Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 3307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод оршин суух Төмөрбаатарын Цогбаяр /РД:ХА76070518/-ын гаргасан,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн /РД:ЙЮ87102201, өмгөөлөгч Ц.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар:1019/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном /ажлын үнэмлэхийн дугаар 0242/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Транскапитал ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх /РД:СФ83032930/ болон шүүх хуралдааны Нарийн бичгийн даргаар Б.Энхцэцэг нар тус тус оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Цогбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр Э.Ариунцэцэгийн хамт 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Транскапитал ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулж, 40,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөө байрыг барьцаалуулсан.

Зээлдүүлэгч Транскапитал ББСБ-ын нэхэмжлэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3189 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 883 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоолоор 54,260,000.00 төгрөгийг Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3/5289 тоот мэдэгдэл ирүүлж, манай орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдлээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тооцохдоо 1 м,кв талбайг 2,150,000.00 төгрөгөөр тооцож, 58.1 м,кв талбай гээд 125,000,000.00 төгрөгөөр гэсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, энэхүү орон сууц 1975 онд баригдсан бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан стандартын дагуу тайлбайн хэмжээ нь 39 м,кв талбай гэж тогтоосон байдаг. Харин 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Орон сууцны барилгын доторх сууцны талбай хэмжих MNS6058:2009 тоот аргачлалаар тооцвол 65 м,кв талбайтай болно. Мөн байрлал сайтай, хуучнаар хүүхдийн 100-ийн дэргэд байдаг тул 1 м,кв талбай нь 2,500,000.00 төгрөг хүрнэ гэж үзэж байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь орон сууцны талбай хэмжих зөвшөөрөлгүй мөртлөө дураараа манай орон сууцыг 58.1 м,кв талбайтай гэж хэмжсэн. Өөрөөр хэлбэл, манай орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш 162,500,000.00 төгрөг болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээчин томилсон талаар болоод үнэлгээ хийсэн талаар огт мэдээгүй бөгөөд орон сууцны үнэлгээний талаар 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн.

Иймд, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоосон эхний үнийг 30 хувь бууруулж, дуудлага худалдаанд оруулдаг, хэрэв тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тохиолдолд тус хуулийн 177.4-т зааснаар анхны үнэлгээнээс 50 хувь бууруулж, худалддаг, энэ нь өөрөө манай үйлчлүүлэгчийн эрх ашигт цаашдаа сөрөг нөлөө үзүүлэх юм. Хэрэв Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зохих ёсоор тогтоогдсон бол ийм маргаан гаргахгүй, 125,000,000.00 төгрөг гэж үнэлж байгаа нь үндэслэлгүй юм. 

Иймд, тус үнэлгээг хүчингүйд тооцож өгөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоолоор Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нараас 54,829,250.00 төгрөг гаргуулж, Транскапитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Тус тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Т.Цогбаярын хамтран өмчлөлийн Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөө байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/12 тоот дугаартай тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2016/01 тоот тогтоолоор хураасан.

Төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2-ын дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус 3 өрөө байрыг 125,000,000.00 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар тоооцож, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Т.Цогтбаяр нь үнэлгээнд гомдол гаргаж, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ханджээ.

Төлбөр төлөгч өөрийн гаргасан нэхэмжлэлдээ Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тооцохдоо 1 м,кв талбайг 2,150,000.00 төгрөгөөр тооцож, 58.1 м,кв талбайгаар бодож 125,000,000.00 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгөд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн аргыг авах нь учир дутагдалтай байсан тул зах зээлийн харьцуулах аргаар үнэлж, хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоосон байна.

Иймд, төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нар нь үл хөдлөх үнэлгээнд үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Транскапитал ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3189 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 883 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоолоор Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нараас 54,260,000.00 төгрөгийг гаргуулж, манай ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Тус шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Зээлдэгч нарын хамтран өмчлөлийн Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөө байрыг битүүмжлэн хурааж, анхны дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад санал нэгдээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан журмын дагуу үнэлгээчин томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход 1 м,кв талбайг 2,150,000.00 төгрөгөөр тооцож, 58.1 м,кв талбайгаар бодож 125,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байна.

Транскапитал ББСБ-ын зүгээс тус үнэлгээг бодитой гэж үзэж байгаа бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээнээс үзвэл ямар үндэслэл, аргыг сонгож, ийнхүү үнэлсэн талаар тодорхой байгаа юм.

Төлбөр төлөгч тал үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3189 тоот шийдвэр,
  2. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 883 тоот магадлал,
  3. Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоол,
  4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4213 тоот гүйцэтгэх хуудас,
  5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2015/01 тоот шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдэл,
  6. Шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Т.Цогбаяртай уулзсан тэмдэглэл,
  7. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/12 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
  8. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдэл,
  9. Шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Т.Цогбаяртай уулзсан тэмдэглэл,
  10. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2015/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоол,
  11. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдэл,
  12. Шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Т.Цогбаяртай уулзсан тэмдэглэл,
  13. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/2530 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах тухай албан бичиг,
  14. Шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Т.Цогбаярт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/2530 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах тухай албан бичиг гардуулсан баримт,
  15. Хамтран өмчлөгч С.Дашпунцаг, Т.Түмэнбаяр нарын 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал,
  16. Төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нарын 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал,
  17. Транскапитал ББСБ-ын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлт,
  18. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон тухай 26 тоот дугаартай тогтоол,
  19. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот дугаартай албан бичгээр ирүүлсэн Орон сууц үнэлсэн тайлан,
  20. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг болон хамтран өмчлөгч нарт Орон сууцны үнийн талаар 3/4185 тоот мэдэгдэл,
  21. Шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай бичиг,
  22. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2/46 тоот тогтоол,
  23. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг болон хамтран өмчлөгч нарт Орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тухай 3/5289 тоот мэдэгдэл,
  24. Шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нарт Орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тухай 3/5289 тоот мэдэгдлийг гардуулсан тэмдэглэл,
  25. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
  26. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/7791 тоот хариу тайлбар,
  27. Транскапитал ББСБ-ын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16/209 тоот бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт,
  28. Бусад.

 

Энэхүү хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дараах арга хэмжээ авчээ. Үүнд:

  1. Нэхэмжлэгч Т.Цогбаярын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийн дагуу шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 07152 тоот захирамж гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг, төлбөр авагч Транскапитал ББСБ-ын нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
  2. Төлбөр авагч Транскапитал ББСБ-ын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16/209 тоот бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийн дагуу тус компанийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай 13086 тоот захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч Т.Цогбаяр нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/5289 тоот албан мэдэгдлийг хүлээн авч танилцаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд тус байгууллагад холбогдуулан хуульд заасан хугацаанд багтаан гаргаж, орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүсчээ.

Харин хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эд хөрөнгөд үнэлгээ тогтоогоогүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон, үндэслэлтэй гэж татгалзаж байгаа бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Транскапитал ББСБ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор явагдсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж мөн адил мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбар зэргээс тус тус дүгнэвэл зохигчид төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг болон хамтран өмчлөгч С.Дашпунцаг, Т.Түмэнбаяр нарын өмчлөлийн Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөө байрыг 58.1 м,кв талбайтай гэж тогтоогоод 1 м,кв талбайг 2,150,000.00 төгрөгөөр тооцож, нийт 125,000,000.00 төгрөгөөр үнэлснийг үндэслэлтэй эсэх тал дээр маргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3189 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 883 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоолоор Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нараас 54,260,000.00 төгрөгийг гаргуулж, манай ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус шийдвэр, магадлал, тогтоолыг албадан биелүүлэх ажлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4213 тоот гүйцэтгэх хуудсын дагуу эхлүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 36 дугаар зүйлд заасан үндэслэл, зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/12 тоот тогтоолоор битүүмжилж, улмаар төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй учраас /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 01, 21-ний өдрийн шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдэл/ худалдан борлуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5-д тус тус зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2015/01 тоот тогтоолоор хураан авсан байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх зохицуулалттай юм.

 

Төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нар болон хамтран өмчлөгч С.Дашпунцаг, Т.Түмэнбаяр нар 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дээрх барьцааны хөрөнгийг 200,000.00 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Транскапитал ББСБ үл хүлээн зөвшөөрч, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь орон сууцыг үнэлсэн тайлан гаргасан байх бөгөөд тус компанийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 71 тоот дугаартай орон сууц үнэлсэн тайлангаас үзвэл Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөө байрыг 58.1 м,кв талбайтай гэж тогтоож, 1 м,кв талбайг 2,150,000.00 төгрөг гэж үнэлж, нийт 125,000,000.00 төгрөгөөр үнэлсэн ба тус үнэлгээг хийхдээ өртгийн арга, зах зээлийн ханшийн аргад тулгуурлан явуулжээ.

Нэхэмжлэгч Т.Цогбаяр болон төлбөр төлөгч Э.Ариунцэцэг нарын зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон тухай 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 тоот тогтоолд гомдол гаргаагүй байх бөгөөд харин тус компанийг үнэлгээ хийх эрхгүй, уг үнэлгээг үндэслэлгүй гэж мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд ...дуудлага худалдааг... явуулна гэж заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "албадан дуудлага худалдаа" гэх/-г шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна гэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь уг барьцааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үйл ажиллагааг явуулах этгээд гэж ойлгох бөгөөд уг байгууллага нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгайлан заасан албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахтай холбоотой бүхий л үйлдэл, үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт гэх зэргийг тус тус төлбөр авагч, төлбөр төлөгч болон эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийн өмнө хариуцах үүрэгтэй.

Иймд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс эд хөрөнгийн үнэлгээг манай байгууллага тогтоогоогүй, бид энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч Т.Цогбаярын зүгээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг үнэлгээ хийх эрхгүй, барьцааны зүйл болсон дээрх 3 өрөө орон сууц нь 58.1 м,кв талбайтай бус харин 65 м,кв талбайтай, 1 м,кв талбай нь 2,500,000.00 төгрөг, нийт 162,500,000.00 төгрөгийн үнэтэй гэж тайлбарлаж, мэтгэлцдэг боловч тус орон сууц нь 65 м,кв талбайтай эсэх мөн орон сууцны 1 м,кв талбайн үнэ 2,500,000.00 төгрөг гэдгээ нотлохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт болон нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй ба нэгэнт шинжээчээр томилогдож, үнэлсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцэж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-тай хамтран ажилладаг байх бөгөөд тус компанийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот дугаартай орон сууц үнэлсэн тайланд дурьдснаар нэхэмжлэгч Т.Цогбаяр нарын барьцааны зүйл болсон тус орон сууцны үнийг 125,000,000.00 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадахгүй байна.

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг гүйцэтгэх хуудсын дагуу явуулж, хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэх, эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэх, хураах, үнийн санал авах, төлбөр хэзээ, хэрхэн төлөх талаар ярилцлага хийх, тэмдэглэл хөтлөх болон шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой гарч буй аливаа тогтоол, албан бичиг зэргийг тухай бүр мэдэгдэх гэх зэргээр зохих ёсоор явуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж буй эсэхийн талаар маргадаггүй, хавтаст хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас тус тус үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байна.

Иймд, нэхэмжлэгч Т.Цогбаярын гаргасан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Цогбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Цогбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07152 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР