Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 49

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар ,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б ,

Шүүгдэгч Ч.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Н д холбогдох 163/2019/0037/Э индекстэй, 1815001570091 эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Т” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар  хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 20000 төгрөгийн торгох ялаар, мөн шүүхийн 1999 оны 06 дугаар 28-ны өдрийн 277 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ч.Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н  нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Б” гэх газарт буюу “Т” ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрөлтэй газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож 17129232 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Х  өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын сүүлээр техник хэрэгсэлтэйгээ манай талбай дээр ирж буусан. Би тухайн үед нь Н тэй уулзаж “энэ бол манай тусгай зөвшөөрөлтэй талбай” гэж хэлэхэд надад “манайх дүгнэлт гаргуулсан, танай талбай биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эзэмшлийн талаар маргаантай, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, энэ бол манай эзэмшлийнх, эрх нь сэргээгдсэн гэдгийг хэлсэн. Тэгээд 08 дугаар сард 2 экскаватороор манай маргаантай байгаа талбайд хөрс хуулах ажиллагаа эхлүүлсэн, тэр үед нь мөн хэлж, Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч, Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газарт тус тус мэдэгдсэнээр үйл ажиллагаа нь зогссон. Гэвч 2017 оны 08 дугаар сард дахин үйл ажиллагаагаа явуулсан, мөн л очиж хэлэхэд “танай ч газар биш, манай ч газар биш, би ирээд хэдэн сар боллоо үйл ажиллагаагааа явуулна” гэсэн. Ингээд би зохих газарт нь албан бичиг хүргүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ухсан газраа булж, нөхөн сэргээлт хийгээд нүүсэн. Учирсан хохирлын хувьд шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, ухсан нүхний гүнийг тогтоох геофизикийн болон судалгааны аргууд байдаг юм байна лээ. Иймд энэ аргаар ухсан нүхний гүнийг гаргаж, хохирлыг бодитой тогтоолгох, мөн газрын хэвлийд учирсан /нөөцөд учирсан/ хохирлыг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

1815001570091 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Ц.Х ын өгсөн: “... Би “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Уг компанид 2010 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд аав, ээж хоёр үүсгэн байгуулсан. ...Манай “Т” ХХК зөвшөөрөгдсөн газар болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. ...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 тал/,

“...Тухайн үедээ ярьсан. Өөрийн буруутай үйлдлээ ойлгож байгаа байх. Бусдын эзэмшлийн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулах нь буруу бөгөөд өөрөө хуурамч бичиг баримт барьчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 тал/,

Хохирогч Ц.Х ын гэрчээр өгсөн: “...Би “Т” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай. Манай ээж О  нь уг компанийн захирал нь байгаа юм. Манай компани Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн “Б” гэх газарт алт олборлох тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уг талбайдаа 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. ... 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК нь манай эрх сэргээлгэхээр хөөцөлдөж байгаа талбай дээр техник авч ирсэн. Би уг компанийн захирал Н тэй уулзаад “ямар учраас манай талбай дээр буусан, бичиг байгаа юу” хэмээн асуухад тэрээр “талбай дээр чинь гэрээ барих гэсэн юм, түүнээс үйл ажиллагаа явуулахгүй, бичиг баримтаа бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулна” гэж хэлсэн. Харин би түүнд “тусгай зөвшөөрөлтэй эсэхийг чинь шалгаж байж үйл ажиллагаа явуулах эсэх талаар ойлголцоно” гэж хэлсэн. Би түүнд шүүхийн шийдвэр, өөрийн компанийн албан бичиг зэргийг өгчихөөд явсан. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “Т” ХХК нь манай маргаантай байгаа талбайд хөрс хуулах ажиллагаа эхлүүлсэн байсан. Энэ үед манай захирал О , нягтлан бодогч С  нар Н  гэх хүнтэй уулзаад үйл ажиллагааг нь зогсоосон. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед 3 экскаватор авч ирж мөн хөрс хуулах ажиллагаагаа эхлүүлсэн. Би нягтлан бодогч С ын хамт Н  гэх хүнтэй уулзаад үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаад “бичиг баримтгүй байж болохгүй шүү” гэж хэлэхэд “энэ танай талбай биш, надад О  гэх хүн зааж өгсөн газар байгаа юм, чи зогсоож чадвал хүмүүсээ авч ирээд зогсоо, тэр болтол би ажиллах болно, намайг яллаж чадах юм бол би ялаа үүрнэ” гэсэн утга бүхий зүйл хэлсэн. Би цагдаа, шүүхийн байгууллагад хандана гэдгээ хэлсэн. Иймд би холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. ... “Т” ХХК нь ямар нэгэн бичиг баримтгүй байсан. Би уг компанийн лавлагааг холбогдох байгууллагуудаас авсан. Надад зөвхөн уг талбай ямар нэгэн аж ахуй нэгж байгууллагын газартай давхцалгүй байна гэсэн утгатай бичиг үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 22-25 тал/,

Гэрч Г.Б ийн өгсөн: “...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. Бүрэгхангай сумын 3 дугаар багийн “Б” гэх газарт “Т” ХХК нь алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Анх намайг ажиллаж эхлэхэд буюу 2011 онд “Т” ХХК нь 2 тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд сүүлд хууль гарч хориотой бүс гэх үндэслэлээр бүхэлдээ цуцлагдсан. ...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн орчимд “Т” ХХК-ийн зүгээс “манай тусгай зөвшөөрөл цуцлагдсан, одоо сэргээхээр хөөцөлдөж байгаа, талбай дээр улаан машинтай хүмүүс техник хэрэгсэл авч ирээд буусан, та асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Би уг хүсэлтийн дагуу тухайн газарт буусан гэх хүмүүстэй уулзахаар очих үед харуул, тогооч хоёр нь л байсан. Тэр хоёр “дарга нар нь бүгд УлаанБ  хот явсан” гэж хэлсэн. Тухайн үед үйл ажиллагаа огт явуулаагүй байсан. ...Булган аймгийн Засаг даргаас уг асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий албан бичиг ирсэн байсан бөгөөд уг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн хамт очиход алт угаах төхөөрөмж байрлуулсан, дунджаар 10м х 10м хэмжээтэй, 4 метр гүнтэй нүх ухчихсан байдалтай байсан. ...“Т” ХХК-д тийм зөвшөөрөл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 28/, ...”Тийн” байрлаж байсан газраас 200-300 метрийн зайтай газарт 20х30 метрийн урт өргөнтэй, 9 метрийн гүнтэй газрыг ухсан байсан. Тухайн үед очсон цагдаагийн албан хаагчид холбогдох ажилаагаануудыг хийж ...үүний дараа хэсэг үйл ажиллагаа зогссон. Үүний дараа мөн оны 10 дугаар сард дахин ажиллаад мөн “Т” ХХК нь гомдол гаргаад үүний дагуу хэсгийн төлөөлөгч, газрын даамал, миний бие хамт нөгөө газарт нь очиж хууль бус үйлдлийнх нь талаар хэлээд явсны дараа уг компани нь тэр газраас нүүгээд явсан байсан. ...Тэр үргэлжлүүлэн ухсан гэх газрын урт нь 100 метр байх, өргөн 40х50 метр газар байсан байх. Энэ газарт 80 гаран хоног болсон байх, яг үйл ажиллагаа явуулж байсан тасралтгүй  хугацааг мэдэхгүй байна... гэх мэдүлэг /хх-н 29-31 тал/,

Гэрч Ч.О гийн өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс “Т” групп гэх нэртэй компани манай үйл ажиллагаа явуулдаг газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үед уг компанийг үйл ажиллагаа явуулахаар ирэхэд нь “танайх энд үйл ажиллагаа явуулж болохгүй, энэ газар маргаантай байгаа ба шүүхээр эцсийн шийдвэр гараагүй байгаа” гэж сануулсан. Тэр үед миний охин Ц.Х  уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Тухайн үед “Т”-ийн захирал Н  гэгчид үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг хэлсээр байтал өнөөг хүртэл бидний хэлсэн үгийг хүлээж авахгүй, улмаар олборлолтын үйл ажиллагааг явуулсаар байна. Иймд би хууль хяналтын байгууллагад хандах болсон. ...”Т” ХХК-ний үйл ажиллагаа явуулж буй газар нь манай эзэмшлийн газар мөн бөгөөд 15332А дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй. ...”Т” ХХК нь уг газарт үйл ажиллагаа явуулах ямар нэг тусгай зөвшөөрөл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 35 тал/

Гэрч Н.Э ын өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын дундуур би яг тодорхой сайн санахгүй байна. Тэр үед “Т” ХХК-ийн ерөнхий захирал Н  ирж уулзаад “танай сумтай уул уурхайн ашигт малтмал олборлоход гэрээ болон холбогдох бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэх вэ” гэж асуусан. Тухайн үед би “та нар тусгай зөвшөөрөлтэй бол төлөвлөгөөгөө байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно, хэрэв тусгай зөвшөөрөлгүй бол бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гаргасан талбай дээр орон нутагтай гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж болно” гэж хэлсэн. Би тэр хүмүүст “та нар байгаль орчны улсын байцаагчаас зөвлөгөө ав” гэж хэлээд гаргасан. ... Би тэр үед “та нар нэг бол тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй, эсвэл бичил уурхай явуулахтай холбоотой гэрээ байгуулах хэрэгтэй” гэж хэлээд явуулсан. Сүүлд сонсоход хүний газарт ороод бичиг баримт удахгүй гарна гэж хэлээд үйл ажиллагаа явуулсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг /хх 38 тал/,

Гэрч Б.Н ийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэгт оролцсон. Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээг тогтоохдоо метрээр хэмжиж, үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээг тогтоож байсан. Өргөн нь 120 метр, урт нь 200 метр, гүн нь 20 метр байсан. Уг газар нь урьд өмнө нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан талбай бөгөөд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай байсан. Тухайн үед хэдэн ажилтан ажиллаж байсныг хэлж мэдэхгүй байна. Копш, Хово, Экскаватор зэрэг техник хэрэгсэл ажиллаж байсан. Тоо хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. ...Миний хувьд газрын маргаантай асуудлаар хэмжилт хийдэг. Тухайн талбай нь “Т” ХХК-ийнх байсан. ...” гэх мэдүүлэг /хх-41 тал/

Т.Б ын өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын дундуур “Т” ХХК-ийн захирал Н  ирж надтай уулзаад “би танай нутагт уул уурхайн ашиглалт явуулах, ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа, миний бичиг баримт удахгүй гарна, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн бичиг гарна, одоо бид үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөө авч ирж байгаа” гэж ярьж байсан. Надад анх хэлэхдээ “манайх техникээ “Өргөн уул” ХХК-ийн гадаа байрлуулсан, зөвшөөрлөө хүлээж байна” гэж ярьсан. ...Би 2017 оны 10 дугаар сарын эхээр сумын иргэдийн төлөөлөгч нартай хамтарч хууль бус уурхай шалгахаар удирдамж гаргаж явсан. Тэр үед “Т” ХХК-ийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд усан бууг Н  захиралынх гэж байсан. Наашаа хөдлөөд байрлаж байгаа газарт нь очиход “манайх буусан, ажиллахгүй байгаа, Н  захирал УлаанБаатар  хот явсан, ирээд нүүх байх” гэж хэлсэн. “Т” ХХК нь сумаас ашигт малтмал олборлох, бичил уурхай явуулах зөвшөөрөл аваагүй. Тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол, шийдвэр гараагүй. Мөн сумын Засаг даргатай гэрээ хийгээгүй. Тэгэхээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн үг юм. ...” гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,

Гэрч Б.О ын өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Орхон суманд ажлаа хийж байхад Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрээс Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Т” ХХК-иас манай уурхай дээр хүмүүс хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлыг надад мэдэгдсэн. Би дуудлагын дагуу Бүрэгхангай сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулж байсан “Т” ХХК дээр очиход уурхай дээр ажиллаж байсан удирдлагууд нь байхгүй байсан. Асуухад УлаанБаатар хотын улсын мөрдөн байцаах газрын 6 дугаар хэлтсээс дуудсан гээд энд байсан бичиг баримтаа аваад явсан байсан. Дуудлага өгсөн хүнтэй уулзахад “манай газар дээр “Т” ХХК-ийн хүмүүс үйл ажиллагаа явуулаад байна, одоо хүмүүс нь байхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед би тэнд байсан хүмүүстэй газар дээр нь уулзаад ирэхэд холбогдох хүмүүс нь байхгүй байна, мөн хууль бусаар орсон гэх хүмүүс нь байхгүй байна” гэж Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэн. Тухайн үед дуудлагад очиход хэдэн гэр байсан бөгөөд техник гээд байх зүйл байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 46 тал/,

Гэрч Ч.Б ийн өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны орчимд “Т” ХХК-ийн талбайд “Т” ХХК нь хөрс хуулж, олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн. Олборлолт хийсэн талбай нь манай зуслангаас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 500 метр зайд олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн. Би “Т” ХХК-ийг газрын хөрс хуулж, баяжмал Хово-оор зөөж байсан болохоор олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан гэж бодож байна. Тухайн үед экскаватор 2 ширхэг, Хово 2 ширхэг, Ковш 1 ширхэг, Булдозер 1 ширхэг байсан. Эдгээр техникийг ашиглаж олборлолтын үйл ажиллагаа явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 48 тал/,

Гэрч Н.А ын өгсөн: “...Намайг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ороход манай уурхайн бүсэд “Т” ХХК хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж удирдлагууд хэлж байсан. Би хэзээнээс үйл ажиллагаа явуулсныг хэлж мэдэхгүй байна. Намайг ажиллаж эхлэхэд манай компани зуслангаас зүүн зүгт 500 метр орчим зайд газрын хөрсийг хуулж “Т” ХХК олборлолт явуулж байхыг би өөрөө харсан. Тухайн газар нь “Т” ХХК-ийн уурхайн бүсэд хамаарч байсан. “Т” ХХК нь 20 орчим метр гүн ухаж баяжмалыг гаргаж авч байсан. Энэ үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны үе хүртэл явагдсан. Тухайн үед техник хэрэгсэл ашиглаж олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 50 хуудас/,

Гэрч Н.Б ын өгсөн: “...Би 2017 оны 07 сарын үед ковш түрээслүүлэх гэж очсон. Тухайн үед түрээслэж ажиллуулахдаа аман хэлцэл хийж мөнгөө тохирч 1 сарын хугацаанд 9 сая төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Ямар нэгэн бичгэн хэлбэрийн гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Уг түрээслүүлсэн техникийг би хүнээс давхар түрээслэж авсан байсан. Тухайн ковшыг надад түрээслүүлсэн хүн цаашаа дахиад хүнд худалдсан, хэнд худалдсаныг нь хэлж мэдэхгүй байна. Би өөр ямар нэгэн техник хэрэгсэл түрээслүүлж байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн үзүүлэлт нь хэвийн ажиллана, удаан жил ашигласан ковш байсан. Бичиг баримт нь одоо байхгүй. Улсын дугаар серийг нь сайн мэдэхгүй байна. Уг Ковш нь ойролцоогоор 20 орчим сая төгрөг болох байх. Яг сайн хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 243 тал/,

Шүүгдэгч Ч.Н  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би үйл ажиллагаа явуулахдаа хүнээс түрээслэж авсан техник хэрэгсэл ашигласан. Түрээсийн гэрээ хийхдээ тухайн үед аман хэлцлээр тохирч техникээ авч байсан. Ашигласан техник хэрэгслээс миний эзэмшлийн техник хэрэгсэл байхгүй. Б  гээд хүнээс техник хэрэгслээ түрээсэлсэн. Одоо уг техник хэрэгслийг хаана хэнд байгааг хэлж мэдэхгүй байна. Б аас өөрөөс нь асуувал мэдэж байгаа, Б  ямар ямар техник хэрэгсэл ашигласныг мэдэж байгаа. Тухайн түрээсийн техник хэрэгслийн чанар үзүүлэлт ер нь муудсан, хуучны хуучирч элэгдэлд орсон техник хэрэгсэл байсан. Үйл ажиллагаа явуулахдаа усан буу, ковш зэргийг алт олборлох үйл ажиллагаандаа ашигласан. Экскаватор, сонсмол зэрэг техник хэрэгслийг үйл ажиллагаа явуулж эвдэгдсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд ашигласан, тэрнээс алт олборлох үйл ажиллагаандаа огт ашиглаагүй, үлдсэн техник хэрэгслийг ямар нэг байдлаар алт олборлох үйл ажиллагаанд ашиглаагүй. Тухайн үед зүгээр тэр газарт авчирч байрлуулсан байсан. Одоо тухайн үед ашигласан техник хэрэгслийг хаана байгааг хэлж мэдэхгүй байна.  Б  хаана байгааг мэдэх байх. ...” гэх мэдүүлэг /хх-н 225 тал/,

“...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дгаар багийн нутагт 2017 оны 08 дугаар сард 15 орчим хоног уул уурхайн алт олборлох чиглэлээр тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Тэгээд үйл ажиллагаагаа зогсоож байсан. Би өөрт сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх2-н 15 тал/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “М” ХХК-ийн шинжээчийн

         1. Урьд өмнө ашиглагдсан талбай юм уу эрүүл талбай гэдгээс хамаарч байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээнд өөрчлөлт орох боломжтой. Учир нь урьд өмнө нь ашиглагдсан талбай дахь ургамлан нөмрөг, хөрсний бүтэц зэрэг нь эрүүл талбайгаас өөр болсон байдаг. Манай компани 2018 оны 04-р сарын 28-ны өдөр тухайн талбай дээр очиж, хэмжилт дээжлэлтийн ажлыг хээрийн судалгааны арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн.

          2. Биднийг 2018.04.28-ны өдөр тухайн талбайн нөхцөл байдалтай танилцаж, хэмжилт хийхээр очиход тус талбай нь гадаад овоолгыг түрж дүүргэлт хийсэн байдалтай байсан. Иймд тус талбайн эвдрэлд орсон гүний хэмжээг одоо тогтоох боломжгүй.

          3. Геодези, кадастрын зураглалын "Б" ХХК-ний мэргэжилтнүүд хээрийн судалгааны аргаар “Huace Х90” маркийн 2 долгионы GPS ашиглан эвдэрсэн газрын талбайг хэмжсэн. Тус хэмжилтээр "Т" ХХК-ний ажиллагаа явуулсан талбайн урт нь дунджаар 200 м, өргөн нь 80 м хэмжээтэй байсан. Үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийсэн байсан учир уг талбайн хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байсан.

          4. Үйл ажиллагаа явуулсан талбайн гүний хэмжээг тогтоох боломжгүй байгаа тул газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээг тооцох боломжгүй болж байна. Иймд газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээг хасч тооцвол уг талбайд учруулсан хохирлын хэмжээ 5.104.806.5 төгрөг болж өөрчлөгдөж байна.

            5. 2018.04.28-ны өдөр тухайн талбайн нөхцөл байдалтай танилцаж, хэмжилт хийхээр очиход тус талбай нь гадаад овоолгыг түрж дүүргэлт хийн, хэвгийжүүлсэн байдалтай байсан. Тиймээс уг талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна.

            6. Ч. Н  нь 16000 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь "Б" ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхен төлбөр тооцох" аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож, хохирлын нийт хэмжээ болон "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулиар ногдуулах нөхөн төлбөрийг тооцож доорх хүснэгтэд харуулав. …Эдэлбэр газарт учирсан хохирол 877120*3= 2631360, Хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 3320280*3= 9960840, Ургамлан нөмрөгт учирсан хохирол 907406.5*5= 4537030.5 төгрөг нийт 17129232 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-н 207-218 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1-11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-12-15/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх1-72-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх1-134-136/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх1-141/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх1-152-155, 159/, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /хх1-158, хх2-36 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 1-161-162, хх2-39-40 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Н гийн 2017 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын гуравдугаар  багийн нутаг “Б” буюу “Ти” гэх “Т” ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрөлтэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Х ын өгсөн тусгай зөвшөөрөл бүхий талбайд нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх мэдүүлгийн эх сурвалж гэрч Н.Б , Ч.О , Н.Э , Б.Н , Т.Б , Б.О  нарын өгсөн мэдүүлэг, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “М” ХХК-ний шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамаарал бүхий байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн бол хохирогчийн өмгөөлөгч хэрэгт нотлогдвол зохих зүйл нотлогдоогүй, өөрөөр хэлбэл 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 255 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид заагдсан ажиллагаа хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн эрхийг хязгаарлаж нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй, шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчиж гаргасан, гэмт хэргийн улмаас “Т” ХХК-ний нөөцөд учирсан хохирол тогтоогдоогүй гэж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн эрхийг хязгаарлаж нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “Т” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч буюу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус компаний дэд захирал гэх Ц.Х ыг тогтоож эрх, үүргийг тайлбарласан баримтууд хэргийн нэгдүгээр хавтасны 17, хоёрдугаар хавтасны 9 дүгээр талуудад авагдсан, Ц.Х д хохирогчийн эрх, үүргийг тайлбарлаж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр, 2 дугаар сарын 26-ны өдөр,  2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус тус мэдүүлэг авсан байх ба энэ мэдүүлэгт гаргах ямар нэг санал гомдолгүй, үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнгээр хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгч байсан байна.

Түүнчлэн хэргийн нэгдүгээр хавтасны 192 дугаар талд авагдсан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 255 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж заагаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбараар нөхөн сэргээлт хийсэн болон эрүүл газрын хэмжээг зааглах нь хохирлыг бодитой тогтооход нөлөөлөх эсэх, энэ тохиолдолд хохирлыг бодитой тогтоох шаардлагатай гэж үзсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэмэлт шинжилгээ хийлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ...нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэснийг зөрчөөгүй байна.

Шинжээч байгаль орчинд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон гаргахдаа шинжилгээнийхээ обьект  болох хэрэг учрал болсон газарт очиж нөхцөл байдалтай танилцаж хөрсний дээж авсан, түүнчлэн геодези кадастрын зураглалын “Б” ХХК-ний мэргэжилтнүүдээр эвдэрсэн талбайг нарийвчлан хэмжүүлсэний үндсэн дээр гаргасан байх бөгөөд хэмжилт хийх үед хууль бусаар олборлолт явуулсан гэх газрыг нөхөн дүүргэж, хэвгийжүүлсэн байдалтай байсан учраас эвдрэлд орсон талбайн гүний хэмжээг одоо тогтоох боломжгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад эвдэрсэн талбайн урт, өргөн, гүний хэмжээ зөрүүтэй, тухайлбал: хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэлд /хх1-12 тал/ тусгагдаагүй, харин гэрэл зургийн үзүүлэлтэд “урт 200 метр, өргөн 120 метр, гүн 20 метр”, “урт 200 метр, өргөн 80 метр, өргөн 20 метр” гэж тус тус тэмдэглэгдсэн /хх1-14-15 тал/, уг хэргийн газрын үзлэгт оролцсон гэрч Л.Б ийн “дунджаар 10х10 метр хэмжээтэй, 4 метр гүнтэй нүх ухчихсан байдалтай байсан” гэх /хх1-28 тал/, ...”Тийн” байрлаж байсан газраас 200-300 метрийн зайтай газарт 20х30 метрийн урт өргөнтэй, 9 метрийн гүнтэй газрыг ухсан байсан” гэх /хх1-29-31 тал/, мөн хэргийн газрын үзлэгт оролцсон гэрч Б.Н ийн өгсөн: “...Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээг тогтоохдоо метрээр хэмжиж, үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээг тогтоож байсан. Өргөн нь 120 метр, урт нь 200 метр, гүн нь 20 метр байсан” /хх1-41 тал/ гэх мэдүүлгүүд авагджээ.

Иймд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “М” ХХК-ний шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч Ч.Н гийн бусдын эзэмшлийн, тусгай зөвшөөрөлтэй газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь хүрээлэн байгаа орчины эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт шүүгдэгч Ч.Н гийн бусдын эзэмшлийн, тусгай зөвшөөрөлтэй газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын олборлолт явуулсан гэм буруутай үйлдлийн улмаас эдэлбэр газарт 877120 төгрөгийн, хөрсөн бүрхэвчинд 3320280 төгрөгийн, ургамлын нөмрөгт 907406.5 төгрөгийн буюу нийт 5104806.5 төгрөгийн хохирол учирч, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг тооцож нийт хохирлын хэмжээг 17129232.5 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нотлох баримт гаргаж өгөх, иргэний нэхэмжлэл гаргах эрхийнхээ хүрээнд хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Т” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн зураглал /орос хэл дээр/, MV-0168418, MV-015332 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарагдах нөөцийн тооцоолол, түүнийг үндэслэн гаргаж байгаа иргэний нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс тооцоо гаргах боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ч.Н  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.    

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Н н /хх-1-158 тал/ болон  “Т” ХХК-ний /хх-2-36 тал/ эзэмшил, өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн лавлагаа болон гэрч Н.Б ын мэдүүлгээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах үйл ажиллагаанд хэрэглэсэн техник хэрэгслийг түрээсээр ашиглаж байсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт  хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсний дагуу шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг хоёр сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.Н н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/99 дугаартай Хас банкны *******, *********** тоот,  2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 5/100 дугаартай Төрийн банкны ********** тоот данс, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/109 дугаартай Хаан банкны *********** тоот дансуудын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон прокурорын зөвшөөрлүүдийг /хх1-153, 155, 159 тал/ тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Б овогт Ч.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н д 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н  нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  шүүгдэгч Ч.Н д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н гээс 17129232 /арван долоон сая нэг зуун хорин есөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Т” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ц.Х д олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүгдэгч Ч.Н гийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/99 дугаартай Хас банкны **********, ************* тоот, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/100 дугаартай Төрийн банкны ************** тоот данс, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/109 дугаартай Хаан банкны ************* тоот данснуудын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон прокурорын зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД