиллах ёстой байна. Тогтоолын хэрэгжүүлж, ажиллах санаа зорилго ажил олгогчид байгаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг томилсон. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын Б/*8 дугаар Ашигт малтмалын газрын бүтцэд өөрчлөлт оруулж, цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоог хассан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасантай холбоотойгоор Ашигт малтмалын газарт нэр бүхий 6 албан хаагчийг шилжүүлсэн. Мөн 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Ашигт малтмалын газрын орон тоо 170 байсныг 145 болгож хассан. Үүнтэй холбоотойгоор 2015 оны Ашигт малтмалын газрын цалингийн санг төсвөөс 145 орон тооны хүрээнд төсвөөс хуваарилсан. Улсын Их Хурлын 70 дугаар тогтоолоор давхардсан, ажил үүрэг ойролцоо ажлын байрыг цөөлөх шаардлагыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн. 2014 оны Улсын Их Хурлын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 387 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д заасныг үндэслэж, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны Б/*8 дугаар тушаалыг гаргасан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, цалингийн цэсийг тогтоох гэсэн бүрэн эрхийн хүрээнд гарсан хууль ёсны эрх зүйн акт юм. Хууль ёсны дагуу гарсан актыг ямар учраас хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа талаараа нэхэмжлэгч талаас үндэслэл дурдаагүй. Агентлаг үйл ажиллагааны стратегийн хүрээнд жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө баталдаг. Зорилтод хүрэхээр бүрэн эрхийн хүрээнд бүтэц зохион байгуулалтаа өөрчилдөг. Б/*8 дугаар тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Б/*8 дугаар тушаалыг нэхэмжлэгч мэдсэнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Ашигт малтмал, газрын тосны газарт цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгах шаардлага гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/01 тушаалаар тус байгууллагын бүтцийг баталсан. Уг бүтцээр цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтний ажлын байр байхгүй. Бүтэц, зохион байгуулалтын хувьд байхгүй ажлын байранд томилуулахыг даалгах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Ашигт малтмалын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/*8 дугаар тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/*2 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ийг даалгуулах гэж өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/*8 дугаар тушаалын Т.Бт холбогдох хэсгийг хүчингүйд болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2,3 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрыг татан буулгаж, тус газрын зарим албан хаагчдын чиг үүргийг орон тоо, цалингийн сангийн хамт Ашигт малтмалын газарт /хуучнаар/ шилжүүлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2030 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******д “Цөмийн энергийн газрын эрхэлж байсан зарим чиг үүрэг танай эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул орон тооны хязгаарт багтаан цацраг идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан томилох”-ыг даалгасан байна. Эдгээр тогтоолуудыг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/252 дугаар тушаалаар Цацраг идэвх ашигт малтмалын хэлтсийн мэргэжилтэн Т.Бийг бүтцийн өөрчлөлтөөр 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Ашигт малтмалын газар луу шилжүүлжээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны нэг төрөл тул Ашигт малтмалын газарт шилжүүлсэн байна. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б-13 тушаалаар уул уурхайн хэлтэст Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Т.Бийг томилжээ.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолыг 2 дугаар хавсралтыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарынг 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” Б/*8 дугаар тушаалаар Агентлагийн даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 630 дугаар тушаалын хавсралтанд заагдсан орон тооноос “Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллага хариуцсан мэргэжилтний ажлын байрыг хасч орон тоог цөөрүүлжээ. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох нь Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ бүрэн эрхийн нэг юм. Гэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн 112дүгээр зүйлд зааснаар Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхээр, 111 дүгээр зүйлд зааснаар Цөмийн болон цацрагийн хяналтын асуудлыг Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр зохицуулсан байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2030 дугаартай албан бичгээр Цөмийн энергийн газрын эрхлэж байсан зарим чиг үүргийг Ашигт малтмалын газрын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор баталсан орон тооны хязгаарт багтаан цацраг идэвхт ашигт малтмалын асуудал эрхэлсэн 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан томилж ажилуулахыг үүрэг болгосоор байхад хариуцагч “Ашигт малтмалын газарт Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо дангаараа байх шаардлагагүй, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудлыг Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн зөвлөл шийдвэрлэдэг” гэж тайлбарлаж байгаа нь холбогдох хууль журамд нийцээгүй байна.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн 3/2773 дугаар албан бичигт “цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн төхөөрөмжийн байгаль орчны цацрагийн асуудалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих улсын байцаагч, ашигт малтмалтай холбоотой асуудлыг Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, байгаль орчинтой холбоотой асуудлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус, рашаан бохирдол, нөхөн сэргээлт хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавин ажилладаг” гэжээ. Цөмийн энергийн комиссын ажлын албанаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн 2/628 дугаар албан бичигт “Цөмийн энергийн комисс нь цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудал тэр дундаа түүний байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг шууд харъяалан шийдвэрлэдэггүй, энэ асуудлыг хариуцсан байцаагч байхгүй. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлогын асуудлыг шийдвэрлэн ажилладаг гэжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн 02-01/3320 дугаар албан бичигт “цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудал, мөн байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудал манай чиг үүрэгт хамааралгүй болно” гэснээс үзэхэд Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/*8 дугаар тушаалаар Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэний орон тоог хассан нь буруу байна. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн тухай хуулийн 112дүгээр зүйлийн 112.1.1-т заасан Цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэг нь байсаар байхад үндэслэлгүйгээр Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог хассан нь буруу болжээ.
Засгийн газраас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн жинхэн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан шийдвэр гаргаж, чиг үүргийг шилжүүлсэн шийдвэрийг захиргааны байгууллага биелүүлэх боломжтой байхад 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд түр томилж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр буюу 2 сарын дараа орон тоог нь хассан нь хуульд нийцэхгүй байна. Ашигт малтмалын газрын дарга нь /хуучнаар/ төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох нь эрхтэй болохоос хуулиар харъяалуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоог хасах эрхгүй болно.
Иймд Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” Б/*8 дугаар тушаалын хавсралтын 6 дахь заалт буюу Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тул нэмэгдүүлсэн шаардлага дээр хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй болно.
2. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/*2 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Бийг Ашигт малтмал, газрын тосны газарт Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Т.Б нь Экологич, хими биологийн багш, нийгмийн удирдлагын менежерийн мэргэжилтэй бөгөөд, 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөжээ. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б-13 дугаар тушаалаар Т.Бийг цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилж, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/*8 дугаар тушаалаар түүний албан тушаалын орон тоог хасч, улмаар 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/*2 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хариуцагчийн Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолыг үндэслэн Т.Бийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Уг тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, зарим чиг үүргийг албан хаагчдын орон тоо, цалин хөлс, эд хөрөнгийн хамт шилжүүлж, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ орон тоог 145-аар тогтоосон байхад уг тогтоолыг үндэслэн Т.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн саначилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх үндэслэлүүдийг зөрчжээ. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Цөмийн энергийн газар татан буулгаж, чиг үүргийг нь мэргэжил, мэргэшлийн дагуу шилжүүлж байгаа Засгийн газрын тогтоолыг зөрчиж албан тушаалын орон тоог хасч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар шийдвэрлээгүй хууль бус тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Засгийн газрын 2016 оны 7 дугар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Ашигт малтмал, газрын тосны газрыг 185 орон тоотойгоор баталж, үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” а/01 дүгээр тушаалаар уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийг 16 орон тоотойгоор баталсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын одоогийн бүтэц бүрэлдэхүүнд Кадастрын хэлтэст цөмийн энерги, газрын тосны тусгай зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн, Геологи, хайгуулын хэлтэст Цацраг идэвхт металл, газрын ховор элемент, хар, ховор металл ашигт малтмалын хайгуул хариуцсан мэргэжилтэн ажиллаж байгаа болох нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байна. Үүгээр Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар харъяалуулсан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа болох нь тогтоогдож байна.
3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг энэ хуулиар зохицуулагдаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байх тул, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Т.Бийг Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн хэлтэст Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын ТЗ-6.2 дугаар шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, зэрэг дэвийн нэмэгдлийг 15 хувиар тооцож ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ Т.Б нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаа тэтгэлэг болох 3.484.260 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун жаран/ төгрөгийг авсан тул, үүнийг ажилгүй байсан хугацааны цалингаас хасаж тооцох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг тус тус баримтлан Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” Б/*8 дугаар тушаалын 6 дахь хэсгийг, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/*2 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Бийг өмнө ажиллаж байсан Уул уурхайн хэлтсийн Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх нийт 2 жил 10 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13.974.553 /арван гурван сая есөн зуун далан дөрвөн мянга таван зуун тавин гурван/ төгрөгөөс урьд авсан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаа тэтгэлэг болох 3.484.260 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун жаран/ төгрөгийг хасаж тооцон Т.Бт нийт 10.490.293 /арван сая дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Бийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Н. ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ