Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00019

 

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00019

 

Г.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/02320 дугаар шийдвэртэй,

 

Г.Сийн нэхэмжлэлтэй

“даатгал” ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 78,515,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Г.Сийн нөхөр Б.Т нь “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэж байсан ба 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлын байр дээрээ унан, үйлдвэрлэлийн осолд орж нас барсан юм.

Осол болсон даруйд “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс ажиллаж, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар үйлдвэрлэлийн осол мөн хэмээсэн.

Орхон аймгийн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч уг актыг баталгаажуулаагүй. Бидний зүгээс улсын байцаагчийн үйлдлийг эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд гомдлыг Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хянан үзээд ... ослын тохиолдол нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.3 дахь заалтад хамаарч байх тул хянан баталгаажуулав хэмээн үйлдвэрийн осол мөн болохыг тогтоосон.

1.2. Талийгаач Б.Т дараахь зээлийн болон ипотекийн гэрээнд амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Үүнд:

1.2.1. Б.Т нь иргэн Н.Түмэнжаргалтай хамтран “Голомт банк” ХХК-тай  ЗГ-4005010548 тоот зээлийн гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг, - хороолол, - байрны - 29 м.кв хоёр өрөө орон сууц худалдан авахаар 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл аван, ЗБ-4005010548-В тоот Ипотекийн гэрээ байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал орон сууцнаас өөрт ногдох хэсгийг Б.Тт шилжүүлсэн тул 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ, ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулж гэрээний нэг талд Б.Т дангаар үлдсэн. Уг зээлийн гэрээнд “даатгал” ХК-тай "Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үлдэгдэл 25,391,805 төгрөг байна.

1.2.2. Мөн Б.Т нь Г.Сэтэй хамтран “Голомт банк” ХХК-тай ЗГ- 4005143053 тоот зээлийн гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг 19 дүгээр хороолол, Уурхайчин 1 хотхон, -, -, 95.31 м.кв гурван өрөө орон сууцыг худалдан авахаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 110,000,000 төгрөгийн зээл аван, ЗБ-4005143053 тоот Ипотекийн гэрээ байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Уг зээлтэй холбоотой “даатгал” ХК-тай “Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулсан. Зээлийн үлдэгдэл 106,247,679 төгрөг байна.

1.3. “даатгал” ХК-тай байгуулсан дээр дурдсан хоёр даатгалын гэрээнд даатгуулагч үйлдвэрлэлийн ослын эрсдэлд орсны улмаас амь насаа алдсан нөхцөлд тасалдсан орлогын нийт орлогод эзлэх хувиар хувь тэнцүүлсэн зээлийн үлдэгдэл дүнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор заасан байна.

Талийгаач зээлийн гэрээг хуваарийн дагуу төлж, мөн даатгалын хураамжийг “даатгал” ХК-тай байгуулсан гэрээнд зааснаар жил бүр хураалгаж байсан.

1.4. “даатгал” ХК-д осол болсон даруйд амаар болон бичгээр мэдэгдсэн боловч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22/1048 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. 

1.5. Иймд ЗГ-4005010548 тоот зээлийн гэрээ, ЗБ-4005010548-В тоот Ипотекийн гэрээнд байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 25,391,805 төгрөг, ЗГ- 4005143053 тоот зээлийн гэрээ, ЗБ-4005143053 тоот Ипотекийн гэрээнд байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөрт талийгаач Б.Тт ногдох 53,123,839 төгрөг, нийт 78,515,644 төгрөгийг даатгалаас гаргуулан Г.Сэд олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээний хамтран даатгуулагч Б.Т нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зүрхний булчин эмгэгшил өвчний улмаас нас барсанд “Голомт банк” ХХК дахь талийгаачийн зээлийн үлдэгдэлд нөхөн төлбөр олгох хүсэлт ирүүлснийг судлаад нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн.

Учир нь даатгуулагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн баримтууд болох 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Шүүх шинжилгээний дүгнэлтэд “талийгаач нь зүрхний булчин эмгэгшил, титэм судасны хатуурал, цөсний хүүдийн элсэн чулуу зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо. Эдгээрээс зүрхний булчин эмгэгшил нь үхлийн шалтгаанд нөлөөлжээ. Талийгаачийн үхлийн шалтгаан нь зүрхний булчин эмгэгшил өвчин болно” гэж заасан, Орхон аймгийн Прокурорын газар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 174 дугаар Прокурорын тогтоолд “талийгаач Б.Т нь зүрхний булчин эмгэгшил өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан” байна.

2.2. Мөн “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч “үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн дүгнэсэн байсан.

Даатгуулагчтай байгуулсан Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээний Даатгалын гэрээний амь насны даатгал хэсэгт даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана: үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж заасан бөгөөд даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь даатгалын гэрээнд тусгасан эрсдэлд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

Иймд даатгуулагчтай байгуулсан Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3-т "Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл", 7.3.1-д "Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан", 7.3.14-т "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол" болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно”, 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

2.3. Иймд нэхэмжлэгч Г.Сийн гаргасан даатгалын нөхөн төлбөрт 78,515,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч “даатгал” ХК-аас 78,515,644 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550,528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Шүүх Б.Т нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсан, “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, “Голомт банк” ХХК-тай 2 тусдаа зээлийн болон ипотикийн гэрээ байгуулж, холбогдох журмын дагуу амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг “даатгал” ХК-тай байгуулсан, даатгалын хураамжийг төлж байсан, нэг гэрээний нөхөн төлбөрт ногдох хэсэг 25,391,805 төгрөг, нөгөө гэрээний нөхөн төлбөрт ногдох хэсэг 53,123,839 төгрөг, нийт 78,515,644 төгрөг болохыг тус тус зөв дүгнэсэн.

Даатгалын тохиолдол болсон эсэх нь энэхүү маргааны зүйл байсан бөгөөд шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж, нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

“Голомт банк” ХХК-тай байгуулсан 2 зээлийн гэрээ, импотекийн гэрээнд “даатгал” ХК-тай “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”, “Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулсан. Уг 2 даатгалын гэрээний зүйл бол хүний амь нас, эрүүл мэнд, харин даатгалын тохиолдолыг гэрээний 1.4.7-д “даатгуулсан зүйлд даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ” гэж тодорхойлсон.

Гэтэл шүүх Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ” гэх ерөнхий нэр томъёог хэрэглэж, талуудын тохирсон даатгалын эрсдэл буюу “үйлдвэрлэлийн осол”-ын талаар анхаарч үзээгүй, дүгнэлт хийлгүй ердийн өвчин гэж үзэж, даатгалын тохиолдол бий болоогүй гэсэн нь буруу байна.

4.2. Талийгаачаас “даатгал” ХК-тай байгуулсан даатгалын гэрээний зорилго бол гэрээний 3 дугаар зүйлд заасан 5 төрлийн эрсдэл түүний дотор үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгуулсан. Эдгээр 5 эрсдэл болох үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдлийн улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн үйлдлийн улмаас үүссэн ослын дундаас үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтооход тусгайлсан хууль, Засгийн газрын тогтоолын дагуу явагддаг журамтай.

Талийгаач ажлын байрандаа амь насаа алдсны дараа Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс ажиллаж үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэсэн. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01-06-079/296 дугаар дүгнэлтээр үйлдвэрлийн осол мөн болохыг тогтоосон.

4.3. Хэрэв дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “... үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, судлан бүртгэх дүрэм”-ийн 7.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.” гэж заасны дагуу харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлдэг журамтай. Болсон хэрэг явдлыг үйлдвэрлэлийн осол мөн гэж үзсэн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн талаар хэн аль нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон.

Ямар ч өвчинтэй хүн ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй. Гэтэл тэрхүү ажлын байр, тухайн үеийн хөдөлмөрийн орчин нөхцөл нь ужиг өвчнийг өдөөж, үхэлд хүргэж болзошгүй байдаг тул тухайн ажлын байр дээр, ирэх очих замд болсон ослыг үйлдвэрлэлийн осолд хамруулдаг.

Иймд даатгалын эрсдлийн улмаас даатгалын тохиолдол болсон үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

5.1. “даатгал” ХК нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд уг үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлдэг. Ипотекийн даатгал нь Ипотекийн үйл ажиллагааны журмаар зохицуулагддаг. Тухайн журамд 5 үндсэн осолтой холбоотой эрсдэлийг авах ёстой гэх журмаар зохицуулагдсан харилцааны үндсэн дээр даатгалын гэрээнээс үндсэн 5 эрсдэлийг авсан байдаг. Уг эрсдэлд үйлдвэрлэлийн осол, гуравдагч этгээдийн санаатай, санамсаргүй гэх мэт ослын тохиолдлуудыг авахаар хуульчилсан байна.

5.2. Талийгаач н.Т Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр зүрхний булчин эмзэгшил, титэм судасны хатуурал, цөсний хүүдийн элсэн чулуу зэрэг архаг хууч өвчинтэй болох тогтоогдсон. Уг дүгнэлтээс зүрхний булчин эмзэгшил өвчний улмаас талийгаач н.Т нас барсан болохыг тогтоосон байдаг.

Мөн прокурорын тогтоолд “даатгуулагч н.Т нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эийн захиргааны 2 дугаар байрны зүүн талын 2 давхрын шатаар явж байхдаа зүрхний өвчний улмаас таталт өгч унасан учраас бүсийн эмчилгээний оношилгооны төвд хүргэгдэж, эмчлэгдэж байх явцдаа нас барсан” гэж тусгасан байдаг. Уг хэрэг маргааныг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, хэрэг бүртгэлтийг хаасан байна.

Даатгалын компаниас анх үйлдвэрлэлийн ослын хэлбэрийг судлан бүртгэх 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эээс ослын актыг ирүүлсэн байна. Тухайн актыг аймаг, нийслэлийн хөдөлмөрийн байцаагч нар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарласан. Мөн үйлдвэрлэлийн осол биш гэж дүгнэж гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг ирүүлсэн байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэж хэлнэ гэж тодорхойлсон. Гэвч даатгуулагч нь өвчний улмаас нас барсан гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, прокурорын байгууллагаас тогтоосон учраас даатгалын гэрээнд хамаарагдах эрсдэл гэж үзэж нөхөн төлбөр олгох боломжгүй байна. Мөн Даатгалын гэрээний 7.1.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн байна. Эийн анхны үйлдвэрлэлийн ослын хэлбэрийг судлан бүртгэх актад үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон байдаг. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн акт нь тухайн талийгаачийн шинжээчийн дүгнэлтээс өмнө гарсан акт байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.Сэ нь хариуцагч “даатгал” ХК-д холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 78,515,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд дараахь үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Үүнд:

3.1. “Голомт банк” ХХК болон Б.Т, Н.Түмэнжаргал нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны зээлийн ЗГ4005010548 дугаар гэрээ болон   Ипотекийн ЗБ4005010548 дугаар гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээгээр “Голомт банк” ХХК 50,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээж, банк нь Б.Т, Н.Түмэнжаргал нарын өмчлөлийн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг, - хороолол, - байрны - 29 м.кв хоёр өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. 

3.2. Н.Түмэнжаргал нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр барьцааны зүйл болох орон сууцнаас өөрт ногдох хэсгийг Б.Тт шилжүүлснээр 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээнд ЗГ4005010548-Б, ипотекийн гэрээнд ЗБ4005010548-В дугаар гэрээгээр тус тус нэмэлт өөрчлөлт оруулан, гэрээний талуудыг “Голомт банк” ХХК болон Б.Т нар гэж өөрчилсөн.   

3.3. Б.Т болон “даатгал” ХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулагдсан, гэрээний хугацаа 2027 оны 10 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл, даатгуулагч даатгалын хураамжийг төлсөн.

3.4. “Голомт банк” ХХК болон Б.Т, Г.Сэ нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орон сууцны ЗГ4005143053 дугаар зээлийн гэрээ болон Ипотекийн ЗБ4005143053 дугаар гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээгээр “Голомт банк” ХХК 110,000,000 төгрөгийг төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн гэрээний хуваарьт зааснаар зээлийг төлөх үүргийг хүлээж, банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг 19 дүгээр хороолол, Уурхайчин 1 хотхон, -, -, 95.31 м.кв гурван өрөө орон сууцыг  барьцаалсан.

3.5. Б.Т, Г.Сэ болон “даатгал” ХК-ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулагдсан, гэрээний хугацаа 2031 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэж тодорхойлжээ. Даатгуулагч нар даатгалын хураамжийг төлсөн.

3.6. Б.Т нь “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсан.

 

4. Даатгуулагч Б.Т, даатгагч “даатгал” ХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, мөн даатгуулагч Б.Т, Г.Сэ болон “даатгал” ХК-ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус гэрээ байгуулагдснаар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан  шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн даатгалын гэрээний 1.1 дэх хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн даатгалын гэрээний 3.1.1-д тус тус үйлдвэрлэлийн ослыг амь насны эрсдэлд оруулж даатгасан байна.   

 

6.1. “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2022 оны 06 дугаар зүйлийн 21-ний өдрийн актад “Осолдогч Б.Т нь ажлын цагаар, ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ “Э” ТӨҮГ-ын захиргааны 2-р байрны дотор гурван давхрын шат өөд өгсөж яваад хойшоо унан толгойн тус газраа 2 хэсэгт гэмтэл авч Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд яаралтай тусламжаар хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх явцад нас барсан. ... Комиссын гишүүд санал нэгтэйгээр нас барсан тохиолдлыг судлахад осолдогч Б.Т нь ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ шатнаас унаж нас барсан учир үйлдвэрлэлийн осол гэж үзэж байна” гэж тогтоосон байна.

 

6.2. Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ын өдрийн 01-06-079/296 тоот дүгнэлтэд Б.Тын ослын тохиолдол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын суддан бүртгэх дүрэм”-ийн 2.1.3 дахь заалт /ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл хөсгөөр буюу явган явж байх үед/-д хамаарч байгааг хянан баталгаажуулж, энэ дүгнэлтийг “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2022 оны 06 дугаар зүйлийн 21-ний өдрийн актын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг дурджээ. 

 

6.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20.-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан байх тул даатгуулагч Б.Т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ажлын байранд буюу “Э” ТӨҮГ-ын захиргааны 2-р байрны дотор гурван давхрын шат өөд өгсөж яваад хойшоо унан нас барсныг үйлдвэрлэлийн осолд орсон гэсэн “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2022 оны 06 дугаар зүйлийн 21-ний өдрийн акт, Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ын өдрийн 01-06-079/296 тоот дүгнэлтийг зөв гэж дүгнэнэ.

 

6.4. Хариуцагч байгууллага нь талийгаач Б.Тын нас барсан шалтгаан нь 2019 оны даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарна гэж маргасан. 

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн даатгалын гэрээний 7.3.1 болон 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн даатгалын гэрээний 7.1.1-д “аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан” бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байхаар талууд тохиролцжээ.

Даатгуулагч Б.Тын нас барсан шалтгааныг Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 85 тоот дүгнэлтэд “Талийгаачид зүрхний булчин эмгэгшил, титэм судасны хатуурал, цөсний хүүдийн элсэн чулуу зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо. Эдгээрээс зүрхний булчин эмгэгшил нь үхлийн шалтгаанд нөлөөлжээ” гэж тодорхойлжээ. 

Архаг өвчин гэдэг нь удаан хугацаагаар үргэлжилдэг эсвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин байж болох бөгөөд хариуцагч тал нь даатгалын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд эрхэлдэг этгээдийн хувьд даатгуулагч талд дээр дурдсан гэрээнүүдийн холбогдох заалтад буй “архаг хууч өвчин” гэдэгт ямар өвчин орох, даатгуулагч архаг хууч ямар өвчтэй байгааг тодруулж тайлбарлах үүрэгтэй, энэ үүргийг гүйцэтгээгүй байна.

Шинжээчийн 85 тоот дүгнэлтэд талийгаачид зүрхний булчин эмгэгшил өвчин архаг хууч өвчин байна гэж тэмдэглэсэн боловч өөр баримтаар энэ өвчний байдал нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2022 оны 06 дугаар зүйлийн 21-ний өдрийн актад талийгаач Б.Тын эрүүл мэндийн үзлэгт хамгийн сүүлд орсон хугацааг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэж тэмдэглэсэн бөгөөд энэ хугацаанд дээр дурдсан талийгчийг үхэлд хүргэсэн гэх онош тогтоогдсон талаар дурдаагүй байна. Даатгуулагчийн хувьд архаг хууч өвчтэй гэх байдал эргэлзээтэй буюу өвчин байж болох ч өөрөө илрүүлж энэ талаар мэдэж байсан гэх байдал тогтоогдоогүй тул түүний хувьд гэнэтийн үхэлд хүргэсэн эрсдэл бий болсон гэж тодорхойлох юм.

Дээрхээс дүгнэвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.

 

7. Орхон аймгийн прокурорын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 174 дугаар тогтоолд “...2022 оны 06 сарын 06-ны өдөр 37 настай, эрэгтэй, Б.Т нь ... “Э” ТӨҮГ-ын Захиргааны 2-р байрны зүүн талын 2 дугаар давхрын шатаар явж байгаад зүрхний өвчний улмаас таталт өгч унан, улмаар бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна” гэж тэмдэглэсэн боловч энэ баримт нь шүүхийн шийдвэрт хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүйгээр тогтоогдсон үйл баримт гэж дүгнэхгүй юм. .

 

8. Иймд даатгуулагч Б.Т 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зүрхний булчин эмгэгшил өвчнөөр нас барсан шалтгаан нь тус өдөр ажлын цагаар, ажлын байранд шатнаас унасантай шалтгаант холбоотой байх бөгөөд энэ нь гэнэтийн тохиолдол болсон нөхцөлд хамаарах тул даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэнэ.   

 

9. Улмаар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Г.Сэ нь даатгалын гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг хариуцагч “даатгал” ХК-аас шаардах эрхтэй.

 

9.1. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн даатгалын гэрээний 6.2.3 болон 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн даатгалын гэрээний 6.3-т тус тус зааснаар нөхөн төлбөрийг бүтэн дүнгээр буюу даатгуулагч Б.Тын нас барсан хугацаанаас хойшхи зээлийн 202ЗГ4005010548 дугаар гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлээр, зээлийн ЗГ4005143053 дугаар гэрээний хамтран зээлдэгчийнх нь хувьд үндсэн зээлийг ногдох хэсгийг бүхэлд нь тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9.2. Зээлийн 202ЗГ4005010548 дугаар гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2022 оны 26 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 6,687,693 төгрөг, зээлийн ЗГ4005143053 дугаар  гэрээний үлдэгдэл 53,123,839 /106,247,679:2/ төгрөг нийт 59,811,532 төгрөгийн хэмжээгээр нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/02320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “даатгал” ХК-аас 59,811,532 төгрөгийг гаргуулж Г.Сэд олгож, нэхэмжлэлээс 18,704,112 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “даатгал” ХК-аас 457,008 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Сэд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,428 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                     С.ЭНХБАЯР                                                                                             

    Э.ЗОЛЗАЯА