Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

        

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,

          шүүгдэгч М.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ Хил Хамгаалах Ерөнхий газарт хилчин ажилтай байсан, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 9-397-2-В тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  гавьяа  шагналгүй ,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн,  Харчин овогт Мягмаржавын  Сүхбатад /РД:УС84051617/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2016 2501 3572 дугаартай 105/2017/0039/ индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Сүхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Баатарчулуун, М.Баасанжав нартай машин худалдсан асуудлаас болж маргалдан улмаар давтан үйлдлээр тэднийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт  М.Сүхбат  мэдүүлэхдээ:  Хилийн цэргийн  баярын  өдөр байсан тул  2017 оны 09 дүгээр сарын  18-ны өдөр  би гэр бүлийнхээ хамт  ахындаа очисон байсан. Тэр өдөр ахын хашаанд хоёр залуу орж ирээд маргалдаад байсан. Тэгээд нилээн ширүүн маргаад байсан. Манай  ахтай машины  наймаа  хийсэн юм билээ. Тэгээд ах  би 10 хоногийн  ажилтай  байна. 10  хоногийн дараа  машинаа зараад мөнгийг нь  өгье гэснийг зөвшөөрөөгүй маргасан  юм билээ. Та нарт учир байдлаа хэлээд  байгаа юм биш үү гэхэд дүү нь гүйж ирээд намайг мөргөхөөр нь би зөрүүлээд  мөргөсөн тэгсэн ах нь  гүйж ирээд  намайг барьж аваад нийлээд зодсон. Тэгсэн  ахын авгай  болон манай гэр  бүлийн хүмүүс  ирж  биднийг салгасан. Ах маань намайг битгий тэдэнтэй зодолд, зодуул  гэж хэлсэн. Уг нь харилцан зодоон болсон юм. Тэгээд ах маань  цагдаа  дуудсан.  Бид цагдаагийн байгууллагад хандахад бидэнд цагдаагийн байгууллагаас надад  гэмтлийн зэргээ тогтоолго  гэж  шинжээч  томилсон  тогтоол өгсөн  боловч  би Говь- алтай аймаг  явах  ажил  гараад үзүүлж  чадаагүй юм. Гэтэл болсон  асуудал  эсрэгээр  эргэж надад эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Би холбогдсон хэрэгтээ  гэмшиж өөртөө  дүгнэлт  хийж байгаа гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалалтанд хохирогч М.Баатарчулууны: ...Би ах Баасанжавтай хамт 2016 оны 09 дүгээр  сарын 14-ний өдөр шиг санагдаж байна. “Үнэгүй.мн” дээрээс “Тоёота-Ипсүм” маркын автомашин зарах зарын дагуу холбогдон М.Өнөрсайхан гэх хүнээс бэлэн 3.600.000 мянган төгрөгөөр машин авсан юм. Бид хоёр машинаа шалгаж авсан бөгөөд орой нь мотор доголдоод байхаар нь залгаад машиныг чинь авахаа болилоо гэж хэлсэн. Маргааш нь би ахтайгаа хамт уг М.Өнөрсайханыг Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь хэд хоногийн дараа машиныг нь өгөх гээд өглөө очсон. Тэгсэн М.Өнөрсайхан би одоо 10 хоногийн хугацаатай хөдөө явах гэж байна намайг ирэхээр аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр хашаанд чинь үлдээгээд явна гэж хэлэхэд М. Өнөрсайхан би тэгвэл энийг чинь гаргаад хаячихна шүү 10 хоногийн дараа ирээд өгчих гэж хэлсэн. Хариуд нь тэгээд та 10 хоногийн дараа бүтэн машин нэхнэ биз дээ яахаараа машин гаргаж хаядаг юм гээд маргалдаад байж байхад цаанаас дүү гэх залуу нь наймаа хийсэн бол хийсэн та муу хоёр ер нь яах гээд байна ганц цохиход үхмээр гөлөгнүүд байна ш дээ гэж хэлэхээр нь тантай ер нь юм яриагүй ш дээ гэхэд ирээд намайг мангасдаад духаараа тулаад хавсарсан юм шиг байна лээ би газар унасан дээрээс өшиглөөд цохиж байсан. Миний куртикыг толгой дээр давуулчихсан би харах боломжгүй байсан. Ах ирээд салгахаар нь би дээш босоход ахын нүүр лүү нэг удаа цохиж байсан. Тэгсэн С.Өнөрсайхан гэх ах нь боль гээд салгахад над руу ирээд чи муу ямар овоо гөлөг вэ гээд газар унагаад дээрээс цохисон. Тухайн үед ах нь М. Баасанжавтай маргалдаад зогсож байсан. Тэгсэн хашаан дотроос эхнэр хүүхэд нь гаргаж ирээд бид нарыг салгаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Баасанжавын: ...Би өөрийн дүү М.Баатарчулуунтай хамт автомашины зарын сайт дээрээс машин судалж байгаад хэрэг болохоос ойролцоогоор долоо хоногийн өмнө байх М. Өнөрсайхан гэж хүнээс “Тоёота- Ипсүм” маркын цагаан өнгийн 86-64 УНС улсын дугаартай автомашиныг 3.600.000 төгрөгөөр худалдан авсан юм. Уг машин нь авахдаа зүгээр байж байгаад мотор нь доголдсон бөгөөд би М.Өнөрсайхан руу залгаад машин чинь ингэчихлээ гэж  хэлэхэд би та хоёрт машин өгөхдөө зүгээр өгсөн та хоёр эвдрэлийг нь засаад хүрээд ир тэгвэл би машиныг чинь авья гэсэн. Би машиныг нь 50.000 төгрөгөөр засуулаад М.Өнөрсайхан луу машиныг чинь янзалчихлаа гэж хэлэхэд би хөдөө явж байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа М. Өнөрсайхан нь би  хотод ирчихлээ хүрээд ир гэж хэлсэн.  Би дүүтэйгээ хамт гэрт нь очсон. Би машиныг чинь засчихлаа одоо мөнгөө буцааж авья гэхэд би одоо хөдөө явах гэж байгаа 10 хоног ажлаар тэгээд ирээд авья гэхээр нь тэгж хүлээх зав байхгүй таны машиныг хашаанд чинь тавьчихаад явья гэхэд би тэгвэл гаргаад хаячихна шүү гэж хэлсэн. Тэгээд маргаан болоод байж байхад дүү Сүхбат нь хажуу талаас орж ирчихээд наад 2 чинь юу яриад байгаа юм наймаа хийчихээд нэг цохилт даахгүй л хүүхдүүд байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь өөртэй чинь огт яриагүй байна гэж хэлэхэд манай дүүг мангасдаад духаараа мөргөөд газар унагаагаад дээрээс нь өшиглөсөн тэгэхээр нь очоод салгахад миний нүүр лүү 2 удаа цохисон. Миний хамарнаас цус гараад цусаа тогтоох гэж байж байхад дахиад дүүг очоод унагаагаад зодсон. Тэгсэн гэрийн хүмүүс нь гараад ирсэн. М.Өнөрсайхан бол зодоонд оролцоогүй... гэх мэдүүлэг /хх-н 25-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч М.Өнөрсайханы: ... Би “Үнэгүй.мн” дээр “Тоёота- Ипсүм” маркийн автомашиныг зарна гэж зар тавьсан юм. Тэгсэн юнителийн дугаараас нэг хүүхэд залгаад машин үзье гэж хэлсэн. Уг залуу машин унаж үзээд 100 айлд хүргүүлсэн. Маргааш ярьж байгаад уулзья гээд салсан. Маргааш нь тэр залуу дүүтэйгээ хамт ирээд үзсэн бөгөөд авахаар болоод манай гэр лүү очиж запас дугуй бичиг баримтыг нь аваад буцаад 4 дүгээр дэлгүүр орж ломбарданд 2.500.000 мянган төгрөгийг өгсөн. Тэгээд надад 1 сая төгрөг өгөөд тэр хоёр цирк рүү явсан. Орой нь 00 цаг өнгөрч байхад М. Баасанжав нь над руу залгаад манай дүү танай гэрийн ойролцоо явж байна машины чинь ремен нь мултарчихаж гэнээ гэж хэлсэн. Би түлхүүр багажаа авч очоод янзлаад явуулсан. Маргааш нь дахин яриад  мотор нь дуугараад байна машинаа буцаая гэж над руу ярьсан. Тэгэхээр би аваад ир үзье гэж хэлсэн. Намайг ажлаас ирэхэд хашаанд машин орхиод явчихсан байсан. Би утсаар яриад та хоёрт эвдэрхий машин өгөөгүй та хоёр энийгээ янзалж өг гэж хэлсэн. Урдаас эвдэрхий машин өөрсдөө өгчихөөд юу яриад байгаа юм гэхээр нь би хариуд нь би хариуд нь та нар хүнээс эвдэрхий машин худалдаж авахгүй биз дээ мотор энэ тэр нь дуугарчихсан машин гэж хэлэхэд наадах чинь нэг ч хонохгүй эвдэрчихлээ гэж хэлсэн. Уг машин нь манайд 2-3 хоносон.  М.Баасанжав нь машинаа янзлуулах гээд аваад явсан юм. Тэгээд М.Баасанжав, М.Баатарчулуун хоёр нь 2016 оны 09 дүгээр  сарын 18-ний өдөр машинаа аваад манай гэрт ирсэн бөгөөд машинаа янзалчихлаа мөнгөө авья гэж хэлсэн. Би хариуд нь надад бэлэн мөнгө алга байна зараад мөнгийг нь өгье гэж хэлэхэд яаралтай мөнгөний хэрэг байна гэж уг залуус хэлсэн. Би тухайн үед Дорноговь аймгаас машин оруулж ирэх ажилтай байсан юм тэгээд 10 хоногийн дараа аваад ир гэхэд тэгэж хүлээж чадахгүй эвдэрхий машин өгчихөөд гээд маргаан эхэлсэн. М. Баасанжав нь пизда чинь эвдэрхий машин өгчихөөд гэж доромжилсон. Тэгэхээр нь би хүнийг пиздагаар нь дууддаг юу вэ гэхэд дүү Сүхбат орж  ирээд наймаа хийчихээд айлд орж ирээд та хоёр юу яриад байгаа юм гэхэд М. Баатарчулуун нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн.Тэгээд М. Баатарчулуунтай зууралдаад цохилцоод авсан бөгөөд ах нь хажуу талаас нь М. Баасанжав нь орсон. Тэгээд манай эхнэр Гэрэлмаа /91264151/, бэр Ариунжаргал /91530707/ орж салгасан. Би цагдаад дуудлага өгсөн. Хоорондоо салчихсан байж байгаад дахин маргалдаад Сүхбат, М. Баатарчулуун хоорондоо дахин зодолдсон. Тэр хоёрыг салгасан. Би ямар нэгэн байдлаар зодоон цохионд оролцоогүй болно. Цагдаа ирэхгүй болохоор нь дахин залгахад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр ирээд өргөдлөө өгчих гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-н 27-28-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13012 дугаартай актанд:

1. М.Баатарчулууны биед зүүн нүдний доод зовхи хацарт шалбаралттай, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.  Шинжээч эмч  С.Одончимэг гэсэн дүгнэлт /хх-н 32-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13011 дугаартай актанд:

1.М.Баасанжавын биед зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх Эмнэлэгийн Гэмтлийн Зэрэг Тогтоох журмын  2.4.1-т  зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.   Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт /хх-н 35-р тал/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Энэ гэмт хэргийн  объект нь  иргэдийн  эрүүл мэнд , аюулгүй байдлыг хангаж байгаа  нийгмийн харилцаа,

Объектив тал нь хүний биемахбодь, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй, гэмт үйлдэл болон гэмт  үр дагавар  нь шалтгаант холбоотой байна.

Субъектив  тал нь  санаатай гэм буруугийн  хэлбэртэй шууд ба шууд бус  санаатай байж болно.

Субъект нь  16 нас хүрсэн хэрэг хариуцах  чадвартай хувь хүн байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд иргэн М.Өнөрсайхантай М.Баатарчулуун, М.Баасанжав нартай автомашины наймаа хийсэн уг худалдсан автомашин нь чанарын шаардлага хангахгүй эвдэрхий машин байснаас наймаагаа буцаах талаар  маргаан хийж байхад хөндлөнгөөс шүүгдэгч М.Сүхбат орж ирж хохирогч М.Баатарчулуун, М.Баасанжав нарыг зодож бие махбодид  нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

  Иймд шүүгдэгч М.Сүхбат нь Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр иргэн М.Баатарчулуун, М.Баасанжав нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба  М.Сүхбатын энэ  үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  энэ гэмт  хэргийг давтан үйлдээгүй   гэж  мэтгэлцэж байна.

Гэмт хэрэг давтан үйлдэх  гэдэг нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа  биеэ даасан эхлэл, төгсгөлтэй  үйлдсэн байхыг хэлдэг.

М.Сүхбатын гэм буруутай үйлдлийн улмаас  хоёр өөр хүний бие махбодид  хөнгөн зэргийн  гэмтэл учруулснийг давтан үйлдлээр  учруулсан  гэж Прокуророос  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл ангийг тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч М.Сүхбат нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 52-р тал/

Хохирогч М.Баатарчулуун, М.Баасанжав нар нь өөрт учирсан хохирлын талаархи баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч М.Сүхбат нь  одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харчин овогт Мягмаржавын Сүхбатыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Мягмаржавын Сүхбатыг 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч М.Сүхбатад оногдуулсан 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Сүхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорьж эдлэх баривчлах  ялыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Сүхбатад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ