Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0426

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй зөрчлийн хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Т.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0395 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор Ц.М-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.О-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0395 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.О-ы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0065764 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц.М нь зөвшөөрөлгүй тавьсан контейнер нь “Газрын тухай” хууль, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хууль болон холбогдох журмуудыг зөрчсөн байхад харин ч хүсэлт гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас төлбөр авсан нь өөрөө газар эзэмшүүлэх зөвшөөрөл биш зөвхөн газрыг зөвшөөрөлгүй ашиглагдсаных нь төлөө авсан төлбөр юм. Онцгой байдлын Ерөнхий газрын галын дүгнэлтийг шүүхээс нотлох баримтаар гаргуулсан атал галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалтад заагдсан үйл ажиллагаа явуулах зорилгоор газар олгосон тухай Засаг даргын захирамжийг шалган тогтоолгүй галын дүгнэлтийг үндэслэсэн нь “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 101.1 дэх “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншин сонсгож, эд мөрийн баримтыг танилцуулна” заалтыг зөрчсөн. “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан хуулийн хориглосон заалт байсаар байхад хуулийг буруу хэрэглэсэн мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь газар ашиглаж болно гэсэн зөвшөөрөл биш, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр контейнер байршуулж, газар ашигласан зөрчил нь газар дээрээ тогтоогдсон, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны хороо хариуцсан газар зохион байгуулагч Г.А-ийн мэдүүлэг болон шаардах хуудас зэргээр тогтоогдсон боловч энэхүү буруу шийдвэрийн улмаас зөрчлийг арилгах боломжгүй, зөрчил байсаар байна. Тэгш бус хандсан эсэхийг бодитоор тодорхойлж Э.Г-ээс гэрчийн мэдүүлэг аваагүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Газрын төлбөр төлсөнөөр газар эзэмших эрх үүсэхгүй “Газрын тухай” хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ’’, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг шүүхийн шийдвэр гаргахдаа хэрэглээгүй. Энэ шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацааг буруу тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 хэсэг /Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах/ илт зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд халдсан шийдвэр гаргасан. Иймд тус хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээнд анхааралгүй, хайнга хандаж, хуулийг зөв хэрэглээгүй, хэргийн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2018 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 0065764 тоот шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгаварыг сэргээж шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.М нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.О-ы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0065764 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол гаргасан байх ба маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчилд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагч Ц.М нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын 52 дугаар гудамжинд /Орбитын тойрог/ 40 тн даацтай 2 чингэлэг байршуулан барилгын материалын худалдаа эрхэлдэг, уг газраа эзэмших хүсэлт гаргасан ч  тухайн газар нь цэвэр усны шугам, сүлжээний хамгаалалтын бүсэд хамаардаг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д заасан газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хориглосон газар тул эзэмшүүлэх боломжгүй талаар дүүргийн Газрын албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг  эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, түүнийг үндэслэж олгосон гэрчилгээ, зохих журмаар байгуулсан гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх үүснэ гэж ойлгоно.

Энэ утгаараа Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчлийн шинжийг агуулж байгаа ч маргаан бүхий энэ тохиолдолд Ц.М-г шууд буруутгах боломжгүй байжээ. Тодруулбал,

         Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт үйлдэн газрын төлбөрийн хэмжээг 158.400 төгрөгөөр тогтоож 2017, 2018 онуудад урьдчилан төлүүлж байсан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс Ц.М-тай жил бүр Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр “Барилгын материалын дэлгүүр” гэх үйлчилгээний зэрэглэлээр, “1 дүгээр хороо, Орбитын тойрог” гэх байршлаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх ба хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийтгэл ногдуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

         Өөрөөр хэлбэл, Ц.М-д тухайн байршилд үйл ажиллагаа явуулахыг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч, түүнийг уг газар дээрээ худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчлийн гэм буруугийн шууд санаатай шинжийг үгүйсгэж байгааг хариуцагч улсын байцаагч анхаарах шаардлагатай байжээ. 

Иймд хариуцагчаас гаргасан “анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй, нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар тусгай журмаар хэлэлцэх шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацааг тоолох тул хариуцагчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацааг буруу тогтоосон” тухай гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР   

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН