Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2024/00002

 

 *******ийн *******ны Завхан *******ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж. даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00492 дугаар шийдвэртэй

*******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 22.500.693 үндсэн хүүгийн төлбөрт 1.166.078 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61.550.53 нийт төлбөр 23.728.322 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 05-р сарын 20-ний өдрийн 60/03 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө мөн зээлдэгч С.******* /*******/-н өмчлөлийн нас барахаас өмнөх болон нас барсны дараах бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн лавлагааг холбогдох газар хэлтсүүдээс авч, тус хөрөнгүүдээр, мөн хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан *******, Г.*******т холбогдуулан Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 22,500,693  үндсэн хүүгийн төлбөрт 1,166,078 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61.550.53 нийт төлбөр 23.728.322 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 05-р сарын 20-ний өдрийн 60/03 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө, мөн зээлдэгч С.******* /*******/-н өмчлөлийн нас барахаас өмнөх болон нас барсны дараах бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн лавлагааг холбогдох газар хэлтсүүдээс авч тус хөрөнгүүдээр, мөн хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Иргэн ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь *******ийн *******тай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 60/03 дугаартай Малчны зээл-ийн гэрээ байгуулан 25,000,000,00 төгрөгийн зээлийг, жилийн 18% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч С.*******, Г.******* нар нь мал худалдан авах зориулалтаар малчны зээл авсан. Зээл авснаас хойш үндсэн зээлээс 2,499,306.76 мөнгө, үндсэн зээлийн хүүгээс 4,385,342.46 мөнгө, нийт 6,884,649.22 мөнгийг төлсөн байна. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл нь 22,500,693.24 мөнгө, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1,166,078.53 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61,550.53 мөнгө, нийт төлбөр 23,728,322.30 мөнгийг гаргуулж *******ийн *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Зээлдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Зээлдэгч нь төрийн *******наас 9 удаагийн малчны зээл авч барагдуулсан түүхтэй. Авсан зээл бүрийг цаг хугацаанд нь төлж барагдуулдаг төрийн *******ны сайн харилцагч байсан. Зээл авах үедээ зээлийн барьцаанд 506 толгой мал, мөн зурагт, хөргөгч зэргийг барьцаалсан. *******ны зүгээс хамтран зээлдэгч Г.******* болон талийгаач С.*******ийн хөрөнгөөр *******ны зээлийг төлж барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Талийгаач нь зээл авах үедээ буюу 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 506 толгой мал тоолуулсан. Гэтэл энэ нь 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 320 толгой болж буурсан. Үүнээс харахад малаа худалдан борлуулсан юм уу гэж харагдаж байгаа. Талийгаач С.*******ийг нас барсны дараа түүний дүү болох С. нь хамтран зээлдэгч болох Г.*******ийн утсаар надтай холбогдоод ахынхаа зээлийг төлж барагдуулна гэж хэлж байсан. Тийм учраас ******* талийгаачийн 49 хоногийг дуустал зээл, зээлийн хүүг төлүүлэх ажиллагааг хийгээгүй. Ингээд 49 хоног дууссаны дараа 8 сарын эхээр ******* хамтран зээлдэгчтэй хамт зээлдэгчийн ар гэрийнхэн ах дүү нартай нь очиж уулзахад ах дүү нар нь бид тусдаа амьдралтай, энэ хүн мал ахуйгаа худалдан борлуулсан, нядалсан нэг ч мал байхгүй. Та нар шийдвэрлүүлдэг газраараа шийдвэрлүүл гэж хэлсэн учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гол барьцаа нь мал байсан учраас бид малаар нь зээлийг нь төлүүлье гэхээр талийгаачийн дүү нь мал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Алдархаан сумын малчид болох , нараас энэ талаар тодруулахад мал байгаа болох нь тогтоогдсон. Мөн нэмж дурдахад зээлийн гэрээний 3.2.7-д заасан Иргэний хуульд заасан нөхцөл байдал үүссэн гэдэг нь зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн бусад төлбөрийг төлж барагдуулна гэсэн заалт байгаа учраас ******* хамтран зээлдэгч Г.*******өөс зээлийг төлж барагдуулахыг шаардаж байгаа. Мөн зээлийн гэрээний 3.2.10-т барьцааны зүйл нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр зээлийг барагдуулна гэж заасны дагуу талийгаачийн нэр дээр байгаа зээлийн барьцаанд байгаа мал, бусад хөрөнгөөр буюу бүрэн тавилгатай гэр, мотоцикл, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Шагж аваргын хэсгийн 7-758 тоотод бүртгэлтэй 800 метр газар зэрэг хөрөнгөөр зээлийг төлж барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд хамтран зээлдэгчээр зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. С.*******ийн дүү болох С. нь талийгаачийн малыг худалдан борлуулсан 3,830,000 төгрөгийг зээлийн төлбөрт өгөх боломжтой гэж байна. Тэгэхээр тухайн мөнгөн дүнг С.ээс гаргуулаад үлдэгдэл төлбөрийг хамтран зээлдэгч Г.*******өөс гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ ингэж шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл зээлийн төлбөрийг хамтран зээлдэгч Г.*******өөс гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Би С.*******ид зээл авч өгсөн нь үнэн. Гэхдээ би С.*******оос мөнгө төгрөг аваагүй. Мал ахуй авах гэсэн юм хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь л гарын үсэг зурчихсан юм. Бидэнд төрөл садны ямар нэг холбоо байхгүй. Найзуудын холбоотой байсан. Тухайн үед С.*******ийг өөрсдийнхөө дүү нараас гуйгаад гарын үсэг зуруулчих гэхэд намайг зураад өгөөч гэж гуйгаад байсан юм. Би талийгаач С.*******ийн дүү оо гэдгийг дуудаж байж талийгаачийн өрийг нь барагдуулах хүсэлтэй байна. Би тухайн зээлээс ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Талийгаач *******наас зээл аваад тэр мөнгөөрөө мал авсан юм байна лээ. Зээл авахаас өмнө мал авахаар ярьчхаад, зээлээ аваад, нөгөөдөр нь найзтайгаа явж малаа тууж ирсэн байсан. Би С.*******ийн өрийг барагдуулж чадахгүй. Би өөрөө ажил төрөлгүй, 2 нялх хүүхэд хардаг. С.ийг дуудаж байж талийгаачийн мал хөрөнгийг нь худалдан борлуулж зээлийг нь барагдуулах хүсэлтэй байна гэв.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

*******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******өөс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 22,500,693 үндсэн хүүгийн төлбөрт 1,166,078 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,550 нийт төлбөр 23,728,322 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 05-р сарын 20-ний өдрийн 60/03 тос зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө мөн зээлдэгч С.******* /*******/- өмчлөлийн нас барахаас өмнөх болон нас барсны дараах бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн лавлагааг холбогдох газар хэлтсүүдээс авч тус хөрөнгүүдээр мөн хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.591 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.    Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

...1. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. "*******ийн *******" ХК-ийн Завхан ******* болон С.*******, Г.******* нарын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл хамаарахгүй. Учир нь иргэд хоорондын зээл болон барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцааг хуулийн тус заалтаар зохицуулдаг. "*******ийн *******" ХК нь *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгч С.*******, хамтран зээлдэгч Г.******* нарт зээлдүүлж, зээлдэгч нар уг мөнгө хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээл олгох харилцаа үүссэн.

2. Шүүх "*******ийн *******" ХК-ийн Завхан *******ыг хамтран зээлдэгч Г.*******ийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулагдаагүй тул ******* шаардах эрхгүй, гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулагдаг үзэх боломжгүй талаар хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Зээлдэгч С.*******, хамтран зээлдэгч Г.******* нар нь "*******ийн *******" ХК-ийн Завхан *******тай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 60/03 тоот зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг /хорин таван сая/ 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн, уг зээлийн гэрээнд С.*******, Г.******* нар гарын үсэг зурсан. Мөн зээлдэгч С.*******, Г.******* нарын хэн аль нь зээл хүсэгчийн анкет бөглөж, шаардлагатай материалыг бүрдүүлж *******анд гаргаж өгсөн байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар уг хүсэл зоригоо бичгээр үйлдэн гарын үсэг зурсан тул мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч С.*******, хамтран зээлдэгч Г.******* нар гэрээний заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг *******ны өмнө хүлээжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд ******* зээлдэгч С.*******ийн данс руу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. 3. Шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүрэг дуусгавар болох тухай хуулийн дээрх зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн зээлдэгч С.******* нас барснаар түүний гүйцэтгэх үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарна. Зээлдэгч С.*******, Г.******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт "Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ" гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болно. Мөн Г.******* нь зээлийн гэрээний хувьд *******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт заасны дагуу хамтран зээлдэгч, 20.8 дахь хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч болно. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.7-д Иргэн хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулна гэх нөхцөлийг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Иймд ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн үзэмжээр хамтран үүрэг гүйцэтгэгч Г.*******өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч С.******* нас барсан гэх үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч Г.*******ийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хамтран зээлдэгч Г.*******ийн данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй гэх үндэслэлээр түүнд зээл төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 20 -ны өдөр 60/03 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 506 толгой хонь барьцаалсан. Үндсэн зээлдэгч С.******* нас барсан хэдий ч түүний 506 толгой мал байгаа талаар гэрч мэдүүлж байх тул түүний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

*******ийн *******ны Завхан *******аас С.*******, Г.******* нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.******* нас барсан тул хамтран зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцах ёстой гэж зээлийн төлбөрт 23.728.322 төгрөг төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...найз С.******* нь мал авах гэсэн юм, хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь гарын үсэг зурсан... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон боловч, маргааны үйл баримтад хамаарах хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, хүлээх үүргийн талаарх Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэл бүхий байна.

1.    Зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр С.*******той барьцаат зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлдүүлсэн ба гэрээнд хамтран зээлдэгчээр Г.******* гарын үсэг зуржээ. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ.

Барьцаат зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх, эдэлж үүрэг хүлээнэ 3.2.7-д зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох сураггүй алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарах бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж заасныг Г.******* хүлээн зөвшөөрч, С.*******той хамтран зээлдэгч болохоо илэрхийлж, гэрээнд гарын үсгээ зурсан, зээл авах зорилгоор шаардагдах баримт болох хүсэлтийг нэгэн адил бүрдүүлж өгснөөр зээл олгогдсон, зээлийн гэрээнд Г.******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээр байна.

Зээлдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хамтран зээлдэгч Г.*******өөс төлөгдөөгүй үлдсэн зээлийн өрийг буюу гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242-т ...Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн, үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээг үндэслэн хамтран зээлдэгчийг хариуцагч гэж үзэн, түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан, өөрийн шаардлагыг хариуцагч нараас хуваарилж шаардаагүй, үндсэн зээлдэгч нас барснаар Г.*******өөс гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь буруу биш бөгөөд Г.******* гэрээний дагуу хамтран үүрэг хүлээнэ.

*******наас зээл олгох гэрээгээр ******* буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд зээлийн мөнгийг С.*******ийн дансанд шилжүүлснээр ******* үүргээ биелүүлсэн, харин Г.*******ийн дансанд зээлийг шилжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Зээлдэгч нарын зөвшөөрснөөр зээлийг С.*******ийн дансанд шилжүүлсэн, Г.******* зээлийг аваагүй гэж маргаагүй, зөвхөн тэр зээлээс хэрэглээгүй гэх хариуцагчийн тайлбар, түүнийг хамтран үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх С.******* нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн, мөн Г.*******, *******ийн *******ны Завхан ******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, зээлдүүлэгч нь Г.*******ийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй учир зээлийн гэрээний үүргийг Г.*******өөс шаардах эрхгүй гэж Иргэний хуулийн 240, 281 дүгээр зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

  Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан... нөхцөлд үүрэг дуусгавар болохоор заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг нь үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгохоор байна.  

Гэтэл гэрээгээр зээлийг хамтран зээлдэгч нар аль аль нь хариуцахаар тохиролцсон, зээлдэгч нас барсан нь түүний оролцоогүйгээр зээлийн үлдэгдлийг төлөх боломжгүй гэх нөхцөл байдал үүсээгүй байхад, анхан шатны шүүх зээлийн энэ зохицуулалтыг буруу тайлбарлаж, гэрээ дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хамтран зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, түүнээс зээлийн гэрээний үлдэгдэл 23.728.322 төгрөгийг гаргуулж, *******ийн *******ны Завхан *******т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

2. Барьцаат хөрөнгө болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 Барьцаат зээлийн гэрээний 5.1.6 дахь хэсэгт ...Барьцаалуулагч нь зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуустал *******ны зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийг бусдад худалдах, шилжүүлэх, бэлэглэх, өвлүүлэх, давхар барьцаалах, ашиглалтын зөрчил гаргах, худал мэдээлэл өгөхийг хориглоно. Хэрэв барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол *******ны барьцааны эрх хэвээр хадгалагдан уг этгээдээс барьцааны зүйлийг ******* гаргуулан авахад саад учруулахгүй байх, 7.6-д Зээлдэгч барьцаагаар баталгаажсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд, барьцааны зүйлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн үл маргах журмаар барьцаалагчид шилжүүлнэ. Гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг хуулийн дагуу гэрээнд заасан үнээр захиран зарцуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж тус тус заажээ.

Барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл нь 506 толгой мал, зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг байх тул эдгээрээс үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд заасан журмын дагуу хангуулах боломжтой юм.

Харин үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн бусад хөрөнгөөс хангуулах нь үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан арга биш тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00492 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг баримтлан Г.*******өөс 23.728.322 төгрөгийг гаргуулж, *******ийн *******ны Завхан *******т олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******өөс 276.591 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан *******т олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 276.591 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн биелэлтийг барьцааны зүйл болох 506 толгой мал, зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг буюу /27.520.000 төгрөгний/ үнэлгээ бүхий барьцааны хөрөнгөөр хангуулж болохыг дурдсугай гэж өөрчилж, 3, 4 дугаарыг 4, 5 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ийн давж заалдах гомдлыг хангасугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.891 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ