Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00131

 

 

“Б” ХХК болон Р.Б-, Р.А-,

Т.Е- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00842 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Б ХХК” /гүйцэтгэх захирал Р.А-/, нэхэмжлэгч **** оршин суух Р-ын Б-, нэхэмжлэгч ***** оршин суух Р-ын А-, нэхэмжлэгч ***** оршин суух Т-ын Е- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /дарга Н.Б/-т холбогдох,

 

“...“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-2023-7479 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК болон Р.Б-, Р.А-, Т.Е- бид Голомт банкны Баян-Өлгий салбараас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ************** дугаартай зээлийн гэрээгээр 340,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаагаар, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ************** тоот зээлийн гэрээгээр 233,000,000 төгрөгийг 16,8 хувийн хүүтэйгээр 38 сарын хугацаагаар тус тус авсан.

1.2. Зээлийн барьцаанд хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан эд хөрөнгүүдийг тавьж бизнесийн үйл ажиллагаа явуулах явцад санхүүгийн хүндрэлд орж зээл, түүний хүүг хугацаанд нь төлж чадаагүй зөрчил гаргаж байсан.

1.3. Голомт банкны Баян-Өлгий салбар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10/275 дугаартай албан бичгээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо эвлэрч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00804 дугаар захирамжаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хоорондын эвлэрлээр бид Голомт банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэн 532,625,56825 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон.

1.4. Бид дээрх эвлэрлийн дагуу 532,625,56825 төгрөгөөс 34,021,59225 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг тохиролцсон хугацаанд төлж чадаагүй учир шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэний дагуу тус газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах талаар бид нараас үнийн санал авч, үнийн санал хэт өндөр гэж үзэж хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон. Тус газраас хариуцагч бидний зээлийн барьцаанд тавьсан нийт хөрөнгүүдийг “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-2023-7479 дугаартай үнэлгээний тайлангаар бүхэлд нь 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн талаарх 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/823 дугаартай мэдэгдлийг тухайн өдөр төлбөр төлөгч Р.Б-д танилцуулсан.

1.5. Бид дээрх үнэлгээний тайлан нь зах зээлийн бодит үнэд үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлэгдсэн учир зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээчин аймгийн төв хэсэг буюу А зоонд байршилтай эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн байна.Тухайлбал, 2018 онд ашиглалтад орсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Буркит Т.Абдигажы-1 гудамж, 113 тоот хаягт байршилтай, 106,6 м.кв талбайтай, 1 өрөө үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг нэгжийн нормативт үнэлгээг 420,000 төгрөгөөр, бүрэн оруулалтын өртгийг 64,905,521 төгрөгөөр тооцож, зах зээлийн үнэ цэнийг 40,192,843 төгрөгөөр тооцож үнэлсэн нь хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэхээр байна.

Мөн 2018 онд ашиглалтад орсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол А.Көбеш-1 гудамж, 103 тоот хаягт байршилтай, 448 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 1 дүгээр давхар, подвалын давхар гэж 2 хувааж, тус тусдаа үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч тухайн үл хөдлөх хөрөнгө нь аймгийн Ах дам захын хажуу талд төв замын дагуу байршилтай, төвийн халаалтад холбогдсон, дотроо 00-той, ашиглалтад ороод 5 жил болсон шинэ эд хөрөнгө байхад 1 давхрын 1 м.кв талбайн үнийг 2,487,388 төгрөгөөр, подвалын давхрын нэгжийн нормативт үнэлгээг 1,268,390 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлгээ болсон байна.

1.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно хуульчилсны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ гийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 130/Ш32022/00804 дүгээр шүүгчийн захирамжаар Р.А-, Р.Б-, Т.Е- нараас 534,036,107 төгрөг гаргуулан Голомт банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож, мөн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 5 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн.

2.2.Төлбөр төлөгч Р.А-, Р.Б-, Т.Е- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлах бүртгэлийн Ү-************дугаартай 110 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах бүртгэлийн Г-Г-************ дугаартай 1054 м.кв талбайтай газар, Өлгий сумын 09 дүгээр багт байрлах бүртгэлийн Ү-Ү-************дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн багт байрлах бүртгэлийн Ү-Ү-************ дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууц бүртгэлийн Г-Г-************ дугаартай 700 м.кв талбайтай газар, Өлгий сумын 5 дугаар багт байрлах бүртгэлийн Ү-********** дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Ү-********* дугаартай 106.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Өлгий сумын 5 дугаар багт байрлах бүртгэлийн Ү-********* дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас үнэлгээ гаргуулахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар мэргэжлийн шинжээч томилон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, хууль эрх зүйн баримт бичигт тулгуурлан өнөөгийн зах зээлийн ханшаар уялдуулан үнэлгээ гаргасан байна.

2.3. Нэхэмжлэгч нарын нийт 5 эд хөрөнгийн үнэ нь 1.322.000.000 төгрөгийн үнэлгээ гарч байна. Харин нэхэмжлэгч нарын Голомт банканд төлөх зээлийн үлдэгдэл нь 530.000.000 төгрөг байгаа. Бид нарын зүгээс нэхэмжлэгч нарт хангалттай хугацаа өгсөн. Тэгсэн ч гэсэн одоогийн байдлаар ямар ч мөнгө төгрөг төлөөгүй. Нэхэмжлэгч нар албаар шийдвэр гүйцэтгэгч нарын ажиллагааг сунжруулж, удаашруулах зорилготой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00842 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК болон Р.А-, Р.Б-, Т.Е- нарын “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч “Б” ХХК болон Р.Б-, Р.А-, Т.Е- бид Голомт банкны Баян-Өлгий салбараас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ************** дугаартай зээлийн гэрээгээр 340,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаагаар, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ************** тоот зээлийн гэрээгээр 233,000,000 төгрөгийг 16,8 хувийн хүүтэйгээр 38 сарын хугацаагаар тус тус авсан. Зээлийн барьцаанд хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан эд хөрөнгүүдийг тавьж бизнесийн үйл ажиллагаа явуулах явцад санхүүгийн хүндрэлд орж зээл, түүний хүүг хугацаанд төлж чадаагүй зөрчил гаргаж байсан.

4.2. Голомт банкны Баян-Өлгий салбар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10/275 дугаартай албан бичгээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо эвлэрч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00804 дугаар захирамжаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.Талуудын хоорондын эвлэрлээр бид Голомт банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэн 532,625,56825 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон.

4.3. Бид дээрх эвлэрлийн дагуу 532,625,56825 төгрөгөөс 34,021,59225 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг тохиролцсон хугацаанд төлж чадаагүй учир шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэний дагуу тус газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах талаар бид нараас үнийн санал авч, үнийн санал хэт өндөр гэж үзэж хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон.

4.5. Тус газраас хариуцагч бидний зээлийн барьцаанд тавьсан нийт хөрөнгүүдийг “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-2023-7479 дугаартай үнэлгээний тайлангаар бүхэлд нь 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн талаарх 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/823 дугаартай мэдэгдлийг тухайн өдөр төлбөр төлөгч Р.Б-д танилцуулсан. Бид дээрх үнэлгээний тайлан нь зах зээлийн бодит үнэд үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлэгдсэн учир зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээчин аймгийн төв хэсэг буюу А зонд байршилтай эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн байна.

Тухайлбал 2018 онд ашиглалтад орсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Буркит Т.Абдигажы-1 гудамж, 113 тоот хаягт байршилтай, 106,6 м.кв талбайтай, 1 өрөө үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг нэгжийн нормативт үнэлгээг 420,000 төгрөгөөр, бүрэн оруулалтын өртгийг 64,905,521 төгрөгөөр тооцож, зах зээлийн үнэ цэнийг 40,192,843 төгрөгөөр тооцож үнэлсэн нь хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэхээр байна.

4.6. Мөн 2018 онд ашиглалтад орсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол А.Көбеш-1 гудамж, 103 тоот хаягт байршилтай, 448 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 1 дүгээр давхар, подвалын давхар гэж 2 хувааж, тус тусдаа үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.Тэгээд ч тухайн үл хөдлөх хөрөнгө нь аймгийн Ах дам захын хажуу талд төв замын дагуу байршилтай, төвийн халаалтад холбогдсон, дотроо 00-той, ашиглалтад ороод 5 жил болсон шинэ эд хөрөнгө байхад 1 давхрын 1 м.кв талбайн үнийг 2,487,388 төгрөгөөр, подвалын давхрын нэгжийн нормативт унэлгээг 1,268,390 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид үндэслэн хэтэрхий доогуур үнэлгээ болсон байна.

Дээрх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-************** дугаарт бүртгэгдсэн, ************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэг эд хөрөнгө болж бүртгэгдсэн байхад 1 дүгээр давхар, подвалын давхар гэж хоёр хэсэгт хувааж, хоёр өөр үнэлгээгээр үнэлсэн нь үндэслэлгүй болсон.

4.7. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шинжээч томилох тогтоолд “...Өлгий сумын 5 дугаар багт байрлах төлбөр төлөгч Р.Б-, Т.Е- нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-************ дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө...”-ийн үнэлгээ тогтоохоор “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад шинжээч өөрөө дур мэдэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэгдүгээр давхар, подвалын давхар гэж хоёр хэсэгт хувааж хоёр өөр үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4-д заасан “бодитой байх” зарчмыг зөрчсөн төдийгүй мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3-д заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” шаардлагыг зөрчсөн, мөн үнэлгээчин мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан “хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хуулийн 8.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах" үүргээ зөрчсөн гэж үзэх үндэстэй. Нэг үл хөдлөх эд хөрөнгийг хоёр хувааж өөр өөрөөр үнэлэх тухай ямар нэгэн дүрэм, журам байхгүй байхад үнэлгээчин өөрөө дур мэдэн хоёр өөр байдлаар үнэлсэн нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

4.8. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00842 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Р.Б-, Р.А-, Т.Е- нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

6. Нэхэмжлэгч Р.Б-, Р.А-, Т.Е- нараас хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газраас явуулсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгч Р.Б-ын өмчлөлийн Г-Г-************ тоот улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай, улсын бүртгэлийн Ү-Ү-************дугаартай, 84 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-Ү-************ дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын Г-Г-************ дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт, Өлгий сумын 5 дугаар багт байрлах төлбөр төлөгч Р.Б-, Т.Е- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Т.Е-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай 106.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Өлгий сумын 5 дугаар багт байрлах Р.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг  2023 оны 8 дугаар сарын байдлаар 1,322,004.810 /нэг тэрбум гурван зуун хорин хоёр сая дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, уг үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд гаргажээ.

 

7. Нэхэмжлэгч нар “үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай гомдлын үндэслэлээ “Зах зээлийн бодит үнэд үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлэгдсэн. Мөн ... улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэгдсэн, *********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэг эд хөрөнгө болж бүртгэгдсэн байхад 1 дүгээр давхар, подвалын давхар гэж хоёр хэсэгт хувааж, хоёр өөр үнэлгээгээр үнэлсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарласан.

 

8. Хавтаст хэрэгт талуудаас гаргаж өгсөн, цугларсан нотлох баримтуудыг шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, дүгнээд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эд хөрөнгийг шинжээч үндэслэлгүйгээр бага өртгөөр үнэлсэн гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг ойлгоно.

 

9. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт эрх бүхий байгууллагаас хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж хуульчилсан.

 

10. Хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай Үнэлгээний тайланг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасан хязгаарын хүрээнд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан асуудлаар судлан үзвэл, төлбөр төлөгч  нарын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг, Ховд гол А.Көбеш-1 гудамж 103 тоот, Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол хаягт, Өлгий сумын 11 дүгээр баг Бүркит Т.Абдихажы-1 гудамж 113 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн Өлгий сум 10 дугаар баг, Харасай хаягт, Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх хад хаягт тус тус байршилтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт  2023 оны 8 дугаар сарын байдлаар үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шинжээчээс тухайн хөрөнгүүдийг зах зээлийн хандлагаар үнэлэхдээ жишиж буй объекттой байршил, хийц, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо, ижил төстэй объектын өнөөгийн зах зээлд арилжаалагдсан хэлцлийн үнэд ялгаатай байдлын тохируулга хийн үнэлсэн талаар дурджээ. Тодруулбал, шинжээч жиших хөрөнгийн зах зээлийн үнийг үнэлэгдэж буй хөрөнгөтэй харьцуулж, ижил төстэй хувийн сууцны зориулалттай хөрөнгийн ойрын хугацаанд арилжаалагдсан үнийн судалгаа, тайланг үнэлэгдэж буй хөрөнгийн байршлын бүсэд арилжаалахаар зарласан үл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн зарын мэдээлэлтэй харьцуулан, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хэд хэдэн хөрөнгийг сонгож, жишиг хэлцлийн үнэд тохируулга хийн тухайн хөрөнгүүдийг үнэлсэн байх тул хураагдсан хөрөнгүүдийг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Иймд нэхэмжлэгч нарын “...үнэлгээний тайлан нь зах зээлийн бодит үнэд үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлэгдсэн” гэх анхан шатны шүүхэд гаргасан болон давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэлгүй гэж үзнэ.

 

11. Нэхэмжлэгч нар “... шинжээч өөрөө дур мэдэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэгдүгээр давхар, подвалын давхар гэж хоёр хэсэгт хувааж хоёр өөр үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4 дэх заалтад заасан “бодитой байх” зарчмыг зөрчсөн төдийгүй мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3 дахь заалтад заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” шаардлагыг зөрчсөн, мөн үнэлгээчин мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтад заасан “хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хуулийн 8.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах" үүргээ зөрчсөн гэж үзэх үндэстэй... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Гомдлын үндэслэлд дурдсан Т.Е-, Р.Б- нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол А.Көбеш-1 гудамжны 103 тоотод байршилтай, 448 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвалын хамт нэг гэрчилгээгээр хоёр иргэн өмчилдөг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн онцлог шинж байдлыг тус тус харгалзаж, нарийвчилж 1 давхар болон подвалын давхрын зах зээлийн үнэлгээг тус тусад нь дээрх аргачлалаар гаргаж, улмаар нэгтгэн үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4 дэх заалтад заасан хөрөнгийн үнэлгээг хийхэд бодитой байх зарчимд нийцсэн бөгөөд энэ талаарх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гаргасан төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Р.Б-, Р.А-, Т.Е- нарын  “төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээний талаар” гаргасан гомдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулж буй тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөрөнгө үнэлэхтэй холбоотой буюу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулсан тодорхой арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчсөн, эсхүл шинжээч хөрөнгийн үнэлгээг хийхдээ хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тус тус тогтоогдоогүй.

 

13. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй тул нэхэмжлэгч нарын “эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

            14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Б-, Р.А-, Т.Е- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК