Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч П.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 938 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр магадлалтай, Ц.Э холбогдох 2009012590647 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч П.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн  2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Мөн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 589 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500,000 төгрөг торгох, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Н овогт Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Ц.Э-г хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнө оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 33 хоногийн хорих ялаар, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын 1 хоногоор тооцож, 75 хоногийн хорих ялаар тус тус сольж, биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Э-с 5,220,000 төгрөг гаргуулан хохирогч П.Б-д олгож, нэхэмжлэлээс 9,089,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар... мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож 60 хоногийн хорих ялаар тус тус сольсугай” гэж,

4 дэх заалтыг: “...60 хоног хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,

7 дахь заалтыг: “...Ц.Эас 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч П.Б-д олгож, нэхэмжлэлээс 11,009,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь хохирогчид 3,300,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх ёстой. Анхан шатны шүүхийн оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь эрүүгийн эрх зүй дэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанаар Ц.Э-н гэм бурууг хэлэлцэх үед 700,000 төгрөгийн хохирол төлсөн байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан болоход нийт хохирол 3,300,000 төгрөгийг төлсөн байхад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдолдоо холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн бөгөөд уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус нотлох баримтуудыг үнэлж, шийдвэрлэх боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Ц.Энхтулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой буюу тухайн цаг үед хохирогч П.Б-ээс мөнгө авч байхад Ц.Э тухайн компанийн барилга хариуцсан албаны захирлаар ажиллаж байсан гэдэг нь гүйцэтгэх удирдлагын тушаалаар тогтоогдож байгаа. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзээд байгаа хоёр өрөө байр Ц.Э-н төрсөн ах Ц.Э-ын нэр дээр байж байгаад, сүүлд Ц.Э-н ээж н.Цэрмаа руу шилжсэн байдаг. Ц.Э энэ бүгдийг зарах гээд явж байсан нь бодит байдал дээр тогтоогддог. Анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагаанд энэ зүйлүүдийг тогтоогоогүй. Хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугийн асуудал нь эргэлзээтэй байгаа учир хорих ялын хэмжээг боломжит хэмжээгээр багасгах, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч П.Б нь “...би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд такси үйлчилгээнд явж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Гэтэл Ц.Э-д залилуулан машинаа алдсанаас хойш амьдрал маань сүйрч, өрөнд орсоор явна. Шүүгдэгчээс 15,009,500 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх 5,220,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Ц.Э нь одоогоор 1,220,000 төгрөг дутуу төлсөн тул үлдсэн хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. Буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, худал ярьж буй Ц.Э-д маш их гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Э нь хэрэгт авагдсан баримтаар “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна. Шүүгдэгч нь урьд 3 удаа ял шийтгүүлсэн бөгөөд сүүлийн хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа эдлээгүй байсан учир шүүх “торгуулийн болон нийтэд тустай ажил хийлгэх” ялыг хорих ялаар сольж ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч П.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хувиараа такси үйлчилгээнд явж байсан хохирогч П.Б-д өөрийгөө “барилгын компанийн захирал” гэж танилцуулан өөрийнхөө жолоочоор ажиллуулахаар хуурч, 2 өрөө байр удахгүй зарна гэж орон сууц захиалгын гэрээний хуулбар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар түүний эзэмшлийн 04-00 УНУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанд Капитал” банк бус санхүүгийн байгууллагад 7,000,000 төгрөгийн барьцаанд тавиулан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134022663 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Э-г хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор урьд шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 15 хоногийг хасч тооцон 480 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосныг давж заалдах шатны шүүх зөв нэмж нэгтгэн шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтыг өөрчилсөн нь хуульд нийцжээ.   

 

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Э-с 5,220,000 төгрөгийг хохирогч П.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “..Ц.Э-с 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч П.Б-д олгож...” гэж өөрчилсөн нь хэргийн улмаас учирсан хор уршгийг гэм хороос үл ялгасан оновчгүй шийдвэр болжээ.

 

Анхан шатны шүүх хохирогч П.Б-ийн нэхэмжилсэн нийт 15,009,500 төгрөгөөс түүний олох байсан орлого 4,000,000 төгрөг, хүү 1,920,000 төгрөг нийт 5,920,000 төгрөгийг бодит хохиролд оруулан шүүгдэгчийн төлсөн 700,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,220,000 төгрөгийг Ц.Э-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн хохирол, хор уршгийг нэмэгдүүлэхэд шүүгдэгчийн гүйцэтгэсэн үүрэг буюу банк бус санхүүгийн байгууллагад үүссэн өрийн хүүг мэдсээр байж өөрөө төлөх мэтээр хохирогчийг төөрөгдүүлэн хугацаа алдуулсны улмаас хохирогч хожим нэмж төлөхөд хүрсэн нөхцөл байдлыг харгалзан тооцсон нь үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгосон магадлалын заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр магадлалын нэг дэх заалтын:

“...Ц.Э-с 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч П.Б-д олгож, нэхэмжлэлээс 11,009,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч П.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

 

            ДАРГАЛАГЧ                                    Б.АМАРБАЯСГАЛАН

 ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

               Б.БАТЦЭРЭН

                    Ч.ХОСБАЯР

               Б.ЦОГТ