Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2022/00593

 

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00593

 

Н ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00363 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 6,960,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо , Дүнжингаравын гудамж, Санто смарт апартмент орон сууцны - тоот хаягт байрлах Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь юм. Бид 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Э.С той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хэд хэдэн орон сууцыг худалдахаар тохиролцсон бөгөөд эдгээрт - тоот хаягт байрлах - м.кв хэмжээтэй орон сууц багтсан байсан. Гэвч худалдан авагч Э.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний талууд тухайн гэрээг цуцалсан боловч тус орон сууцанд Х.М хууль бусаар оршин сууж байна. Түүнд орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх оршин суусан хэвээр байна. Х.М анхнаасаа тус орон сууцыг эзэмших эрхгүй байтал буцаан өгөхөөс татгалзсан тул шүүхийн журмаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү орон сууцны өмчлөгч нь хэн болох талаар зохигчид маргахгүй байх тул эзэмших эрх хэрхэн үүсэх асуудлыг ярих нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Х.М нь хууль ёсны эзэмших эрхтэй этгээд гэсэн дээрх нөхцөл байдал үүсээгүй байх тул тэрээр тухайн орон сууцыг эзэмших эрхгүй. Хариуцагч нь Э.С болон Н ХХК нарын байгуулсан гэрээний хугацаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцыг шилжүүлж авсан мэт тайлбарыг өгдөг боловч худалдан авагч нь манай компанид гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд түүний өмчлөлд тус орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтаар Х.М ыг иргэн Э.С той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тухай ямар нэгэн баримт байдаггүй. Хариуцагч тал манай өмчлөлийн Санто смарт апартмент хотхоноос биш Парк вив хотхоноос - м.кв талбайтай 3 өрөө орон сууц авахаар Ж.Б ын дансанд 40,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагч нь манай компанийн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлэр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн хувьд хариуцагч Х.М болон иргэн Э.С нар орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулаагүй, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтаар хариуцагч нь зөвхөн 40,000,000.00 төгрөгийг буцаан авахтай холбоотой гомдол гаргасан байна. Иймд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо , - тоот Санто аппрмент хотхоны - тоот хаягт байрлах байрны - тоот орон сууцыг хариуцагч Х.М ын эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Мөн хариуцагч нь өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр амьдарч, өөрийн зардлыг хэмнэсэн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 1 сарын төлбөрт 1,700,000.00 төгрөгийг 4 сараар тооцож 6,800,000 төгрөг, ашиглалтын зардалд сарын 40,000.00 төгрөгийг мөн адил 4 сараар тооцож 160,000 төгрөг, нийт 6,960,000төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие эгч Х.Мөнхцэцэгтэй хамт нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо , - тоот байрны - тоот орон сууцыг нэхэмжлэгч Н ХХК -аас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түлхүүрийг нь авсан гэх иргэн Э.С ос худалдан авахаар ярилцсан. Тэр надад орон сууцыг хямд худалдаж байгаа учир мөнгөө бэлнээр өгч, түлхүүрийг аваад байрандаа орж болно, өмчлөх эрхийн гэрчилгээг 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн тул үүнд итгээд 40,000,000 төгрөгийг өгөөд орон сууцанд орсон. Миний бие уг байрны ашиглалтын зардлыг сар бүр төлж байсан бөгөөд орон сууцыг худалдаж авах үед хууль ёсны өмчлөгч байсан Э.С д төлбөрийг нь төлсөн учраас ямар нэгэн түрээсийн төлбөр төлөх эрх зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Н ХХК нь иргэн Э.С той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тэр хүн нь бусдад хууль ёсны өмчлөгчийн баталгаа гэж гэрээ үзүүлж, төлбөрийг авсан асуудал байгаа тул нэхэмжлэгчийг цагдаад өгсөн. - тоот хаягт байрлах орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр оршин суусан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул миний эзэмшлээс чөлөөлүүлэх болон түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлын хамт нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Нөгөө талаар хэрэгт түрээсийн төлбөрийг хэрхэн тооцож гаргасан тухай баримт байхгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэн бэ гэх асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шалгахад Санто апартмент хотхоны - тоот хаягт байрлах орон сууцыг Н ХХК -ийн өмчлөл мөн эсэх асуудал хөндөгдөнө. Э.С той байгуулсан гэрээг цуцалсантай холбоотой баримт хэргийн материалд байхгүй, гэрээ цуцлах, гэрээнээс татгалзсан журмын хүрээнд цуцалсан эсэх асуудал маргаантай байх үед Х.М ыг хариуцагчаар татан оролцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэдгийг нотолсон тодорхой баримтууд хэрэгт ирсэн. Иймээс мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа буюу эрүүгийн хэрэгт Э.С , хариуцагч Х.М , нэхэмжлэгч Н ХХК нартай холбоотой хэргийг шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бүрдсэн. Мөн хэрэгт авагдсан баримтаар Э.С ос өгсөн 650,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч Н ХХК нь 250,000,000 төгрөгийг зарцуулж, одоо 400,000,000 төгрөгийг өөрийн дансанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэлх хугацаанд захиран зарцуулах эрхгүй байршуулж байна. Иймд Э.С той байгуулсан гэрээтэй холбоотой асуудлын үр дагаврыг Х.М аас шаардах боломжгүй учраас иргэний журмаар энэ асуудлыг шийдвэрлэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Х.М д Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо , 13312 хүннүгийн гудамж, - тоот хаягт байрлах 14,833.6 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн - тоот хаягт орших - м.кв талбайтай орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,960,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,510.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар мэтгэлцээн хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Тодруулбал:

А. Нэхэмжлэгч Н ХХК нь ирэн Э.С той байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үр дагаварыг гуравдагч этгээд болох Х.М д шууд холбогдуулан гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжпэл түүний агуулга, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Э.С той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байхад гэрээ цуцлагдсаны улмаас үүсэх үр дагаварыг Н ХХК -ийн өмнө хүлээх Э.Солонгын үүргийг тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцвол зохих Х.М д гэрээний үүргийг хүлээлгэн орон сууцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Б. Нөгөөтэйгүүр Х.М нь - тоот од байрлах - м.кв талбай бүхий орон сууц болон түүний түлхүүр Н ХХК болон Э.С той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Э.Солонгын эзэмшил, ашиглалтад шилжсэн, улмаар Э.С нь хэлцлийн үндсэн дээр Мөнхжаргалаас 40,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр авч түүний эзэмшил ашиглалтанд хууль ёсны дагуу шилжүүлсэн үйл баримт, - тоот орон сууц нь Солонгоос Х.М д шилжих үед түлхүүр хүлээлгэн өгч, Х.М ын эзэмшлийг үйлдлээрээ хүлээн зөвшөөрөх байдлаар хандсан Н ХХК -ийн санаа зорилгыг хэрэгт цугларсан баримтад тулгуурлан зөв дүгнэлгүй хариуцагчийг шударга бус эзэмшигч гэж тооцож хэргийг шийдвэрлэсэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан.

В. Түүнчлэн уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа баримтуудаас харахад Э.С гэгч нь Н ХХК -аас гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан гэх тоот бүхий 11 орон сууцыг зарж борлуулах нэрээр бусдад маш их хэмжээний хохирол учруулсан, Э.С ос Н ХХК тодорхой хэмжээний мөнгө хүлээн авч түүнийгээ үйл ажиллагаандаа зарцуулсан, үүний улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татагдсан зэрэг нь нотлогдож байгаа. Цаашилбал мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу Э.С д холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа иргэний журмаар Н ХХК -ийн нэхэмжлэлийг хэлэлцэх байтал уг зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангасан, хууль зүйн болон бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэн зөв үнэлсэн. Н ХХК нь Э.С той байгуулсан гэрээний үүргийг Х.М аас шаардаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох гомдол гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х.М д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцанд 2020 оны 12 дугаар сараас эхлэн амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 6,800,000 төгрөг, ашиглалтын зардалд 160,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...Х.М нь үнэ төлбөргүйгээр орон сууцад амьдарсан гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх1-2, 114-124/

 

Хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай Орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж түлхүүрээ авсан гэх Э.С ос нэхэмжлэлд дурдсан орон сууцыг худалдан авахаар тохирч, 40,000,000 төгрөг бэлнээр өгч байрандаа орсон тул төлбөр төлөх үндэслэлгүй, энэ асуудлаар Э.С нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн агуулгаар тайлбарласан байна. /36, 114-124/

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл баримт, талуудын тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Н ХХК -ийг хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

3А. Нэхэмжлэгч Н ХХК нь Ц ХХК -ийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо , 13312 Хүннүгийн гудамж, - тоот хаягт орших 14,833.6 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч байна. /хх-6/

3Б. Хариуцагч Х.М нь нэхэмжлэгчийн өмчлөлд хамаарах буюу дээрх хаягт байрлах - тоот - м.кв талбай бүхий орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүнийг бусдын өмчлөлийн орон сууцад хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3В. Нэхэмжлэгч Н ХХК нь Х.М д холбогдуулан шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Х.М нь маргаан бүхий сууцыг тус орон сууцыг өмчлөх эрхтэй гэх Э.С ос худалдан авахаар тохиролцож, 40,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Э.С той байгуулсан гэх гэрээ хэрэгт авагдаагүй тул Э.С д холбогдох үүргийг Х.М д хүлээлгэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Мөн хэргийн 103 дугаар талд авагдсан Хаан банк дахь Х.М ын дансны хуулга, 59 дүгээр талд авагдсан хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг бичгийн баримтаас үзэхэд Х.М аас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг Э.С д биш харин Ж.Б гэх хүнд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар, давж заалдах гомдолд заасан Э.С д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй гэсэн үндэслэлээр уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

4. Харин нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х.М ыг өөрийнх нь өмчлөлийн орон сууцад 2020 оны 12 дугаар сараас эхлэн амьдарч 6,800,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусад этгээдийн орон сууцыг хөлсөлсөн бол уг хэмжээгээр зардал гаргах байсан гэж тайлбарлан орон сууц ашиглалтын зардал 160,000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

4А. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан боловч хариуцагч Х.М ыг бусдын орон сууцыг түрээслэх зардлаа хэмнэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь энэ талаарх шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ЦОГТСАЙХАН