Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02200

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 20 210/МА2023/02200

 

 

Ж.Э , Ж.ЭБ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02972 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Э , Ж.ЭБ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н т холбогдох, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбартаа: Бидний ээж Ц.Э 2014 оны 06 сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барж, талийгаачийн өмчлөлд байсан Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 34-р байр, 1 тоот хаягт байрлах, Ү-220600**** улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг зохих журмын дагуу 2020 оны 01 сарын 08-ны өдөр нотариатаар №2 тоот бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн гэрчлүүлж авсан. Улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч уг үл хөдлөх эд хөрөнгө 2008 оны 11 сарын 13-ны өдөр Г.Н тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан бүртгэлтэй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэхээс татгалзжээ. Бидний ээж амьд сэрүүн байх үедээ Г.Н ээс 5,000,000 төгрөг зээлээд хүүгийн хамт буцааж өгсөн тухай ярьдаг байсан ба Г.Н ээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг чөлөөлж өгөхийг хүсэхэд зээлж авсан мөнгөө төл гэх шаардлага тавьдаг. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т "барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон", 160.3-т энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй" гэж заасан боловч барьцаалагч Г.Н нь үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 34-р байр, 1 тоот хаягт байрлах, Ү-220600**** улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: Ц.Э болон Г.Н нарын зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй. Хуульд заасан дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 236, 237, 238, 239, 240 дүгээр зүйлд зааснаар үүргээ гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч нарын хувийн нөхцөл байдлыг ойлгоод зээлдүүлсэн 5,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Алданги бодвол 8,400,000 төгрөг болж байгаа. Төлбөрийг төлөөгүй учраас эд хөрөнгийг барьцаанаас суллаж өгөөгүй. Нэхэмжлэгч нарын ээж нь мөнгө зээлж, хүүгийн хамт буцаан төлсөн тухай дурддаг. Энэ нь зээлийн гэрээ байгуулагдаж, мөнгө шилжүүлсэн болохыг нотолж байна. Буцаан төлснийг ямар нэгэн баримтаар нотлох шаардлагатай. Харин шүүхээр хэлэлцэгдэх асуудлын хугацаа дууссан гэж үзэж байна. Талууд хоорондоо тохирч барьцаагаа чөлөөлүүлэх асуудал үлдсэн. Зээлийн гэрээний 4-р зүйлд ...гэрээний үүргээ бодитойгоор биелүүлсэн тохиолдолд энэ гэрээ дуусгавар болно... гэж заасан. Барьцааны гэрээнд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцааны зүйлийг буцааж өгөх, эсвэл үл маргах журмаар барьцаалагч өөртөө шилжүүлж авах гэсэн заалтууд байгаа. Барьцааны болон зээлийн гэрээнүүд дуусгавар болоогүй. Үүргээ бодитойгоор биелүүлээгүй, биелүүлснийг нотлоогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3-т зааснаар Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 34-р байр, 1 тоот хаягт байрлах, Ү-220600**** улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, барьцааны зүйлийг нэхэмжлэгч Ж.Э , Ж.ЭБ нарт олгохыг хариуцагч Г.Н т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Э , Ж.ЭБ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э , Ж.ЭБ нарт олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Г.Н миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т ...Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно... гэж заасан. Иймд шаардах эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, Ц.Э болон Г.Н нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Миний зүгээс Ц.Э гийн амьдралын нөхцөл байдал болон бусад зүйлүүдийг харгалзан үзэж зээл төлөх хугацааг хойшлуулж байсан. Ц.Э г надаас зээлсэн мөнгийг өгч орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагатай тул миний шаардах эрх дууссан гэж огт үзээгүй болно. Мөн тухайн үеийн буюу 2009 оны 5,000,000 төгрөг нь өнөөдрийн 15,000,000 төгрөгтэй тэнцэх бөгөөд барьцаанд буй орон сууц нь 2009 онд маш хямд байсан. Ц.Э гийн амьдралын нөхцөл бололцоог хүндэтгэн үзэж байсан тул төлбөрийн чадвартай болсон үедээ орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэхээр ирнэ гэж бодож байсан. Хэрэв би 2009 онд шүүхэд хандаад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан бол нэхэмжлэгч нар тухайн үед амьдрах гэргүй, орон сууцгүй болох байсан. Гэтэл миний зүгээс Ц.Э болон түүний гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандсаны эцэст зээлсэн мөнгөө авч чадахгүй байгаад туйлын харамсаж, хүлээцтэй хандаж байсан сэтгэлийг минь хүндлээгүйд гомдолтой байна. Тухайн цаг хугацаанд би нэхэмжлэгч нарын орон сууцыг зээлийн төлбөртөө авах бүрэн боломжтой байсан. Гэвч надад мөнгөнөөс илүү хүн чанар гэдэг зүйл байсан учраас Ц.Э болон өнөөдрийн нэхэмжлэгч нарын амьдарч буй гэр орныг нь булаан аваагүй болно.

4.2. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д ...Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ... гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд Ц.Э гийн надад төлөх зээлийн гэрээний үүргийг түүний өвлөгчид болох Ж.Э болон Ж.ЭБ нар хариуцах үүрэгтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын ээж 2014 онд нас барсан. 2019 онд орон сууц дахин төлөвлөлтөд орж, энэ асуудлыг хэрхэх вэ гээд нэхэмжлэгч нар надад хандахад ...та өв залгамжлал хийлгэх хэрэгтэй... гэж хэлсэн. Ингээд 2020 онд өв залгамжлалаа хийлгэсэн. Улсын бүртгэл барьцааны гэрээнд байгаа гэсэн үндэслэлээр буцаасан. 2021 онд улсын бүртгэлээс зээлийн болон барьцааны гэрээг хуулбарлаж авсан. Барьцааны гэрээ болон зээлийн гэрээтэй юм байна гэж хэлэхэд Г.Н энэ талаар өөрөө мэддэггүй. Би Г.Н ээс та энэ хүмүүст барьцааны гэрээг дуугавар болгосон бичиг хийж өгөөч гэхэд хариу өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Ж.Э , Ж.ЭБ нар хариуцагч Г.Н т холбогдуулан, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн **-р байр, ** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 116-121/

3.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Ц.Э нь 2014 оны 06 сарын 24-ний өдөр нас барсан. /хх 3-арын нүүр/

3.2. Талийгаач Ц.Э нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220600**** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн **-р байр, ** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, хариуцагч Г.Н ээс 2008 оны 11 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдэн авсан, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх 114, 115/

3.3. Дээрх орон сууцыг Хан-Уул дүүргийн нотариатчийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 2 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Ж.Э , Ж.ЭБ нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. /хх 3, 4/

 4.   Өмнө дурдсанчлан, талийгаач Ц.Э нь хариуцагч Г.Н ээс 5,000,000 төгрөгийг зээлдэн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бол зээлдэгч Ц.Э нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Г.Н ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй.

5.   Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нарын хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал:

5.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилжээ.

Иймд талийгаач Ц.Э болон хариуцагч Г.Н нарын хооронд байгуулагдсан 2008 оны 11 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2009 оны 02 сарын 15-ны өдөр дууссан байх тул гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 02 сарын 15-ны өдөр дууссан байна.

5.2. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсан байх тул хариуцагч талын гаргасан ...шаардах эрх үргэлжилж байгаа... гэх татгалзал, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

5.3. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг буюу барьцааны хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусахаар зохицуулжээ.

Иймд зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дууссан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын гаргасан ...зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй... гэх татгалзал, ...шаардах эрх дуусгавар болоогүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.4. Нэгэнт зээлийн болон барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа аль аль нь дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Иймд хариуцагч талын гаргасан ...Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т зааснаар Ц.Э гийн төлөх зээлийн гэрээний үүргийг түүний өвлөгчид болох Ж.Э болон Ж.ЭБ нар хариуцах үүрэгтэй... гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 6.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ хариуцагчийн эзэмшилд байхгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь оновчгүй болсон байна.

Дээрх алдааг шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 7.   Түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02972 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...чөлөөлж, барьцааны зүйлийг нэхэмжлэгч Ж.Э , Ж.ЭБ нарт олгохыг... гэснийг ...чөлөөлөхийг... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.1... гэснийг ...7.1.2... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ                                                        Д.НЯМБАЗАР