Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0381

 

“Ө о” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор “Ө о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “ “Ө о” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө о” ХХК-ийн 7162Х ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:“...Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “нэхэмжлэгчид захиргааны байгууллагаас үүрэг даалгавар ногдуулж, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нэмэлт материал шаардсан. Уг үүргийг гүйцэтгэж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн. Тухайн үүргийг гүйцэтгэхэд цаг хугацааны хувьд хугацаа их шаардах байсан талаар Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч гэрчийн мэдүүлэг өгч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрийг гүйцэтгэхэд хугацаа их орсон талаар тайлбар баримтыг гарган өгсөн” гэдэг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн хугацаа хожимдуулж бүртгэл хийсэн нь нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ. Гэтэл уг бүртгэл нь бидний хуулийн дагуу эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг дуусгавар болгон бүртгэсэн, хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, А зөвшөөрөл болгох эрхийг хязгаарласан сөрөг үр дагавар бүхий акт байдаг. Бид тухайн бүртгэлтэй холбоотой маргаж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байхад үүнд дүгнэлт хийгээгүй. Захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд үүрэг даалгавар өгөөд түүнийг нь хэдий хугацаанд хэрхэн гүйцэтгэх хуулийн хугацаа байхгүй байхад үүнд зөвхөн нэхэмжлэгч талыг буруутган Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д заасан хугацаа нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн мэтээр үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ихэвчлэн болсон үйл баримтын талаарх асуудлыг бичсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн хариу тайлбарт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ө о” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Тус компанийн 7162 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө о” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Тодруулбал,

Тухайн үед хүчин төгөлдөр байсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах” гэж зааснаар нэхэмжлэгч “Ө о” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болохоор байх бөгөөд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, эсхүл тухайн үеийн хуулийн зохицуулалтаар ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтээ гаргах боломжтой байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 /тухайн үед хүчинтэй байсан/-д “хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож, түүний нөөцийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, энэ шаардлагыг хангасан тохиолдолд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны хугацаа тоолох, гэрээ байгуулах үйл ажиллагаа эхлэхийг хууль тогтоогч шаардсан.

Гэтэл ашигт малтмалын ордын нөөцийг бүртгүүлэх үүргээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хэрэгжүүлээгүй, хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө буюу 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандаж хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх бөгөөд шинжээчээр томилогдсон О.Ч нь ...судалгааг бүрэн хэмжээнд хийж нөөцийг тооцон бодох шаардлагатай, нөөцийн тооцоотой тайланг дахин танилцуулахыг зөвлөж буцаасныг захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид үүрэг даалгавар ногдуулсан, хуульд зааснаар нэмэлт материал шаардсан гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө боломжит хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа өгөх, нөөцөө тогтоолгох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй атлаа “захиргааны байгууллагаас үүрэг өгсөн, үүргийг гүйцэтгэхэд их хугацаа шаардлагатай байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад дуусгавар болгож бүртгэсэн” гэж захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй, хуулийн хугацаа өөрөө аяндаа дуусгавар болсон байхад үүнийг хүчингүй болгох ойлголт байхгүй, “Ө о” ХХК-ийн  тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа бүртгэл хийгдсэн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бус 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

Харин шүүхийн шийдвэрт сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх боломжгүй талаар хийсэн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасантай нийцээгүй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА 

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН