Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1195

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03416 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 321 ам.доллар буюу 57 820 714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Хы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ХХХ-тай 10/43 тоот зээлийн гэрээ байгуулж 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. ХХ нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчин зээлдүүлэгчээс тавьсан шаардлагыг биелүүлэлгүй өдийг хүрсэн.

2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болон 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай талаас удаа дараа шаардсаны үр дүнд зээлийн төлбөрөө төлөх үүргээ зөвшөөрч, биелүүлэх баталгааг бичгээр гаргаж өгсөн боловч биелүүлээгүй, түүнээс хойш амаар хэлж буй амлалтаа баримтжуулах шаардлагыг хүлээж авахаас зайлсхийх болсон. Улмаар холбоо барьж байсан утаснуудаар нь ярих, гэрт нь очиж уулзах гэхэд энэ дугаарыг худалдаж авсан, энэ байраа зараад нүүсэн гэж танихгүй хүмүүс хариу хэлэх болсон. Түүнтэй саяхан ХХХХХХХХ дугаар утсаар ярихад холбогдож байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг мэдэгдэхэд энэ утсаар шүүхээс холбогдож дуудвал очиход бэлэн, одоогоор оршин суугаа хаяггүй байна гэсэн.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ХХ үндсэн зээл 7 579 ам.доллар, хүү 19 292 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1 450 ам.долларын төлбөртэй байна. Иймд тус байгууллагатай байгуулсан зээлийн гэрээгээр ХХын хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 28 321 ам.доллар буюу энэ өдрийн албан ханшаар тооцон 57 820 714 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХ шүүхэд болон түүний өмгөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ХХХ-тай №10/43 тоот зээлийн гэрээ байгуулж 15 000 ам.долларыг 3 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн төлөлт хийж эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүнд нийт 21 201 ам.долларын эргэн төлөлт хийсэн байна.

Хэдийгээр бидний байгуулсан зээлийн гэрээний 1.5-т зээлийг эргэн төлөхдөө нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн дарааллаар төлөгдөх тухай заасан байх боловч зээлийг эргэн төлөх үед надад үндсэн зээлээс хасалт хийж байгаа гэж хэлдэг байсан учир өнөөг хүртэл би зээлийг бүрэн төлж барагдуулсан гэх итгэлтэй байсан юм.

Гэвч ийнхүү ямар аргаар яаж бодсон нь мэдэгдэхгүй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэх их хэмжээний мөнгийг олон жилийн дараа гэнэт нэхэмжилж байгааг гайхаж байна. Миний бие ХХХ-тай хийсэн зээлийн гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХаас 51 740 635 төгрөгийг гаргуулан ХХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 352 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХаас 416 653 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ХХ нь ХХХ-тай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 5550-УНТ улсын дугаартай, Ниссан Армада маркийн автомашиныг барьцаалж 15 000 ам.долларын зээл авсан байдаг. Гэвч богино хугацаатай, хэт өндөр хүүтэй зээлийг анхнаасаа л эргэн төлөх боломж муу байсан тул ХХ нь зээлийн гэрээний үндсэн хугацаанд буюу 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ганцхан удаа 1 500 ам.долларын хүү төлж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй байна.

Эргэн төлөгдөх боломжгүй, хэт өндөр хүүтэй валютын зээл олгосон ХХХ нь зээлийн гэрээний хугацаа дуусахад миний үйлчлүүлэгчид юуны өмнө авсан зээлээ эгүүлэн төлж, дараа нь үндсэн төлбөрөө төлөх хүртэлх хугацааны зээлийн хүүг төлөх шаардлага тавьсан тул миний үйлчлүүлэгч нэгэнт зээл авсан учир ямарч байсан ХХХ-ыг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэн дээрх нөхцөлийг зөвшөөрч 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 000 000 төгрөг буюу 8 346 ам.доллар, 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1 000 ам.доллар, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг буюу 6 180 ам.долларын төлөлт хийснээр үндсэн зээлийн төлбөр дуусаж, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн нийт хүүд 5 000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцож хүү төлөхийг зөвшөөрсөн бичиг үйлдэж ХХХ-д өгсөн байдаг.

Ийнхүү 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2 000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 220 ам.долларын хүү төлснөөр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүд нийт 21 201 ам.долларын эргэн төлөлт хийсэн учир нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хүртэл миний үйлчлүүлэгч зээлээ бүрэн төлж дууссан гэж бодож явсан байна.

Гэтэл гэнэт зээл авснаас хойш бүтэн 6 жилийн дараа ХХХ нь шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл хэмээн 28 321 ам.доллар буюу 57 820 714 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд миний үйлчлүүлэгч үүнээс сүүлд тохиролцсон ёсоор төлөх ёстой байсан зээлийн хүүний үлдэгдэл 780 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор маргасныг шүүх шийдвэрлэхдээ ХХХ-ыг шаардах эрхээ шудрагаар хэрэгжүүлээгүй гэж үзэн зөвхөн нэмэгдүүлсэн хүүний 2 352 ам.долларыг хэрэгсэхгүй болгож үлдсэн хэсэг буюу 25 969 ам.долларыг хангаж шийдвэрлэсэнд миний бие дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Зээлийн гэрээг байгуулахдаа гэрээний 1.8 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний барьцаанд зээлдэгчийн "ХХХХХХХ" ХХК-ийн дэд захирлын сарын 5 000 ам.долларын үндсэн цалинг барьцаалсан мэт байх боловч бодит байдалд ХХын өмчлөлийн 5550-УНТ улсын дугаартай, Ниссан Армада маркийн автомашиныг барьцаалж, фидуци болон барьцааны гэрээ хийлгүйгээр "ХХХ" ББСБ-ын захирал ХХХХХХХХ өөрийн нөхөр, тус компанийг итгэмжлэн төлөөлж нэхэмжлэгчээр оролцож буй ХХХХгийн нэр дээр шилжүүлж авсан байна. Энэ тухай шүүх хурлын өмнөхөн өөрийн үйлчлүүлэгчээс олж мэдсэн өмгөөлөгч миний бие 5550-УНТ улсын дугаартай, Ниссан Армада маркийн автомашины улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах, нэхэмжлэгч "ХХХ" ББСБ-ын захирал ХХХХХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нарыг гэр бүл мөн эсэх тухай лавлагаа гаргуулах зэрэг дээр дурьдсан автомашин барьцаалсан эсэхийг нотлоход зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулж, энэ асуудал нотлогдвол сөрөг нэхэмжлэл гаргах зорилготой хурал хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүгч энэ тухай шүүх хуралдаан эхлэх үед зохигчдоос тодруулахад зохигчид маргаагүй тул дээрх байдал нь нотлогдсон гэж үзэн хүсэлтийг гаргаагүйд тооцсон.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасан. Гэвч шүүгч дээрх асуудлыг зайлшгүй шинжлэн судлах шаардлага байсаар байхад хурлыг хойшлуулаагүй.

Улмаар зээлийн гэрээний барьцаанд ХХын өмчлөлийн 5550-УНТ улсын дугаартай, Ниссан Армада маркийн автомашиныг барьцаалсан нь зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэг, тайлбараар нотлогдсоор байхад шүүх уг асуудлыг зээлийн гэрээтэй хамт шийдвэрлээгүй. Дээрх асуудал нь зайлшгүй хамт шийдвэрлэгдэх боломжтой маргаан бөгөөд хэдийгээр сөрөг нэхэмжлэл шүүх хурлын өмнө гаргаагүй байсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахын тулд дээрх хөрөнгөд үнэлгээ тогтоох зэрэг зайлшгүй ажиллагаа хийгдэх ёстойг шүүх харгалзан үзээгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй. "ХХХ" ББСБ-ын иргэдтэй хийдэг зээлийн гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Учир нь зээлийн гэрээний 1.5 дахь хэсэг нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл юм. Гэвч шүүхээс дээрхи стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр буст тооцох нь бүү хэл зээлийн гэрээний энэ зүйл заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлнө" хэмээх зохицуулалт байдаг. Дээрх зохицуулалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор тайлбарласан байна. ХХ нь нэхэмжлэгчтэй 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасанчлан сунгаагүй байна. Мөн дээрх хугацаа өнгөрөхөд үндсэн зээлээс 15 000 ам.долларыг төлж барагдуулаагүй байсан учир хуулийн дагуу миний үйлчлүүлэгч 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 000 000 төгрөг буюу 8 346 ам.доллар, 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1 000 ам доллар, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг буюу 6 180 ам.долларын төлөлт хийснээр үндсэн зээлийн төлбөрөө бүрэн төлж дуусгасан нь зээлтийн карт болон мөнгө төлсөн баримтаар нотлогдож байна. Мөн зээлийн үндсэн төлбөр дууссаны дараа нийт 5 000 ам.долларын хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт үйлдсэнийг зохигчид шүүхийн хэлэлцүүлгээр хэн аль нь хүлээн зөвшөөрсөөр байхад шүүгч зөвхөн зээлийн гэрээний 1.5 дахь хэсэг болон нэхэмжлэгчийн "Бид нар энэ хүнээс мөнгөө олж авахын тулд элдвийн аргаар залилж нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээ олж авсан юм. Наад зээлийн карт чинь зүгээр л ХХт үзүүлдэг байсан. Харин хүүг төлөхөө хүлээн зөвшөөрсөн баримтыг би ойлгохгүй байна. Жинхэнэ карт нь энэ байна" гээд өмнө нь огт байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичиж өгсөн карт зэргийг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх үед мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн мөнгөний ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээ нэхэмжлэл гаргасан үеийн мөнгөний ханшаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

ХХХХХХХХ нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 220 ам.доллар буюу 3 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрөх боловч энэ мөнгийг зээлийн гэрээтэй огт холбоогүй, өөр бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор авсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцохдоо тайлбарладаг. Гэвч энэ нь ямар бизнесийн үйл ажиллагаа байсныг нотолдоггүй. Гэтэл шүүхээс 3 000 000 төгрөг төлснийг нотлогдоогүй гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь, ХХХХХХХХ нь миний үйлчлүүлэгчээс төлбөр авч буй этгээдийн хувьд тухайн үед мөнгө авахдаа баримт үйлдэж өгөх үүрэгтэй байсан. Гэвч ийнхүү баримт үйлдэж өгөөгүйгээ далимдуулж үүнийгээ хөндлөнгийн гэрч байсан тул улаан цайм аваагүй гэж гүрийж чадахгүй байсан учир ийнхүү өөр бизнесийн мөнгө байсан гэж хэлснийг шүүх хүлээн зөвшөөрсөн байна.

Зээлийн гэрээний хүү хэт өндөр тогтоогдсоныг шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч миний бие хэлсээр байхад шүүгч энэ тухай хүсэлт гаргаагүй гэж үзсэн. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэгэнт төлөгдсөн хүүг буцааж авах боломжгүй учир энэ тухай хүсэлт тусгайлан гаргаагүй нь үнэн. Гэвч шүүгч тухайн хэрэг маргааныг тал бүрээс нь бодитой дүгнэж, хэргийн оролцогчдын буруутай байдлыг үнэлж дүгнэх, тэдэнд хууль ёсны шаардлага анхааруулга өгөх ёстой. Гэвч шүүгч зээлийн гэрээний хүү өндөр байгааг нэхэмжлэгчид анхааруулж, дараа дараагийн удаа ийм өндөр хүүний дарамтанд иргэдийг оруулахгүй байх тал дээр арга хэмжээ аваагүй нь нэг талын ашиг сонирхол байсныг харуулна.

Эцэст нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ нь иргэд болон хуулийн этгээд хооронд хийгддэгээр онцлогтой. Тийм ч учраас зээлийн гэрээний стандарт нөхцөл, тэдгээрийн хоорондын харилцаа нь шударга үнэнд нийцсэн байх явдал нь маш чухал. Гэтэл "ХХХ" ББСБ нь ХХтай стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус, хэт өндөр буюу 5 хувийн хүүтэй валютын зээлийг 3 сарын хугацаатай олгож, миний үйлчлүүлэгчийн хууль мэдэхгүйг далимдуулж, өндөр тогтоосон, өөртөө хэт ашигтай зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүг аль болох урт хугацаанд авахаар улайрч, миний үйлчлүүлэгчийг элдвийн аргаар залилж санасандаа хүрсэнд гомдолтой байна. Иймд зээлийн гэрээгээр авсан үндсэн зээлээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу төлсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 321 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 57 820 714 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Дээрх төлбөрийн дүн нь хариуцагч 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн үндсэн төлбөр 7 579 ам.доллар, зээлийн хүү 19 292 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1 450 ам.долларын нийлбэр ба талууд гэрээгээр тохиролцсоны дагуу хугацаа хэтрүүлсэн үүргийн гүйцэтгэлийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасаж тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарласан байна. 

 Хариуцагч ХХ нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлтөөр нийт 21 201 ам.доллар төлснөөс 1 500 ам.долларыг хүүгийн төлбөрт, үлдэх 19 701 ам.долларыг үндсэн зээлд төлснөөр зээлийн гэрээний үүрэг дууссан гэж мэтгэлцжээ.

Хариуцагч ХХаас зээлийн гэрээний үүрэгт 19 701 ам.доллар төлсөн төлбөрийн дүн болон хугацааны тухайд нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй, харин 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ХХХ-ын захирал ХХХХХХХХ нь 3 000 000 төгрөгийг ХХаас авсан гэх боловч уг төлбөр нь зээлийн төлбөрөөс тусдаа өөр төлбөр гэж тайлбарласныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байх тул шүүх уг дүнг зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүйг буруутгах боломжгүй юм. Учир нь зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан зээлээ буцаан төлөх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. 

Дээрхээс үзвэл зохигчид 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 10/43 тоот зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 15 000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлж, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн талаар маргаагүй, харин зээлдэгчийн хугацаа хэтрүүлэн төлсөн зээлийн төлбөрийг зээлийн үлдэгдэл төлбөрөөс хасах дарааллын талаар маргасан байна.

Хариуцагч ХХ нь зээлийн гэрээний эхний 2 сарын хүү 1 500 ам. долларыг хугацаанд нь төлсөн,  гэрээний хугацаа дуусах 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээлийн 15 000 ам.доллар, зээлийн хүүгийн 750 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8 346 ам.доллар, 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1000 ам.доллар, 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 6134 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 2 000 ам.долларыг тус тус зээлийн төлбөрт төлсөн талаар талууд маргаагүй. 

Хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн төлбөрүүд нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд эхлээд үндсэн үүргээс, дараа нь гэрээний хариуцлага буюу хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцнэ. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдэл 15 000 ам.доллараас хасаж, үлдэх хэсгээс мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй.

Дээрх байдлаар тооцвол гэрээний хугацаа дуусахад буюу 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч зээлийн үүрэгт үндсэн зээл 15 000 ам.доллар, нэг сарын хүү 750 ам.долларын үүргийн үлдэгдэлтэй байсан бөгөөд хариуцагчаас 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 8346 ам.долларыг үндсэн зээл 15 000 ам.доллараас хасаж, хэтрүүлсэн хугацааны хүүг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 7 хоног үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15 000 ам.доллараас тооцон 175 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7 ам.доллар, 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 1000 ам.долларыг үндсэн зээл 6654 ам.доллараас хасаж, өмнөх үлдэгдэл 6654 ам.долларт 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх 322 хоног хэтрүүлсэн хугацааны хүү 3570 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 178.5 ам.доллар, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 6135 ам.долларыг үндсэн зээл 5654 ам.доллараас хасаж, өмнөх үлдэгдэл 5654 ам.долларт 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 721 хоног хэтрүүлсэн хугацааны хүү 6794 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 339.7  ам.доллар төлөх үүрэг үүсжээ.

2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 6135 ам.долларын төлбөр нь үндсэн зээл 5654 ам.доллар болон 481 ам.долларын хүүгийн төлбөрт тооцогдсоноор хариуцагчаас нэхэмжлэгчид Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх зээлийн үндсэн үүрэг дууссан тул уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй, энэ өдрийн байдлаар нийт 10 808 /750+175+3570+6794/-481/ ам.долларын хүү, 525,2 /7+178,5+339,7/ ам.долларын нэмэгдүүлсэн хүү, нийт 11 333,2 ам.долларыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн болон зээлийн гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байна.  

Дээрхээс сүүлчийн буюу 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 2000 ам.долларыг хасвал нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 9333.2 ам.доллар болно.  

Зээлийн дээрх төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийн монгол төгрөгтэй харьцах ханш 2041,62 төгрөгөөр тооцон 19 054 847 /9 333.2*2041.62/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр гэрээнд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг хасахаар тохиролцсон тул төлбөрийн үлдэгдлийг энэ дарааллаар тооцоход 28 321 ам.долларын төлбөр хуримтлагдсан гэсэн нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээний 1.5-д дээрх дарааллаар төлбөрийг хасаж тооцохоор заасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд хуулиар тогтоосон уг журмыг гэрээгээр өөрчилж болох талаар уг зүйлд заагаагүй байна. 

Мөн талууд гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэх ба нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийг зээлдэгчийн эрхийг зөрчсөн тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19 054 847 төгрөгийг хангаж, үлдэх 38 765 867 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хувь хэмжээгээр тооцон 253 224 төгрөгийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулна. 

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн төлбөрийг шаардах нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй, иргэний эрх зүйн үүрэг гүйцэтгэх ерөнхий зарчмыг тогтоосон Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тодорхойлолт бүхий 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг баримталсан нь оновчтой биш байх тул тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “13 дугаар зүйлийн 13.1, 452 дугаар зүйлийн 452.2” гэснийг хасч, “51 740 635 төгрөгийг” гэснийг “19 054 847 төгрөгийг“ гэж, “2 352 ам.долларт холбогдох хэсгийг” гэснийг “ үлдэх 38 765 867 төгрөгийг” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “416 653 төгрөгийг” гэснийг “253 224 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ