Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 111

 

  М.Сүхбатад холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор А.Сайнбаяр,

ялтан М.Сүхбатын өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Сүхбатад холбогдох эрүүгийн 201625013572 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Харчин овогт Мягмаржавын Сүхбат, 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Хил хамгаалах Ерөнхий газарт хилчин ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9-397-2-В тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УС 84051617/,

М.Сүхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Баатарчулуун, М.Баасанжав нартай машин худалдсан асуудлаас болж маргалдан улмаар давтан үйлдлээр тэднийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: М.Сүхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Сүхбатыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар М.Сүхбатыг 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар М.Сүхбатад оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, М.Сүхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

            Ялтан М.Сүхбат давж заалдах гомдолдоо: “...  Би 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүлийнхнийхээ хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах өөрийн төрсөн ах М.Өнөрсайханы гэрт очиход хашаанд нь М.Баатарчулуун, М.Баасанжав нар автомашины наймаа хийснээ буцаах талаар хэрүүл болж улмаар би М.Баатарчулуун, М.Баасанжав нартай маргалдаж, харилцан зодолдсон. Дээрх зодооны улмаас тэдэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд би бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан бусдын бие махбодид давтан үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлд “Гэмт хэргийг давтан үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа бие даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх явдал юм” гэж тайлбарласан. Гэвч миний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацаа болон үйлдлийн хувьд нэг цаг хугацаанд болсон, нэг эхлэл, нэг төгсгөлтэй харилцан зодолдсон асуудал болсон тул надад холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч М.Баатарчулуун, М.Баасанжав нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба бид сайн дураараа эвлэрсэн тул эрхэм шүүгч та бүхэн надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна ...” гэжээ.

Ялтан М.Сүхбатын өмгөөлөгч Б.Эрдэнэболор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ялтан М.Сүхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон анхан шатны шүүхээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн. Уг хэрэг нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн үргэлжилсэн гэмт хэрэг байсан. М.Сүхбат нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хохирогч нарт төлөх төлбөргүй. Тэрээр Хил Хамгаалах Ерөнхий газрын Далдуур удирдлагын албанд мэргэжилтнээр алба хашдаг ба тус байгууллагад 10 жил ажиллаж байгаа. Монгол улсын онц хилчин, хилчний алдар 2, 3 дугаар зэргийн медаль болон бусад медалиар шагнуулж байсан төрийн албан хаагч юм. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан үзээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн ялын сонгож шийтгэх боломжтой байсан. Иймд хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэж, хэргийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус тусдаа үйлдлээр М.Баатарчулуун болон М.Баасанжав нарт гэмтэл учирсан нь тогтоогдсон. Халдлагын объект нь 2 хүн учраас 1 цаг хугацаанд үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй. Үргэлжилсэн гэмт хэрэг гэж хуульд заагаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

М.Сүхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Баатарчулуун, М.Баасанжав нартай машин худалдсан асуудлаас болж маргалдан улмаар тэднийг давтан үйлдлээр зодож М.Баатарчулууны биед зүүн нүдний доод зовхи хацарт шалбаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцралт, М.Баасанжавын биед зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч М.Баатарчулууны “... Би ах М.Баасанжавтай 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “unegui.mn” сайтаас “Toyota Epsum” загварын автомашин зарах зарын дагуу холбогдон М.Өнөрсайхан гэх хүнээс 3.600.000 төгрөгөөр тус машиныг худалдаж авсан. Бид 2 машинаа шалгаж авсан бөгөөд орой нь мотор доголдоод байхаар нь залгаад машиныг чинь авахаа болилоо гэж хэлсэн. Маргааш нь би ахтайгаа хамт М.Өнөрсайханы Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт машиныг нь өгөх гээд очсон. Тэгсэн М.Өнөрсайхан “10 хоногийн хугацаагаар хөдөө явах гэж байна. Ирэхээр аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 “хашаанд чинь үлдээгээд явъя” гэж хэлэхэд М.Өнөрсайхан “...тэгвэл би энийг чинь гаргаад хаячихна шүү. 10 хоногийн дараа ирээд өгчих...” гэж хэлсэн. Хариуд нь 10 хоногийн дараа та бүтэн машин нэхнэ биз дээ. Яагаад машин гаргаж хаядаг юм бэ гээд маргалдаад байж байхад цаанаас дүү нь гэх залуу “Наймаа хийсэн бол хийсэн. Та 2 яах гээд байгаа юм. Ганц цохиход үхмээр гөлөгнүүд байна” гэж хэлэхээр нь “тантай юм яриагүй шүү дээ” гэхэд ирээд намайг мангасдаад, духаараа тулаад хавсарсан юм шиг байна лээ. Намайг газар унахад дээрээс өшиглөөд цохиод байсан. Ах ирээд салгахаар нь би дээш босоход ахын нүүр лүү нэг удаа цохиж байсан. Тэгэхэд М.Өнөрсайхан гэх ах нь боль гээд салгахад над руу ирээд “чи муу ямар овоо гөлөг вэ” гээд газар унагаагаад дээрээс цохисон. Би газраас босоод нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд ах М.Баасанжавтай маргалдаад зогсож байсан ...” /хх-21-22/,

Хохирогч М.Баасанжавын “... Би өөрийн дүү М.Баатарчулуунтай автомашины зарын сайт дээрээс машин судалж байгаад хэрэг болохоос ойролцоогоор 7 хоногийн өмнө М.Өнөрсайхан гэж хүнээс “Toyota Epsum” загварын, цагаан өнгийн, 86-64 УНС улсын дугаартай автомашиныг 3.600.000 төгрөгөөр худалдан авсан. Уг машины мотор нь доголдсон бөгөөд би М.Өнөрсайхан руу залгаад “машин чинь эвдэрчихлээ” гэж хэлэхэд “би та хоёрт машин өгөхдөө зүгээр өгсөн. Эвдэрлийг нь засаад хүрээд ир. Тэгвэл би машиныг чинь авъя” гэсэн. Би машиныг нь 50.000 төгрөгөөр засуулаад М.Өнөрсайхан руу “машиныг чинь засуулчихлаа” гэж хэлэхэд “би хөдөө явж байна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа М.Өнөрсайхан би хотод ирчихлээ, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би дүүтэйгээ хамт гэрт нь очсон. Би машиныг чинь засчихлаа. Одоо мөнгөө авъя гэхэд “би одоо хөдөө явах гэж байна. 10 хоног явна. Тэгээд ирээд авъя гэхээр нь би тэгвэл гаргаад хаячихна шүү гэж хэлсэн. Тэгээд маргаан болоод байж байхад дүү М.Сүхбат нь хажуугаас орж ирээд “наад 2 чинь юу яриад байгаа юм бэ. наймаа хийчихээд нэг цохилт даахгүй хүүхдүүд байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөртэй чинь огт яриагүй байна гэж хэлэхэд манай дүүг мангасдаад духаараа мөргөөд газар унагаагаад дээрээс нь өшиглөсөн тэгэхээр нь очоод салгахад миний нүүр лүү 2 удаа цохисон. Миний хамарнаас цус гараад цусаа тогтоох гээд байж байтал дахин дүүг унагаагаад зодсон...” /хх-24-25/,

Гэрч М.Өнөрсайханы “... Би “unegui.mn” сайт дээр “Toyota Epsum” загварын автомашиныг зарахаар зар тавьсан. Маргааш нь нэг залуу дүүтэйгээ ирээд үзээд авсан. Тэгээд орой 00 цагийн үед М.Баасанжав залгаад “танай гэрийн ойролцоо явж байна. Машины чинь иремэнь нь мултарчихаж” гэж хэлсэн. Би түлхүүр багажаа авч очоод янзлаад явуулсан. Маргааш нь дахин яриад мотор нь дуугараад байна, машиныг чинь буцаая гэхээр нь би аваад ир үзье гэж хэлсэн. Намайг ажлаас ирэхэд хашаанд машин орхиод явчихсан байсан. Би залгаад “та хоёрт эвдэрхий машин өгөөгүй, энийгээ янзалж өг” гэж хэлсэн. Уг машин манайд 2-3 хоносон. Тэгээд М.Баасанжав машинаа янзлуулах гээд аваад явсан. Тэгээд М.Баасанжав, М.Баатарчулуун нар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр машинаа аваад манайд ирсэн бөгөөд машин янзалчихлаа. Мөнгөө авъя гэж хэлсэн. Би хариуд нь “надад бэлэн мөнгө алга, зараад мөнгийг нь өгье” гэж хэлэхэд яаралтай мөнгөний хэрэг байна гэж тэр залуус хэлсэн. Би тухайн үед Дорноговь аймгаас машин оруулж ирэх ажилтай байсан. Тэгээд 10 хоногийн дараа аваад ир гэхэд тэгж хүлээж чадахгүй, эвдэрхий машин өгчихөөд гээд маргаан эхэлсэн. М.Баасанжав нь эвдэрхий машин өгчихөөд гэж элдэв үгээр хэлж доромжилсон. Миний дүү М.Сүхбат хажуугаас “наймаа хийчихээд айлд орж ирээд та 2 юу яриад байгаа юм бэ” гэхэд М.Баатарчулуун нь чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд М.Сүхбат М.Баатарчулуун нар зууралдаад цохилцоод авсан бөгөөд ах М.Баасанжав нь хажуу талаас нь орсон. Би цагдаад дуудлага өгсөн. Хоорондоо салчихсан байж байгаад маргалдаад М.Сүхбат, М.Баатарчулуун хоорондоо дахин зодолдсон. Тэр хоёрыг би салгасан. Би ямар нэг байдлаар зодоонд оролцоогүй...” /хх-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Баатарчулууны биед зүүн нүдний зовхи, хацарт шалбаралттай, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна...” гэх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13012 тоот дүгнэлт /хх-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  “... М.Баасанжавын биед зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна...” гэх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13011 тоот дүгнэлт /хх-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            М.Сүхбатад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтны хувийн байдал, түүний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Уг гэмт хэрэг цаг хугацааны хувьд нэг үед үйлдэгдсэн хэдий ч хоёр өөр объектэд халдаж, 2 хүнд гэмтэл учруулсан байх тул М.Сүхбатыг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн буюу хохирогч М.Баасанжав, М.Баатарчулуун нарын бие эрхтэнд тус бүр хөнгөн гэмтэл учруулсан байх бөгөөд зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Иймд ялтан М.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ГАНСҮХ

ШҮҮГЧИД                                                  Н.БАТСАЙХАН

                                                                   Д.ОЮУНЧУЛУУН