Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 1838008350011 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын              18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Боржгон  овогт  Б.О-, 

Шүүгдэгч Б.О- нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Э сумын - дугаар баг З гэх газарт иргэн Б.Я-г “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар модоор цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

.Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Э сумын - дугаар багийн нутаг З гэх газарт согтуурсан үедээ иргэн Б.Я-г “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Я-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой Хөсвгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Баянгол гэх газарт гэртээ байж байтал манай нутгийн малчин Батын Сандаг гэдэг хүн согтуу ирээд надтай хамт байдаг 80 настай ах Б.Доржпаламыг зодох гээд 1-2 удаа өшиглөсөн юм. Тэгээд би ахыг гаргаж малд нь явуулсан. Тэгээд би Б.О-с айгаад үхрийн хашааны хажууд явж байтал Сандаг гарын үзүүрээс суга хүртэлх хэмжээтэй урттай нойтон мод барьчихсан намайг дуудаад байхаар нь би зугтаах янзтай цаашаа явж байтал араас гүйцэж ирээд намайг барьж аваад “чи муу хаашаа явах гээд байгаа юм бэ” гээд намайг татаж гэр лүү авч явах замдаа морины уяаны хажууд барьж явсан нойтон модоороо миний 2 талын мөр, нуруу, хөл гэх мэт биеийн ихэнх хэсэг рүү хүчтэй олон удаа цохисон. Тэр үед миний баруун хөл хугарчих шиг болоод хөл дээрээ тогтож чадахаа болиод босч чадахгүй байхад “хөл дээрээ босоод зогс” гэж орилоод байсан. Тэгээд би арай гэж мөлхөөд гэртээ ортол манайд байсан хөх будагтай модон сандлаар толгой тархигүй цохиж манай сандал эвдэрч олон хэсэг болж зомгол шиг болсон байсан. Намайг зодож эвдсэн сандлаа газраас хамаад галд шатааж байсан. Намайг “одоохон гүйцээнэ” гээд л зодоод байсан. …Намайг орой 17-20 цаг өнгөртөл зодож нүдсэн. Тэгээд 21 цагийн орчим сумын түргэний машин ирж авч явсан гэх мэдүүлэг/хх-ийн 14-15,125 –р тал/

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой би өөрийн дүү Б.Я-гийн хамт гэртээ байхад манай гадаа согтуу хүн хашхираад хүрээд ирсэн. Ирээд намайг “гөлөг шиг нухаад явна” гээд агсам тавиад эхэлсэн. Миний зүүн талын хөл рүү мод аваад шидсэн. Мөн араас бөгс рүү минь нэг удаа маш хүчтэй өшиглөсөн юм. Тэгээд намайг орхиод гэрт орж ирээд манай дүү Б.Я-г орилуулаад эхэлсэн. Гэртээ араас нь яваад ороход манай дүүгийн толгойг хагарсан бөөн цус гоожсон байсан. Мөн баруун хөлийг нь 2 газар хугалсан байсан. Тухайн үед нь би зугтаад дуудлага дуудах гээд гүйсэн байсан юм. Манай гэрт үхэр мал нядалсан юм шиг л цус гоожсон байсан. Манайд агсам тавьдаг залуу манайхтай нэг голд нутагладаг хүн байгаа юм гэх мэдүүлэг/хх-ийн 17,126-р тал/

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байхад дуудлага ирсэн. Дуудлага нь Баянгол гэх газарт байсан. Намайг дуудлагаар очиход толгойн оройн хэсгээс нь их хэмжээний цус гарсан байдалтай, тухайн хүний баруун талын хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байсан.Гэр оронд нь энд тэндгүй цус урсаж цацагдсан байсан. Б.Я- гэж хүн шаналсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

Гэрч Д.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийг төвд шөнийн 23 цагийн үед түргэнээр ирсэн Б.Я- гэх хүнийг би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед биеийн байдлыг нь үзэхэд баруун хөл 2 хугаралтай, толгой дээр нь 8 оёдол тавиулсан байдалтай байсан. Би тэгээд баруун хөлийн боолтыг задлаад эвлүүлж боож өгөөд Улаанбаатар хот руу явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

Гэрч М.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Доржпалам гэх өвгөн манайд ирээд Б.О- гэх хүн агсам тавиад байна Б.Я- эгчийг чинь зодоод байна гэж хэлээд манай эхнэр болох Анх-Учрал, дүү болох Эрдэнэцэцэг хоёрыг дагуулаад явсан байсан. Тэгээд морио идүүлчихээд гэртээ орох гэж явсан чинь “Анх-Учрал эгчийг зодоод байна” гэж эмэгтэй хүн орилохоор би явган гүйгээд очиход Сандаг, Анх-Учрал гадаа гарсан сууж байсан. Би тэгээд “Б.О- юу болоод хүн амьтан зодоод байгаа юм бэ” гэж асуухад юм дуугарахгүй байхаар нь би Гүрээ гэх залууг дуудаж ирээд Сандагийг мотоциклийн ард суулгаад гэр лүү нь явуулсан гэх мэдүүлэг/хх-ийн 29-р тал/

Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Доржпалам гэх өвгөн манайд орж ирээд “Б.О- агсам тавиад байна, цагдаа дуудаад өг” гэж хэлээд цагдаа руу ярьсан. Би манайд байсан залуу Гүрийг “чи тэр айлд очоод юу болж байна, хараад ирээч” гэж хэлээд явуулсан. Тэгээд Гүр гэх залуу гэрт нь очоод ирэхдээ Б.Я- эгчийн хөл нь хугарсан юм шиг байна гэж хэлэхээр эмнэлэг дуудчихаад гэрлүү явж очиход Б.Я- эгчийн толгой нь хагараад, хөл нь хугарсан байдалтай байсан... Би гэрт нь орсон чинь энд тэндгүй цус болсон байдалтай байсан. Б.Я- эгч зодсон гэх модоо орон доогуураа нуусан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг/32,127-р хуудас/

Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Манай нутгийнхан намайг Б.О- гэх нэрээр минь илүүтэй сайн мэддэг юм...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Болд гэх айлд хазаар өгөх гэж очиход Дарьзагд гэх хүн 2 литр орчим монгол архи уусан сууж байсан. Тэгээд хамт суугаад ууж байсан архинаас нь уусан. Архи ууж дуусгаад би гэртээ хариад үхрээ хураах гээд гарсан. Тэгээд манай гэрээс хойд зүгт нэг км орчим газар Доржпалам гэх айлын гадаа манай үхэр байсан.Тэр айлд ороод Б.Я- гэх хүний хөлийг нь хугалсан байсан. Чухам яаж хугалсан, юугаар цохисон талаар сайн мэдэхгүй байна. Миний бодлоор би тасарчихсан байсан байх...Архи нэхээд “архи байхгүй” гэж хэлснээр хэрүүл болоод тэдний гэрт агсам тавьсан...Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ ухамсарлаж хохирогч Б.Я-гаас уучлалт гуйж, түүний хохирлыг төлж барагдуулсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 91-92-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 559 дугаартай: Б.Я-гийн биед баруун шилбэ болон тахилзуур ясанд хугарал, зулайн хуйх болон баруун сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Б.Я-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 84-р тал/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 121-124-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Засаг даргын 2019.01.13,2019.02.28-ны өдрийн 3,5 дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 97-107-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Э сумын - дугаар багийн нутаг З гэх газарт согтуурсан үедээ иргэн Б.Я-г “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Шүүгдэгч Б.О-ын хохирогч Б.Я-г зодсон гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь Б.Я-гийн бие махбодид гэмтэл учруулахдаа өвтгөн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж  эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.О-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 4.000.000 төгрөгийн эмчилгээний туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирлын шинж байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар долоон сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээллтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838008350011 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 71 см урттай, 4.2 см диаметртэй, бөөрөнхий хэлбэртэй хуурай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Я- нь цаашид гарах эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт 2019.01.14-ний өдрийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ тусгагдсан байх боловч мөрдөн шалгах ажиллгааны явцад 2019.01.25-ны өдрийн “гомдолтой гэсэн бичигт гарын үсэг зурлаа гэж ойлгоод гэрээнд гарын үсэг зурсан” хохирогч Б.Я-гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчийн өмгөөлөгчийн санал зэргээс дээрх эвлэрлийн гэрээ нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтад тооцоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.О-г 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1838008350011 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 71 см урттай, 4.2 см диаметртэй, бөөрөнхий хэлбэртэй хуурай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Я- нь цаашид гарах эмчилгээний зардал болох 5.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувиийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР