Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2023/00126

 

 

 

 

 

2023 11 20 212/МА2023/00126

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00788 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****оршин суух А.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /дарга С.Х/, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Л/-т холбогдох,

 

“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найман/ төгрөг гаргуулах тухай” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Л, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Нэхэмжлэгч А.Б- нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Уужим амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар нийтдээ улсад 5 жил 4 сар улсын төсөвт байгууллагад ажилласан.

1.2. Нэхэмжлэгч А.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Анх Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Б-д өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн хэмжээг 13,200,000 төгрөгөөр тогтоож өгөхийг хүсэж, уг саналыг аймгийн Боловсролын газарт уламжилсан. Гэтэл аймгийн Боловсролын газар нь А.Б-д 9,400,032 төгрөгийн тэтгэмж өгч үлдсэн, 3799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон байна. Уг 3,799,988 төгрөг нь А.Б-ийн Сагсай сумын Уужим амралтын газар болон Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сард ноогдох хугацааны тэтгэмж юм.

1.3. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Б-ийн Сагсай Уужим амралтын газар болон Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан. Бодит байдал дээр, 1990-ээд оноос өмнө хувийн байгууллага гэж байхгүй ба амралтын газар, худалдаа бэлтгэл анги нь улсаас санхүүжүүлдэг төсөвт байгууллага учраас А.Б-д төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг авах эрх үүссэн гэж үзэж байна.

1.4. Иймд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3799968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож өгнө үү.

 

2. Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны газрын хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч А.Б- нь 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сагсай сумын Уужим Пионерын лагерьд үйлчлэгчээр 3 сар, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 5 жил 1 сар, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 12 жил, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулж, баталгаажуулсан байна.

2.2. Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2 болон 3.1.4 дэх заалт мөн заалтын тайлбар болон Хөдөлмөрийн Нийгмийн Хамгааллын Яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №3/439 тоот албан бичигт мөн Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас манайд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 тоот албан бичигт тус тус 1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн байна.

2.3. А.Б-ийн 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Пионерын лагерьд үйлчлэгчээр ажилласан 3 сар болон 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан 5 жил 1 сар болох нийт 5 жил 1 сар төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй болно.

2.4. Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолыг үндэслэж олгосон. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцуулж, баталгаажуулсан 3 жил 7 сар мөн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилласан 12 жил нийт төрийн алба хаасан хугацааг нь 15 жилээр тооцож нийт 9,434,850 төгрөгийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн хуулийн заалтын хүрээнд манай цэцэрлэгт өндөр насны тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж манай байгууллагын дансанд орж ирээгүй тул манайх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.

3.2. Төсвийн төлөвлөгөө хийх үед 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсний дагуу бид Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын дагуу материалыг бүрдүүлж нэхэмжлэгч А.Б-ийн ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг харж тэтгэмжийн хугацааг тогтоож хүргүүлсэн. Үүнийг Баян-Өлгий аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн хянаж 2023 оны төсвийн төсөл явуулдаг юм. Иймд энэ гарсан зөрчил нь төрийн албан мөн биш дээр маргаж байгаа нь манай цэцэрлэгт хамааралгүй болно.

3.3. Баян-Өлгий аймгийн төрийн сан хянасан 2023 оны төсөвт суугдаж Баян-Өлгий аймгийн боловсролын газарт уламжилсныг хянан баталгаажуулан Боловсролын газрын төсөвт 13200000 төгрөг ирсэн. Энэ асуудлыг Баян-Өлгий аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газар, Төрийн сангийн мэргэжилтэн нар хариуцна. Хэрэв хуульд нийцэхгүй бол буцаах байсан. Энэ нь тусгай мэргэжил шаардсан ажил учир манай байгуулгаад ямар ч хамааралгүй байна. Манай хариуцах асуудал биш байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00788 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар болон хамтран хариуцагч Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1.Анхан шатны шүүх А.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдох тэтгэмжийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

5.2. А.Б- нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Уужим” амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ыг дуустал үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар нийт улсад 5 жил, 4 сар улсын төсөвт байгууллагад ажилласан. А.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Б-д өндөр насны тэтгэвэр гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн хэмжээг 13,200,000 төгрөгөөр тооцон олгож өгөхийг хүсэж, аймгийн Боловсролын газарт саналаа уламжилсан. Гэтэл аймгийн Боловсролын газар нь А.Б-д 9.400.032 төгрөгийн тэтгэмжийг өгч үлдсэн 3,799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон байна. Уг 3,799,988 төгрөг нь А.Б-ийн Сагсай сумын Уужим амралтын газар, сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил, 4 сард ноогдох хугацааны тэтгэмж юм. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Б-ийн Сагсай сумын Уужим амралтын газар болон Худалдаа бэлтгэл ангид ажилласан 5 жил, 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд тооцохоор татгалзан тушаал гаргасан байна.

5.3. Ажилтан А.Б-д 13,263,369 төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг тус аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс Боловсролын яаманд хүргүүлсэн жагсаалт, Боловсролын яамнаас аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэс, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлсэн жагсаалтаар тэрээр өндөр насны тэтгэвэрт гарахад 13.263.369 төгрөгийн тэтгэмжийг авах эрхтэй болох нь нотлогдож байна.

5.4. Анхан шатны шүүх хуралдааны төгсгөлд шүүгч А.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг тайлбарлахдаа А.Б- нь 3,799,988 төгрөг дутуу авсан гэдгийг шүүхийн өмнө нотолж чадаагүй, хамтран хариуцагч Буянт сумын цэцэрлэгт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан боловч шүүхийн шийдвэр бичмэлээр гарах үед өөр утгатай дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 130\ШШ2023\00788 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч А.Б- нь тус аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 3.799.968 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ “Сагсай сумын Уужим амралтын газар болон Худалдаа бэлтгэлийн ангид 5 жил, 4 сарыг төрийн албанд ажилласан нийт жилд оруулан тооцоогүй” гэж тайлбарлажээ.

Хариуцагч байгууллага мөн энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд тайлбартаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 6/2848 дугаар, 2020 оны б/439 дугаар албан бичгүүд, нэг удаагийн буцалтгүй тусламжийн тооцоог хийсэн тухай тус байгууллагын нягтлан бодогч Н.М-ын үйлдсэн хүснэгтээс гадна /давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр магадлал гарч, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлэх үед/ Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/22 дугаар тушаалыг түүний хавсралтын хамт шүүхэд гаргаж өгчээ.

 

8. Нэхэмжлэгч А.Б-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлээс үзвэл тэрээр захиргааны байгууллага, түүний албан тушаалтан буюу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, түүний даргын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/22 дугаар тушаалтай холбогдуулж нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.2-т “...төрийн албанд ажилласан нийт жилийн тоо...” гэж заасныг үндэслэн маргасан байх ба талуудын хооронд эд хөрөнгийн шинжтэй буюу эдийн ба эдийн бус баялагтай холбоотой хувийн эрх зүйн маргаан үүсээгүй байна.

 

А.Б- нь Баян-Өлгий аймгийн хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй, өөр байгууллагад ажиллаж байсан тул түүний энэ маргааныг хөдөлмөрлөхтэй холбоотой ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзэхгүй; тэрээр Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан боловч түүнд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллага нь бус Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын тушаалаар дутуу олгосон гэх, дээр дурдсан нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгосон субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзсэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгч А.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн боловч түүний Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу олгогдох тэтгэмжийн мөнгийг Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/22 дугаар тушаалаар 9.434.850 төгрөг олгож, 3.799.968 төгрөгийн тэтгэмжийг дутуу олгосон буюу “...төрийн албанд ажилласан нийт жилийн тоо...”-г буруу тооцсон гэх агуулгатай захиргааны байгууллага буюу албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

10. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтад “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэж заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журам зөрчсөн тул  мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн ... 65.1.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн А.Б-ийн Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан гаргасан “төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 3.799.968 төгрөгийг дутуу олгосон” гэх нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлал болон нэхэмжлэгчийн хүсэлт, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцсон Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан “А.Б-ийн ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэж тэтгэмжийн хугацааг тогтоож, аймгийн төрийн санд хүргүүлсэн. Аймгийн төрийн сан хянаж, 2023 оны төсвийн төсөлд тусгуулсан. Түүний нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө Боловсролын газрын төсөвт 13200000 төгрөгөөр орсон. Энэ асуудлыг Баян-Өлгий аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газар, Төрийн сангийн мэргэжилтэн нар хариуцна, манай байгууллага хариуцахгүй” гэсэн агуулгатай хариу тайлбар хэрэгт цугларсан А.Б-ийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллагаас нь тооцож, төсвийн төсөлд тусгуулахаар санал болгосон хүснэгт, албан бичиг /хх-126, 143, 147,  15.227.761 төгрөг/, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох албан хаагчдын үндсэн цалингийн тооцоолол /хх-137, 13,263,369 төгрөг/, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэдийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн жагсаалт /хх-138, 13.263.369 төгрөг/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдсон тул А.Б-ийн төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 3.799.968 төгрөгийг тус хүүхдийн цэцэрлэг хариуцахгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

            12. А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдол тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд дээр дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Б-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан гаргасан нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК