Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/0041

 

С.Ж-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сумъяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Ц.Т, А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, С.М нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 529 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор С.Ж-ы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагч Ц.Т, тэтгэврийн байцаагч А.Т нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1976 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн анги, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Эрдэнэт хот дахь цагдан сэргийлэх хэлтэс, Уулын баяжуулах үйлдвэрийн гэрээт гал командад тус тус жолоочоор цэргийн албанд 10 жил, 7 сар, 2 өдөр ажиллаж байгаад 49 насандаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэврээ авч байхад улсын байцаагчийн 2014 оны 195 тоот актаар 28,578,167 төгрөгийн төлбөрийн акт тавьж, 2014 оны 12 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоож намайг маш их хохироож байна.

Өндөр насны тэтгэвэрт гарах үед Барилгын цэргийн ерөнхий газраас гаргаж өгсөн баримтуудыг нийгмийн даатгалын хэлтэст авчирч өгсөн. 2007 оны үед буюу тэтгэвэрт гарах үед маш замбараагүй, архиваас хэрэгтэй баримтуудыг өгөхгүй, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив нь бидний хүсэлтийг хүлээн авахгүй байсан зэргээс болж хэрэгтэй холбогдох баримтуудыг авч чадахгүй бэрхшээл гарч байсан. Би өөрөө тушаал, шийдвэр гаргадаг албан тушаалтан биш, хуурамч баримт бүрдүүлж явах санаатай үйлдэл байгаагүй, миний цэргийн албанд ажилласан жил, тэтгэвэрт гарах нас, орон тооны цомхотгол гээд Цэргийн албан хаагчийн тэттэвэр , тэтгэмжийн тухай хуульд заасан заалтыг хангаж байгаа тул цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрхтэй гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Миний улсад үнэнчээр хөдөлмөрлөж, өнөөдөр эдлэх ёстой эрхийг хэн ч зогсоох эрхгүй гэж үзэж байгаа тул тухайн үед нь бичиг баримтуудыг нэг бүрчлэн тулгаж, шалгаж аваагүй нийгмийн даатгалын ажилтны хариуцлагагүй ажлаас болж би урьд авсан тэтгэврийг нөхөн төлж, тэтгэврээ зогсоолгохыг хүсэхгүй байна. Улсын байцаагч нь актдаа намайг хуурамч баримт бүрдүүлж ,худал мэдээлж тэтгэвэр авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын цэргийн ерөнхий ангиас өгсөн баримтуудыг үндэслээд 2007 онд Нийгмийн даатгалын газар өөрсдөө тэтгэвэр тогтоосон.

Иймд, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсны байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагч Ц.Т, тэтгэврийн байцаагч А.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн дагуу иргэн С.Ж-ы цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон үндэслэлийг шалгахад дараах зөрчил илэрсэн.

Иргэн С.Ж нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтаар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Зэвсэгт хүчний төв архивын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3997 тоот Барилгын цэргийн 158 дугаар ангийн захирагчийн 2001 оны тушаалыг шүүж үзэхэд 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр тушаал гараагүй байна гэсэн лавлагааг Зэвсэгт хүчний төв архивын дарга, хурандаа Х.З нь 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3997 тоот “С-ийн Ж Цагдаагийн ерөнхий газрын даргын 1976 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн н/163 дугаар тушаалаар өрлөгчин ахлагчаар 1976 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн даргын 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тушаалаар орон тоо өөрчлөлтийн учир 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болон цэргийн албанаас халагдсан байна” гэж засварлан хуурамч баримт үйлдэн, тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж, 28,578,167 төгрөгийн тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоолгон авсан зөрчил илэрсэн.

Иймд тус хэлтсийн байцаагч нар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч баримт бүрдүүлснээс тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэснийг үндэслэн хуурамч баримт бичиг бүрдүүлэн үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр улсын байцаагчийн актаар тогтоосон.

Гэтэл иргэн С.Ж нь актаар тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2156 дугаар шүүгчийн захирамжаар улсын байцаагчийн актыг баталгаажуулж, мөн өдрийн 287 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн болно.

Иймд тус хэлтэс нь иргэн С.Ж-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчин зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот актыг хүчингүй болгосон байна.

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 529 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагч Ц.Т, тэтгэврийн байцаагч А.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9д/6995 тоот албан бичгийн дагуу иргэн С.Ж-ы цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон үндэслэлийг шалгахад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23, 27 дугаар зүйлд заасныг зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлэн хуурамч архивын лавлагаагаар тэтгэвэр тогтоолгосон болох нь нотлогдсон тул Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот улсын байцаагчийн актаар үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр тогтоосон.

1. Магадлалын Хянавал хэсэгт “С.Ж-ыг хуурамч архивын лавлагаагаар тэтгэвэр тогтоолгосон гэдгийг нотолсон. Гэсэн ч С.Ж нь хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр авсан нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч ... цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрхтэй” гэж заасны дагуу эрх үүссэн байжээ” гэж дүгнэсэн С.Ж-ы цэргийн албан хаагчийн тэтгэвэр авах эрхийг тодорхойлсон заалт болохоос биш тэтгэвэр авах эрх үүсэхтэй холбоотой заалт биш юм.

2. С.Ж нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангасан болохоос тэтгэвэр авах эрх үүсээгүй байсныг шүүгч анхааран үзээгүй байна. Өөрөөр хэлбэл С.Ж цэргийн албан хаагчийн тэтгэвэр авах эрхтэй боловч тэтгэвэр тогтоолгох материалаа хуурамчаар бүрдүүлж ирсэн тул тухайн цаг үед тэтгэвэр авах эрх нь үүсээгүй байсан гэдгийг шүүгч шийдвэртээ ялгаж заагласангүй, нэг ойлголттой байсаар шийдвэр гаргасан.

3. С.Ж-ы тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр авсан нь Цагдаагийн байгууллага болон улсын байцаагчийн актаар тогтоогдож хуулийн дагуу арга хэмжээ авсан үйлдлийг хууль бус гэж үзсэн боловч магадлалын Хянавал хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага улсын байцаагч нь С.Ж-ы тэтгэврийг анх тогтооход тооцсон жил болон цалингийн зөрүү зэргээс шалтгаалан тэтгэвэр илүү олгогдсон эсэхийг шалгаж, зөвтгөн тогтоох, тэтгэвэр илүү авсан нь тогтоогдвол төлүүлэх, мөн уг хуурамч баримттай холбоотой, зохих хууль, журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаж хариуцлага тооцуулах зэрэг арга хэмжээг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд авахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ” гэж дурдсан нь ойлгомжгүй байна.

4. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөрчин С.Ж-ы хуурамч баримт материал бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын санд болон улсад учруулсан хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу иргэн С.Ж нь шинээр гарч ирсэн архивын лавлагаа болон баримт материал, тэтгэвэр тогтоолгохыг хүссэн  өргөдлөө  нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өргөдөл гаргасан өдрөөсөө тэтгэврээ шинээр тогтоолгон авах эрх зүйн зохицуулалттай.

6. С.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр гарч ирсэн нотлох баримтууд болон тэтгэвэр тогтоолгох өргөдлөө одоо болтол нийгмийн даатгалын байгууллагад өгөөгүй байгаа бөгөөд тухайн үеийн тэтгэврийг шууд зөвтгөн тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй байгааг анхааран үзээгүй.

7. С.Ж-ы хуурамч материал бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгосон ёс зүйгүй үйлдлийг хууль ёсны мэт үзэн улсын байцаагчийн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнээс харахад цаашид тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байгаа иргэд хуурамч материал бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгох нь хууль ёсны үйлдэлд тооцогдох сөрөг үр дагаврыг агуулж байна.

Мөн хуурамч лавлагаа гаргасан Зэвсэгт хүчний төв архивын дарга, хурандаа Х.Зоригтийн гэм буруу нь тогтоогдон шүүхийн шийдвэр гарсан байгаа болно.

Иймээс С.Ж нь хуурамч материал бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан нь архивын лавлагаа болон бусад баримтаар нотлогдчихсон байхад шүүх улсын байцаагчийн актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр болсон тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 529 дүгээр магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын ахлах байцаагч болон тэтгэврийн байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хууль бус 195 дугаар актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тухайлбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан хариуцлагыг шүүх хүлээлгэнэ:”, мөн зүйлийн 1-д “хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэл зэргээр тэтгэвэр буюу тэтгэмжийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлж...” гэж цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх субьектийг тусгайлан заасан байхад нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч болон тэтгэврийн байцаагч нар маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 195 дугаар актыг гаргахдаа уг хуулийн заалтыг үндэслэсэн нь буруу байна.

Дээрх хуулийн 24 дүгээр зүйлд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заажээ.

Иймээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:  1/орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;” гэсний дагуу тэтгэвэр тогтоолгосон нэхэмжлэгч С.Ж- нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн заалтыг зөрчсөнийг шүүх тогтоож, түүнд хариуцлага хүлээлгээгүй байгаа тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэснийг улсын байцаагч нар хэрэглэхээргүй байна.

Шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүйн гадна холбогдох хуулийн дагуу дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Мөн шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж заасантай нийцсэн байна.

Иймд, хариуцагч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;”, 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж заасан шаардлагыг хангаагүй, үйл баримтыг тоочин бичих байдлаар гаргасан хяналтын гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 529 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ц.СУМЪЯА

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА