Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 938

 

 

 

 

 

 

 

2020      11          04                                      2020/ШЦТ/938

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

Хохирогч П.Баттүвшин, 

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-д холбогдох эрүүгийн 2009012590647 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.   

           

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн /РД: .... / ... овогт Ц-ийн Э нь:

 

              - 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хувиараа такси үйлчилгээнд явж байсан хохирогч П.Баттүвшинд өөрийгөө барилгын компанийн захирал гэж танилцуулан өөрийнхөө жолоочоор ажиллуулахаар хуурч, 2 өрөө байр удахгүй зарна гэж орон сууц захиалгын гэрээний хуулбар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар түүний эзэмшлийн 04-00 УНУ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шанд Капитал" банк бус санхүүгийн байгууллагад 7.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.300.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.700.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134022663 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №16/16 дугаартай "Сод-Эра" ХХК
гүйцэтгэгч тал, Цэрмаа овогтой Энхбаатар захиалагч талын байгуулсан "Орон сууц
захиалгын" гэрээний хуулбар / хх 15-19 /

П.Баттүвшингийн “Хаан” банкны 5020715102 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 27 /

Хохирогч П.Баттүвшин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт өөрийн эзэмшлийн 04-00 УНУ Приус-30 загварын тээврийн хэрэгслээр халтууранд явж байгаад нэг үл таних хүн суулгаад Зайсанд байрлах Астро Вилла хотхонд хүргэж өгсөн. Тэрээр “ Намайг Ц.Э гэдэг. Би барилгын компанийн захирал. Удахгүй 2 өрөө байр зарах гэж байгаа. Би жолооны эрхээ хасуулсан учир машин барьж чадахгүй байна. Та таксинд явж байхаар миний жолоочийг хийгээд өг “ гээд миний утасны дугаарыг авсан. Маргаашнаас нь намайг дуудаж 45 хоног орчим хүргүүлж, авахуулдаг байсан ба заримдаа миний машиныг унаад явчихдаг байсан. Би энэ хугацаанд цалин хөлс болон бензиний мөнгө авч байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр надаас өөрийн 04-00 УНУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээ ломбарданд тавьчих мөнгөний хэрэгцээ гараад байна. Долоо хоногийн дотор авч өгнө. Байр олон хүн үзэж байгаа гэж гуйсаар байгаад Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шанд Капитал” банк бус санхүүгийн байгууллагад 7.000.000 төгрөгөөр тавиулсан. Ц.Э надад “ Та 1.000.000 төгрөгөө өөрөө Банк бус санхүүгийн байгууллагад төл, би 2.000.000 төгрөгийг нь танд өгье. Надтай танилцсаны ёндоо болог. Би 4.000.000 төгрөгийг нь авъя. Би дараа 6.000.000 төгрөгийг хүүтэй нь төлөх болно “ гэж хэлээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шанд Капитал" банк бус санхүүгийн байгууллагын гадна байх үедээ Мобайл банк ашиглан шилжүүлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.700.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Скуайрын АТМ-ээс Энхтулгын Хаан банкны 5134022663 тоот дансанд шилжүүлж байсан. Энэ явдлаас хойш Ц.Эд өгсөн 4.000.000 төгрөг болон хүүг авч чадаагүй өөрөө төлж байгаа тул Цагдаагийн байгууллагад хандаж байна.

...Би эхний 2 сарын төлөлт хийгээд өөрийн дүүгээрээ төлөлт хийлгэж байгаад машинаа барьцаанаас чөлөөлж авсан гэжээ. / хх 12-14, 39-40 /

Яллагдагч Ц.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... П.Баттүвшин ах бид хоёр 2019 оны цагаан сар болох гэж байхад “ Мөнгө хэрэгтэй байна “ гэж ярилцаж байгаад машиныг нь барьцаанд тавихаар болоод 7.000.000 төгрөгөөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах барьцаалдан зээлдүүлэх газарт тавиад би 4.000.000 төгрөг, П.Баттүвшин ах 3.000.000 төгрөгийг авсан. П.Баттүвшин ахад 500.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн мөнгө төлж барагдуулаагүй гэжээ. / хх 62 /

Шүүгдэгч Ц.Э-г 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 62 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 44 / зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... П.Баттүвшин ахтай танилцаж, бид хоёр санаа нийлж хуурай ах дүү болсон. Тухайн үед би мөнгөгүй болсон бөгөөд Болд констракшнд байр захиалсан боловч одоо болтол ашиглалтад ороогүй. П.Баттүвшин ах бид хоёр “ Хамт барилгын ажил хийгээд ашгаа хуваая, амьдралаа дээшлүүлнэ” гэж ярилцаж тохиролцсон. Би газар олж 3 давхар барилга барихаар компанийн зуучлагч Бат-Ирээдүй гэх залуу газар олж өгөөд би байраа зараад эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа босгоод 3 давхар байшин баривал гайгүй амьдрал дээшилнэ гэж ярилцаад Бат-Ирээдүй нь араасаа бараг 6 сар явуулж байгаад хамгийн сүүлд нь худлаа яриад өөр хүмүүстэй нийлээд хийчихсэн. П.Баттүвшин ах надад “Ахын дүү үнэхээр мөнгө олдохгүй байгаа бол миний машиныг тавь. Хоёулаа цагаан сараа хийе, байраа зарахаараа ахдаа боломжоороо мөнгөө өгөөрэй” гэж хэлээд хамтдаа 0400 улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг 7.000.000 төгрөгний барьцаанд тавьж, П.Баттүвшин ах 3.000.000 төгрөгийг, би шимтгэл төлөөд 3.000.000 гаруй төгрөгийг нь авсан. Би П.Баттүвшин ахын данс руу 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр нийт 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би П.Баттүвшин ахыг залилаагүй байнга холбоотой байсан. Хохирлыг төлнө гэв.

Хохирогч П.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би Ц.Этай 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр танилцсан. Ц.Э нь надтай танилцаад “ Та миний жолоочоор явчих. Та надад таалагдаж байна. Би ахтайгаа таарамж муу. Та надад сайн ах болохоор юм байна. Бусад нь болно. Би танд хөлсийг нь өгнө” гэж анх намайг хуурч олон хоног дагуулж явсан. Та машинаа тавьчих, “ Ээжийнхээ цагаан сарыг  хийнэ. Хармаа өрөө хөлсөлнө. Барилгын ажил эхлэхээр 7 хоногийн дотор мөнгийг чинь төлчихнө гэж хэлж, миний 04-00 УНУ улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг 4 хувийн хүүтэй ББСБ-д 1 жилийн хугацаатай тавиулж, 7.000.000 төгрөг авсан. Ц.Э нь 3.000.000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс “2.000.000 төгрөгийг танилцсаны ёндоо болгож өгч байна. 1.000.000 төгрөгийн хүүг та өөрөө төлөөрэй. Би 6.000.000 төгрөгийг төлнө” гэж байсан.

Ц.Э нь хааяа л чат бичдэг бөгөөд сүүлдээ намайг блоклосон.  Ц.Э нь мөнгөө төлөөгүй учраас ББСБ-д 8.119.600 төгрөгийг би дүүгээрээ төлүүлж дуусгаад машинаа дүүдээ шилжүүлсэн. Би таксинд явж, сард 250.000 төгрөг олдог байсан бөгөөд нийт 16 сараар бодоход 4.000.000 төгрөг болж байна. Би машингүй болсноор орлогогүй болж, амьдрах боломжгүй болсон тул гинж, ээжийн ээмэг, бөгж, алтан гинж, монетон бөгж зэрэг эд зүйлүүдээ ломбарданд тавьж, 2.180.000 төгрөг авсан тул 8 сарын хүү 710.978 төгрөгний хамт 2.890.978 төгрөг, нийт 15.009.500 төгрөг нэхэмжилж байна.  Ц.Э  2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 150.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 250.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 03-нд 200.000 төгрөг шилжүүлснийг би аваагүй байгаа. Дансаа үзэж байж хэлье гэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч П.Баттүвшинг хуурч, өөрийгөө барилгын компанийн захирал гэж танилцуулан, жолоочоороо ажиллуулна. 2 өрөө байр удахгүй зарна гэж Ц.Энхбаатар гэгчийн орон сууц захиалгын гэрээний хуулбар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний эзэмшлийн 04-00 УНУ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шанд Капитал" банк бус санхүүгийн байгууллагад 7.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.300.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.700.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134022663 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... П.Баттүвшингийн “Хаан” банкны 5020715102 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 27 /, ... Би Ц.Энхтулгын хэлснээр "Шанд Капитал" банк бус санхүүгийн байгууллагад өөрийн 04-00 УНУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг  7.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, Ц.Э-н Хаан банкны 5134022663 тоот дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Баттүвшингийн мэдүүлэг / хх 12-14, 39-40 /, ... П.Баттүвшингийн машиныг барьцаанд тавихаар болоод 7.000.000 төгрөгөөр барьцаалдан зээлдүүлэх газарт тавьж, би 4.000.000 төгрөг, П.Баттүвшин ах 3.000.000 төгрөгийг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Э-н мэдүүлэг / хх 62 /, ... 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №16/16 дугаартай  “Сод-Эра“ ХХК гүйцэтгэгч тал, Цэрмаа овогтой Энхбаатар захиалагч талын байгуулсан "Орон сууц захиалгын" гэрээний хуулбар / хх 15-19 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Шүүгдэгч Ц.Э нь хохирогчийн гэнэн байдлыг ашиглан шунахай зорилгоор, шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас 5.920.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдөөгүй, урьд ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан хуульд заасан 1 жилийн хорих ялыг оногдуулж, Ц.Э-д тус шүүхийн  2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч, Ц.Э нь дээрх ялуудыг биелүүлээгүй тул түүнд оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 33 хоногийн хорих ялаар, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож,  75 хоногийн хорих ялаар тус тус  сольж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 18 хоногоор тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, хохирогч П.Баттүвшин ББСБ-д төлсөн 8.119.500 төгрөг, олох байсан орлого 4.000.000 төгрөг, эд зүйлүүдээ ломбарданд тавьж, 2.180.000 төгрөг авсан тул 8 сарын хүү 710.978 төгрөгний хамт 2.890.978 төгрөг, нийт 15.009.500 төгрөг нэхэмжилснээс бодит хохирол болох 4.000.000 төгрөгийг, хүү 1.920.000 төгрөгний хамт нийт 5.920.000 төгрөгийг шүүгдэгч  Ц.Э-ээс гаргуулж, бусад хохирол нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул 9.089.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Ц.Э нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 150.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 250.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болохыг хохирогч П.Баттүвшин хүлээн зөвшөөрсөн, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түүний дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Э-н утсанд үзлэг хийснээр дээрх дансанд тушаасан болох нь нотлогдсон тул түүний төлөх төлбөрөөс нийт 700.000 төгрөгийг хасаж, үлдэх 5.220.000 төгрөгийг  гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг залилан мэхлээгүй, хамтарч барилгын ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр тохиролцсон, “Астра вилла“ хотхонд 2 өрөө байр захиалсан байраа зарах гэсэн боловч одоо болтол баригдаж дуусаагүй гэж мэдүүлсэнг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Э нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлого, хөрөнгийн эх үүсвэргүй болох нь түүний өөрийн мэдүүлэг болон дансны хуулгаар нотлогдсон / хх 48, 62 /

2. “Астра вилла” хотхонд захиалсан гэх 2 өрөө байрны орон сууц захиалгын гэрээний хуулбар нь Цэрмаагийн Энхбаатар гэгч хүний нэр дээр хийгдсэн / хх 15-19 / түүнд хамааралгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 859 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 33 хоногийн хорих ялаар, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 75 хоногийн хорих ялаар тус тус сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Ц.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор биелүүлээгүй 33 хоног, 75 хоног хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Э-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Э нь цагдан хоригдоогүйг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Э-аас 5.220.000 төгрөг гаргуулан хохирогч П.Баттүвшинд олгож, нэхэмжлэлээс 9.089.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Ц.Энхтулгыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ