Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 118

 

Х.Т, У.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Х.Т ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1499 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1443 дугаар магадлалтай, Х.Т, У.М нарт холбогдох 2015 2501 2561 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Т ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Б овогт Х.Т

2. Монгол Улсын иргэн, Э овогт У.М

Х.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д, У.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Т ийг хүнийг алах, У.М г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар У.М г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Т ийг 12 жил хорих ял шийтгэж уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Х.Т өөс 7.828.100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баасанбаярт олгохоор шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Т ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Хишигсүрэнгийн Төгөлдөр нь өөрийн холбогдсон хэрэгт чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон хууль хэрэглээний тал дээр ямар нэгэн маргах байр суурьгүй байгаа болно. Энэ нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр суурьтай өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх хурлаас хойш миний үйлчлүүлэгч Х.Т т холбогдох хэргийн гэрч болон энэ хэрэгт зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, шүүхээс ял оногдуулсан шүүгдэгч Мөнхнасан нь нас барсан гэх үйл явдал бий болжээ. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэх үед Мөнхнасан нас барсан үйл баримтыг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй эсхүл авагдаагүй шалтгааныг нотолсон баримт байхгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж түүний шүүхэд хуралд оролцуулах хүсэлт гаргах замаар нотлох баримтаар ашиглан өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, зүйлчлэлийн хувьд өмгөөлөгч байр сууриа илэрхийлэх зэрэг хуульд заасан аргаар өмгөөлөх үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдаж байна. Мөн Х.Т ийн бага насны хүүхэд талийгаач Мөнхнасангийн ээжийн асаргаанд байдаг гэх прокурорын асуулт хариултаар түүний асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхгүй орхисон нь давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хуулийг агуулгаар нь буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж Мөнхнасан нас барсан гэх үйл баримт, миний үйлчлүүлэгчийн бага насны хүүхдийн асран хамгаалалтыг тогтоолгож өгнө үү. Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж өмгөөлөгчийн байр сууринаас үзэж байна” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, У.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзэж шүүхээс гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан байна. Шүүгдэгч У.М  нь анхан шатны шүүх хуралдаан болсны дараа нас барсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд яригдсан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Т ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гомдлыг үндэслэн Х.Т, У.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Х.Т ийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ажнай 76" дугаар байрны 2 дугаар орцны шатны доод хонгилд иргэн С.Ж ыг гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж унагаан улмаар толгой хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө дэвсэж суурь ясны шугаман хугарал бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт,

У.М г 2015 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ажнай 76" дугаар байрны 2 дугаар шатны доод хонгилд иргэн С.Ж ыг Х.Т  зодож алсан гэх 201525012561 дугаартай хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11 цаг 57 минутанд Мөрдөн байцаах албаны уулзалт мэдүүлэг авах 506 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө, мөн 2020 оны 03 дугаар сарын 31-ний 16 цаг 04 минутанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тус тус худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Т  нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн байна.

Хоёр шатны шүүхээс Х.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний доторх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүхүүд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч У.М д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хувьд хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөр мэдүүлэг өгч уг үйлдэлдээ яллагдагчаар татагдан шалгагдсан хэдий ч тэрээр анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлэн Х.Т ийн үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн нь шийтгэх тогтоол, магадлалын үндэслэл болсноос гадна өөрөө худал мэдүүлсэн үйлдлийнхээ үр дагаврыг арилгасан нөхцөл байдал тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.М  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн дээрээс шат унасныг өөрийн буруутай үйлдлээс болсон хэмээн мэдүүлж, дараа нь мөн хохирогчийг шанаа руу нь цохиход цаашаа унахдаа толгойгоороо саваад урагшаа тонгойгоод суусан мэтээр ярьсан ба эдгээр мэдүүлгийг өгснөөрөө хэн нэгнийг гэмт хэрэгт гүтгэж, эрх, эрх чөлөөнд нь халдаагүйн гадна мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүгүй байна.

Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг цохисон өөрийн үйлдлийг тодорхой мэдүүлж, улмаар Х.Т ийн үйлдлийг ч тодорхойлсон нь өмнө өгсөн худал мэдүүлгийн үр дагаврыг арилгасан, өмнө өгсөн худал мэдүүлэг нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн шинжгүй зэрэг байдлыг харгалзан түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Х.Т ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс гаргасан хяналтын гомдлын “хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах замаар У.М гийн нас барсан талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргах” агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1499 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1443 дугаар магадлалын тогтоох хэсэгт “У.М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын У.М д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Т ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ