Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 330

 

2016 оны 05 сарын 26 өдөр     Дугаар 156/ШШ2016/00330

    Хэнтий аймаг

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс:156/2016/00387/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Манлай овогт Цэвэгсүрэнгийн Чимгээ (РД:ХИ56022615)-гийн нэхэмжлэлтэй
 
 “Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажилласан жил байдлыг тогтоолгох ” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа оролцов. 
Нэхэмжлэгч Ц. Чимгээ нь алслагдсан хөдөө нутагт мал дээрээ ганцаараа байдаг, мал төллөж байгаа тул шүүх хуралд ирэх бололцоо муутай, өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийх тухай шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
     Нэхэмжлэгч  Ц.Чимгээ  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1973 оны 02 дугаар сарын 17-ны мод Боловсруулах Комбинатын Зүсмэлийн заводын харуулын тасагт нормчноор ажилласан. Тус өдрийн 55 тоот тушаалын тамганы үг үсэг гаргагдахгүй байгааг нийгмийн даатгалын байцаагч шүүхээр орж шийдвэрлүүл гэв. Үүнийг Архивын ерөнхий газар, үндэсний төв архив тодорхойлохдоо: Үндэсний төв архивын сан бүгд баримт шилжиж ирээгүй тул Ц.Чимгээд холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй гэж тодорхойлолт гаргасан.
1975 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мужаанаар ажиллуулав, техник туслалцааны барилга трестийн даргын 1975 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 305 тоот тушаалаар гэж бичихдээ он засвартай. /Үүнд: мөн архивын тодорхойлолт нь дээрхийн адил/ 
Иргэний үнэмлэхийн төрсөн он 1956 оны байхад хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ 1957 оны гэж буруу бичсэн.
Төрсөн он 1956 мөн регистрийн дугаар ХИ56022615 байхад нийгмийн даатгалын дэвтрийг нээхдээ 1957 он гэж тус тус буруу бичилтүүдийг хийсэн байна. Иймд дээрх зөрүүг тогтоож өгч тэтгэвэрт гарах боломжийг олгоно уу гэжээ. /хх-ийн 1-2х/
     
Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
    
1. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны гаргасан нэхэмжлэлд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэж буруу утга бичсэнд тайлбар гаргах нь: Миний бие 1973 оноос эхлэн ажилласан нь хууль зүйн дагуу үнэн, харин тухай үеийн /боловсон хүчин/ албан тушаалдаа он сарыг зөрүүтэй, засвартай хийж бичсэн

2. Ц.Чимгээ би 1973 оны 02 дугаар сарын 17-нд Мод боловсруулах комбинатын харуулын тасагт нормчноор ажилд орсон. Олон жилийн цаасны элэгдэлд орж тамга нь балархай болсныг нийгмийн даатгалын байцаагч тамгыг тодруул гэсэн.  
 
3. 1975 оны 10 дугаар сарын 20-нд мужаанаар ажиллуулав гэсэн даргын тушаалын оныг боловсон хүчин бичихдээ: 1976 оны 10 дугаар сарын 25 гэж буруу бичээд дээр нь 1975 оны гэж зассан. Би 1976 оны 07 дугаар сарын 16-нд цэрэгт явж ажлаас чөлөөлөгдсөн тул 1975 оныг 1976 он гэж бичээд 1975 он болгож зассан байгааг тодорхойлуулах

4. Ц.Чимгээ миний бие 1956 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн нь үнэн. Улсын бүртгэлд /ХИ56022615/ гэсэн регистрийн дугаартай байхад тухайн үеийн боловсон хүчнүүд Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийг 1975 оноор нээсэн нь тэтгэвэр тогтоолгоход зөрчил гарч байна. Дээрх зөрчлүүдийг тодорхойлж өгнө үү гэв.

 
   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч  Манлай овогт Цэвэгсүрэнгийн Чимгээ нь “Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, түүнчлэн 1973 оноос 1976 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч Манлай овогт Цэвэгсүрэнгийн Чимгээ нь1973 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Цэвэгсүрэнгийн Чимгээ 1957/16 Мужаан гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэрийн, №417452 дугаартай Цэвэгсүрэнгийн Чимгээ төрсөн он 1957 он гэсэн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох болох нь, түүнчлэн 1973 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Мод боловсруулах комбинатын Зүсмэлийн заводын Харуулын тасагт нормчноор, 1975 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Техник туслалцааны барилга трестэд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь Үндэсний төв архивын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт /хх-ийн 4х/, Үндэсний төв архивын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолт /хх-ийн 5х/, иргэн Ц.Чимгээгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6х/, иргэн Ц.Чимгээд 1973 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-8х/, иргэн Ц.Чимгээгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 9х/, нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 14-15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1973 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Цэвэгсүрэнгийн Чимгээ 1957/16 Мужаан гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэрийн, №417452 дугаартай Цэвэгсүрэнгийн Чимгээ төрсөн он 1957 он гэсэн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь тус тус нэхэмжлэгч Манлай овогт Цэвэгсүрэнгийн Чимгээ /РД:ХИ56022615/ нь мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чимгээг 1973 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1973 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Мод боловсруулах комбинатын Зүсмэлийн заводын Харуулын тасагт нормчноор, 1975 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Техник туслалцааны барилга трестэд мужаанаар тус тус ажиллаж байсан тогтоосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР