Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0529

 

2015 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/1529

Улаанбаатар хот

 

С.Жы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Ц.Т, А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Жы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагч Ц.Т, тэтгэврийн байцаагч А.Тэ нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1976 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Барилгын цэргийн анги, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Эрдэнэт хот дахь цагдан сэргийлэх хэлтэс, Уулын баяжуулах үйлдвэрийн гэрээт гал командад тус тус жолоочоор цэргийн албанд 10 жил 7 сар 2 өдөр ажиллаж байгаад 49 насандаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэврээ авч байхад улсын байцаагчийн 195 тоот актаар 28578167 төгрөгийн төлбөрийн акт тавьж 2014 оны 12 дугаарсараас эхлэн өндөр насны тэтгэвэр зогсоож намайг маш их хохироож байна.

2007 оны үед тэтгэвэрт гарах үед маш замбараагүй, архиваас газраас хэрэгтэй баримтуудыг өгөхгүй,Тагнуулын ерөнхий газрын тусгай архив нь бидний хүсэлтийг хүлээн авахгүй байсан зэргээс болж, хэрэгтэй холбогдох баримтуудыг авч чадаагүй байсан зэрэг бэрхшээл гарч байсан юм. Би өөрөө тушаал шийдвэр гаргадаг албан тушаалтан биш, хуурамч баримт бүрдүүлж явах санаатай үйлдэл байгаагүй, миний цэргийн албанд ажилласан жил, тэтгэвэрт гарах нас, орон тооны цомхотгол гээд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд заасан заалтыг хангаж байгаа тул цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрхтэй гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон юм. Бичиг баримтуудыг нэг бүрчлэн тулгаж шалгаж аваагүй нийгмийн даатгалын ажилтны хариуцлагагүй ажлаас болж би тэтгэврийн нөхөн төлөлт төлж тэтгэврээ зогсоолгохыг хүсэхгүй байна. Барилгын цэргийн ерөнхий ангиас өгсөн баримтуудыг үндэслээд, 2007 онд нийгмийн даатгалын газар өөрсдөө тэтгэвэр тогтоосон юм. Тагнуулын тусгай архиваас надад бичиг баримт гаргаж өгөхгүй байж байгаад сая л хөөцөлдөж байж авлаа.

Иймд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 195 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын ахлах байцаагч үйлчилгээний албаны дарга Ц.Т тэтгэврийн байцаагч А.Тэ нар шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн дагуу иргэн С.Жы цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон үндэслэлийг шалгахад дараах зөрчил илэрсэн болно.

Иргэн С.Ж нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтаар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Зэвсэгт хүчний төв архивын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3997 тоот Барилгын цэргийн 158 дугаар ангийн захирагчийн 2001 оны тушаалыг шүүж үзэхэд 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр тушаал гараагүй байна гэсэн лавлагааг Зэвсэгт хүчний төв архивын дарга хурандаа Х.Зт нь 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3997 тоот Сандагдоржийн Ж ЦЕГ-ын даргын 1976 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн н163 дугаар тушаалаар өрлөгчин ахлагчаар 1976 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн даргын 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тушаалаар орон тоо өөрчлөлтийн учир 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болон цэргийн албанаас халагдсан байна гэж засварлан хуурамч баримт үйлдэн, тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж, 28578167 төгрөгийн тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоолгон авсан зөрчил илэрсэн.

Иймд тус хэлтсийн байцаагч нар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлХуурамч баримт бүрдүүлснээс тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэснийг үндэслэн хуурамч баримт бичиг бүрдүүлэн үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр улсын байцаагчийн актаар тогтоосон.

С.Ж нь актаар тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2156 тоот шүүгчийн захирамжаар улсын байцаагчийн актыг баталгаажуулж 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 287 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн болно. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дах хэсэг 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Жы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот актыг хүчингүй болгожээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргажбайна.

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн дагуу иргэн С.Жы цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон үндэслэлийг шалгахад дараах зөрчил илэрсэн болно.

Иргэн С.Ж нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтаар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Зэвсэгт хүчний төв архивын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3997 тоот "Барилгын цэргийн 158 дугаар ангийн захирагчийн 2001 оны тушаалыг шүүж үзэхэд 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр тушаал гараагүй байна гэсэн лавлагааг Зэвсэгт хүчний төв архивын дарга хурандаа Х.Зоригт нь 2006 оны 12 дугаарсарын 13-ны өдрийн 3997 тоот "Сандагдоржийн Ж ЦЕГ-ын даргын 1976 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн н/163 дугаар тушаалаар өрлөгчин ахлагчаар 1976 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн даргын 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тушаалаар орон тоо өөрчлөлтийн учир 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болон цэргийн албанаас халагдсан байна" гэж засварлан хуурамч баримт үйлдэн, тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж 28578167 төгрөгийн тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоолгон авсан зөрчил илэрсэн.

Иймд тус хэлтсийн байцаагч нар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн хуурамч баримт бичиг бүрдүүлэн үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр улсын байцаагчийн актаар тогтоосон.

Гэтэл иргэн С.Ж нь актаар тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул 2015 оны 06 сарын 09-ны өдрийн 2156 тоот шүүгчийн захирамжаар улсын байцаагчийн актыг баталгаажуулж 2015 оны 06 сарын 09-ны өдрийн 287 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн болно.

С.Ж нь 2006 онд гаргаж өгөөгүй лавлагаа тушаалуудаа одоо шинээр гарган өгч тэтгэвэр тогтоолгох материал болон тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргасан өдрөөс тэтгэврээ шинээр тогтоолгох боломжтой болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухайхуулийн 6 дугаар зүйлд "Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно." гэж заасан байдаг бөгөөд иргэн С.Ж нь шинээр гарч ирсэн тушаал шийдвэрүүдээ нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгч тэтгэвэр тогтоолгох өргөдлөө өгөөгүй байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Анх С.Ж нь 2006 онд тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт гарган өгч тэтгэврээ тогтоолгосон нь нотлогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ нотлох баримтууд нь гарч ирсэн боловч анх тэтгэвэр тогтоолгосон баримтууд нь хуурамч байсан тул Улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот актыг хүчингүй болгох боломжгүй юм.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 38 тоот шийдвэрээр С.Жы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа бөгөөд Нийгмийндаатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Жы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын ахлах байцаагч Ц.Т, тэтгэврийн байцаагч А.Тэ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаар актад баримталсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан хариуцлагыг шүүх хүлээлгэнэ: 1/ хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэл зэргээр тэтгэвэр буюу тэтгэмжийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлж, ... торгох шийтгэл ногдуулна гэж зааснаас үзвэл нийгмийн даатгалын болон тэтгэврийн улсын байцаагчид үндэслэлгүйгээр илүү авсан тэтгэврийг төлүүлэх бүрэн эрх олгоогүй байна.

2. Нэхэмжлэгч С.Ж нь 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо цэргийн албанд нийт 1976 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу 18 жил ажилласан мэтээр тодорхойлсон Зэвсэгт хүчний төв архивын дарга хурандаа Х.З-ын 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3997 дугаар албан бичгийг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн боловч уг албан бичиг нь хуурамч болох нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 9д/6995 тоот албан бичиг, шүүхээс Батлан хамгаалахын төв архивт үзлэг хийн хуулбарлан авсан Х.Зоригтын 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3997 дугаар Барилгын цэргийн 158 дугаар ангийн захирагчийн 2001 оны тушаалыг шүүн үзэхэд 2001.10.02-ны өдрийн 44 дүгээр тушаалыг гаргаагүй байна гэх архивын лавлагаа зэргээр тогтоогдсон байна.

Гэвч С.Ж нь Барилгын цэргийн ерөнхий газрын даргын 1976 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаар тушаалаар 017 дугаар цэргийн ангид улируулан ахлах түрүүч цолоор шагнагдан, мөн даргын 1980 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн н/311 тушаалаар материал үйлдвэрийн батальонд жолоочоор, Барилгын цэргийн ерөнхий газрын даргын 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн н/214 дүгээр тушаалаар Эрдэнэт хот дахь цагдан сэргийлэх хэлтэст жолоочоор, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Эрдэнэт хот дахь газрын даргын 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар тушаалаар ахлагч цолоор шагнагдаж, төв гал командад жолоочоор, 1983 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Цагдан сэргийлэх хэлтэст жолоочоор, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэрийн гэрээт гал командад жолоочоор тус тус ажиллаж байгаад 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, цэргийн албанд нийт 10 жил 8 сар 13 хоног ажилласан болох нь шүүхээс цуглуулсан дээрх тушаалуудын хуулбар, бусад баримтуудаар тогтоогджээ.

С.Ж нь тэтгэвэр анх тогтоолгон авахдаа хуурамч баримт бүрдүүлж авсан хэдий ч тухайн үед цэргийн албанд 10-аас дээш жил ажилласан байсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т ... 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч ... цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасны дагуу тэтгэвэр авах эрх үүссэн байжээ.

Гэтэл хариуцагч улсын байцаагч нар тэтгэвэр тогтоолгох үед цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн байсан эсэхийг шалгаж тогтоолгүй, зөвхөн хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж С.Жы тэтгэвэр олголтыг зогсоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэж заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар тэтгэвэр олголтыг зогсоох гол нөхцөл (гипотези) хуурамч баримтыг ашиглаж тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр авсан нь тогтоогдсон байх шаардлага хангагдаагүй байна. Энэ талаарх хариуцагч нарын ... анх хуурамч бичиг баримт бүрдүүлсний үндсэн дээр тэтгэвэр авч байсан нь тогтоогдсон учраас акт гаргасан. Актыг хүчингүй болгох боломжгүй ... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар нь хуулиар олгоогүй бүрэн эрх хэрэгжүүлж С.Жаар тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн С.Жд тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийг шалгаж тогтоолгүй Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчиж тэтгэвэр олголтыг зогсоосон, үүний улмаас нэхэмжлэгч С.Жы эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нийгмийн даатгалын байгууллага, улсын байцаагч нь С.Жы тэтгэврийг анх тогтооход тооцсон жил болон цалингийн зөрүү зэргээс шалтгаалан тэтгэвэр илүү олгогдсон эсэхийг шалгаж, зөвтгөн тогтоох, хэрэв тэтгэвэр илүү авсан нь тогтоогдвол төлүүлэх, мөн уг хуурамч баримттай холбоотой, зохих хууль, журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаж хариуцлага тооцуулах зэрэг арга хэмжээг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд авахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даатгалын ахлах байцаагч Ц.Т, тэтгэврийн байцаагч А.Тэ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ