Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2024/00001

 

*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2023/00889 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч Д.Галтогтох, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний төлөөлөгч В.Давааням нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ыг Дорнод аймгийн Прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...*******ийн ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.4, 28.1.3, 28.1.8-д заасныг тус тус зөрчсөний улмаас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг Хавиргын ганга гэх газарт байлдагч ******* нь өвс зөөвөрлөх ажил хийж байгаад Норд бенз маркийн ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс унаж амь нас нь хохирсон, өөрөөр хэлбэл ******* нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэмээн ******* тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Ингээд түүнд холбогдох хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанаар *******ыг гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэдэх Цагдан хорих байранд хоригдсон. ******* нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нартай гэрээ байгуулж, тэдний тусламжтайгаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гомдлыг хянан хэлэлцээд 2021/ДШМ/09 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн. Мөн *******т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, 63 хоног хоригдсоны дараа суллагдсан. Хэргийг прокурорт буцаасны дараа буюу 2021 оны 8 дугаар сард прокурор С.Алтай *******ыг дуудаж уулзаад таны хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бөгөөд ангийн захирагч Тогмиддүүмийг хэрэгт татах гэж байгаа гэж хэлсэн байсан. Гэхдээ *******ыг хэрэгт хамааралгүй тухай, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай огт мэдэгдээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон байсныг сүүлд мэдсэн. Хэрэгсэхгүй болгосон тогтоолыг албан ёсоор гардуулж өгөөгүй. ******* нь хууль бусаар шийтгүүлсэнтэй холбоотойгоор давж заалдах шатнаас хоёр өмгөөлөгч авч ажиллуулсан бөгөөд өмгөөлөгч Д.Галтогтохтой 4 500 000 төгрөгөөр, өмгөөлөгч В.Даваанямтай 3 000 000 төгрөгөөр тус тус гэрээ байгуулж өмгөөлүүлсэн. Иймд ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зүйн туслалцаа авахад төлсөн 7 500 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж *******, Х.Наранбаатар нар тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмгөөллийн зардалд 7 500 000 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 өмгөөлөгч авсан гэж тайлбар гаргадаг. Мөн байгуулсан гэрээний хуулбарыг хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн байгаа боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг хангалттай нотолсон гэж үзэхээргүй, эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Иймд мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 7 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,... шийдвэрлэжээ.

4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 өмгөөлөгч авсан гэх тайлбар гаргадаг, мөн байгуулсан гэрээний хуулбарыг хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн байгаа боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг хангалттай нотолсон гэж үзэхээргүй эргэлзээ төрүүлж байхад анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Миний хувьд тухайн эрүүгийн хэргээс өмгөөлөгч нартай байгуулсан гэрээг нь харах хүсэлтэй байгаа юм. Яг адилхан байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Улаанбаатар хотод хөлс төлсөн баримт нь зөрүүтэй хэд хэдэн тохиолдол гарч байсан учраас шалгуулахыг хүсч байгаа юм. Анхан шатны шүүхэд нотлох баримтыг харьцуулах хүсэлтийг гаргаж байсан ч хэрэгсэхгүй болгож байсан. Одоо нэг талаас төр оролцож байна. Монгол Улсын иргэнийг хилс хэрэгт холбогдуулж хохироосон үйлдлийг гаргасан байна. Бид буруугүй, мөнгөн төлбөрийг төлж барагдуулахгүй гэж улайрч байгаа зүйл биш, татвар төлөгч нарын төлсөн мөнгөөр төлдөг гэдгийг хэлэхийг хүсч байна. Өгөхөд татгалзах зүйлгүй. Гол нь эргэлзээгүй нэг мөр шийдвэрлэх хүсэлтийг л гаргаж байна. гэв.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай нөхөр өөрийн ямар ч гэм буруугүй асуудал дээр шалгагдаад 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Би энэ үед яахаа мэдэхгүй байсан. Тиймээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгч авч оролцсон. Хууль зүйн туслалцаа авсныхаа ачинд хэргийг хэрэгсэхгүй болгож миний нөхрийг цагаатгаж шийдвэрлэсэн. Бид хоёр хоёулаа төрийн албан хаагч нар учраас өмгөөлөгчийн хөлсийг нэг дор өгч чадаагүй. Хадгаламжаасаа өмгөөлөгчийг хөлсийг өгөхөөс гадна хүнээс мөнгө зээлж, үнэт эдлэлээ худалдах, барьцаанд тавих зэрэг аргаар мөнгөн төлбөрийг төлж барагдуулж байсан. Гэтэл өнөөдөр яагаад төлөөлөгч ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Баримт нь бүгд байгаа. Өөр надаас ямар баримт нэхээд байгааг ойлгохгүй байна. гэв.

6. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан тайлбартаа: ... Эрүүгийн хэрэгт зарим тохиолдолд гэрээг өгдөг. Гэхдээ бид хэзээ ч үнийн дүнтэй гэрээг өгдөггүй. Энэ бол хувь хүний эдийн засаг, хувийн нууцтай холбоотой асуудал юм. Өгсөн хүн нь хэдэн төгрөг өгснөө илэрхийлж байна, авсан хүн нь ч гэсэн хэдэн төгрөг авснаа илэрхийлж байна. Мөнгөн төлбөр төлсөн баримт ч гэсэн тодорхой байгаа. Хоёр өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон баримт нь байна. Бид өөрөөр яаж нотлох ёстой юм бэ? Өнөөдөр төлбөрийг татвар төлөгч нарын мөнгөөр төлнө гэж ярьж байна. Гэтэл нэг талд нь ямар ч гэм буруугүй иргэн 63 хоног хилс хэрэгт гүтгэгдээд хоригдоод явж, иргэний сэтгэл зүйг бодолцох ёстой. Төр мөнгө өгөхөд хэцүү байгаа бол өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулж авах ёстой. Ингэснээр цаашлаад хилс хэрэгт хэлмэгдүүлэхгүй байхад хүртэл нөлөөлнө. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гуравдагч этгээдийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Дорнод аймгийн Прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... ******* тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Ингээд *******ыг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нартай гэрээ байгуулж, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/09 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорын газарт буцааж, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. ******* нь хууль бусаар шийтгүүлсэнтэй холбоотойгоор давж заалдах шатнаас хоёр өмгөөлөгч авч ажиллуулсан бөгөөд өмгөөлөгч Д.Галтогтохтой 4 500 000 төгрөгөөр, өмгөөлөгч В.Даваанямтай 3 000 000 төгрөгөөр тус тус гэрээ байгуулж өмгөөлүүлсэн. Иймд ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зүйн туслалцаа авахад төлсөн 7 500 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: Нэхэмжлэгч нь өмгөөллийн зардалд 7 500 000 төгрөг нэхэмжилжээ. ... Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 өмгөөлөгч авсан гэж тайлбар гаргадаг. Мөн өмгөөлөгч нартай байгуулсан гэрээний хуулбарыг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар хавсаргасан эсэх нь тодорхойгүй байна, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон гэрээгээ ирүүлсэн байгаа боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг хангалттай нотолсон гэж үзэхээргүй, эргэлзээ төрүүлж байна. гэж тайлбар гарган маргадаг.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар Дорнод аймгийн Прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлах арга хэмжээг авсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолоор *******т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/09 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан, Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/03 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай үйл баримтууд тогтоогдсон байна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах талаар зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхээс 2 өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулсан гэж өмгөөлөгч нартай хийсэн гэрээгээ хэрэгт хавсаргасан байгаа боловч уг гэрээг эрүүгийн хэрэгтээ хавсаргасан эсэх нь тодорхойгүй байсан учраас эрүүгийн хэргээс уг гэрээг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. ... өмгөөлөгч нарт тухайн төлбөрийг төлсөн гэх хангалттай баримт байхгүй, эргэлзээ төрүүлж байна ... иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгч, прокурор, мөрдөгч нь өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардахыг хориглоно. гэж зааснаас үзвэл өмгөөлөгч нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг Эрүүгийн хэрэгт заавал хавсаргасан байхыг шаардахгүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч нартай байгуулсан гэрээг хавсаргасан эсэхийг шалгуулах, гэрээг нотлох баримтаар иргэний хэрэгт хавсаргах тухай хүсэлтийг анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн хангахаас татгалзан, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан, /хх 35/ уг гэрээг байгуулахдаа өмгөөлөгч В.Даваанямд урьдчилгаа 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, *******гийн Хаан банкны данснаас өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын Хаан банкны данс руу 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 6 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн /хх 13-17/ болох нь нотлогдож байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн ... өмгөөлөгч нарт тухайн мөнгийг өгсөн гэдэг нь эргэлзээтэй гэх татгалзал няцаагдаж байна.

9. Иймд дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 сарын 18-ны өдрийн 138/ШШ2023/00889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД  О.БААТАРСҮХ

Г.УРТНАСАН