Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00018

 

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00018

 

Г.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/04014 дугаар шийдвэртэй,

 

Г.Хгийн нэхэмжлэлтэй

Ч.О, С.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,195,000 төгрөг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.Х нь Ч.О, С.Н нартай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 19,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18,300,000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулах үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, - байр, -, 27 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, Ч.О, С.Н, Б.От нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан боловч найз нөхдийн харилцаатай, хоёулаа ажил эрхэлдэг зэрэгт нь итгэж барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй.

1.2. Хариуцагч нарын хувьд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлээс 8,170,000 төгрөг, зээлийн хүү 1,830,000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 10,130,000 төгрөгийг төлөөгүй.

1.3. Зээлийн гэрээний 1.1-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу зээл 18,300,000 төгрөг, зээлийн хүү 1,830,000 төгрөг, нийт 20,130,000 төгрөгөөс хоног тутмын 0,5 хувийн алданги 100,650 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 374 өдрөөр тооцвол нийт алданги 37,643,100 төгрөг байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 10,065,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 10,130,000 төгрөг, алданги 10,065,000 төгрөг, нийт 20,195,000 төгрөгийг гаруулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие Ч.О нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр С.Нийн хамт найз Г.Хгаас 18,300,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, машинаа зараад өгөхөөр тохиролцож зээлсэн нь үнэн.

2.2. Машин тооцоолсон хугацаанд зарагдаагүйгээс тохирсон хугацаандаа мөнгөө төлж чадахгүй байсан бөгөөд хугацаандаа мөнгө өгөхгүй байна гээд алданги тооцож эхэлсэн. Хоног тутамд өгөх мөнгө маш хурдан нэмэгдэж байсан тул би Г.Хд машинаа зах зээлийн үнээс доогуур үнээр тооцоод авахыг санал болгосон боловч саналыг хүлээж аваагүй.

Мөн 99112017 гэсэн дугаарыг тохиролцон авахыг санал болгосон боловч мөн саналаас татгалзсан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг Г.Хгийн “Хаан банк” ХХК дахь дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг 500,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр шилжүүлээд үлдэгдэл үндсэн зээлийн мөнгөнөөс хасаад, хүү алдангийг төлөх санал тавьсан. Мөнгөө бүтнээр нь хүү, алдангийн хамт авна гэсэн тул аргагүй байдалд хүрсэн.

2.3. Энэ хугацаанд Ковид 19 цар тахал дэгдэж орон даяар хөл хорио тогтоож, эдийн засгийн хямралд өртөж хувийн бизнес зогсож, ямар ч орлогогүй болсон. Иймд зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 8,300,000 төгрөгийг 18 сарын хугацаанд сарын 462,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.О, С.Н нараас 15,195,000 төгрөг гаргуулж Г.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,650 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.О, С.Н нараас 233,925 төгрөг гаргуулж Г.Хд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Г.Хнь Ч.О, С.Номинэрэл нартай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж, Ч.Оын Хаан банкны дансанд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18,300,000 төгрөг шилжүүлсэн ба зээлийн гэрээ байгуулах үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 хороолол, - байр, - хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай Ч.О, С.Н, Б.От нарын нэр өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан боловч найз нөхдийн харилцаатай байсан, хоёулаа ажил эрхэлдэг зэрэгт нь итгэж барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй.

4.2. Хариуцагч нарын хувьд 1 сарын хугацаатай авсан зээлийг нэг жил, нэг сарын дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлээс 8,170,000 төгрөг, зээлийн хүү 1,830,000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 10,130,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн гэрээний 1.1-т заасны дагуу зээлийг 2020 оны 02 дугаар сард 23-ны өдөр төлөх байсан боловч төлөөгүй тул мөн өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны алданги 37,643,100 төгрөг байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнг зээл 18,300,000 төгрөг, хүү 1,830,000 төгрөг, нийт 20,130,000 төгрөгөөс тооцож алдангийг 10,065,000 төгрөгийн дүнгээр нэхэмжилсэн атал шүүх 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш алдангийг бодсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахи хэсгийг зөрчиж алдангиас 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч нар давж заалдах гомолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

2. Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Ч.О, С.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,195,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г.Х нь Ч.О, С.Н нартай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Х 19,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Зээлдүүлэгч нь зээлд 18,300,000 төгрөгийг бодитоор шилжүүлж гэрээнд заасан мөнгөн хөрөнгөөс 700,000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэрээний харилцаа 18,300,000 төгрөгийн хэмжээнд үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

 

4. Зээлдэгч нар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг Г.Хаярхирваад буцаан шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

5. Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн талаар тохиролцсон байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зээлийн хүүг 10 хувиар тооцож шаардах эрхтэй.

Зээлдэгч нар 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 18,300,000 төгрөг, зээлийн хүүд 1,830,000 төгрөг нийт 20,130,000 төгрөгийн үүрэгтэй бөгөөд тэдгээр нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн үед зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээс хасч тооцно.

 

6. Гэрээний 1.1 дэх хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй бөгөөд алдангийг хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг болох 10,130,000 төгрөгөөс тооцож, мөн хуулийн 236.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал 5,065,000 төгрөг болно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Иймд алдангийг буруу тооцсон гэх нэхэмжлэгчийн давж залдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барьцааны гэрээ байгуулсан гэж дурдсан боловч шаардлага гаргаагүй тул барьцааны гэрээтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй юм. 

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/04014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                     С.ЭНХБАЯР                                                                                             

    Э.ЗОЛЗАЯА