Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02151

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02151

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/04326 дугаар шийдвэртэй,

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнийн үүрэгт 354,722,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хохиролд 260,968,652 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, О.Өсөхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч С.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани нь “М” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27- ны өдөр "Ангарын барилгын суурийн болон шалны газар шороо, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын ангарын суурийн болон шалны газар шороо, төмөр бетон бүтээцийн ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн.

Энэ үүргээ  гүйцэтгэх зорилгоор "А” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хэв хашмал угсралт, бетон цутгалтын ажлыг хийлгэхээр болсон.

1.2. Уг гэрээний дагуу “А” ХХК-д 809,272,727 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн. Гэтэл “А” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бид захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, захиалагч талын зүгээс тухайн ажлыг гэрээнээс хасах зэргээр манай компанид хохирол учруулсан.

Тухайлбал, шал цутгах шаардлагатай бэлтгэл ажил хангаагүй, шал болон сувгийн материалын худалдан авалт хийгээгүй, сувгийн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй зэрэг шалтгаануудаар тогтоосон графикийн дагуу үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон гэж захиалагч үзсэн. Мөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжлийн ажиллах хүчнийг бэлдээгүй, ажил гүйцэтгэх бэлэн байдлыг хангаагүйн улмаас ажил зогсох, удаашрах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байсан.

1.3. Улмаар “А” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/330 дугаар албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж буй талаараа мэдэгдсэн.

1.4. Талууд ажлын гүйцэтгэлийг 5 удаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 09 дүгээр сарын 22, 2018 оны 10 дугаар сарын 17, 2018 оны 11 дүгээр сарын 22, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус тус дүгнэсэн. Уг баримтын дагуу 348,860,682 төгрөг олгосон, үүнээс өөрөөр ажлын гүйцэтгэл дүгнээгүй. Захиалагчийн материал, зардлаар ажил гүйцэтгэхээр тохиролцоогүй бөгөөд гүйцэтгэлийн тооцоо нийлсэн актаар хөлсийг олгохоор тохиролцсон.

Манайх “М” ХХК-тай Ангар төслийн тодорхой нэг хэсгийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний гүйцэтгэлийн актаас хойшоо бусад ажлууд ерөнхийдөө гэрээнээс хасагдаад, манайхыг гүйцэтгэж чадахгүй гэдэг үндэслэлээр ажил дууссан.

1.5. Иймээс "А" ХХК-д урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 809,272,727 төгрөгөөс хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүн болох 454,549,999 төгрөгийг хасаж, үлдэгдэл болох 354,722,727 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. "А" ХХК нь "И" ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.

Гэрээний дагуу захиалагч болох "И" ХХК нь гүйцэтгэгчид гэрээний үнийн дүнгийн 20 хувийг НӨАТ-гүй дүнгээс тооцон урьдчилгаа төлбөрт өгч, урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчийн хийсэн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт бүрээс 20 хувиар тооцон суутгахаар талууд харилцан тохирсон. Үүний дагуу захиалагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 727,272,727 төгрөгийг манай компанид шилжүүлж, гэрээний дагуу хийж гүйцэтгэх  онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын хэв хашмал угсралт, бетон цутгалтын ажлын бэлтгэл ажлуудыг ханган төсөлд шаардлагатай техникүүдийн засвар үйлчилгээ, бетон дэвсэгч машины түрээс, ажиллах хүчин, бетон шалны туршилтын цутгалт зэргийг хийн ажлыг эхлүүлсэн.

2.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 4 сарын хугацаатай боловч захиалагч “И” ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хойшлогдсоор байсан.

Тодруулбал, гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч бид гэрээт ажлыг захиалагчаас өгсөн ажлын зураг болон техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулагдсанаас хойш бүтэн жилийн хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэхэд захиалагчаас ажлын зураг болон техникийн шаардлага батлагдан ирээгүй байсан нь “И” ХХК-д хүргүүлсэн 19/324 тоот албан бичгээр нотлогдоно. Гэрээнд ажлыг техникийн шаардлага, ажлын зургийн дагуу хийнэ гэж тусгасан мөртлөө захиалагч техникийн шаардлага, ажлын зургаа өгөөгүй тохиолдолд гүйцэтгэгч ажлыг хийх боломжгүй.

2.3. Түүнчлэн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн ажлын гүйцэтгэл бичин батлуулж ажилласнаас “И” ХХК нь гүйцэтгэлийн санхүүжилт огт олгохгүй байсаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 7 сараас хойш 2019 оны 8 сарыг хүртэл 1 жилийн хугацаанд бид өөрсдийн дотоод нөөц боломж хөрөнгөөрөө 1,003,852,313 төгрөгийн зардал гарган ажлыг тасралтгүй явуулсаар ирсэн.

Зардлын тооцоог сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн бөгөөд 2018 онд 848,896,116 төгрөг, 2019 онд 221,345,263 төгрөг, нийт 1,079,241,379 төгрөг болсон. Нийгмийн даатгалын шимтгэл, түрээсийн төлбөр, хоолны зардал зэрэг нь бусад гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд санхүүгийн анхан шатны баримтын нэгтгэлийг гаргаж өгсөн.

2.4. Нэхэмжлэгч нь манайхыг ажил хийсэн эсэхэд маргадаггүй, ажлыг хийсэн учраас акт үйлдэж байсан. 5 удаагийн актаас гадна 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 66 тоот энэ албан бичигт дурдсан 4 удаагийн актыг бас үйлдсэн байдаг. Энэ 4 удаагийн гүйцэтгэлийн актаар 238,001,672 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж, нэн даруй шилжүүлэхийг хүссэн. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэсэн дээр маргадаггүй, гагцхүү тэр ажлыг 100 хувь хийгээгүй учраас 4,000,000,000 төгрөг өгөхгүй гэж маргадаг.

Дээрх актыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч албан бичигт дурдсан байгаа учраас үүгээр нотлогдоно гэж үзэж байна. Манайх барилгын талбайг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр орхисон, үүнтэй холбоотой 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 30/41 тоот “И” ХХК-аас танайх ийм ийм ажлыг хийж өгөөч гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн. Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тодруулбал, техникийн шаардлага, ажлын зургийг бэлэн болгож өгөөгүй, гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг огт олгоогүй гэх зэрэг шалтгаанаас бид цаашид санхүүгийн хувьд ажлыг гүйцэтгэх боломжгүй болж байгаагаа 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/330 тоот албан тоотоор мэдэгдсэн.

2.5. Гэрээний 2.1, 2.2, 2.4-т ажил гүйцэтгэх хугацаа, ажил хүлээлцэх, материалын талаар тусгасан зэргээс үзэхэд ажлын үр дүнг захилагчид актаар хүлээлгэж өгөх, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн төлбөрийг шилжүүлэх, бараа материалыг ажил дуусмагц захиалагчид хүлээлгэж өгнө гэсэн байдаг. Гэтэл захиалагч “И” ХХК-аас цаашид ажлыг үргэлжлүүлэх эсэх дээр ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй бөгөөд энэ талаар бидэнд огт хариу ирүүлээгүй. Бид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг эцсийн байдлаар батлуулахаар хэд хэдэн удаа очсон боловч хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон эцсийн гүйцэтгэлийг баталж өгөөгүй бөгөөд утсаа ч авахаа больсон.

Иймд “А” ХХК-аас 354,722,727 төгрөг гаргуулах тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. “А” ХХК болон “И” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдаж, захиалагчийн захиалгын дагуу онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралт /хэв хашмал угсралт, бетон цутгалт/-ын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь харилцан тохиролцсон хөлс /гэрээнд зааснаар ажлын нийт хөлс 4,100,000,000 НӨАТ орсон дүн төгрөг/-ийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

3.2. Гэрээний дагуу захиалагч “И” ХХК нь гэрээгээр гүйцэтгэх ажлын зургуудыг хавсаргах, гаргаж өгөх, гүйцэтгэгч нь захиалгчийн гаргаж өгсөн зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний тусгай нөхцөлд заасан төлбөрийг хугацаанд нь төлөх үүрийг биелүүлээгүй, гэрээг зөрчсөн учраас гүйцэтгэгчээс ажлыг цаашид хийж гүйцэтгэх боломжгүй байдалд хүрсэн.

Гэрээний тусгай нөхцөл 15 дахь хэсэгт төлбөр тооцооны талаар заахдаа “урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор, бусад төлбөрийг ажил гүйцэтгэсэн ажил баталгаажсанаас хойш нэхэмжлэх ирүүлсэн өдрөөс хуанлийн 63 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасан.

Гэвч захиалагч “И” ХХК нь урьдчилгаа төлбөрт НӨАТ ороогүй дүнгээр 727,272,727 төгрөгийг төлж, үүний дараа 32,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Манай компани захиалагчаас техникийн шаардлага, ажлын зураг зэрэг ажил гүйцэтгэхэд нэн шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг шаардаж байсан боловч гаргаж өгөөгүй нь ажил дундаа зогсох, цаашид үргэлжлүүлэх боломжгүй болох эрсдэлд оруулсан болно.

3.3 Бид 2018 оны 07 дугаар сарын 09-нд гэрээ байгуулж, ажил эхлүүлснээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн ажлын гүйцэтгэл гарган батлуулж,  2019 оны 9 сарыг хүртэл ажлыг гүйцэтгэсэн. Энэ 5 удаа баталсан ажлын гүйцэтгэлийн зардал болон 2019 оны 9 сарыг хүртэл ажил гүйцэтгэсний өртөг нь 1,070,241,379 төгрөг болсон. Гэвч захиалагчаас 2019 оны 9 сарыг хүртэл бидний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг баталж өгөөгүй.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгахаар өөрийн хөрөнгө мөнгө, хүн хүчээ шавхан ажиллаж, гэрээний тусгай нөхцөлд заасан явц дундын санхүүжилтийг нэхэмжлэхийн дагуу олгож өгөхийг хүсч, холбогдох хүсэлт, албан бичгүүдийг "И" ХХК-д удаа дараа хүргүүлж байсан.

“И” ХХК нь явц дундын нэмэлт санхүүжилтийг олгоогүй, ажлын зураг баталж өгөөгүй, манай компанийн албан бичигт хариу ирүүлээгүй болно.

3.4. Иймд тус гэрээгээр гүйцэтгэсэн ажилд зориулж, материалын зардал, техникийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, сул зогсолтын төлбөр, түлш шатахууны төлбөр, тээвэр, хоолны зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны зардал зэрэг төлсөн төлбөрүүд нь тус онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралт хийхэд манай компаниас гарсан бодит зардал болно. Энэхүү 1,070,241,379 төгрөгийн зардлаас урьдчилгаа авсан төлбөр 809,272,727 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 260,968,652 төгрөгийн бодит хохирол манай компанид учирсан байх тул “И” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. “И” ХХК-ийн зүгээс гэрээний үүрэг болох урьдчилгаа төлбөр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн төлбөрийг шилжүүлсэн. Мөн “А” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/330 дугаар албан бичгээр цаашид ажил гүйцэтгэхгүй болохоо мэдэгдсэн.

Гэтэл “А” ХХК-аас манай компанийг төлбөр тооцооны үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хийгдээгүй, гүйцэтгээгүй ажлын төлбөр болох 260,968,652 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

4.2. “А” ХХК нь гүйцэтгэлийн актаа баталгаажуулсны дараа албан ёсны нэхэмжлэх явуулах байсан боловч албан бичиг явуулсан, уг албан бичгийн дагуу төлбөр хийх боломжгүй. Гүйцэтгэлийн актаа баталгаажуулсны эцэст тухайн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэн ажлын үр дүнг шилжүүлэх гэсэн гэрээний заалтын дагуу 5 удаагийн гүйцэтгэлийн акт үйлдэж, 331,367,647 төгрөг болсон учир энэ хэмжээгээр төлбөрийг шилжүүлсэн. Мөн эрсдэл баталгааг нэмээд 348,860,682 төгрөг болсон. Гэрээний тусгай нөхцлийн 15-д урьдчилгаа 20 хувь буюу НӨАТ-гүй дүн 727,272,727 төгрөг, нийт шилжүүлсэн төлбөр 809,272,727 төгрөг болно.

4.3. Хариуцагч талаас тус гэрээгээр гүйцэтгэсэн ажилд зориулж, материалын зар техникийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, сул зогсолтын төлбөр, шатахууны төлбөр, тээвэр, хоолны зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны зардал зэрэг бодит гэх зардлыг нэхэмжилсэн байна.

Дээрх зардлууд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4, 3.1.1, гэрээний хавсралтаар баталсан "ажлын хүрээ зэргээр гэрээний үнэ”-д багтсан болно.

Түүнчлэн "А ХХК нь тухайн ажлыг гүйцэтгэх техник, хүн хүчний бололцоотой гэж энэ гэрээг байгуулж, ажлыг гүйцэтгэхээр болсон. Гэтэл энэ зэрэг дотоод асуудлаа манай компаниар хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

4.4. Иймд "А" ХХК-ийн 260,968,652 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-аас 354,722,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, “И” ХХК-аас 260,968,652 төгрөг гаргуулах тухай “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,931,564 төгрөгийг, “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,462,794 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч нь ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол уг ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ийнхүү хийж гүйцэтгэсэн бол үүнийгээ нотлох нь ажил гүйцэтгэгч буюу “А” ХХК-д байна гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нь 354,722,727 төгрөгийн ажлыг хариуцагч хийж гүйцэтгээгүй гэх байдлыг нотлох баримтаар нотлоогүй гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, логик зөрчилтэй дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгч талын хувьд хэрэгт “И” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаантай холбоотой өөрийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох материалуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх байдлаар үүргээ хэрэгжүүлсэн болно.

Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талыг уг зохицуулалтад дурдсан үүргээ хэрэгжүүлээгүй буюу нотлох баримт гаргаж өгөөгүй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргнэий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зохицуулсан. Уг зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь (1) гэрээгээр гүйцэтгэх ажил дуусахаас өмнө гэрээг цуцалсан байх, (2) захиалагч гэрээг цуцалсан байх нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд хэрэглэхээр байна.

Хэргийн материалд буй баримтуудаас харвал, талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг “А” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/330 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд захиалагч болох нэхэмжлэгч талын зүгээс гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдохгүй байхад шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.3. Нэхэмжлэгч талын зүгээс “А” ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил болох талуудын баталгаажуулсан нийт 5 ажлын гүйцэтгэлийн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин хариуцагчийн зүгээс дээрх 5 ажлын гүйцэтгэлээс өөр ажлын гүйцэтгэл байгаа бол түүнийгээ нотлох үүрэг хариуцагчид шилжсэн.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсгийн зохииуулалтыг хэрэглэхгүйгээр тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн зохицуулалтуудыг үндэслэн дээрх байдлыг нотлох үүргийг нэхэмжлэгч талд байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Нэхэмжлэгч урьдчилгаанд төлсөн төлбөрөөсөө 454,549,999 төгрөгийн ажил хийсэн, 354,722,727 төгрөгийн ажлыг хийгээгүй, энэ мөнгийг буцааж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Хэргийг шийдэхдээ гол үндэслэл болгосон асуудал бол нийт хийсэн ажлыг хүлээгээд авчихсан, хүлээж авсан мөртлөө гэрээ дүгнэсэн актаа үйлдэж өгдөггүй. Энэ байдал нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т заасан ажлын үр дүнг хүлээн авсан боловч үр дүн, доголдолтой холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэгч талаас гэрээг цуцалсан учраас шүүх буруу дүгнээд байна гэж гомдол гаргасан байна. Гэвч “И” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 40, 41 тоот албан бичгээс харахад  гэрээнээс татгалзах саналаа захиалагч “И” ХХК өөрөө эхэлж гаргасан байдаг. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болсон.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “А” ХХК холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнийн үүрэгт 354,722,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 260,968,652 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “И” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч “А” ХХК нь Онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын /хэв хашмал угсралт, бетон цутгалт/-ын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “И” ХХК ажлын хөлс 4,000,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.  

 

4. “И” ХХК 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 400,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 150,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 147,272,727 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 32,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөг, нийт 809,272,727 төгрөгийг “А” ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

“Гэрээний тусгай нөхцөл”-ийн 15-д гэрээний урьдчилгаа 20 хувь 727,272,724 төгрөг, урьдчилгаа төлбөрийг гэрээ батлагдснаас хойш 10 хоногийн дотор төлөхөөр байх ба гэрээг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан байна. Нэхэмжлэгч тал гэрээг баталснаас хойш 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 727,272,724 төгрөг төлөхөөс 430,000,000 төгрөг төлж, уг үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй боловч энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

5.1. Талууд ажлын гүйцэтгэлийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаа дүгнэж, ажлын гүйцэтгэл дүгнэх хуудас гэх баримтуудад 2 талын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулжээ.

 

5.2.Гэрээний 2.2-т талууд ажил хүлээлцэх талаар тохиролцохдоо ажил хүлээлцэх тухай акт үйлдэнэ гэж заасан байх ба дээр дурдсан “ажлын гүйцэтгэлийг дүгнэх хуудас” гэх баримтыг ажил хүлээлцэх акт болох талаар талууд маргаагүй. Уг баримтын дагуу нэхэмжлэгч тал 348,860,682 төгрөгийг хариуцагчид олгосон, энэ мөнгөн дүн нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 809,272,727 төгрөгт багтаж байна. Харин энэ баримтаар хариуцагч нь 352,013,127 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 454,549,999 төгрөг гэж тодорхойлсон хэмжээгээр ажлын гүйцэтгэлийг тогтоох нь зүйтэй.

5.3. Иймд нэхэмжлэгчээс шилжүүлж өгсөн 809,272,727 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 454,549,999 төгрөгийн ажлыг хасч тооцвол үлдэх 354,722,727 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ нотлоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгосон нь буруу болжээ.

 

5.4. Учир нь хариуцагч тал нийт гүйцэтгэсэн ажлын өртөг 1,070,241,379 төгрөг болсон гэх тайлбараа нотлоогүй. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гэх баримтаас “А” ХХК-ийн 2018, 2019 оны дуусаагүй үйлдвэрлэлийн тайлан, зардлын бүртгэл, ангарын төсөл, ажлын хөлс зэрэг баримтуудыг хариуцагч тал өөрөө үйлдсэн байх тул нэг талын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв гэж дүгнэхгүй.  2018 оны жилийн санхүүгийн тайлан, 2019 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд тусгасан мөнгөн хөрөнгөөс маргаан бүхий гэрээтэй холбоотой хэсгийг ялгаж зааглах боломжгүй, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын талаарх лавлагааг үндэслэн маргаан бүхий гэрээний дагуу ажилласан ажилчдад олгосон цалин хөлс гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Мөн бусадтай байгуулсан түрээсийн, санхүүгийн түрээсийн болон ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг маргаан бүхий гэрээний ажлыг гүйцэтгэхэд ашигласан гэж дүгнэх бол уг гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тусгай мэдлэг шаардагдах тохиолдолд шинжээч томилуулах замаар нотлох боломжтой байсан боловч холбогдох хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлээ нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. 

 

5.5. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас хүлээж авсан 809,272,727 төгрөгөөс хийж гүйцэтгэсэн ажил нь 454,549,999 төгрөг байх тул нэхэмжлэгч талын буруугаас ажлыг хийж гүйцэтгэх хугацаа хэтэрсэн, ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй болжээ.   

 

5.6. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

6. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлсэн нь хуульд нийцжээ. Мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт гэрээ цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 354,722,727 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Иймд   дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/04326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч “А” ХХК-аас 354,722,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэгч “И” ХХК-аас 260,968,652 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,  

2 дахь заалтын  “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 1,931,564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,931,564 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

 

            ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

                                                                                                     Э.ЗОЛЗАЯА