Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00056

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 03 210/МА2024/00056

 

 

Н.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02839 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.О

Хариуцагч: Э.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Х, Зам гудамж, 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н.О нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Х, Зам гудамж, 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд Э.Х нь тус орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр оршин суусаар байх тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Хын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Х, Зам гудамж, 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагчийн хууль бус эзэмшил болон нэхэмжлэгч тухайн орон сууцыг хэрхэн өөрийн өмчлөл болгосон үйл баримтыг шүүх тогтоогоогүй.

4.2 Шүүх хуралдааныг товыг надад мэдэгдээгүй.

4.3 Тухайн орон сууцыг бусдад хууль бусаар шилжүүлсэн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэрэв шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бол холбогдох баримтыг гаргаж өгөх боломжтой байнсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхээс Э.Хыг ямар үндэслэлээр тухайн орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан болохыг тодруулаагүй гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдолд дурдсан агуулгаа тайлбарлаагүй, тухайн үйл баримттай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

5.2 Хариуцагч 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Э.Хаас Т.Мад итгэмжлэл олгосон. Тухайн итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцаж, нэхэмжлэлийг гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариу тайлбар гаргаж өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг хянан шийдвэрлэсэн. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргасан. Мөн хариуцагч хэргийн материалтай танилцаагүй байгаа учраас хариуцагчийн эрхийг эдлүүлж шүүх хуралдааныг хойшлуулсан. Тухайн шүүх хуралдаанаас хойш хариуцагч Э.Хт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Уг нөхцөл байдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцсэн гэж үзэж байна.

Цагдаагийн байгууллагад уг хэрэг маргаантай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа гэх нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь анхан шатны шүүхээр уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байх үед тухайн нотлох баримт байгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй гэж үзсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Э.Хт холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Х, Зам гудамж, 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Х нь Т.Мад төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-10/ Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн 9918-2028 дугаар утсаар мэдэгдсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн утасны дугаарыг 9910-3807 гэж мэдүүлсэн байна. Учир нь, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа өөрийн биеэр оролцоогүй байхад түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх нь буруу. Нөгөөтэйгүүр, шүүгчийн туслахын утсаар ярьсан тухай тэмдэглэлд хариуцагчид шүүх хуралдааны товыг хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй байна. /хх-33/

4. Шүүх хуралдааны товыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй байх тул түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02839 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН