Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00102

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 08 210/МА2024/00102

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/05088 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ХХК,

Хариуцагч: О.,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнцэнхорол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Даваасүрэн, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь Ө брэндийн албан ёсны дестрибютерээр ажиллаж байна. Монгол улсад борлуулдаг Ө брэндийн алимны цууг гарган авах процесс нь органик тариалангийн талбайд тариалсан органик сортын алимыг органик хөрөнгөөр исэлдүүлэн дээр нь асето бактер холин аситик асид буюу цууны хүчлийг органик устай холин гарган авдаг. Ө брэндийн алимны цууг шилэн дээрх зааврын дагуу хэрэглэхэд хүний гэдэс, ходоодыг түлэхгүй.

1.2. О. нь А гэх нүүр номны хуудсаар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ярилцлага хийхдээ ...алимны цууг хэрэглээд хавдар болтлоо ужгирвал яана ...аюултай бодис, иргэдийн эрүүл мэндэд ч хохирол учруулж байгаа, санхүүгээр ч хохирол учруулж байгаа гэсэн үг хэллэг ашиглан ярилцлага өгсөн. Уг бичлэгийг 5.3 мянган хүн үзэж, 1.3 мянган удаа сэтгэгдэл бичигдсэн. Тэрээр яриандаа ... За энэ алимны цуу буюу цууны хүчил дотроо 5-6 хувийн цууны хүчил агуулж байгаа. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нөөшлөгч одоо ариутгагч бодисын ангилалд явж байдаг нөөшлөгч 260 кодтойгоор явж байдаг ийм бүтээгдэхүүн байгаа юм, ... Яагаад гэхээр энэ чинь цууны хүчил, одоо энэ чинь нөөшлөгч ариутгагч бодис гэхээр ямар учиртай вэ гэхээр ерөөсөө бактери тэр ногооны гадуурх бактерийг устгах зорилготой ...Усанд найруулж уулаа ч энэ чинь цууны хүчил. Хүчил гэдэг чинь ерөөсөө тэр шүдний эрдсийг уусгана. Тийм биздээ. Ходоод руу орох зам улаан хоолойг шархлуулна, нэгэнт шархалсан юм чинь үрэвсээд хавдар болвол яана, ...цээж хорсдог болчихсон, улаан хоолой шархалсан, адгийн наад зах нь 4-5 шүд маань үүрээд ийм болчихлоо гэх ийм асуудлууд өдөр болгон надад ирж байна. Энэ чинь ерөөсөө аюултай бодис. Эрүүл мэнд ч хохирол учруулж байгаа одоо биед санхүүгээр ч хүмүүст хохирол учруулж байгаа байхүй юу энэ чинь, ...ногоо нөөшилж дарахад байцааны салат хийдэгдээ, нөгөө укус гээд байсан шдээ. 60-70 хувийн укус. Энэ чинь ерөөсөө шингэүүлчихсэн л укус. Цууны хүчлээр хүчлийг янз бүрийн зэв арилгадаг, одоо ямар ч зэв арилгасан болно тэгэхдээ нөгөө хүчлийг зэв арилгаж байгаа юм шиг гэх байдлаар буруу мэдээлэл тарааж, нотлогдоогүй зүйлийг ярьж манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан.

1.3. Дээрх ярианд дурдсан ...хорт хавдар, аюултай бодис, хорт бодис, иргэдийн эрүүл мэнд, санхүүд хохирол учруулж байгаа гэсэн уг хэллэгүүд нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сөрөг утга агуулсан илэрхий худлаа мэдээлэл. Иймд худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь Б брендын алимны цууг ууснаар турж жин хасна, дотор өөх хайлуулна, биеэс хорт бодисыг гадагшлуулна, эрүүлжүүлнэ, дархлааны систем сайжруулна, ханиадны эсрэг үйлчилнэ, үрэвслийн эсрэг, ходоодны хямралаас сэргийлнэ, цусан дахь сахрын хэмжээг бууруулна, хлострений хэмжээг бууруулна, зүрхны өвчний эсрэг, хорт хавдраас сэргийлнэ, элгийг хоргүйжүүлнэ, нойр булчирхайн өвчинд сайн, толгойн өвдөлтийг намдаана, хоолойн үрэвслийг дарна, жирэмсэн болон хөхүүл хүн ууж болно, хүчил уугаад шүлтлэг болгоно гэж тайлбарладаг. Цөсний чулууг хайлуулна, хөгшрөлтийг удаашруулна гэх мэт өөрийн нүүр ном хуудсаараа дамжуулан маш удаан хугацаанд сурталчилгаануудыг хийж, худалдан борлуулж ирсэн. Энэ бүтээгдэхүүний шошгон дээр 5 хувийн цууны хүчлийн агууламж агуулагдана гэсэн байдаг. Энэ нь Хүнсний тухай хуулиар хүнсний нэмэлтийг хүнсний бүтээгдэхүүнд тооцдог нь үнэн. Гэхдээ цууны хүчил нь өөрөө хүнсний бүтээгдэхүүнийг хамгаалаад нөөшлөөд маргааш, сарын дараа жилийн дараа идэх боломжийг олгохын тулд хүнсэндээ нэмж өгдөг бүтээгдэхүүн.

Алимны шүүс нь өөрөө сахар ихтэй, үүнийг цуун хүчлийн бактериар исгээд үүсгэсэн цууны хүчлийг л Х гэж нэрлэдэг. Органик хүнс гэдэгт маргаагүй. Яагаад гэвэл илүү цэвэр гарал үүсэлтэйг л хэлж байгаа. Органик байлаа гээд ерөөсөө ууж хэрэглэнэ гэж сурталчилж болохгүй. Нүүрс ус агуулсан бүхий л хүнсээс цууны хүчил гаргаж авч болно. Өглөө, өдөр, орой нэг аяга уухыг сурталчилдаг. 5 хувийн цууны хүчлийг дангаар уух боломж байхгүй. Хүчил гэдэг нь эрдэстэй урвалд ороод давс үүсгээд, түүнийгээ хайлуулдаг шинж чанартай. Шүд нь кальци буюу эрдсээс тогтсон хүний хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор 5 хувийн цууны хүчлийг шууд уувал шүдээ хайлуулах эрсдэлтэй. Цаашаа улаан хоолойг түлнэ, ходоод хүчиллэг орчин тул ходоод хүртэлх замыг түлж байгаа тул буцаад үрэвсэнэ.

2.2. Би Т ХХК-тай маргаагүй бөгөөд ...Б Монголиа гэдэг пейжид буруу мэдээлэл тавиад байна, та нар залруул гэдгийг л хэлсэн. Бүтээгдэхүүнээ буруу сурталчилж, хүн амын эрүүл мэндэд аюул учрахаар зарж, сурталчилж болохгүй. Т ХХК-ийн алимны цууг битгий авч уугаарай гэж хэлээгүй. Цууны хүчил дээр ус нэмэгдэнэ гэдэг нь цууны хүчлийн концентрацийг л багасгаж байгаа болохоос саармагжих үйл явц болохгүй. Эрх бүхий байгууллага шууд уухыг зөвлөхгүй, хүнсний нэмэлт байдлаар ногооны нөөш хийх байдлаар хэрэглэнэ гэсэн заалт байдаг. Би алимны цууны талаар л нийтэд зөв мэдээлэл хүргэхийг зорьсон ярилцлага хүргэсэн. Нэхэмжлэгчийн нэр хүндэд халдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.т холбогдох А фэйсбүүк хуудсаар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн ярилцлагаар худал мэдээлэл тарааж компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь Т ХХК-ийн оноосон нэрийг хэрэглэлгүйгээр зөвхөн алимны цуу-ны талаар мэдээлэл тараасан бол нэхэмжлэгч нь энэ асуудлаар хариуцагчтай маргаан үүсгэхгүй. Гэтэл хариуцагч нь Т ХХК-ийг тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг гэдгийг мэдсээр байтал компанийн оноосон нэрийг тодорхой дурдан, бүтээгдэхүүний талаар болон компанийн ажил хэргийн нэр хүндийн талаар сөрөг утга агуулга бүхий мэдээлэл тараасан. Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд Т хэмээн компанийн оноосон нэрийг тодорхой нэрлэн зааж, худал мэдээлэл тараасан учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан тухай удаа дараа тайлбарласан.

Т гэж хэлэх нь Т ХХК гэж хэлэхээс ялгаатай гэж ойлгохгүй. Т гэдэг бол тухайн хуулийн этгээдийн оноосон нэр, харин ХХК гэдэг нь хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн хуулийн этгээдийн хэлбэрийг илэрхийлдэг. ХХК гэж хэлээгүй учраас компанийн оноосон нэрийг хэрэглэсэн гэж үзэхгүй, улмаар ажил хэргийн нэр хүндэд халдаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй.

4.2. Нэхэмжлэгч нь өөрийн нэрийн өмнөөс, төлөөлөх эрхий бүхий этгээдээс нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхэд ...компанийн оноосон нэрийг хэрэглээд худлаа мэдээлэл тараасан хэмээн тайлбарлан, холбогдох баримт, үндэслэлийг гаргаж өгсөөр байхад ...бүтээгдэхүүний чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар Монгол Улсад тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар мэдээлэл тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотлох, чадахгүй тохиолдолд залруулах үүрэгтэй. Харин эрх зөрчигдсөн этгээд нь гутаасан мэдээллийн улмаас өөрт учирсан бодит хохирлыг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээхгүй. Тодруулбал, гутаасан мэдээллийн улмаас заавал бодит хохирол учирсны дараа эрх зөрчигдсөн этгээд түүнийгээ нотлон шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэг хүлээгээгүй. Гэтэл анхан шатны шүүх ...ярилцлага нийтлэгдэхээс өмнө бүтээгдэхүүний орлогын хэмжээ хэд байсан, нийтлэгдсэнээс хойш хэд болж буурсан талаарх баримт хэрэгт цуглуулж өгөөгүй, ямар хэмжээгээр ямар байдлаар муугаар нөлөөлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

4.4. Нэхэмжлэгч нь хариуцагч О.ын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А гэсэн нүүр ном хуудсаар дамжуулан хийсэн ярилцлагыг бүхэлд нь үндэслэлгүй, худлаа хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин Т хэмээн компанийн оноосон нэрийг 3 удаа тодорхой дурдан, уг компанийн худалдан борлуулдаг алимны цууг хэрэглээд ...хавдар болтлоо ужгирвал яана, ...аюултай бодис, иргэдийн эрүүл мэндэд ч хохирол учруулж байгаа, санхүүгээр ч хохирол учруулж байгаа гэсэн мэдээллийг эс зөвшөөрч, энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Улмаар хорт хавдар үүсгэдэг эсэх, аюултай бодис мөн эсэх, уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаар иргэдийн эрүүл мэнд, санхүүд хэрхэн яаж хохирол учруулж байгаа эсэх нөхцөл байдлыг хариуцагч нотлох үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх О.ын алимны цууны талаар нийтэд тараасан мэдээлэл нь бүхэлдээ үндэслэлгүй, худлаа гэж шууд үзэхээргүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдоогүй, маргааны зүйлд хамааралгүй, түүний хүрээнээс хальсан асуудлаар дүгнэлт хийсэн.

4.5. Нэхэмжлэгч нь Т хэмээн компанийн оноосон нэрийг 3 удаа тодорхой дурдан, уг компанийн худалдан борлуулдаг алимны цууг хэрэглээд ...хавдар болтлоо ужгирвал яана, ...аюултай бодис, иргэдийн эрүүл мэндэд ч хохирол учруулж байгаа, сангүйгээр ч хохирол учруулж байгаа гэсэн хариуцагчийн мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж, няцаах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх ...зохигчдын хэн аль нь Б брэндийн А нэртэй алимны цуу нь хүний биед эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг болохыг баримтаар нотлоогүй гэж маргааны зүйлд хамааралгүй, түүний хүрээнээс хальсан асуудлаар дүгнэлт хийсэн.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...бүтээгдэхүүний реклам, сурталчилгаа нь буруу байсан учраас ийм мэдээлэл гаргасан гэх тайлбар хийсэн боловч ...алимны цууг хэрэглээд ...хавдар болтлоо ужгирлаа яана, ...аюултай бодис, иргэдийн эрүүл мэндэд ч хохирол учруулж байгаа, санхүүгээр ч хохирол учруулж байгаа гэх тайлбарыг зөвхөн тайлбар гэж хүлээн авах үндэслэлгүй бөгөөд компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, анхнаасаа зорилго бүхий үйлдэл гэж үзнэ.

4.6. Нэхэмжлэгч нь Б брэндийн А нэртэй алимны цуу нь хүний биед эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад хариуцагчийн шинжээч томилох хүсэлтийг шүүхээс хангаж, үүний дагуу Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22 асуултад хариулсан дүгнэлт ирүүлсэн. Уг шинжээчийн дүгнэлтээр Б брэндийн А нэртэй алимны цуу нь хорт хавдар үүсгэдэг, уг бүтээгдэхүүн нь аюултай бодис, уг бүтээгдэхүүнийг хэрэглээд эрүүл мэнд болон санхүүгийн хувьд хохирсон гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй.

4.7. Анхан шатны шүүх ...алимны цууг устай шингэлж уувал хүний биед эерэг нөлөөтэй гэдгийг хөдөлбөргүй тогтоосон баримт биш байна гэж дүгнэсэн. Б брэндийн А нэртэй алимны цуу нь Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Органик хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Органик хүнс гэж ...цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг гэдэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 10 дугаар зайлд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулж РОР-2001 -2212-00071 дугаарт бүртгэгдсэн органик хүнс юм.

Тодруулбал, органик хүнсний бүтээгдэхүүн гэсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар болон үзлэгээр нотолсон. Гэтэл шүүхээс тухайн баримтын талаар дүгнэлт хийгээгүй, хөдөлбөргүй тогтоосон баримт биш гэж дүгнэсэн нь буруу.

4.8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Шинжээч нь 22 асуултын 9-д судалгаа байхгүй гэж хариулсан бол 13 хариулт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон байдаг. Нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлтийн судалгаа байхгүй гэсэн хариултыг няцаах зорилгоор шүүхэд нотлох баримтыг гаргаж өгтөл Б брэндийн А нэртэй алимны цуу-тай хамааралгүй нотлох баримтууд байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтыг хүлээж аваагүй. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд заасан эх сурвалж нь Б брэндийн А нэртэй алимны цуу гэсэн тухайн бүтээгдэхүүнтэй холбоогүй, алимны цуу-ны тухай байдаг.

Тодруулбал, Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон эх сурвалжууд нь зөвхөн Б брэндийн А нэртэй алимны цууны талаарх судалгааны нийтлэлүүд биш. Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 24-155 хуудсанд хариуцагч талаас шүүхэд хүргүүлсэн алимны цуу-ны талаар баримт мэдээлэл авагдсан бөгөөд эдгээр баримт нь Б брэндийн А нэртэй алимны цуу-ны тухай биш. Гэтэл шүүх хуралдааны үед хариуцагчийн хүсэлтээр уг баримтуудын зарим хэсгийг шинжлэн судалсан.

4.9. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны үед О. 2022 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр нь Улстөрч.мн гэсэн фейсбүүк хуудсаар дамжуулан ярилцлага хийхдээ Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэсэн үг хэллэг ашиглан ярилцлага өгсөн-тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсэгт энэ тухай бичсэн боловч тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буйг хэрхэн шийдвэрлэснээ бичээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Тухайн алимны цуу нь 5 хувийн цууны хүчил агуулдаг. Уг бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлт нөөшлөгч байдлаар хэрэглэдэг. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүнгээр 0.05 хувь гэж тооцсон. Гэвч олон нийтэд илэрхий худалдаалагдаж буй цууны хүчлийг 5 хувь хүртэл шингэлсэн гэдгийг бүтээгдэхүүний шошго дээр бичсэн. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь цууны хүчлийг алдаатай шинжилсэн гэдгийг илэрхийлсэн. Органик хүнс гэж тодорхойлсон боловч Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүнс гэх ойлголтыг тодорхойлсон. Хүнс гэдэг нь хүний эрүүл мэндийг дэмжин хамгаалах, хэвийн үйл ажиллагааг хангах ёстой. Тухайн байгууллагын нэрийг Т гэж дурдсан боловч Т ХХК гэж дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.т холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Хариуцагч О. нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Будрагчаа гэх сэтгүүлчид А гэх нүүр номны хуудсаар дамжуулан Ө брэндийн Apple cidar vinegar гэх нэртэй алимны цууны талаар нийтэд чиглэсэн ярилцлага өгсөн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

4.1 Дээрх ярилцлагын агуулга буюу мэдээлэл нь нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А гэх нүүр номын хуудсаар дамжуулан Ө брэндийн Apple cidar vinegar гэх нэртэй алимны цууны талаар өгсөн ярилцлагадаа ...Тийм болохоор энэ чинь үндэслэлгүй юмаар Т санхүү мөнгө нь л хэрэгтэй гэсэн, С.Ргийн ...Т хүлээх үү худал мэдээлэл тарааснаар гэх асуултад ...тэгэх ёстой, хүлээх ёстой гэж, ...ямар иргэд байна эд нар ...Т гэдэг компаниас нь ...асуудал тавих эрх нь тэгж нээгдэнэ ш дээ гэсэн байна. /1хх 79-83, 100-101/

5.1. Нэхэмжлэгч нь Т гэсэн оноосон нэртэй байх бөгөөд түүний үйл ажиллагааны хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байна. /1хх 6/ Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хамгаална.

5.2. Хариуцагчийн дээрх ярилцлага буюу тараасан мэдээний агуулга нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхээр байна. Учир нь, ярилцлагын агуулга нь хэдийгээр хүний эрүүл мэндэд алимны цууны үзүүлэх сөрөг нөлөөллийн тухай байх боловч ийнхүү ярилцлага өгөх хэлбэрээр нийтэд мэдээ тараахдаа нэхэмжлэгчийн оноосон нэрийг удаа дараа тухайлан дурдаж, нэхэмжлэгчийн худалдаж буй бүтээгдэхүүн болох алимны цууны сөрөг нөлөөллийг нэхэмжлэгчтэй холбон иргэдэд буруу мэдээлж, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн мэдээний агуулга нь нэхэмжлэгчийн эрхэлж буй үйл ажиллагаа болон бусдаас үнэлэх үнэлэмжтэй холбоотой буюу ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжийг агуулж байна. Иймд анхан шатны шүүхийн ...ярилцлага бүхэлдээ бүтээгдэхүүнд чиглэсэн... гэх, ...алимны цууны талаар сөрөг мэдээлэл бүр нь шууд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил хэргийн нэр хүндэд нь халдсан үйлдэл гэж үзэхгүй... гэх дүгнэлт үндэслэлгүй.

5.3. Түүнчлэн, хариуцагч нь дээрх мэдээг тараахдаа ...нэхэмжлэгч компанийн оноосон нэрийг бүтнээр нь хэлээгүй, мөн үйл ажиллагааны хэлбэрийг дурдаагүй... гэж тайлбарлах боловч Т гэж, Т гэж хэлсэн нь бусдад Т ХХК-ийн талаар ярьсан гэж ойлгогдохуйц байна.

6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.

6.1. Нэхэмжлэгч алимны цууны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нийтэд худал мэдээлсэн гэх агуулга бүхий мэдээнийхээ үнэн зөвийг хариуцагч нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр Ө брэндийн алимны цууны талаар дүгнээгүй. Харин алимны цууны талаар дүгнэлт хийжээ. Иймд хариуцагч уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргээ биелүүлээгүй байна.

7. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэгт зааснаар мөн зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд мөн хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана. Нэхэмжлэгч нь мөн зүйлд заасан гэм хорын хохирол шаардаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн тараасан мэдээний улмаас нэхэмжлэгчид хэдий хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, мөн зүйлийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ.

8. Түүнчлэн, ажил хэргийн нэр хүндийг сэргээх шаардлагад тухайн алимны цууг нэхэмжлэгч албан ёсоор Монгол Улсад үйлдвэрлэгчийг төлөөлөх эрхтэй эсэх нь хамааралгүй байхад анхан шатны шүүх ...нэхэмжлэгч үйлдвэрлэгчийг төлөөлөх эрхтэй эсэхээ нотлоогүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улстөрч.мн гэсэн нүүр ном хуудсаар дамжуулан Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэсэн ярилцлагатай холбоотой хэсгээс татгалзсан байхад анхан шатны шүүх үүнийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...хариуцагч гэм буруугүй... гэх дүгнэлт талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхгүй.

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/05088 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, А гэх нүүр ном /Facebook/ хуудсаар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн ярилцлагыг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу нүүр ном /Facebook/ хуудсаар няцаалт хийхийг хариуцагч О.т даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч О.т холбогдох, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улстөрч.мн гэсэн нүүр ном хуудсаар дамжуулан Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэсэн ярилцлагатай холбоотой хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН