Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 020/2014/0432/з |
Дугаар | 001/ХТ2016/0026 |
Огноо | 2016-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2016/0026
Ч.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээд В.Б, Д.Б, П.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 536 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ч.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжийн дагуу 0323458 тоот газар эзэмших гэрчилгээгээр тус газрыг 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж 9/0066 тоот газар эзэмших гэрээ байгуулсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон бөгөөд энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй. Миний газар эзэмших эрхтэй холбогдсон шийдвэр гарсан тухай дам сураг сонссоны үндсэн дээр 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очиж уулзан тус захирамжийг гаргуулан авсанаар мэдсэн.
Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/582 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэл болгожээ. Миний эзэмшиж байсан газар хэн нэгэн бусад этгээдийн газартай давхцсан зүйл байхгүй. Нэгэнт давхцал байхгүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтыг хэрэглэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга хууль зүйн үндэслэлгүйгээр иргэн миний газар эзэмших эрхийг хөндсөн байна.
Намайг газар эзэмшиж байх хугацаанд өөр бусад этгээд газар эзэмших эрхтэй минь холбоотойгоор ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй, энэ талаар Газрын албанаас мэдэгдсэн зүйл байхгүй. Ийм байхад Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтыг хэрэглэснийг буруу гэж үзэж байна.
Иймд нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хариу тайлбар болон холбогдох материал ирүүлэхэд иргэн Ч.Н-ын эзэмшиж байсан газар түүний эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар тус газрыг нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тодорхой болж байна.
Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газарт дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжийн иргэн Э.Б, В.Б, П.Х, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү“ гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар иргэн Ч.Н-т 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дараа 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Н нь нийслэлийн Газрын албанд нийслэлийн захирамж гаргуулах хүсэлт гаргасныг техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэлээр иргэн Ч.Н-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/582 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Иргэн Ч.Н нь 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газраа 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг даргын 746 дугаар захирамжийн дагуу үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв талбай бүхий гэрчилгээгээр баталгаажуулж авсан байна.
Иргэн П.Х /8 дугаар хороо, Сангийн 1-3 тоот, 514 м.кв/, Д.Б /8 дугаар хороо, Сангийн 1-4 тоот, 400 м.кв/, В.Б /8 дугаар хороо, Сангийн 1-5 тоот, 700 м.кв/, Э.Б /8 дугаар хороо, Сангийн 1-6 тоот, 700 м.кв/ нар нь тус дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байна. Иргэн Ч.Н-т олгосон газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/582 тоот захирамжаар хүчингүй болгосон байна.
Иймд иргэн Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна“ гэжээ.
Гуравдагч этгээд Э.Б, В.Б, Д.Б, П.Х нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн П.Х, Д.Б, В.Б, Э.Б бид нар энэ газартаа 2002 оноос хойш одоо болтол амьдарч байна. Энэ хугацаанд ямар нэгэн маргаан болон нэхэмжлэх ирж байгаагүй байхад иргэн Ч.Н давхцал байхгүй эзэмшиж байсан гэжээ. Ч.Н нь уг газрыг эзэмших эрхийг 2010 оны 10 дугаар сарын 27-нд авсан гэх боловч мэдээллийн санд тийм мэдээлэл байхгүй. Мөн 8 дугаар хороонд бүртгэл байхгүй байхад энэ хүн яагаад энэ газрын эзэн болох гээд байгааг ойлгохгүй байна.
Бид 2012 онд газрын эзэмшлийн гэрчилгээгээ авах гээд дүүргийн Газрын албанд бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд иргэн Ч.Н-ын тухай нэг ч удаа ярьж байгаагүй, мөн бидэнд албан тоот ирж байгаагүй. Иргэн Ч.Н-т 8 дугаар хороо биш 9 дүгээр хорооны газрын кадастрын зураг гарч ирдэг. Гэтэл яагаад 9 дүгээр хорооны газар байтал 8 дугаар хорооны газрыг авах гээд байгааг ойлгохгүй байна.
Энэ газарт бид 12 жил амьдарсан байтал Ч.Н бүртгэлгүй байж худал яриад байна. Иймд жирийн иргэд бидний газрыг буцаан олгоно уу“ гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжийн Э.Б, В.Б, П.Х, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий Ч.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 536 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан...” гэснийг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 61 дүгээр зүйлийн 61.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчиж шийдвэр, магадлал гаргасан тул тэдгээрийг үл зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Захиргааны хэргийн шүүх хуулиар хүлээсэн мөрдөн шалгах үүргээ хангалттай биелүүлээгүй.
Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ “Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны газраас “газрын байршлыг харуулсан кадастрын зураг, бусад баримт бичиг бүхий газрын хувийн хэрэг”-ийг шаардсан боловч “архивд байхгүй” гэсэн хариу өгсөн гэх үндэслэлээр тухайн бичиг баримт анхнаасаа үйлдэгдээгүй гэх өрөөсгөл дүгнэлтийг шууд хийсэн байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх”, Архивын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “баримт бичгийг найдвартай нөхцөлд хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах;” нь Дүүргийн газрын албаны үүрэг.
Тус байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мэдээллийн санг эрхлэж, архивын бүрэн бүтэн байдлыг хадгалаагүйн үр дагавар иргэн хүнд тусах ёсгүй. Иргэн Ч.Н нь тухайн цаг хугацаанд бүх бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж газар эзэмших эрхийг хуулийн дагуу авсан, түүнтэй холбогдох баримтууд Чингэлтэй дүүргийн газрын албанд байгаа гэж тайлбарладаг боловч тус хэрэг дээр хариуцагчаар орж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын зүгээс “Архивд мэдээлэл байхгүй” гэх тайлбар өгч хэрэгт чухал ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, нуун дарагдуулсан гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нь ... 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших гэрчилгээг шинээр гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй, эзэмшил газрын байршлыг тодорхойлуулж, кадастрын зураг гаргуулаагүй, газар эзэмших эрхээ бодитоор хэрэгжүүлэх талаар захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан гомдол, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогджээ” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Давж заалдах шатны шүүхийн тус дүгнэлт дараах байдлаар үндэслэлгүй бөгөөд дор дурдсан нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй байна.
1. Газар эзэмшүүлэх гэрээ дүгнэсэн актад 2002 оны 60 тоот захирамжийг үндэслэн байгуулсан газар эзэмших гэрээг үндэслэн гэж зааж нэрлэсэн.
2. Чингэлтэй дүүргийн Газрын алба иргэн Ч.Н-тай байгуупсан газар эзэмшүүлэх шинэчилсэн гэрээ.
3. Газрын кадастрын зураг.
4. Шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/1371 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Ч.Нт олгосон газрын хувийн хэрэг, кадастрын зураг, холбогдох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул гаргаж өгөхийг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан боловч тус захирамж биелээгүй. 9/5030 тоот хувийн хэрэгт Ч.Н-ын Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон эзэмшил газрын баримт хадгалагдаж байгаа талаар эх сурвалж, газар эзэмших гэрээ зэрэгт заасан боловч тус хувийн хэргийн байхгүй гэх тайлбар Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба хариу өгч байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг нуун дарагдуулсан үйлдэл байна.
5. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа “2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар захирамжаар Ч.Н-т 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Дүүргийн газрын алба газар эзэмшүүлэх гэрээ хийсэн. Тухайн байршлын кадастрын зураг хийгдсэн байгаа. Энэ кадастрын зураг дээр зураг
үйлдсэн н.Э, хянасан Э.Б гээд дүүргийн газрын алба үйлдсэн зураг байгаа” гэж дурдсан. Гэтэл тус кадастрын зураг хавтаст хэрэгт авагдаагүй.
6. Мөн 2010 онд газар эзэмшүүлэх эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан бөгөөд зураг нь анх мэдээллийн санд орсон зургаар байгаа гэж тайлбарласан бөгөөд үүнээс хариуцагч 2010 оноос өмнө тус байршлын зураг газрын мэдээллийн нэгдсэн санд орсон байсныг хүлээн зөвшөөрдөг.
7. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Ц “2002 онд газрын кадастрын мэдээллийн санд тухайн байршилыг 8 дугаар хороонд оруулсан байдаг. Ч.Н-ын кадастрын зураг газрын мэдээллийн санд зөрүүтэй орсон.”
8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О “2002 онд нэхэмжлэгч Ч.Н-т газар эзэмшүүлэх захирамж гарах үед тухайн хороо нь 8 дугаар хорооны байршил дээр байсан” гэж мөн хүлээн зөвшөөрдөг.
9. Иргэн Ч.Н-ын үйлчилгээний зориулалт бүхий барилгын техникийн нөхцөлийн зураг.
10. Гэрч Э.Б-ы мэдүүлэг “Миний бие 2003 оноос 2006 он хүртэл Чингэлтэй дүүргийн Газрын албанд ажиллаж байсан. Тухайн үед Ч.Н гэдэг иргэн миний газар дээр айлууд буучихлаа гэж тухайн үед надаар шаардах хуудас хүргүүлж байсан. “Зөвшөөрөлгүйгээр тухайн газар дээр бууж байсан айлуудад нүүлгэн шилжүүлэлх тухай шаардах хуудас бичиж өгч байсан. Тэр шаардах хуудас Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байгаа. Иргэд авахгүй гэж маргаж байсан. Би гурван ч удаа очиж байсан. Асуулт: Газрын байршлын хувьд 8, 9 дүгээр хороо гэж байсан. Гуравдагч этгээдүүд 8 дугаар хороонд амьдарч байсан. Иргэн Ч.Н-ын газар эзэмшүүлэх захирамж дээр 9 дүгээр хороо гэж байдаг. Энэ тал дээр тайлбар. Хариулт: Механик алдаа, намайг ажилд орсноос хойш хилийн цэс тодорхойгүй байсан. Сүүлд хилийн цэс орж ирсэн. 2006 оноос хилийн цэс тодорхой болсон. Усан сангаас тасганы овоо уруудаж ирсэн газар дээр 8, 9, 6 дугаар хорооны хилийн цэс одоо болтол тодорхой болоогүй байгаа. Хилийн цэсийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тодорхойлдог. 1992, 1997, 2003, 2009 онд тус тус тогтоолууд гарсан байдаг бөгөөд энэ тогтоол бүгд зөрүүтэй. Тийм учраас 8, 9, 6 дугаар хорооны тогтоол одоо болтол зөрүүтэй цэсийн тогтоол гэдгийг албан ёсоор хэлж байна.”
11. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/944 дугаар албан бичигт “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2009 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн архивд иргэн Ч.Н-ын гэх газар анх нэгж талбарын 186413118014974 дугаартай 1250м.кв талбайтайгаар бүртгэгдэж байжээ.”
Үүний дагуу тус нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа нөхцөл буюу 2010 оноос өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн кадастрын зураг гаргуулан авах, 9/5030 тоот газрын хувийн хэргийг гаргуулан авах, түүнийг ямар үндсэлэлээр хадгалагдаагүй, устгасан болох, газар чөлөөлөх мэдэгдэл гаргуулан мөн тус баримтууд байхгүй, хадгалагдаагүй гэх тайлбар нь үнэн бодит эсэх талаар, хорооны хил заагийн тодорхойгүйгээр тогтоосон байдал зэргийг тогтоох хангалттай нотлох баримтыг цуглуулаагүй, дүгнээгүй, мөрдөн шалгаагүй нь түүнийг хэрэгжүүлэхийн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан...” ажиллагааг хийгээгүй нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан өөрийн мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа “үнэн зөв, бүрэн дүүрэн” хэмээн дүгнэж өөрийн гаргаж буй шийдвэртээ үндэслэсэн нь хуулийг ноцтой зөрчжээ.
2. Хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг хамгаалахаас татгалзаж Газрын тухай хууль тогтоомжийг бүхэлд нь үгүйсгэжээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч Ч.Н нь маргааны хүрээнд хөндөгдөж буй газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар хууль ёсоор эзэмших эрх нь үүссэн байдаг. Тус захирамжийн дагуу Ч.Н-т газар эзэмших эрх үүссэнээс хойш газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаас урьтаж түүний эзэмшил газар дээр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцсон нэр бүхий иргэд зохих зөвшөөрөлгүйгээр гэр барин бууж улмаар хашаа хатгаж эхэлсэн. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Н-т газар эзэмших эрх олгох үед тухайн газарт дээрх иргэд суурьшаагүй байсан бөгөөд түүнд эзэмшүүлсний дараа суурьшиж эхэлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.
Иргэн Ч.Н Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж газраа зориулалтын дагуу эзэмших боломж олгож өгөх талаар эрх бүхий төрийн байгууллага болох тухайн үеийн дүүргийн Газрын албанд хандсан бөгөөд Газрын албанаас хууль тогтоомжид заасны дагуу тус иргэдэд албан мэдэгдэл хүргүүлсэн боловч иргэд эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг хүлээн аваагүй, биелүүлээгүй. Гуравдагч этгээдүүд төрийн өмчийн газрын өмчлөгч, түүнээс хууль ёсоор эзэмших эрх олж авсан эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Газрын тухай холбогдох хууль тогтоомж, газар өмчлөгч эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүгдийг зөрчин тус газарт дур мэдэн бууж суурьшсан буруутай үйлдэл, үйл ажиллагаа хийсэн гуравдагч этгээдүүдийн үйлдэл энэхүү маргаан гарах гол үндэслэл болсон гэдгийг гэрч мэдүүлгээрээ нотолдог.
Дээрх хууль бус үйлдэл, үйл ажиллагааг хожим дүүргийн Засаг дарга зөвтгөн хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг зөрчин дээрх гуравдагч этгээдүүдэд өмнө өөрийн шийдвэр, дээд шатны байгууллагын шийдвэрээр хууль ёсоор бусдад эзэмшүүлсэн газраа дээрх шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байхад бусдад эзэмшүүлэхээр захиргаа илт хууль бус шийдвэр үйл ажиллагаагаараа зөвтгөсөн. Харин энэ талаар иргэн шүүхэд мэдүүлж нэхэмжилж Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар хандахад шүүх мөн л бурууг зөвтгөсөн, буруу үйлдлийг хамгаалсан шийдвэр гаргажээ. Дээрх байдлаар иргэн Ч.Н-ын газар эзэмших эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөөр байхад давж заалдах шатны шүүх “иргэн Ч.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна.
3. Шүүх өөрт нэхэмжлэл гаргаагүй захиргааны актад үнэлэлт өгсөн.
Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны акт хуулийн дагуу гарсан эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Шүүх аливаа маргаанд хөндлөнгийн байр суурьтайгаар оролцох үндсэн зарчимтай. Үүнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж тодорхойлж өгсөн.
Иргэн Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлага нийслэлийн Засаг даргын 2013 оны А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/171 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх юм. Шүүхийн зүгээс маргаан бүхий захиргааны актуудад үнэлэлт дүгнэлт өгөх, хуулийн дагуу гарсан эсэхийг хянаж шийдвэрээ гаргах зарчимтай. Тус маргааны хүрээнд хэргийн бусад оролцогчдоос сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага зэрэг өөр бусад маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гаргаж тавиагүй.
Гэтэл шүүх нэхэмжлэгч Ч.Н-ын газар эзэмших эрх хүлээн авсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 60, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаар захирамжийг өөрийн санаачлагаар маргаан бүхий захиргааны акт болгон түүний хууль зүйн үндэслэлийг хянах хэмжээнд хэрэг хянан шийдвэрпэх ажиплагааг үргэлжлүүлэн шийдвэрээ гаргажээ. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хянуулахаар шүүхэд хандсан боловч нэхэмжлэгчийн мэдүүлсэн маргаан бүхий захиргааны актыг бус эргээд нэхэмжлэгчийн өөрийн газар эзэмших эрх хүлээн авсан захирамжийг буруутгах үндэслэлийг шүүх хайж, энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг шүүх зөрчиж байна.
4. Шүүх маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй үндэслэл заажээ.
Шүүхээс Ч.Н-ыг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гэх дүгнэлтийг шийдвэрээрээ хийсэн байна. Үүнд, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг хэсэгчлэн иш болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэх урьдач нөхцөлийг орхигдуулан хэрэглэсэн байна. Бусдын хууль бус эзэмшил, ашиглалтад байсан газрыг иргэн хэрхэн яаж зориулалтын дагуу эзэмшиж ашиглах билээ. Шүүх хариуцагчийг зөтгөхдөө түүний гаргасан маргаан бүхий захиргааны актад үндэслээгүй нөхцөл болох “газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй” гэх үндэслэлийг зааж нэрлэн нэхэмжлэгчийг буруутгаж, шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын ажлыг өмнөөс нь хийжээ. Мөн шүүхээс “нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт 2002 онд гаргах үедээ байршлаа тодорхой гаргаж өгөөгүй, бодит байдал дээр газрын байршил нэхэмжлэгчийн газрын эзэмшлийг тодорхойлох бичгүүд зөрүүтэй бичигдсэн, нэхэмжлэгч эзэмшил газраа өөрийн мэдэлд байлгаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, хамгаалах арга хэмжээ аваагүй байдлаас шалтгаалж Нийслэлийн Засаг даргаас 2010 оны 746 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан байршилд гуравдагч этгээд 4 иргэнд суурьшил үүсгэгдсэн эсэхийг нягтлан шалгаагүйтэй холбоотой энэхүү давхцал үүссэн нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ.
Ч.Н-ыг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, мэдэлдээ байлгах, хамгаалах арга хэмжээ авах бололцоог гуравдагч этгээдүүд өөрсдийн хууль зөрчсөн үйлдлээрээ хаасан нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Мөн Ч.Н-ын эзэмшил газар нь гуравдагч этгээдүүдийн одоо хууль бусаар сууршиж байгаа байрлалд байгаа болох нь 2010 онд бус харин 2002 онд газар эзэмших эрх үүсэх үед тодорхой байсан нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, геодизи зураг зүйн төвийн тодорхойлолт, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Дээрх нотлох баримтууд тодорхой байхад шүүх тус байршил анх 2010 онд газар эзэмших эрх үүссэн мэтээр дүгнэлт хийжээ.
Мөн 2010 оны нийслэлийн Засаг даргын захирамж шинээр газар эзэмших эрх олгоогүй, харин өмнө 2002 оны дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх бүхий газрыг тус зориулалтын дагуу буюу үйлчилгээний зориулалтаар ашиглах болоход нийслэлийн Засаг даргын захирамжтай байхыг шаардаж эхэлсэнтэй уялдуулан дахин баталгаажуулж байгаа арга хэмжээ болно.
5. Маргаан бүхий захиргааны хэрхэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг шийдвэрээрээ тогтоогоогүй.
Нэхэмжлэгч хоёр маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан. Нийслэлийн Засаг дарга өөрийн захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/171 дүгээр захирамжид үндэслэн гаргасан гэдгээ хариу тайлбар, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбарласан. Иймээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/171 тоот захирамж нь хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шүүхээс нэн тэргүүнд дүгнэж тогтоох ёстой.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/171 тоот захирамж нь өөрийн 2002 оны 60, нийслэлийн Засаг даргын 2010 оны 746 тоот захирамжуудаар иргэн Ч.Н-т эзэмшүүлсэн газрыг тэдгээр хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд нэр бүхий 5 гуравдагч этгээдүүдэд давхардуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт юм. Шүүхээс Газрын тухай хуулийн энэ заалтыг Чингэлтэй дүүргийн засаг дарга дээрх захирамжаараа зөрчөөгүй гэж дүгнэж байгаа үндэслэлийг дурдаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгийн түрүүнд тогтоох, хамгийн их ач холбогдолтой маргаан бүхий захиргааны акт нь дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/171 тоот захирамж юм. Тус маргаан бүхий захиргааны акт хууль тогтоомж зөрчөөгүй гэдэг нь тогтоогдвол түүнд үндэслэн шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын А/582 зөвтгөгдөх боломжтой. Гэтэл шүүхийн шийдвэрт Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/171 тоот захирамж яагаад илт хууль бус захиргааны акт биш бөгөөд хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзсэн талаар ямар ч үндэслэл, баримт, тайлбарыг дурдаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Үүнд давж заалдах шатны шүүх ч үнэлэлт дүгнэлт, хариу өгсөнгүй.
Шүүх дээрх байдлаар холбогдох хуулийн үндэслэлгүйгээр бие даасан маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчжээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 536 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3, 88.3.4-т заасан үндэслэлээр мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасныг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “Анхан шатны шүүх ... хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.
Газрын тухай /1994 оны/ хуулийн 30 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах, 32 дугаар зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам, 33 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийн тухай нэг бүрчлэн заажээ.
Нэхэмжлэгч Ч.Н нь дээрх хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн биелүүлсэн тухай нотолгооны ач холбогдол бүхий бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийн хүрээнд төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнаас дээрх хуульд заасан нотлох баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч архивт байхгүй гэсэн хариу ирүүлсэн байна.
Ч.Н-т Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулахаар мөн дүүргийн Засаг дарга 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 60 дугаар захирамжийг гаргасан, уг захирамжийг үндэслэн олгосон газар эзэмшүүлэх тухай 55/005 дугаар гэрчилгээнд газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээр тогтоосон байх боловч нэхэмжлэгчид олгосон гэх газрын байршлыг харуулсан зураг байхгүй, хил хязгаар тодорхойгүй, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2002 оноос хойш суурьшин амьдарч буй гуравдагч этгээд Э.Б, В.Б, Д.Б, П.Х нарын тус дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамж, гэрчилгээний дагуу эзэмшиж буй газрыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.
Тухайлбал, нэхэмжлэгч Ч.Н-ын эзэмших ёстой гэх Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулан олгосон 1000 м.кв газар нь мөн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшин амьдарч байгаа нэр бүхий 4 иргэний эзэмшил газартай давхцсан, Газрын тухай /2002 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан 2012 оны А/171 дүгээр захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир шүүх Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/171 дүгээр захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдэл болжээ.
Түүнчлэн, Ч.Н нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 60 дугаар захирамж, 55/005 дугаар гэрчилгээний дагуу 1000 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан гэх боловч түүний гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамж гарч, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0323458 дугаар газар эзэмших гэрчилгээ олгогдон, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаар дээрх захирамж, гэрчилгээний болон гэрээний үйлчлэл дууссан байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 746 дугаар захирамж гарах хүртэлх 8 жилийн хугацаанд Ч.Н нь газраа эзэмшиж ашиглаагүй, уг захирамж гарснаас хойш мөн Засаг даргын маргаан бүхий 2013 оны А/582 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд ч тухайн газарт ямар нэгэн үйлчилгээ эрхэлж, үйл ажиллагаа явуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй нь Газрын тухай /2002 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг бий болгосноос гадна Ч.Н-т 1000 м.кв газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2010 оны 746 дугаар захирамжийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны, газар эзэмших эрхийн 0323458 дугаар гэрчилгээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 08-ны, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тус тус дуусгавар болсон байх тул цаашид эрх зүйн ямар нэгэн үр дагаврыг үүсгэхгүй юм.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үйл баримт тоочин бичих байдлаар гаргасан болон “... шүүх хуулиар хүлээсэн мөрдөн шалгах үүргээ хангалттай биелүүлээгүй ... хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг хамгаалахаас татгалзаж, Газрын тухай хууль тогтоомжийг бүхэлд нь үгүйсгэсэн ... нэхэмжлэл гаргаагүй захиргааны актад үнэлэлт өгсөн ... маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй үндэслэл заасан ... маргаан бүхий захиргааны акт хэрхэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг шийдвэрээрээ тогтоогоогүй...” гэх хяналтын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 536 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ О.ЗАНДРАА