Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 18

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                Ц.Гэрэлбаатар

Хохирогчийн өмгөөлөгч                     Р.Түвшинбат

Шүүгдэгч                                                 Ч.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Н.Батбаяр

Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Н-д холбогдох 1815001570091 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ....... Ч.Н.

 Ч.Н нь 2017 оны 08 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Баруун захцаг” гэх газарт буюу “Т” ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрөлтэй газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож 17129232 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор

1.Шүүгдэгч Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-д 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ннь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргах эрхтэйг дурьдаж,

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  шүүгдэгч Ч.Н-д сануулж,

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н-с 17129232 /арван долоон сая нэг зуун хорин есөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Т” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ц.Х-д олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

6. Шүүгдэгч Ч.Н-н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/99 дугаартай Хас банкны **************, ************** тоот, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/100 дугаартай Төрийн банкны ************** тоот данс, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/109 дугаартай Хаан банкны ************** тоот данснуудын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон прокурорын зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож,

7.Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбат давж заалдах гомдолдоо: “...1. Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Т” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт олборлож уг компанид их хэмжээний хохирол учруулсан. Байгаль орчинд 204 000 000 гаруй төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн анхны дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулан хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр 17 129 232 төгрөгөөр тогтоон шийдвэрлэснийг үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар газрын хэвлийг 20 м гүнтэй ухаж ашиглалт явуулан, баяжмал олборлосон талаар тогтоогдсон атал шинжилгээ хийсэн шинжээчийн мэдүүлэг болох “ухсан гүнийг тогтоох боломжгүй” гэсэн ганцхан мэдүүлгийг үндэслэн хохирлыг хэмжээг тогтоосон нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. Шүүх анхны шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гарсан гэж дүгнэсэн атлаа дахин шинжээч томилолгүйгээр нэмэлт шинжилгээг анх дүгнэлт гаргасан шинжээчээр хийлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.

3. Шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгаагүй, биологийн нөхөн сэргээлт хийгээгүй. Т ХХК-нд учруулсан хохирлоо төлөөгүй нь шүүгдэгчийн хувьд хөнгөрүүлэн үзэх ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс торгор ял оноосон нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Н-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Н-г 2017 оны 08 дугаар сард Булган аймгийн Бүрэнхангай сумын нутаг “Баруун захцаг” гэдэг газарт буюу “Т” ХХК-ний эзэмшилийн тусгай зөвшөөрөлтэй гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож 17 129 232 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл дүгнэлт нь  хавтаст хэргийн үнэн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал /хх-ийн 56 дугаар тал/ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолд өгсөн шинжээчийн дүгнэлтийн 5-6 дугаар хуудсанд /хх-ийн 61 дүгээр тал/ гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрийн хэмжээ 204 329 232.5 төгрөгийн хохирол, 

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд өгсөн шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хуудсанд /хх-ийн 213 дугаар тал/ гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрийн хэмжээ 17 129 232.5 төгрөгийн хохирол гэж  хоёр өөр зөрүүтэй хохирлын үнэлгээ гаргасан.

Энэ хоёр дүгнэлтийг “Монслов” ХХК-ний байгаль орчны мэргэжилтэн Б.Эрдэнэзаяа гаргасан буюу энэ шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг боловч хавтаст хэрэгт авагдсан хохирлын үнэлгээ эрс зөрүүтэй,  нэмэлт шинжилгээгээр ямар үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрийн хэмжээг 17 129 232.5 төгрөг гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байхад  хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5.д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хангалттай нотлогдоогүй, зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан 163, 164-168, 43, 44-47 дугаар тал бусад нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 13, 14 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбатын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт   буцаах нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг буцаасугай.

2. Хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбатын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Н-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ХҮРЭЛБААТАР

                                              ШҮҮГЧ                                 С.ЦЭЦЭГМАА 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН