Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00028

 

 

 

 

 2023 12 25 210/МА2023/00028

 

Т УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 104/ШШ2023/00449 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б д холбогдох, төрд учирсан хохирол 7,597,456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Б нь 2022 оны 01 сарын 11-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар тус төвийн Амбулаторийн тасгийн эмч Б.Х ийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Иргэн Б.Х нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 210/МА2022/1593 дугаар магадлалаар Б.Х ийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, эмчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2023 оны 04 сарын 06-ны өдөр 7,597,456 төгрөгийг Б.Х т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Шүүхийн шийдвэрт 7,497,456 төгрөг гэж заасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100,000 төгрөг тул нийт 7,597,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр үг, үсэггүй биелэгдэх учиртай. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 339 дугаар шийдвэрээр олговор 7,497,456 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломж олголгүй дээрх мөнгөнөөс зохих суутгалыг хийлгүйгээр тэр чигт нь Б.Х ийн данс руу шилжүүлсэн. Зохих суутгалыг хийж тооцвол 7,497,456 төгрөгийн 9,5% гэж тооцоод 712,258 төгрөгийг хасаж, үлдэх 6,785,198 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах учиртай гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар хариуцагч Л.Б аас төрд учирсан хохирол 7,497,456 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Л.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 134,909 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт, тайлбар зэрэгт ач холбогдол өгөлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 104/ШШ2023/00449 дугаар шийдвэрийн 3-р тал, үндэслэх хэсгийн 6 дахь заалтад Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 339 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 1593 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрээр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар А.Хадбилэгт 7,497,456 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ гэж дүгнэсэн. Ингэснээр дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үг үсгээрээ, тоо, ширхгээрээ, цэг таслалаараа заавал, зайлшгүй биелэгдэх ёстой шийдвэр байтал түүнийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан.

Иймд уг шүүхийн шийдвэрийн 4-р тал, тогтоох хэсгийн 1-д заасан хэсгийг хүчингүй болгож, Б.Х ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхэд шаардлагатай 712,258 төгрөгийг хасч, 6,785,198 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Төрд учирсан хохирол бодитоор буюу санхүүгийн баримтаар 7,497,456 төгрөг болсон. Бодит хохирлыг үндэслэж нэхэмжилсэн учраас 712,258 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.   Нэхэмжлэгч Т УТҮГ нь хариуцагч Л.Б д холбогдуулан төрд учирсан хохирол 7,597,456 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

Дээрх шаардлагаас хариуцагч нь 6,785,198 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 812,258 төгрөгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх 31-32/

3.   Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т тус тус заасан зохицуулалтыг үндэслэн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. /хх 1-2/

Иргэний хуулийн 498 дугаар зүйл буюу байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаарх зохицуулалтад үндэслэсэн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан анхан шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

4.   Иймд нэхэмжлэгч Т УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б д холбогдох, төрд учирсан хохирол 7,597,456 төгрөг гаргуулах тухай маргааныг анхан шатны шүүхийн шүүгч дангаар хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамааруулан үзнэ.

5.   Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 104/ШШ2023/00449 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.Б аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 205,109 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР