Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 03 210/МА2024/00055

 

 

Г.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02919 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.Нэ

Хариуцагч: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслүүлсний төлбөр 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ы, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч Г.Нийн талийгаач нөхөр Н.А нь гэр бүлийн дундын өмч болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00/0 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө тавилгатай орон сууцыг, дулаан зогсоолын хамт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ээр Б.Цт сарын 2,000,000 төгрөгөөр, 3 жилийн хугацаатайгаар буюу 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хөлслүүлсэн.

1.2 Н.А нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр түүний эхнэр буюу нэхэмжлэгч Г.Нэ нь хөлслүүлсэн орон сууцандаа очиход хөлслөх гэрээ байгуулсан Б.Ц биш, хариуцагч Б.Б нь гэр бүлээрээ тухайн орон сууцаныг хөлслөн амьдарч байсан.

Тухайн үед нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц түрээсийн гэрээ дууссаныг сануулахад хариуцагч нь гэрээг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төлбөрийг бөөнд нь төлөхөө мэдэгдэж байсан. Гэтэл түүнээс хойш орон сууц хөлслөх төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч удаа дараа орон сууц хөлслүүлсэн төлбөрөө шаардаж, гуйсны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчтай биечлэн уулзахад 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгөх, мөн хуримтлагдсан төлбөрийг төлөхөөр хариуцагч нь бичгээр амлалт гаргаж үүрэг хүлээсэн.

1.3 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлсөлсний төлбөр 42,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны дотор төлнө. Үлдэгдэл дүнг нь тооцоогоо эргэж нягтлаад шийдвэрлэе гэсэн боловч төлөөгүй. Улмаар нэхэмжлэгч шаардсаны дагуу хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцнаас нүүж гарсан.

1.4 Хариуцагч нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчийн өмнө орон сууц хөлслөх төлбөрийн үүрэг хүлээсэн болохоо илэрхийлсэн. Иймд хариуцагчаас орон сууц хөлсөлсний төлбөр нийт 42,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулсан түрээслэгч талаас түрээсийн төлбөрөө нэхэмжлэх атал надаас түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т заасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд түрээслүүлэгч тал болох Н.Аыг таньж, мэддэг байсан тул талуудыг гэрээ байгуулахад хамт байлцсан.

2.2 Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой Чингэлтэй дүүргийн шүүхээс ...нэхэмжлэгч тал н.Цтэй түрээсийн гэрээг байгуулсан байтал Быг хариуцагчаар тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй... гэж үзэж, шүүгчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 182/Ш32022/13698 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

2.3 Түрээслүүлэгч талыг таньж, мэддэг тул түрээслэгч талыг төлөөлж уулзалт, асуудлыг шийдвэрлэх талаар харилцан ярилцаж байсан боловч нэхэмжлэгч нь энэ асуудлаар огт шийдвэрлэх сонирхолгүй, удаа дараа үндэслэлгүй гомдол гаргасаар өнөөдрийг хүрсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэлийг буцааж хэргийг, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.Баас 42,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 367,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нэд олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэрт Б.Ц, Н.А нарын хооронд орон сууц хөлслөх гэрээг байгуулагдаагүй гэж үзсэн атлаа орон сууц хөлслөх гэрээг Б.Ц, Н.А нарын хооронд байгуулагдсан гэж харилцан өөрөөр дүгнэсэн нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан баримтаар Б.Ц, Н.А нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу Н.А нь орон сууцыг Б.Цт хүлээлгэн өгсөн. Б.Ц нь өөрийн хүлээн авсан орон сууцандаа Б.Быг амьдруулсан үйл баримт тогтоогдсон. Гэтэл шүүх талуудын хооронд орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа тохиолдолд Н.Аыг нас барахаас өмнө орон сууцыг Б.Цт хүлээлгэн өгсөн байсан үйл баримтыг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй байна.

4.2 Орон сууц хөлслөх гэрээг Б.Ц, Н.А нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэж байгаа тохиолдолд Г.Нэ нь Н.Аыг нас барснаас хойш Б.Бтай гэрээг дахин шинээр байгуулсан гэж үзэж байгаа эсэх, эсхүл Б.Ц, Н.А нарын хооронд үүссэн үүргийг шаардаж байгаа эсэх нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд зааснаар орон сууц хөлсөлсний төлбөрийг амьдарсан этгээд бус харин тус гэрээг байгуулсан хөлслөгч төлөх үүрэгтэй талаар тодорхой заасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Орон сууц хөлслөх гэрээг байгуулсан этгээд өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан орон сууцанд өөрөө амьдрах, эсхүл бусдыг амьдруулах нь түүний эрх.

4.3 Өвлөгч эд хөрөнгө буюу орон сууцыг өвөлсөн бөгөөд харин өвөлсөн хөрөнгийг хөлслүүлсэн төлбөрийг шаардах эрхийг өвлөөгүй. Хөлслүүлэгч нас барсны дараа Г.Нэ нь талийгаачийн байгуулсан гэрээний нөхцөл болон талууд өөрчлөгдөөгүй бөгөөд өв хүлээн авахаас нааш өөрчлөх ч боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний нэг тал гэж үзэх боломжгүй тул шаардах эрхгүй.

4.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, түүний эзгүйд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн хүсэлтээр Б.Бын төрсөн эгч Б.Цтэй орон сууц түрээслэх гэрээг Н.Атой байгуулсан. Гэвч бодит нөхцөл байдалд Б.Б нь тухайн орон сууцыг түрээсэлж байсан. Мөн орон сууц түрээсийн төлбөр, СӨХ-ны төлбөр, цахилгаан, дулааны төлбөр, ус ашиглалтын төлбөр зэргийг Б.Б эхнэрийн хамт төлж байсан. Орон сууцны интернет болон кабелын төлбөрийг хариуцагч талаас төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

5.2 Б.Б нь Г.Нэтэй утсаар болон мессежээр, вайбер зэргээр харилцаж, орон сууцны төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байсан. Б.Ц нь тухайн орон сууцанд амьдарч байгаагүй бөгөөд орон сууцны түрээсийн төлбөрийг төлсөн гэх баримт байхгүй. Мөн тухайн орон сууцны түрээсийн төлбөртэй холбоотой асуудлаар Г.Нэтэй холбогдож байгаагүй. Б.Б нь талийгаач Н.Атой орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Мөн орон сууц хөлслүүлэх эрх зүйн харилцаанд Н.А оролцсон. Уг хэрэг маргаан үүсэхээс өмнө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт Б.Бт холбогдуулж залилах гэмт хэрэг үүссэн. Мөн тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөх төлбөртэй гэдгээ илэрхийлсэн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүрэг хүлээнэ гэж зохицуулсан. Тухайн орон сууцыг өвлөн авсантай холбогдуулан хууль ёсны дагуу шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Цийн гаргасан тайлбарыг нотолж чадаагүй тул үндэслэлгүй байна.

5.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь албан томилолтоор удаа дараа хөдөө орон нутаг руу явсан болон гадаадад ажиллаж байгаа гэх 3 албан бичгээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаан болохоос 1 цагийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөө орон нутаг руу албан томилолтоор явсан гэх хүсэлт ирүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн хүсэлттэй танилцахад нотлох баримтын шаардлага хангаагүй байсан учраас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хариуцагч талын гаргасан тайлбар болон давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Нэ нь хариуцагч Б.Бт холбогдуулан орон сууц хөлслүүлсний төлбөр 42,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний үүрэг үүссэн эсэх, нэхэмжлэгч хөлс шаардах эрхтэй буюу хариуцагч хөлс төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Хэргийн үйл баримтын талаар:

4.1 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар маргааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00/0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 138.3 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.А, Э.Т, Э.Й, Г.Нэ нар улсын бүртгэлд бүртгэлтэй. /1 хх-15/

4.2 Дээрх орон сууцны өмчлөгчдийн нэг болох Н.А 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. /1 хх-11 талын арын нүүр/

4.3 Тухайн орон сууцнаас Н.Ат ногдох хэсгийг Э.Т, Э.Й, Г.Нэ нар өвлөсөн ба тэдэнд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0027 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. /1 хх-11/

4.4 Уг орон сууцыг хариуцагч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сар хүртэл эзэмшиж, ашиглаж байсан.

5. Анхан шатны шүүх талуудын харилцсан мессежийг үндэслэн тэдний хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь зөв. Учир нь, мессежинд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчид хөлслүүлж байгаа, хариуцагч хөлсийг төлж байсан, мөн хариуцагч нь орон сууц хөлсөлсөн үлдэх төлбөрийг төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал илэрсэн байна. /1 хх111-148/ Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх тул талуудыг бодит үйлдлээр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хариуцагч нь тухайн орон сууцыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласан тул уг хугацааны төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

6.1 Орон сууц хөлслөх гэрээний гол нөхцөлийн нэг нь хөлсний хэмжээ байдаг. Талуудын харилцсан мессежинд хийсэн үзлэгээр хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд орон сууц хөлслөх төлбөрийн хэмжээг 3 сар тутамд 6,000,000 төгрөг буюу 1 сарын 2,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн авсан байна. /1 хх-127/ Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн хөлс төлөх үүргийг анхан шатны шүүх 42,000,000 төгрөгөөр тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.

6.2 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь тухайн орон сууцны Н.Ат ногдох хэсгийг өвлөсөн тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар орон сууцтай холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан Б.Ц болон Н.А нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэх Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс шүүх үнэлэх боломжгүй боловч хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь дээр дурдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас орон сууц хөлсөлсний төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгахгүй. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тайлбар, татгалзал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өвлөсөн хөрөнгийг хөлслүүлсэн төлбөрийг шаардах эрхийг өвлөөгүй байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг ...хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байна гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. /1 хх244/ Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ2023/13112 дугаар захирамжаар хүсэлтийг ...хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН