Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00012

 

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00012

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16ны өдрийн 102/ШШ2023/03705 дугаар шийдвэртэй,

 

Б.Аын нэхэмжлэлтэй

сургуульд холбогдох,

 

Монгол хэлний багшаар шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.А миний бие сургуульд 2015 оноос нийгмийн заах аргын нэгдлийн сургалтын менежерээр ажилласан. Гэтэл тус сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн Б/07 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлж, Б/08 тоот тушаалаар монгол хэлний багшаар ажиллуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

Ажлаас чөлөөлөх тухай Б/07 тоот тушаалд “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх цахимжуулалт болон инновацыг дэмжих, чиг үүрэг орон тооны давхардлыг арилгах болон 2022 оны 12 дугаар сарын 27ны өдрийн 304 дугаартай мэдэгдэх хуудаст зааснаар Б.Ад 2023 оны 01 дүгээр сарын 26ны өдрөөс эхлэн Чанар үнэлгээ хариуцсан сургалтын менежерээс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.

1.2. Сургууль 3 менежертэй байсныг 2021 онд Ц.Б захирал сургалтын менежерийн орон тоог 4 болгон Байгалийн ухааны менежерийн орон тоонд шинэ хүн авч, намайг чанар үнэлгээ хариуцсан менежерээр ажиллуулсан. Гэтэл Орон тооны нормативын дагуу боловсролын салбар 3 менежертэй байх ёстой юм байна, 1 менежер илүү гэж үзэн намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд ямар шалгуураар намайг сонгон ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, хууль бус байна. Мөн надад 304 дугаартай мэдэгдэх хуудас өгөөгүй.

Иймд монгол хэлний багшаар шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 180 хоногийн хугацааны олговорт 15,802,740 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2023 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн Б/07 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. 2022 оны 12 дугаар сарын 27ны өдрийн 304 тоот мэдэгдэх хуудсыг миний бие мөн өдрийн 14.00 цагт Б.Ад өгсөн.

Ажил олгогчтой байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 03ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.2т “гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг талууд харилцан тохиролцож эв зүйгээр шийдвэрлэнэ. Хэрэв талууд эв зүйгээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 147, 154 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлнэ” гэж заасан. Гэтэл Д.А нь мэдэгдэх хуудас болон тушаал гардан авснаас хойш ажил олгогчтой огт харилцалгүй, гэрээний заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.2. Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 27ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар сургуулийн захирлын ажлыг түр хавсран гүйцэтгэгчээр томилогдсон тул хариуцагчийг төлөөлөн оролцож байна.

2018 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн яамны сайдын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад ажилтны орон тооны жишиг нормативыг баталсан. Тус актанд “1501ээс дээш сурагчтай сургууль сургалтын 3 менежер буюу бага, дунд, ахлахын менежер эсвэл бага, байгалийн, нийгмийн ухааны менежер гэсэн орон тоотой байна” гэсэн байна. 3 менежерийн орон тоо байхад 4 дэх менежерийн орон тоог гаргаж ирсэн нь анхнаасаа эрх зүйн хувьд буруу байсан бөгөөд байхгүй орон тоог бий болгож ажилд авч чөлөөлөөд байгаа буруу нөхцөл үүссэн тул алийг нь зөв, алийг нь буруу гэж хэлэх нь миний хувьд төвөгтэй байна. Б.Аыг менежерийн албан тушаалд эргүүлэн томиллоо гэхэд би сайдын нормативыг зөрчинө. Одоо ажиллаж байгаа 3 менежер, Б.Аын ажлын байрыг ямар нэг байдлаар холих солихтой холбогдсон сонгон шалгаруулалт зарлана гэж байхгүй. Ажилд авах, авахгүй байх шаардлагатай холбогдсон шаардлагыг чиг үүргийн хүрээнд биелүүлнэ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аыг Монгол хэлний багшаар томилсон Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн дугаар Б/08 тушаалыг хууль бус болохыг тогтоож, Б.Аыг сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиас 15,802,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,545 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Ад буцаан олгож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиас 236,964 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар, түүний нотлох баримттай нийцэл, харилцан хамаарал, тэдгээрийн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлт өгч чадаагүй.

4.1. Анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан буюу 2023 оны 1 дүгээр сард иргэний хэрэг үүсгэсэн цагаас тус сургуулийн захирал Ц.Б сургуулийг төлөөлөн хариуцагчаар оролцож өөрийн гаргасан тушаалын үндэслэлийг хууль зөрчөөгүй болохыг тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг тухай бүрт нь шүүхэд гарган өгч, хэд хэдэн удаагийн шүүх хурал дээр тайлбар гарган оролцсон. Нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж энэ гомдлынх нь дагуу Ц.Бын захирлаар ажиллах эрхийг 2023 оны 09 дүгээр сарын 06ны өдөр түдгэлзүүлсэн ба үүнтэй холбоотой Л.Отгонсүрэнд ажлаа хүлээлгэж өгсөн. Маргааны талаар ойлголтгүй шинэ томилогдсон захирлыг шүүх хуралд оролцохоор болоход нэхэмжлэгч тал өмнө нь заавал хэрэгт авах шаардлагатай гэж шүүхээс шаардаж байсан нотлох баримт гаргуулах хүсэлтүүдээсээ татгалзан хэргийг тэр даруй шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг.

Шүүхийн шийдвэр, хуралдааны тэмдэглэл зэргээс харахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болон тэдний тайлбарыг үндэслэн зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.

Б.Аыг ажлаас чөлөөлсөн Б/07 тоот тушаалын үндэслэлүүдийг бүгдийг хууль бус мэтээр зарим зүйл заалтыг зориуд буруу хэлж хуралд тэмдэглүүлсэн. /Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтын дагуу сургуулийн мэдээллийг хүлээлгэж өгөөгүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг илт гуйвуулсан, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/353 тоот тушаалын үндэслэл огт дурьдаагүй байна./ гэж шинээр ажил хавсран гүйцэтгэж байгаа захирап болон шүүхэд танилцуулсан. Шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар бус хэт нэг талыг барьж нэхэмжлэгч, хуралдаан даргалагчийн асуултаар хөтлөгдөн явагдсан нь хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд 2018 онд батлагдсан Боловсрол Шинжлэх ухааны сайд, Сангийн яамны сайдын хамтарсан “Ерөнхий Боловсролын сургуулийн багшаас бусад ажилтны орон тооны жишиг норматив”ын дагуу сургалтын 3 менежер байх ёстой боловч Ц.Быг норматив зөрчин 1 орон тоо нэмж гаргаад дараа нь үндэслэлгүйгээр Б.Аыг ажлаас чөлөөлсөн гэжээ. Ц.Быг захирлаар томилсон Б/15 тушаалын 6 дугаар зүйлд Н.Батбаярыг мэргэжил туршлагад тохирсон ажлын байраар хангаж албан тушаалын цалинг бууруулахгүй ажиллуулах арга хэмжээ авахыг даалгасны дагуу Н.Батбаярыг технологийн багш байсан тул байгалийн ухааны менежерээр 2020 оны 09 дүгээр сарын 04ний өдрөөс захирлын Б/63 тоот тушаалаар ажилд авсан талаар нотлох баримт байсныг огт дурьдаагүй гэх мэт хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг огт үнэлээгүй байдаг. Н.Батбаяр нь 20202021 оны хичээлийн жилд ажиллаад чөлөөлөгдсөн тул 2021 оны 9 сард математикийн багш мэргэжилтэй М.Басанг байгалийн ухааны сургалтын менежерээр авч ажиллуулсан. Өмнөх онуудад 4 менежертэй ажиллаж байсан. Дээрх бүх мэдээлэл хэрэгт байгаа. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 23ны өдрийн А/024/11 тоот тушаалын хавсралтын 5 дугаар зүйлд заасан тусгай сургуульд хэрэглэж болох заалтын дагуу нэмж менежер авч ажиллуулахыг тулгасан зохисгүй үйлдэл болно. Мөн өмнөх менежерүүд болох Г.Нарангэрэл, Б.А нь хоёулаа нийгмийн ухааны судлагдахуун хариуцсан менежерүүд байсан тул 20212022 оны хичээлийн жилээс сургалтын чанар үнэлгээнд бодит ахиц үр дүн гаргах, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах зорилгоор менежерийн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу дотоод зохион байгуулалт хийж, тушаалд өөрчлөлт оруулах шаардлагагагүйгээр ажлын ачаалал бууруулах зорилгоор менежерийн цалин, ажиллах нөхцөл адил учраас зөвхөн хөдөлмөрийн шинэчилсэн гэрээгээр Чанар үнэлгээний менежерээр Б.Аыг, бусад менежерүүдийг багшийн хөгжил хариуцсан судлагдахуунаа хариуцсан менежер болгон ажиллахад тус сургууль нь 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр сурлагын чанар хангалтгүй үнэлэгдэж, үр дүн гараагүй учраас 2023 онд дээрх үйл ажиллагаанд дүгнэлт хийж менежерүүдийг Бага ангийн багшийн хөгжил, чанар үнэлгээ хариуцсан менежер 1 хүн, Байгалийн ухааны багшийн хөгжил, чанар үнэлгээ хариуцсан менежер 1 хүн, Нийгмийн ухааны багшийн хөгжил, чанар үнэлгээ хариуцсан менежер 1 хүн гэсэн бүтэц орон тоог шинэчлэн Б.Аыг албан тушаал бууруулж, Монгол хэлний багшаар томилсон тушаалыг гаргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг зөрчин ажлын байрыг хаяж явсан болно.

4.3. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсгийг үндэслэсэн боловч санхүүгийн тооцооллыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар гаргасан нь алдаатай байсан. Энэ нь Б.Аыг менежерээс багш болгон сэлгэн ажлуулах тушаал гаргаж орон тоо, ажлын байрыг өнөөдрийг хүртэл хадгалан ажиллаж байхад ажил олгогчид ямарч тайлбар хэлэлгүй ажлын байрыг орхин явсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн үндэслэл байсан ч ажлын байрыг хадгалж хамтран ажиллах харилцан тохирох боломж 100 хувь байсан. Шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тушаалын бүрэн үндэслэлийг өөрт ашигтайгаар улс эх орон, улсын төсөвт хор уршигтайгаар тайлбарлаж, сургалтын менежерийн үндсэн цалинг 1,924,867 төгрөгөөр тогтоож өдрийн дундаж цалинг 87,793 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтын дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.2т зааснаар хамаарахгүй болно гэж заажээ. Одоо ажиллаж байгаа менежер багш нарын цалингаас 2 дахин их зөрүүтэй харагдаж байна. 2023 оны 1 дүгээр сард менежрүүдийн үндсэн цалин 1,063,537 төгрөг, нэг өдрийн цалин нь 48,342 төгрөг, багшийн цалин 1,005,130 төгрөг, нэг өдрийн цалин нь 45,688 төгрөг, байсан. Эндээс үзэхэд 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсгийг үндэслэвэл цалингийн зөрүү 58,407төгрөг, нэг өдрийн цалингийн зөрүү 2,654 төгрөг болж байгаа юм.

4.4. Дээрх цалингийн шатлалтай холбоотой 2023 оны 07 дугаар сарын 01ний өдрийн Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллагын цалин нэмэгдсэнтэй холбогдуулан менежерийн цалин 1,337,000 төрөг, багшийн цалин 1,273,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Эндээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийн дурьдсан дүнгээр тооцоолон гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2021 оны 12 дугаар сарын 06ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.2т зааснаар нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 1,924,860 төгрөг байсан. Үүнийг 22 ажлын өдөрт хувааж, 1 өдрийн цалинг бодоход 87,493 төгрөг болдог. 2023 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх ажлын өдрүүдийг тооцож гаргасан бөгөөд энэ талаар маргаангүй.

5.2. Анхан шатны шүүх 3 менежерийн орон тоог 4 болгож өөрчилсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч 2015 онд менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. 4 менежертэй байсан гэдгээ хариуцагч тал баримтаар нотлоогүй. Үүнээс шалтгаалж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Ц.Б нь 2 удаа шүүх хуралдаанд биечлэн ирж, монгол хэлний багшийн ажлаа хийвэл эвлэрье гэж хэлсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй талаар заасан. Б.Аыг анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж 2023 оны 10 дугаар сарын 26ны өдөр багшийн хөгжил судлалын чанарын үнэлгээ хариуцсан сургалтын менежерээр томилсон. Тус тушаалын дагуу нэхэмжлэгч нь одоо тухайн ажил үүргээ гүйцэтгэж байгаа.

Нэхэмжлэгч 2018 онд жишиг норматив батлагдахаас өмнө 2015 оны 01 дүгээр сард ажилд орсон бөгөөд үндсэн 3 менежерийн 1 нь байсан.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - сургуульд холбогдуулан монгол хэлний багшаар шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар ажилтан шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан нь харьяалал зөрчөөгүй байна. 

 

4. Б.А нь - сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 15ны өдрийн б/02 тоот тушаалаар Нийгмийн ухаан заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежерээр томилогдсон, 2022 оны 05 дугаар сарын 03ны өдөр сургалтын менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар талууд мараагүй.

 

5. Хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн Б/07 тоот тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37.1.7, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 4.2.10, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.2.6, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, БСШУЯын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 тушаал, БШУЯны сайдын 2022 оны А/353 тоот тушаал, 2023 оны захирлын А/01 тоот тушаалыг тус тус үндэслэн Б.Аыг Чанар, үнэлгээ хариуцсан сургалтын менежерээс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Улмаар мөн өдрийн Б/08 тоот тушаалаар мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа гэх үндэслэлээр Б.Аыг монгол хэлний багшаар томилсон байна.

 

6. Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Б Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23ны өдрийн А/024/11 тоот тушаалын хавсралтаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативт заасан сургалтын менежерийн 3 орон тоог 2021 онд 4 болгож Б.Аыг чанар үнэлгээний менежерээр ажиллуулахдаа тушаал гаргаж байгаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

7. Хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой нотлох баримтуудыг ажил олгогч тал үйлддэгтэй холбоотойгоор шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүрэг хуваарилагдахыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт заасан агуулгаар тодорхойлогдоно. 

 

8. Хариуцагч байгууллага нь 2023 оны 01 дүгээр сарын 02ны өдрийн дугаар А/01 Бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажил албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалаар 2023 онд ажиллах багш, ажилчдын орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг хавсралтаар баталж, хавсралтад Нийгмийн ухаан багшийн хөгжил, үнэлгээ хариуцсан менежер, Байгалийн ухаан багшийн хөгжил, үнэлгээ хариуцсан менежер, бага анги багшийн хөгжил, үнэлгээ хариуцсан менежер гэсэн 3 албан тушаалыг баталсан байгааг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Уг тушаал гарахаас өмнө хариуцагч байгууллагад 4 менежер ажиллаж байсан ба тушаал гарсны дараа ажил олгогч нь ямар шалгуураар Б.Аыг чанар, үнэлгээ хариуцсан сургалтын менежерийн албан тушаалаас чөлөөлсөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд ажилтан Б.Аыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2т заасантай нийцжээ.

9. Хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн Б/08 тоот тушаалаар Б.Аыг монгол хэлний багшаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Уг тушаалыг үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлд хариуцагч байгууллага нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаж эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч зөвшөөрсөн гэж дүгнэнэ.

Иймд анхан шатны шүүх уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ажилтныг өмнөх ажилд томилсон, тушаал, хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байхад монгол хэлний багшаар авч ажиллуулах тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байна. Харин хариуцагч байгууллага нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Аыг сэлгэн ажиллуулсан гэх тайлбар гаргаагүй атлаа энэ үндэслэлийг давж заалдах гомдолдоо дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4т заасан давж заалдах гомдолд “шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа”г заана гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд хариуцагч талын гаргасан энэ гомдлыг хүлээн авахгүй.   

 

10. Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн зөв тодорхойлж, 15,802,740 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж ажилтанд олгож шийдвэрлэсэн нь зөв байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлснөөс тооцож олговрыг нөхөн олгоно. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан тул ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2022 оны 1012 сарын хугацааны 3 сарын дундаж цалин хөлс болох 1,924,867 төгрөгөөс тооцож ажилгүй байсан хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 26ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 16ны өдрийг хүртэл ажлын 180 хоногоор тооцсон нь буруу биш байна. Иймд үндсэн цалингаас олговрыг тооцох байсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Харин анхан шатны шүүх олговрыг шийдвэрлэхдээ хуульд байхгүй заалтыг баримталсныг залруулна.

Хөдөлмөрийн тухай хуульд “127 дугаар зүйлийн 127.2.2” гэсэн заалт байхгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой зөрчилд ажилтны эрхийг хангаж олговор гаргуулах зохицуулалт нь мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дахь хэсэгт хамаарна. 

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй, энэ хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцжээ. Түүнчлэн нэхэмжлэгч тал нотлох баримт цуглуулах эрхийн хүрээнд гаргасан хүсэлтээсээ татгалзах эрхийг хэрэгжүүлэхийг буруу гэж үзэхгүй. Харин энэхүү нэхэмжлэгчийн хүсэлтээ хангуулахаас татгалсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт “Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй.” гэж заасантай зөрчилдөж байвал хариуцагч талын хүсэлтийг үндэслэн шүүх нотлох баримтыг цуглуулна. Хариуцагч тал холбогдох хүсэлтийг гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн явуулсан анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

  

12. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16ны өдрийн 102/ШШ2023/03705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “127.2.2” гэснийг “127.1.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

                                           

           ШҮҮГЧИД                                     С.ЭНХБАЯР

                                                                                             

      Э.ЗОЛЗАЯА