Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00135

 

 

А.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч Б.Раушан, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00690 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух А. Ж-гийн нэхэмжлэлтэй, ***** оршин суух  С.Х-, ***** оршин суух Е-ын Б-, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Зоригийн гудамж, 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Шүүх шинжилгээний Ерөнхий газар /дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат/ нарт холбогдох,  

 

“өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 13,700,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохиролд 47,109,665 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500,000 төгрөг, нийт 72,061,665  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Е.Б- болон хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, Г.Б /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр /цахим сүлжээгээр/, хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ /цахим сүлжээгээр/, хариуцагч Шүүх шинжилгээний Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдбаатар, П.Ариунжаргал /цахим сүлжээгээр/, хариуцагч Е.Б-ы өмгөөлөгч Х.Чинбат /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Ш овогт А-ийн Ж- миний бие Х-ын Б-тай 2010 онд танилцаж үерхэж байгаад гэр бүл болохоор тохиролцож, би жирэмсэн болсон. Намайг жирэмсэн байх хугацаанд Х.Б- нь хууран мэхэлж, өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, хүү бид хоёрыг хаяж явсан. Миний бие нь 2015 онд хүү Ж.А-ыг төрүүлсэн. Х.Б- нь өөр хүнтэй гэр бүл болж, хүүгээ харж хандахгүй, хайхрахгүй байсан учир Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрхийн дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Б-ад холбогдуулан "хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэл гаргасан.

1.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б- нь өөрийн хүү Ж.А-ыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай захирамжаар “эцэг тогтоох шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах”-аар шийдвэрлэсэн.

1.3. Шинжилгээ хийх явцад хариуцагч Х.Б-ын эцэг болох С.Х- нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албанд авагдсан Х.Б-ын цусны дээжийг шинжилгээ авах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон бусадтай хуйвалдан, үгсэн тохирч өөр хүний цусаар сольж гэмт хэрэг үйлдсэн. Энэ хугацаанд С.Х- нь хүү Х.Б-ыг Монгол Улсын хилээр Казахстан Улс руу гаргаж оргуулсан. Үүнээс шалтгаалан дээрх гэмт хэргийг шалгах ажиллагаа удааширсан. С.Х- нарын үйлдсэн гэмт хэргийг шалгах явцад Х.Б-ын эцэг эхийн байнгын дарамт шахалт, доромжлол, хараал зүхэл болон нутгийн ард иргэдийн дунд тэдний тараасан гүтгэлэг цуурхал ор үндэслэлгүй нэр төрд халдсан үйлдлээс шалтгаалан миний бие ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, нийгмийн дунд жирийн иргэн шиг амьдрахад хүнд болсон. Энэ хугацаанд миний бие амиа хорлох тухай хүртэл олон удаа бодсон боловч хүүгээ бодохоор энэхүү үйлдлийг хийгээгүй.

1.4. Хамаатан садан, найз нөхдийн хандах хандлага харилцаа өөрчлөгдөж, нутагтаа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж нийгмээс тусгаарлагдсан. Эцэггүй хүү төрүүлчихэд хариуцагч С.Х-ын хүү өөрийн хүүгийн эцэг мэтээр гүтгэсэн гэх ойлголтыг Баян-Өлгий аймгийн иргэд авсан байсан. Х.Б-ын эцэг хариуцагч С.Х- нь Баян-Өлгий аймагт олон жил удирдах ажил, албан тушаал хаасан. Мөн тус аймгийн Засаг даргаар олон жил ажиллаж байсан. Казах түмэн хариуцагч С.Х-ын гэр бүлийг сайн мэдэж таньдаг байсан учраас энэ нөхцөл байдал нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан миний бие сэтгэл санааны гүн гутралд удаан хугацааны турш байснаар унаж татдаг өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.

1.5. Хариуцагч М овогт Сакейн Х-, М овогт Е-ны Б- нарын үйлдсэн гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргаагүй учраас хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Е.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчээр ажиллаж байсан учраас иргэний хариуцагчаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг татсан. Иймд нэхэмжлэгчийн хувьд мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн мөн юм гэж тодорхойлж, хариуцагчаар татаж байна.

1.6. С.Х- нарын үйлдсэн гэмт хэргийг 2017 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж, 2021 оны 9 дүгээр сард шүүхээр шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэлх 3 жил гаруйн хугацаанд надаас болон манай гэр бүлээс их хэмжээний зардал гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хөлс төлсөн. Үүнд:

- Өмгөөлөгч С.Алтайтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт 1,800,000 төгрөгийн хөлс,

- Өмгөөлөгч Х.Зулхаштай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт 1,300,000 төгрөгийн хөлс,

- Өмгөөлөгч Т.Мөнхдэлгэртэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт 5,400,000 төгрөгийн хөлс,

- Өмгөөлөгч Н.Оюунчимэгтэй гэрээ байгуулан өмгөөллийн хөлс болон зочид буудал болон замын зардлын хамт нийт 5,200.000 төгрөгийн хөлс тус тус төлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд нийт 13,700, 000 төгрөгийн хөлс төлсөн.

1.7. Миний бие гэмт хэргийн хохирогч болсны улмаас сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндээрээ хохирсон тул Бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний "Итгэлт эстимэйт” ХХК-нд хандан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын үнэлгээ тогтоолгосон. "Итгэлт эстимэйт” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны гаргасан үнэлгээгээр шууд хохирлын дүн 2,400,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын үнэлгээ 25,548,380 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, нийт 47,109,665 төгрөгийн гэм хорын хохирлын үнэлгээ гаргасан.

1.8. Нэр төр, алдар хүндэд халдсанаас шалтгаалан болон үүнээс улбаалсан эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 21 сарын олох ёстой байсан орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сар бүрийн 192,000 төгрөгөөр тооцон нийт 4,032,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцон нийт 5,760,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцон нийт 960,000 төгрөг, бүгд 10,752,000 төгрөг болж байна.

1.9. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч нь гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж өгсөн учраас хуульд заасан эрхийн дагуу хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1.10. Иймд хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн дагуу өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд хохирогчийн төлсөн хөлс болох 13,700,000 /арван гурван сая долоон зуун мянга/ төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохирол болох 47,109,665 /дөчин долоон сая нэг зуун есөн мянга зургаан зуун жаран тав/ төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого болох 10,752,000 /арван сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500,000 төгрөг, бүгд 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийн гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.    

 

2.Хариуцагч С.Х-ын хариу тайлбар, татгалзал:

2.1. Хохирогч А.Ж- өмгөөлөгч авах нь түүний үүрэг биш. Тэрээр эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгч авч хөлс төлсний хохирлыг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй.

2.2. Сэтгэл санааны хохиролд 300 сая төгрөг нэхэмжилснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэлийн энэ хэсэг буюу 300 сая төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон учраас уг төлбөрийг төлөхгүй гэж үзэж байна.

2.3. Олон сая төгрөгийн сэтгэл санааны гэх хохирол тогтоож, үнэлэлт, дүгнэлт гаргасан "Итгэлт эстимейт" ХХК нь бизнес, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх эрхийн зөвшөөрөлтэй боловч иргэний хүний сэтгэл санааны хохирол гаргуулах эрхийн зөвшөөрөлгүй тул уг шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй.

2.4. А.Ж-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...Ж-гийн эцэг, эхийн байнгын дарамт шахалт доромжлол, хараал зүхэл болон нутгийн ард иргэдийн дунд тэдний тараасан гүтгэлэг, цуурхал, ор үндэслэлгүй нэр төрд халдсан үйлдлээс шалтгаална..." гэж дурдсаныг сэтгэл санааны хохирол тогтоосон компани аргачлалдаа үндэслэл болгожээ. Хариуцагч гэх С.Х- миний бие А.Ж-г танихгүй, түүнтэй уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй, мессеж бичиж байгаагүй, аливаа этгээдэд түүний тухай таагүй мэдээлэл гаргаж байгаагүй. А.Ж- нь надаас болж хөдөлмөр чадвар алдалтын хувийг тогтоолгож байгаагүй.

2.5. А.Ж- 70 хувийн групп авдаг. Малчин төвд ажилладаг нь үнэн юм билээ. Эцэг, эх нь хоёулаа группт байдаг ба одоо групп авч байгаа нь үнэн. Энэ нь удамшилтай холбоотой асуудал бас байгаа юм биш үү гэдгийг анхааран үзэх шаардлагатай.

2.6. А.Ж-д нэг удаа бэлнээр “...10 сая төгрөг, Х.С-ад 1,2 сая төгрөг хувийн дансанд шилжүүлэн өгч байсан. Иймд түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.  

 

3. Хариуцагч Е.Б-ы хариу тайлбар, татгалзал:

3.1. А.Ж-гийн өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эрх нь бөгөөд эрхээ эдэлсний төлөө надаас төлбөрийг нь нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлстэй холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтууд болох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд нь яг ямар хэрэг маргаантай холбоотой байгуулсан гэрээ болох нь тодорхойгүй байгаа ба зарим гэрээнүүд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С-ын бусад өмгөөлөгч нартай байгуулсан гэрээ байгаа нь харагдаж байна. Хэрэв Х.С- нь А.Ж-гийн өмнөөс үүрэг гүйцэтгэж дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан бол энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Эс бөгөөс Х.С- гэх хүн өөрт нь холбогдолтой бусад хэрэг маргаануудтай холбоотой хууль зүйн туслалцаа авахдаа байгуулсан гэрээнүүдийг гаргаж өгсөн байж болзошгүй ба өмгөөллийн хөлс төлсөн гэж байгаа боловч энэ нь өмгөөллийн хөлс мөн эсэх нь тодорхой бус байна. Тухайлбал тухайн төлсөн гэж байгаа өмгөөллийн хөлсийг хэн төлсөн болох нь тодорхойгүй байгаа ба өмгөөлөгч болгон харилцах данстай байна. Дээрх төлсөн гэж байгаа хөлс төлбөрийг тухайн данс руу шилжүүлсэн эсэх нь мөн тухайн өмгөөллийн хөлснөөс татвар төлөгдсөн эсэхийг нь тодруулах шаардлагатай.

3.2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг баталсан. Тус журмын 2.1-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлаас бүрдэнэ”, 2.6-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зардлыг дор дурдсанаар тооцно:”, 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр...” гэжээ. Дээрх зохицуулалтаас харахад өмгөөллийн хөлсийг зөвхөн насад хүрээгүй төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчид төлөх тухай зохицуулалттай байх ба өмгөөллийн хөлс хэмээн 13,700,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

3.3. Е.Б- болон С.Х- нарыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн шийтгэх тогтоолын 33, 34 дүгээр хуудаснуудад А.Ж- нь Е.Б-, С.Х- нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн нийтдээ 311,873,400 төгрөг нэхэмжилжээ. Шүүх 311,873,400 төгрөгөөс баримт бичгийн зардал 171,600 төгрөг, дахин эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу ирж, буцсан зардал 649,800 төгрөг, шинжилгээний төлбөрт төлсөн 300,000 төгрөг нийт 1,121,400 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж, сэтгэл санааны хохирол хэмээн нэхэмжилсэн 300,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба харин олох ёстой байсан орлогоо иргэний хэргийн шүүхээр жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлажээ.

3.4. Дээр дурдсанчлан А.Ж- нь Е.Б- болон С.Х- нараас өмнө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хэмээн 311,873,400 төгрөг нэхэмжилснийг шүүхээс шийдвэрлэсэн байдаг ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу А.Ж-гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан юм.

3.5. Мөн хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоос харахад солигдсон шинжилгээ буюу Е.Б-ы оролцоотой үйлдэгдсэн гэмт хэрэг нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон үйл явдал ба харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дараагийн шинжилгээний хариу гарсан ба тухайн шинжилгээгээр н.А-ы эцэг нь Х.Б- мөн болох нь тогтоогдсон. 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хоорондох 3 сар гаруй хугацаагаар гэм хорын хохирлыг Е.Б-аас нэхэмжлэх ёстой.

3.6. Нэхэмжлэгчийн үнэлгээ хийлгэсэн гэх “Итгэлт Эстимэйт” ХХК нь сэтгэл санааны гэм хорын үнэлгээ гаргах эрхгүй. Үнэлгээчин нь тодорхой хугацааны түргэвчилсэн сургалтад сууж эд хөрөнгийн үнэлгээ тогтоодог хүмүүс бөгөөд тусгай мэргэжил, чадвар эзэмшсэн эд хөрөнгийн бус хохирлын хэмжээ тогтоодог хүмүүс биш юм.

3.7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд “Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага”-ын талаар зохицуулсан байх ба 498.1-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн байх ба 498 дүгээр зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчаар Е.Б-ы өмнө ажиллаж байсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг тодорхойлон хохирлоо нь нэхэмжлэх ёстой юм. Харин үүний дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь Е.Б-аас бусдад гэм хор учруулсан хэмээн хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс А.Ж-гийн нэхэмжлэлтэй Е.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой юм.

3.8. Олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн шийтгэх тогтоолын 33 дугаар хуудсанд авагдсан А.Ж-гийн шүүхэд гаргасан тайлбараас харахад нэхэмжлэгч А.Ж- 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хундымура хадгаламж зээлийн хоршоонд зээлийн мэргэжилтнээр ажилд орсон тухайгаа дурджээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч Шүүх шинжилгээний Ерөнхий газрын хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.Ж-гийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна. Иргэн А.Ж- нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлдээ гэмт хэргийн улмаас учирсан 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийн хохирол барагдуулахыг хүсэж манай байгууллагаас нэхэмжилсэн байна. Манай байгууллагад шинжээч эмчээр ажиллаж байсан Е.Б- нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг ноцтой зөрчин, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэсэн байна.

4.2. Е.Б-тай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Эрүүгийн гэмт хэргийн улмаас иргэн А.Ж- нь хохирсон, энэ гэмт хэргийг С.Х-, Е.Б- нар үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсоны улмаас шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын дагуу төрийн албан хаагч өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх ба манай байгууллага нь С.Б-ы өмнөөс уг иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна.

4.3. Иргэн А.Ж- нь өөрт учирсан хохирол болох 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг иргэн С.Х-, Е.Б- нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэн А.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Иргэдийн төлөөлөгч Б.Гүлнарын хэргийн оролцогч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00690 дүгээр шийдвэрээр:

6.1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 511 дугаар зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан өмгөөллийн хөлс 13,700,000 төгрөг, шинжээчийн зардал 500,000 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөр буюу шууд зардал 2,400,000 төгрөг, нийт 35,761,285 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч С.Х-аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч Е.Б-аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож, илүү нэхэмжилсэн 36,300,380 төгрөг болон хариуцагч Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

6.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д буцаан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 35,761,285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 336,756 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч С.Хабылаас 168,378 төгрөг, хариуцагч Е.Б-аас 168,378 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож  шийдвэрлэжээ. 

 

7. Хариуцагч Е.Б-ы давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ  Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг ....үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Е.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7.2. Анхан шатны шүүх А.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497.1, 497.3, 498.1, 498.2. 511 дүгээр зүйлийн 511.1 -д заасныг тус тус үндэслэсэн. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т хохирогч эдийн бус гэм хорыг хэдийд ч шаардах эрхтэй байх боловч энэ нь гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр тодорхойлж нэхэмжлэх эрхийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл хохирогч эдийн бус хохирлыг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэхдээ хуульд тусгайлан заасан хэмжээ, хязгаараар нэхэмжлэлийн шаардлага, эдийн бус хохирлын хэмжээ тодорхойлогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгч энэхүү эдийн бус хохирлыг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэхдээ хуульд тусгайлан заасан хэмжээ, аргачлалд үндэслээгүй, “Итгэлт эстимет” ХХК-ийн тайланд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

7.3. Үүнээс гадна Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах...” зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан гэм хорын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, алдар хүндийн хохирол гэж 19.161.285 төгрөг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 230.2-т заасныг хэрэглэсэн нь буруу болжээ. Мөн анхан шатны шүүх энэхүү Иргэний хуулийн 230.1, 230.2 дахь заалтуудыг хэрэглэхдээ уг холбогдох зүйл хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсныг анзааралгүй хүчингүй болсон зүйл заалтыг шийдвэрийн үндэслэл болгож бичсэн нь мөн шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. /Анхан шатны шүүхийн шийдвэрийн 19 дахь тал хууль хэрэглээний талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэсгээс .../

7.4. ...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Е.Б- намайг Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчээр ажиллаж байхдаа.... 2017-09-12-ны өдөр хүний цусны дээж сольж, гэм хор учруулсан байна гэж дүгнэж, харин нэхэмжлэгчид учруулсан хохирлыг миний тухайн үед ажиллаж байсан байгууллагаас биш надаас гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн Иргэний хуулийн 498.1, 498.2 дахь заалтуудыг үндэслэн надаас нэхэмжлэгчийн алдар хүндэд учирсан хохирол 19.161.285 төгрөгийн холбогдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

7.5. ...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар, хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй тохиолдолд уг хохирлыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд хариуцагч бусдын нэр төр, алдар, хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тарааснаас бусдын нэр төр, алдар хүндэд эдийн бус гэм хор учирсан байхыг хууль тогтоогч хуульчилсан. Гэтэл А.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан түүгээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд эдийн бус гэм хор учирсан талаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд ямар ч хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүх маргаан бүхий иргэний хэрэгт хууль буруу хэрэглэсэн байна.

7.6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна.   

7.7. Анхан шатны шүүх хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг ....үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гомдлын тухайд: ...анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд ... Е.Б-, С.Х- нарын гэмт хэрэг үйлдсэн 2017 оны 9 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч А.Ж- нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг болон эрүүгийн хэрэгт.., 4 өмгөөлөгч авсан байна гэж гэмт хэрэг үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлүүлэх хүртэлх цаг хугацааг тодорхойлсон атлаа... 2017-07-17-ны өдөр С.Алтай өмгөөлөгчид шилжүүлсэн гэх 800.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө иргэний хэрэгт авч байсан өмгөөлөгчид шилжүүлсэн төлбөр, мөн 2018-06-29-ний өдөр Х.Зулхаштай иргэний хэрэгт оролцуулахаар өмгөөлөгчөөр авч мөнгө шилжүүлсэн өмгөөллийн хөлс зэрэг эрүүгийн бус иргэний хэрэгт ажиллуулж байсан өмгөөлөгч нарын төлбөрийг Е.Б- надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай. ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ.

7.8. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ “Итгэлт эстимет” ХХК-ийн тайланг үндэслэн, нэхэмжлэгчийн алдар хүндэд учирсан хохирол 19.161.285 төгрөг гэж тодорхойлж, хангаж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Тухайлбал: Хэрэгт авагдсан хөрөнгийн “Итгэлт эстимет” ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч сэтгэл зүйн болон алдар хүндээрээ хохирсон талаарх тайлан гаргах бөгөөд Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар "хөрөнгийн үнэлгээчин” нь зөвхөн эд хөрөнгийн үнэ цэнийг тогтоох үнэлгээ хийх эрх бүхий этгээд байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд сэтгэл санаа, алдар хүндэд учирсан эдийн бус хохирлын хэмжээг тогтоох эрх олгоогүй бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрөлгүй этгээдийн гаргасан үнэлгээ, тайланг тухайн маргаан бүхий иргэний хэрэгт хууль бус аргаар цугларсан нотлох баримт тул хуурамч нотлох баримт гэж үзнэ. Угтаа бол хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно” гэж хуульчилсан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх эрх зөвхөн хувь иргэнд олгогддог, хуулийн этгээдэд хөрөнгө хийх эрх байдаггүй болохыг анхаарах нь зүйтэй.

7.9. Мөн Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, эдийн бус гэм хорын үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага гаргахаар хуульчилсан тул анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн эд хөрөнгийн бус гэм хорын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь 1-т шүүх маргаан бүхий иргэний хэрэгт хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, 2-т шүүх хэрэгт хууль бусаар цугларсан, хуурамч нотлох баримтыг үндэслэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Е.Б-аас 17.880.842 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

7.10. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн зардал 500.000 төгрөг 2 жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөр буюу шууд зардал 2.400.000 төгрөг гэх төлбөрүүдийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шинжээчийн зардал гэх 500.000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд нөхөн гаргуулж, уг төлбөрийг Е.Б-, С.Х- нарын зүгээс төлж барагдуулсан үйл баримт хэрэгт авагдсан байхад шүүх үүнийг нягтлахгүй дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

7.11. Мөн 2 жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөр буюу шууд зардал 2.400.000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх сэтгэл санааны хохиролд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөрт 2.400.000 төгрөгийн төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч сэтгэл зүйн зөвлөгөө аваагүй, нэхэмжлэгчээс зардал гараагүй байхад уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

7.12. Мөн Е.Б- миний зүгээс 2021-12-17-ны өдөр нэхэмжлэгч А.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С-ад 1.000.000 төгрөг өгсөн, энэ баримтаа шүүхэд гаргаж өгсөн боловч, Х.С-ын данс руу мөнгө шилжүүлсэн байна. Үүнийг А.Ж-гийн нэхэмжлэлээс хасаж тооцохгүй гэж илт үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2021-12-27-ны өдөр Х.С- нь надаас “А.Ж-гийн эмчилгээнд мөнгө хэрэг болж байна, чи мөнгө олоод өг” гэхээр нь би 1.000.000 төгрөг шилжүүлж байсан. Үүнийг ч нэхэмжлэгчийн итгэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаагаагүй тул хохирлоос хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.

 

8. Хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Энэхүү шийдвэр нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай нийцээгүй, “хууль ёсны буюу үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

8.2. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018.05.30-ны өдрийн 161 дугаартай, “Журам батлах тухай тогтоолоор баталсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам" 2.1, 3.1, 3.6-д тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч А.Ж-гийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн хөлс төлсөн асуудлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах" хохирогчийн эдлэх эрхэд хамаарах бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлсэн асуудлыг хохиролд тооцох үндэслэлгүй. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.27-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ нэхэмжлэгч А.Ж- нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 2 өмгөөлөгчийн хөлс төлсөн асуудлын талаар дурдаагүй, А.Ж- нь энэ талаар нэхэмжлээгүй болно.

8.3.  Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.27-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолд “...хохирогч А.Ж- нь ...сэтгэл санааны хохиролд 300,000,000 төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. ... Иймд хохирогч А.Ж-гаас сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 300 сая төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус үндэслэж “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2022.01.05-ны өдрийн “Гэм хорын үнэлгээний тайлан”-д “гүйцэтгэгч: хохирлын үнэлгээ, бизнес үнэлгээ, хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Итгэлт эстимэйт” ХХК гэж, мэргэшсэн үнэлгээчин  Э.Ганбаатар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 140600038 тоот тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгийн үнэлгээчнээр 8, даатгалын хохирлын үнэлгээчнээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа" гэснээс үзэхэд сэтгэл санааны хохирол үнэлэх эрхгүй этгээд нь үнэлгээг хийсэн байна.

8.4. Тус үнэлгээнд шууд хохирол 2,400,000 төгрөгийг “2 жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөр, сард 2 удаа, нийт 48 удаа сэтгэл зүйн зөвлөгөө авна”, “сэтгэл санааны зовуурьтай байсан хугацаа 2017 оноос 2020 он, 25.548.380 төгрөг, “алдар хүндийн хохирол /сэтгэл санааны суурь үнийн 30 хувь/- 19.161.285 төгрөг”, “А.Ж-д гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санаа, алдар хүндийн гэм хорын үнэлгээг 47,109,665 төгрөгөөс тогтоов’’гэсэн нь үндэслэлгүй болжээ.

8.5. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2022.01.05-ны өдрийн “гэм хорын үнэлгээний тайлан”-г хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж, нотлох баримтаар үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг, аргачлалыг батлах тухай" тогтоолын 3.3, 3.6-г зөрчсөн гэж үзнэ.

8.6. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын тухайд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.27-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Х- нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжаар “А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Б-ад холбогдох, “Хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох" иргэний хэрэгт хийлгэсэн ШШҮХ-ийн 2017.10.10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Б-ын цусны дээжийг 2017.09.12-ны өдөр өөр хүний цусны дээж буюу С.В-гийн цусны дээжээр сольж хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэргийг зохион байгуулж, ЭХТА-ийн 21.1-р зүйл /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/-д хамаарах гэмт хэргийг хэлэлцэж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг.

8.7. Тус шийтгэх тогтоолд өөрт учирсан гэм хорын хохирлыг сарын цалингийн хэмжээгээр бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, 2015 оны 4 сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 21 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр бодож 4,032,000 төгрөг, 2017.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэлх 24 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр бодож 5.760.000 төгрөг, 2019.01.01-ний өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэлх 3 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр бодож 960,000 төгрөг ... С.Х- болон иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байдаг.

8.8. Нэхэмжлэгч А.Ж-гийн энэхүү эрүүгийн хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх эрхээ хязгаарлуулсан, ажил хийж чадаагүй гэх шаардлагаа юугаар нотолж байгаа нь тодорхойгүй, дээрх эрүүгийн хэрэгтэй ямар шалтгаант холбоотой гэдэг нь нотлогдохгүй.

Тодруулбал хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Ж- нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын          2017.06.15-ны өдрийн 0132279-р шийдвэрээр G90 /Тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг/ оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-аар 6 сарын хугацаа /2017.12.15/-гаар, мөн комиссын 2017.12.15-ны өдрийн 0096856-р шийдвэрээр G90 /Тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг/ оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-аар 12 сарын хугацаа /2018.12.15/-гаар, мөн комиссын 2018.12.15-ны өдрийн 0188849-р шийдвэрээр G90 /Тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг/ оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70%-аар 12 сарын хугацаа /2019.12.15/-гаар, мөн комиссын 2020.01.01-ний өдрийн 0330125-р шийдвэрээр G90 /Тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг/ оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70%-аар 24 сарын хугацаа /2022.01.01/-гаар, тус комиссын 2022.01.01-ний өдрийн 0510345-р шийдвэрээр G90 /Тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг/ оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70%-аар 12 сарын хугацаа /2023.01.01/-гаар, тус комиссын 2023.01.01-ний өдрийн 0586510-р шийдвэрээр G90 /Тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг/ оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70%-аар 12 сарын хугацаа /2024.01.01/-ийг хүртэл тус тус сунгасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.Ж- нь хариуцагч С.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас G90 буюу “Тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг” гэсэн оношоор хөдөлмөр чадвар алдалтын группэд орсон гэдэг нь үндэслэлгүй болно.

8.9. Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг үндэслэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.25-ны өдрийн 130/ШШ2023/00690 дугаартай шийдвэрийг болон нэхэмжлэгч А.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү. 

 

ХЯНАВАЛ:

 

9. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Е.Б- болон хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгч А.Ж- нь хариуцагч Е.Б-, С.Х- нар болон Шүүх шинжилгээний Ерөнхий газарт холбогдуулан “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 13,700,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохиролд 47,109,665 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500,000 төгрөг, нийт 72,061,665  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

11. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, А.Ж-гийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 13.700.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500.000 төгрөг, эдийн бус гэм хорын хохиролд 19.161.285 төгрөг, цаашид сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад гарах хөлс 2.400.000 төгрөг, нийт 35.761.285 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч С.Х-аас 17,880,642.5 төгрөг, хариуцагч Е.Б-аас 17,880,642.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг (сэтгэл санааны хохирол 25.548.380 төгрөг, олох ёстой байсан орлого 10.752.000 төгрөг) 36.300.380 төгрөг болон хариуцагч Шүүх шинжилгээний Ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

12. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоожээ. Тодруулбал:

- Нэхэмжлэгч С-ийн Ж- нь хариуцагч Х-ын Б-ад холбогдуулж 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж “хүү А-ы эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэмж гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаснаар шүүхээс иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлж байжээ.

- Улмаар тус хэргийг хянан шийдвэрлэх явцад иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А.Ж-гийн хүсэлтийг хангаж, хүү А-ы эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийх шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, зохих журмын дагуу нэхэмжлэгч А.Ж-, хүү Ж.А-, хариуцагч Х.Б- нараас цусны дээж авахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанд хариуцуулсан байна.

- Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад, энэ хэргийн хариуцагч С.Х- болон тухай үед Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчээр ажиллаж байсан Е.Б- нар хамтарч 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын эх сурвалж болох Х.Б-ын цусны дээжийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр С.В- гэгчийн цусны дээжээр сольж өөрчлөн, шүүгчийн захирамжийн дагуу Ж.А-ы эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотолгооны ач холбогдолгүй болгосон нь тогтоогдсон учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэмт хэргийг зохион байгуулсан, Е.Б-ыг “нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тухайн эрүүгийн хэрэгтэй нь хамт хэлэлцэхдээ хохирогч нь гэм буруутай этгээдүүдээс бодит хохирол болон хор уршигт нийт 311.873.400 төгрөг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргаснаас гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 1.121.400 төгрөгийг С.Х-, Е.Б- нараар хувь тэнцүүлэн төлүүлж, сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршигт 300.000.000 төгрөг гаргуулах тухай хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, олох байсан ашиг орлогод тооцон нэхэмжилсэн 10.752.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэж байжээ.

- Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч А.Ж-гийн эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтууд авагдсан бөгөөд тэрээр 2017 оноос хойш эмч, эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг, “симптомическая эпилепция” буюу “байнга унаж, таталт өгч өвддөг” өвчтэй болсон нь өвчтөний түүх, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эмчийн магадалгаанууд, эмнэлэгт өвчтөн илгээх хуудаснууд, мөн тэрээр анх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “G90 тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг” оношоор, ердийн өвчний шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 6 удаагийн актаар тус тус нотлогдож байна. А.Ж-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр, тухайлбал 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 60 хувиар, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 60 хувиар тогтоож байсан бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 70 хувиар, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 70 хувиар, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээ сарын 01-ний өдрийн хүртэл 70 хувиар, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 60 хувиар тус тус тогтоосон байна.

 

14. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдох үйл баримтуудад шууд шалтгаант холбоотой гэж үзсэн бөгөөд хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзвэл, шүүх нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан (1) өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 13.700.000 төгрөг, (2) шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500.000 төгрөг, (3) эдийн бус гэм хорын хохиролд /алдар хүндийн хохирол гэх/ 19.161.285 төгрөг, (4) цаашид сэтгэл зүйчийн зөвлөгөө авахад гарах хөлс 2.400.000 төгрөг, нийт 35.761.285 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч С.Х- болон Е.Б- нараар хувь тэнцүүлэн гаргуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагуудын нийтлэг үндэслэл нь гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон С.Х-, Е.Б- нараас гэм хорыг арилгуулахыг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй ба энэ нь шударга ёсны зарчимд нийцэх юм. Хуулийн мөн зүйл, хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж хуульчилжээ.

 

16. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан Олон улсын эрх зүйн хэм хэмжээнүүд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрх нь үйлчлүүлэгчийн субьектив эрх мөн болохын хувьд өмгөөлөгчөө сонгож, хууль зүйн туслалцаа авах эсэхээ өөрийн хүсэлтээр шийдвэрлэх агуулгатай боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчид хөндлөнгийн бусад хууль бус нөхцөл, шалтгааны улмаас /хуульд заасан тохиолдолд өмгөөлөгчийг зайлшгүй оролцуулах зохицуулалт энд хамаарахгүй/ өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ заавал хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага тохиолдож болно.

 

17. Нэхэмжлэгч А.Ж-гийн хувьд иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х-ын Б-ад холбогдуулж эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс талуудын тэгш эрхийн үндсэн дээр, мэтгэлцэх зарчмын хүрээнд, ердийн журмаар явуулж байхад С.Х- болон нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий Шүүх шинжилгээний байгууллагын албан хаагч Е.Б- нар хамтарч Х.Б-ын цусны дээжийг өөр хүний цусны дээжээр сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нэхэмжлэгч А.Ж-д тухайн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хувьд, С.Х-, Е.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хувьд тус тус мэргэжлийн өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ тохиолдолд тэрээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь түүний процессын шинжтэй эрх, үүргийг бодитой эдлэх, шударга процессын журмыг хэрэгжүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд түүний өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн бүхий л төлбөрийг хариуцагч С.Х- болон Е.Б- нараас гаргуулах нь Иргэний хуулийн гэм хорыг арилгуулахтай холбоотой нийтлэг үндэслэл /228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг/ болоод шударга ёсны зарчимд нийцнэ.

 

18. Нэхэмжлэгч А.Ж-гаас шүүхэд “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 13.700.000 төгрөг”-т холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгч, эдгээрийг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас хуульд заасан журмаар үнэлж, дүгнэжээ. Харин давж заалдах шатны шүүх гэм хорын хэмжээг тодорхойлохдоо дээр дурдсанчлан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн /процессын эрх/ ашиг сонирхлыг харгалзаж үзсэн болно. Иймээс энэ талаар гаргасан хариуцагч Е.Б- болон С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

19. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүндэд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

20. Хариуцагч С.Х- болон Е.Б- нар хамтарч А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Б-ад холбогдох “эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хариуцагч Х.Б-ын ДНХ-ийн шинжилгээний хариуг өөрчлөх зорилгоор түүний цусны дээжийг өөр хүний цусны дээжээр сольж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд тус хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч А.Ж- нь хохирогчоор тогтоогдон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.  

Нэхэмжлэгч А.Ж-гаас шүүхэд гаргаж өгсөн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн Гэм хорын үнэлгээний тайланд хохирогчийн нийгэмд эзлэх байр суурь, түүнд учирсан эрсдэл, түүнээс үүсэх сөрөг үр дагавруудыг (1) хохирогчийн өнөөгийн ажил байдал, гэр бүлийн байдал, (2) гэм хор учирсан шалтгаан, үр дагавар зэрэг хоёр үзүүлэлтээр харгалзаж үзсэн, түүнчлэн нэхэмжлэгч А.Ж-гийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох баримтуудаар тэрээр 2017 оноос хойш эмч, эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг, байнга унаж, таталт өгч өвддөг, 2017 оны 6 дугаар сараас эхлэн 2023 оныг дуустал хугацаанд хөдөлмөрийн чадвараа 60-70 хувиар алдсан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон зэрэг гэмт хэргийн улмаас хохирогчид гэм хор учирсан нөхцөл байдлуудыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар харгалзан үзэж, нэхэмжлэгчийн эдийн бус гэм хорын төлбөрт 19.161.285 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас эдийн бус гэм хорыг арилгуулахтай холбоотой хэсгийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт хариуцагч С.Х- болон Е.Б- нарын гэм буруутай үйлдэл шалтгаант холбоогүй гэх хариуцагч Е.Б- болон С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

21. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч А.Ж- нь гэмт хэргийн хохирогчийн хувьд цаашид 2 жилийн хугацаанд, сард 2 удаа мэргэжилтнээс сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай ба түүнд 2.400.000 төгрөгийн шууд зардал шаардагдах талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, түүнчлэн тэрээр “Итгэлт эстимэйт” ХХК-аар Гэм хорын үнэлгээний тайлан гаргуулахад 500.000 төгрөгийн төлбөр төлсөн нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгуулах нийтлэг зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

 

22. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Гүлнарын хариуцагч нарын гэм буруугийн талаар гаргасан “А.Ж-гийн нэхэмжлэл нь үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэн болно.

 

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагч хариуцагч нарын эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдах учраас хэргийг бүхэлд нь бус давж заалдах гомдлуудын хүрээнд хянаж үзэхэд, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч Е.Б- болон хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг дээр дурдсан үндэслэлүүдээр тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.  

 

24. Давж заалдах гомдлуудыг хүлээн аваагүй тул хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 168.378 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2023/00690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Е.Б- болон хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Е.Б- болон хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус тус давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК