Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00955

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00533 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 969 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Хд холбогдох,

Хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 2 450 000 төгрөг, эм тарианы зардал 364 694 төгрөг, унаа тээврийн зардал 651 600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 150 000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 6 сарын хугацааны олох байсан орлого 1 152 000 төгрөг нийт 7 768 294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өнөрзаяагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Технологийн дээд сургуулийн Max махан бүтээгдэхүүний ангийн 3 дугаар дамжаанд суралцдаг. Зуны амралтаараа хичээлийн бэлтгэлээ хангах, мөн өөрийн мэргэжлийн чиглэлээр дадлагажих зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 10-нд “Хүчит шонхор" захын мax машинддаг цехэд ажилд орсон. Ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба нийгмийн даатгал төлдөггүй байсан. Цалинг амаар харилцан тохиролцож 400 000 төгрөгөөр цалинжиж байсан. Ажилд орсон өдөр тус цехийн захирал Б.Х надад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулсан. Түүний дараа 7 дугаар сард дахин нэг удаа, 08 дугаар сард намайг гэмтэхээс 5-6 хоногийн өмнө 3 дахь удаагаа танилцуулж гарын үсэг зуруулсан. 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би ажлын байран дээрээ 20 кг мах машиндаж байгаад машины ар талаар мах унахаар нь машиныг унтраачихаад авах гэж байтал гэнэт махны машин ажиллаж, моторын реминд гар хавчуулагдан осолд орж, баруун гараа гэмтээсэн. Гарын долоовор хуруу 1 дүгээр үеэр тасарч, дунд хуруу, ядам хуруу гэмтэж, гарын ар ярагдаж судаснууд тасарч гэмтсэн. Миний бие гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтэн эмчлүүлж гуяны арьснаасаа авахуулж гэмтсэн гарынхаа арьсыг нөхүүлсэн. Уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон. Шинжээч эмчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтмол 10 хувиар нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан.

Уг ослыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ажил олгогч Б.Х нь байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, махны машиныг ажиллуулах гэрчилгээ зөвшөөрлийг аваагүй, бүрэн бус машинаар ажил гүйцэтгүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болсон. Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувь тогтмол нөлөөлөх нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Б.Хгаас 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 2 450 000 төгрөг, эм тарианы зардалд 364 694 төгрөг, тээврийн зардал 651 600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 150 000 төгрөг, гэмтлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учраас 6 сарын хугацаанд ажил хийсэн бол олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 1 152 000 төгрөг, нийт 7 768 294 төгрөгийг Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагууд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагчийг ямар гэм буруутай гэж үзээд хохирол шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэр бичигдээгүй, хэнтэй гэрээ байгуулсан нь тодорхой биш байна. Нэхэмжлэгч зуны амралтаараа ажиллаж байхдаа осолд орсон байгаа. Талууд хөдөлмөрийн харилцаанд ороогүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн байсан. Эм, эмчилгээний материал авсан талаарх баримтууд ямар ч тамга тэмдэггүй байна. Мөн эмчийн үзлэг дээр 80 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно гэсэн боловч үүнийг эмч биш арга зүйч хүн гаргасан байгаа. Мөн эмчилгээ хийлгэсэн үйл баримтыг дурдсан зүйл байхгүй байна. Жолоочтой гэрээ байгуулаад хүргүүлж, 651 600 төгрөгийн зардал гарсан гэж байгаа боловч жолоочийн үнэмлэх, гэрчилгээ нь байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч нь 2 000 000 төгрөгийн хөлс авсан гээд эрүүгийн хавтаст хэргээс хуулбар үнэн тэмдэг даруулсан байна. Үүнд зөвхөн өмгөөлөгчийн дардас л дарсан байгаа юм. Үүнийг нөхөөд хийсэн байж болзошгүй мэт харагдаж байна. Ажил хийсэн бол олох ёстой байсан орлого гэж 1 152 000 төгрөг нэхэмжилснийг Б.Х төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00533 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.4, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Б.Хгаас нөхөн төлбөр, хохирол нийт 7 768 294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бгаас 98 988 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 969 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 227 дугаар зүйлийн 227.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Хгаас 1 516 694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 251 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1…” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж, “… оруулсугай.” гэснийг, “оруулж, хариуцагч Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 39 217 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 900 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 969 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/00533 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч ИХШХШТухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа өмгөөлөгчийн зардалд төлсөн 3 150 000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас нэхэмжилсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч өөрийн эдлэх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх нь түүний хүсэл зоригийн асуудал бөгөөд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, түүнд ажлын хөлс 3 150 000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зардал нь нэхэмжлэгчээс зайлшгүй гарах хохирол төлбөрт хамаарахгүй юм” гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөллийн хөлс нь эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч байгаа бодит хохирол мөн тул шаардах эрхтэй юм. Хэрэв ажил олгогч үйлдвэрлэлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж ажилласан бол уг осол гарч ажилтан Цагдаа болон шүүхэд хандах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан. Хэрэв шүүхэд дээрх практик тогтох юм бол эрх нь зөрчигдсөн иргэнийхээ шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, мэргэжлийн хүнээс хууль зүйн туслалцаа авах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан бүдүүлэг жишиг болох юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 969 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 3 150 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт байгаа баримтад тулгуурлаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч хохирлын хэмжээг бүрэн дүгнэж чадаагүй байна.

Б.Б нь Б.Хгаас 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 2 450 000 төгрөг, эм тарианы мөнгө 364 694 төгрөг, унаа тээврийн зардал 651 600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 150 000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 6 сарын хугацаанд олох байсан орлого 1 152 000 нийт 7 768 294 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан  ба хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн актаас үзвэл Б.Б нь Б.Хгийн мах машиндах цехэд ажиллаж байхдаа машинд гараа гэмтээж, хүндэвтэр гэмтэл учирсан, ослын шалтгаан нь машин механизм тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй хариуцагчийн гэм буруутай байдал тогтоогджээ. Мөн Б.Хг ажил олгогчийн үүргийг зөрчиж, бүрэн бус машинаар ажил гүйцэтгүүлснээс Б.Бд хүндэвтэр гэмтэл учирсан,  Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр Прокуорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, ажил олгогч шууд хариуцна гэж заажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...махны машин гэнэт ажилладаг байсан ...энэ талаар Б.Хд хэлж байсан” гэж, “...прокурорын тогтоолд бүрэн бус тоног төхөөрөмж ажиллуулсны улмаас Б.Бд хүндэвтэр гэмтэл учирсан гэж буруутгасан баримтууд байхад хариуцагчийг гэм буруугүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоход үйлдвэрлэлийн ослын улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь, хэмжээ, хугацаа тогтоогдсон байхыг шаардана. Нэхэмжлэгчийн зүгээс үйлдвэрлэлийн ослын актыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг ослоос шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь, хэмжээ, хугацааг Эмнэлэгийн магадлах комиссоор тогтоолгоогүй тул хоёр шатны шүүх нөхөн төлбөр 2 450 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаагүй нь үндэслэлтэй байна.

Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж учирсан гэмтлийн эмчилгээнд нэхэмжлэгч нь 364 694 төгрөг зарцуулсан, ажилгүй байсан 6 сарын хугацааны олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 1 152 000 төгрөг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хангасан нь үндэслэлтэй боловч өмгөөлөгчийн хөлсийг зайлшгүй зардал биш гэж үзсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан агуулгад нийцээгүй гэж үзнэ. Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нь иргэний хэрэгт өмгөөлөгчийн туслалцаа авсан, гэрээ байгуулсан, 1 200 000 төгрөгийн хөлсийг гэрээний дагуу өгсөн нь баримтаар тогтоогдсон байна. Харин эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг төлсөн баримт байх боловч өмгөөлөгч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон эсэх нь тодорхой бусаас гадна өмгөөллийн хөлсийг тогтоосон үндэслэл эргэлзээтэй тул энэ хэсгийг хангах боломжгүй гэж үзэв.

Шүүх бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзсэнээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд  магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 2 716 694 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2- т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 969 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ... 1 516 694 ...гэснийг 2 716 694 ...” гэж, ...39 217... гэснийг ...58 417... гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр 59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 65 350 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА