Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2024/00003

 

............. нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 140/ШШ2023/00546 дугаар шийдвэртэй

.............. нэхэмжлэлтэй Л............., Б..............г, Б............., Н................ нарт холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16.754.577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.............н /цахимаар/, хариуцагч Л............, түүний өмгөөлөгч Б.............л, хариуцагч Н.............., Б............. /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч .............., Л..........................а нарт холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16.754.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ............. болох ..............а нарт холбогдуулж Төрийн албаны зөвлөлөөс 16.754.577 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ............. ................. хурлын ............. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуралдаанаараа хэлэлцэж 33 дугаартай тогтоолыг гаргаж, уг тогтоолоор тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Э............. төрийн албанаас түр чөлөөлөх тухай тогтоол гаргасан. 6 сарын хугацаатай төрийн албанаас чөлөөлөх тухай 33 дугаартай тогтоолын дагуу Э............. ажилдаа эргэн орж ажиллах тухай хүсэлтийг удаа дараа ИТХ-ын Тэргүүлэгчдэд гаргахад таныг энэ албан тушаалд буцааж томилох боломжгүй гэдэг эс үйлдэхүй үүсгэсний дагуу Э........... захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Э........... албан тушаалд нь эгүүлэн томилох тухай захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу Э............. буцааж ажилд томилсны дараа, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, болон давж заалдах шатны шүүхийн магадлалууд гарсан. Улсын Дээд Шүүхийн хяналтын гомдол хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гарсан. Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай шийдвэрээр Э............ ажилгүй байсан хугацааны цалин хөлс 16.754.577 төгрөгийг гаргуулж олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын ажлын албанаас 2022 оны 10 дугаар сарын 28-нд 6.242.400 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.512.177 төгрөгийг олгосон. Нийт 16.754.577 төгрөг буюу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг Э........... олгосон. Иймд Төрийн албаны зөвлөл хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг гаргуулахаар заасан заалтын хүрээнд Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

2.    Хариуцагч нарын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Л...........: ...Э.............. нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын .............. нарийн бичгийн даргаар 2009 онд томилогдсон. Ингэж ажилд томилогдохдоо ашиг сонирхлын зөрчилтэй томилогдсон. Энэ талаар тухайн үеийн дээд шатны байгууллага дүгнэлт гаргасан байсан, тэр нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баримт бичигт байдаг байсан. Э............. ............г гэдэг хүн ажилд томилж байсан, тэр нь Э.............. нагац ах нь байсан. ... Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмж бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 дугаартай албан тоот бичгийг үндэслэж Э............. ажилд нь томилоогүй ... бид бүхэн дээрх нэхэмжилж байгаа мөнгийг төлөх дээрээ тулах юм бол Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газартай хувааж төлөх ёстой. Төрийн албаны зөвлөл, өөрөө ийм албан бичиг ирүүлчихээд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаад, дараагийн хүнийг ажиллуулчхаад, томилогдсоны дараа өөр бусад баримт бичгийг бүрдүүлдэг, мөн Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг хянуулж байсан. Ийм байхад өнөөдөр давхардуулж цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дээд шатны шүүх нь доод шатныхаа шийдвэрийг үгүйсгээд явсан байгаад харамсаж байна. Үнэхээр бид бүхэн буруутай юм бол Төрийн албаны зөвлөл хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б...........г: Би Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ..............р 2016 онд сонгогдсон. 2019 онд Э............. гэдэг хүн Солонгос улс руу явж суралцана гээд чөлөө авсан, бид хуулийн дагуу чөлөөг нь өгөөд явуулсан. Бид Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийн дагуу ажлаа хийсэн. Миний хувьд 4 жил Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч хийчхээд төлбөр төлнө гэдэг асуудал хэцүү байна. Би өндөр насны тэтгэвэртэй, сарын 500.000 төгрөгийн орлоготой. Төрийн албаны салбар зөвлөл муу ажилласнаас болоод бид бүхэн энэ хэмжээний төлбөрт орлоо гэж үзэж байна. ...Төрийн албаны зөвлөлтэй хувааж төлмөөр байна гэжээ.

Хариуцагч Н.................: ...Анхнаасаа хууль бусаар томилогдсон учраас би хууль журамд заасны дагуу ажиллуулах нь зүйтэй гэдэг бичгийг өгч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд саналаа гаргаж байсан. Үүнээс гадна бид нар Э........... Солонгос улсад суралцах гэж байгаа гэж хэлээд чөлөө авсан. Ингээд Солонгос явж ирэхдээ ямар ч суралцсан баримтгүй ирсэн, мөн манай сумынхан Э........... ажиллаж байгаад ирсэн гэдэг яриа байдаг. Миний хувьд одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. 4 жил ИТХ-ын ......... хийгээд авсан цалингүй байж, одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч ......... 4.188.644,25 төгрөг, ........... 4.188.644,25 төгрөг, .............. 4.188.644,25 төгрөг, .............. 4.188.644,25 төгрөг нийт 16.754.577 төгрөг гаргуулж ................ орлого /Төрийн албаны зөвлөл, ............ ............ тоот данс/-д оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л............. 81.968 төгрөг, Б............. 81.968 төгрөг, Б...........с 81.968 төгрөг, Н...........с 81.968 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн ............. тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Л...........н өмгөөлөгч Б............. давж заалдах гомдлын агуулга, тайлбар: ...Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч Л............д холбогдуулж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм буруугийн хохирол гэж нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Маргааны гол онцлог нь гэм буруугийн асуудал дээр хохирогчийн асуудал яригдаж байгаа, хохирогч өөрөө Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-д зааснаар санаатай буюу болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох, хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт учирсан гэм хор учирсан бол байгууллага хариуцахгүй гэсэн зохицуулалттай. Хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, жирийн иргэдийг өрөнд оруулсан нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал нь нэхэмжлэгч байгууллагатай салшгүй холбоотой байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг хэнээр тогтоох, хэдэн хариуцагч татах, хэдэн төгрөг нэхэмжлэх нь нэхэмжлэгчийн бүрэн эрх. Үүнийхээ дагуу 4 хариуцагчийг татаж нийт 16.754.577 төгрөг буюу нэг хүнээс 4.188.644 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв миний үйлчлүүлэгчийг буруутай гэж үзэх юм бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4.188.644 төгрөгийн асуудал яригдаж байна гэж би ойлгож байна. Өөрөөр хэлбэл, 16.754.577 төгрөгийг нэхэмжлээгүй тус тусад нь хувь тэнцүүлж нэхэмжилж байгаа юм байна. Нөгөө 3 хариуцагч нараас тус тусад нь 4.188.644 төгрөгийг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэл зориг буюу бүрэн эрхэд хамаарч байна. Эс үйлдэхүйтэй холбоотой гэм хор гэж тайлбарлаж байна. Эс үйлдэхүй гэдэг нь тухайн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоосон асуудал байгаа. Хэдэн оны, хэдэн сараас хойших цалин хөлс гарсан юм бэ гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Гэм хор, хохирол болон эс үйлдэхүй нь шалтгаант холбоотой байх ёстой. Шалтгаант холбоо нь тодорхойгүй байна. Миний зүгээс Төрийн албаны тухай хуульд заасан, Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн дагуу өгсөн арга зүйн зөвлөгөө гэж үзэж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа, мэдээлэл солилцсон, ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, биелүүлэхгүй байж болох байсан. Уг асуудлыг тухайн ИТХ өөрөө шийдэх ёстой, манай байгууллага зөвхөн мэдээлэл өгсөн учраас хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл: Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хуулиар тусгайлан олгосон бүрэн эрх байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж байгаа субъект, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаад хяналт тавих хуулийн арга зүйн зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаагаар хангах бүрэн эрхийнхээ дагуу 2 албан тоотоор арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Арга зүйн зөвлөгөө нь энэ хэргийн гэм хорын шалтгаант холбоотой зайлшгүй холбоотой. Энэ мэт эдгээр хүмүүсийн эрх зүйн мэдлэггүй, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж үзээгүй хүмүүсийн дунд нь ингэж хохироож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Төрийн албаны зөвлөл ийм байдлаар гаргасан зөвлөмж, чиглэл, тогтоолууд нь хууль бус байх юм бол тэр асуудлыг иргэн хүн үүрэх боломжгүй. Гэм хорын хохирол нь эдгээр хүмүүсийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ёстой. Шалтгаант холбоо нь, Төрийн албаны зөвлөлийн /одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа/ албан бичиг байгаа мөн захиргааны хэргийн шүүхээс Төрийн Албаны Зөвлөлийн үүрэг, чиглэлийг иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн байхад, хариуцагч нараас дээрх хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ны өдрийн 140/ШШ2023/00546 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Л...........н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэж, хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээд шатны байгууллагын шийдвэрийг үндэслэж, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлсний төлөө төлбөрийн асуудал яригдаж байгаа нь харамсалтай байна. Авлигатай тэмцэх газар бичиг явуулаад, хариу нь ирсэн. Түүнийг нь үндэслээд Төрийн албаны зөвлөлд албан бичгээр хандсан. Төрийн албаны зөвлөлөөс ........... томилох, боломжгүй гэсэн заавар, зөвлөмж ирсэн. Төрийн албаны зөвлөл арга зүйн зөвлөгөөний дагуу үүргээ биелүүлсэн байхад бид буруудаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Бид бүхэн энэ төлбөрийг төлөх дээрээ тулбал, Төрийн албаны зөвлөл тодорхой хариуцлагыг хүлээх ёстой гэж бодож байна гэв.

Хариуцагч Н...........а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө бид бүхэн буруудаж байгаа нь харамсалтай байна. Төлбөр гараад төлөх дээрээ хүрвэл буруу арга зүйн зөвлөмж, шийдвэр гаргасан Төрийн албаны зөвлөл тодорхой хувийг нь төлөх байх гэж бодож байна гэв.

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

...Цагаанхайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга ........... суралцах болсон тул гэх шалтгаанаар 6 сарын хугацаагаар түр чөлөөг олгосон байгаа. Энэ чөлөөг үндэслээд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс албан тушаалаасаа чөлөөлөгдөөд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу 6 сарын хугацаа дуусаагүй байхад ажилдаа буцаад орох талаар өргөдөл өгсөн байдаг. Уг өргөдлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэхгүй байж байгаад 2020 оны 02 дугаар сард Авлигатай тэмцэх газар энэ хүнийг албан тушаалд томилох гэж байна. Урьд нь ...... 2009 оноос хойш энэ албан тушаалыг хашиж байгаа, төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэх нь тодорхойгүй байдаг. Ах дүү танилын хүрээнд энэ албан тушаалд томилогдсон. ........... нь шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоохын тулд хасхом бөглүүлэх талаар Авлигатай тэмцэх газар албан бичиг хүргүүлсэн байдаг. Албан бичгийн үндэслээд Авлигатай тэмцэх газар энэ хүн нөөцөд байна. Энэ хүн төрийн албан хаагчийн нөөцөд байх тул тусгай шалгалт өгч байж, томилох шаардлагатай. Энэ талаараа Төрийн албаны зөвлөлөөс тодруулна уу? утга бүхий хариуг Авлигатай тэмцэх газар өгсөн байдаг. Авлигатай тэмцэх газрын хариуг үндэслээд 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Асуудал шийдвэрлэж, хүсэлт хүргүүлэх тухай гэсэн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс албан бичгийг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байдаг. Төрийн албаны зөвлөлд уг албан бичгийн хариуг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 гэх албан бичгээр хүргүүлсэн. 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу 6 сарын хугацаа нь дуусаагүй байхад төрийн албан хаагч өөрийн албан тушаалд эргүүлэн томилогдъё гэх хүсэлтийг өгсөн байхад 03 дугаар сарын 05-ны өдөр буюу 6 сарын хугацаа өнгөрсөн буюу 8 сарын хугацааны дараа Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөл энэхүү албан бичгийн хариуд төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т зааснаар төрийн албанаас түр чөлөөлсөн байна. Түр чөлөөлсөн хүн нөөцөд бүртгэлтэй байдаг. Энэ орон тоол 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар сул орон тоо гэж үзэхээр байна. Тийм учраас ......... Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлд заасны дагуу Тусгай шалгалтад оруулж, энэ албан тушаал дээр томилох боломжтой гэх хариуг өгсөн. төрийн албан хаагч 6 сарын дотор ажилдаа эргүүлэн томилуулах хүсэлтэй өгсөн байхад хариуцагч тал 8 сарын дараа энэ асуудлыг яаж шийдвэрлэх талаар албан бичиг ирүүлсэн. Төрийн албан хаагч 6 сарын хугацаанд суралцах, түр чөлөө авах боломжтой. 6 ба түүнээс дээш сарын хугацаа өнгөрсөн байвал тус орон тоог сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан, тусгай шалгалт өгсөн байх шаардлагатай гэсэн утгаар энэ албан бичгийн хариуг өгсөн. Маргааны гол үндэс болоод байгаа асуудал бол энэ хариуг авсан ........ Захиргааны хэргийн шүүхэд 33 дугаар тогтоолоо ажлаас чөлөөлчхөөд ажил албан тушаалд минь буцааж томилохгүй байна гэж шүүхэд хандсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Улсын дээд шүүхийн 55 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд ....... ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа нь эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байна. .......г албан тушаалд нь эргүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ....... нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Төрөөс 16.754.577 төгрөг бодитоор гарсан, хохирол учирсан байгаа. Үүнийг үндэслээд Төрийн албаны зөвлөл өөрт оногдсон бүрэн эрхийн хүрээнд төрд учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжилж байна. Шийдвэр гаргаж байгаа албан тушаалтнууд өөрсдийн гаргасан үйлдлийн эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой. Иргэдийн төлөөлөл сонгогдсон, иргэд хуулийн мэдлэггүй, хийсэн үйлдлийнхээ үр дагаварт ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй гэж өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдаж байна. Хэрвээ төрд учирсан хохирлыг төлөх дээрээ тулбал Төрийн албаны зөвлөлтэй хувааж төлнө гэж байгаа нь гаргасан шийдвэрээ буруу шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хариуцагчид Төрийн албаны 02/559 тоот албан бичгийн дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна. Энэ албан бичигт хариуцагч нарын хэлсэнчлэн .........г томилж болохгүй гэж дурдаагүй, 8 сар өнгөрсөн бол сул орон тоо гэж үзээд тусгай шалгалт авах шаардлагатай гэж тайлбарласан. Төрийн албан хаагчийг түр чөлөөлөгдсөний улмаас буцааж томилохдоо Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн заавар зөвлөгөө, тушаал шийдвэрийг хянуулдаггүй. ...... 2017 онд уг албан тушаалаас нь чөлөөлөөд, шүүхийн шийдвэрийн дагуу ........ ажилдаа орсон байдаг. Нэг хүнийг удаа дараа чөлөөлөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажил албан тушаалд нь томилсон байгаа нь хувийн шалтгаант холбоо байна гэж үзэж байна. 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 33 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад 6 сарын хугацаанд суралцах болсон тул ...... мөн 07 дугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, 2 дахь заалтаар сургалтын амралтаараа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр ирж ажиллаж байгаад дахин суралцах чөлөө олгохыг зөвшөөрсүгэй гэж дурдсан байдаг. Энэ 33 дугаар тогтоолд дурдсанаараа ......... ажилдаа оръё гэхэд нь хариуцагчид ажилд нь эргүүлэн авч ажиллуулах боломжтой байсан. .......г ажилдаа орох талаар хүсэлт гаргахад эс үйлдэхүй гаргасан. ........ үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан. Ирж ажиллахыг нь зөвшөөрсөн атлаа албан тушаалд эргүүлэн томилоогүй. Захиргааны хэргийн шүүхээс хариуцагч нарыг буруутай гэдгийг нь тогтоосон. ........ шүүхэд хандаад явж байхад тусгай шалгалт зарласан байсан. тусгай шалгалтад өөр иргэн орж, тэнцээд ажиллаж байсан. Ажиллаж байхад нь .......... ажил албан тушаалтанд нь эргүүлэн томилох тогтоол гарсан. Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгч ....... нь Төрийн албаны зөвлөлд .........г эргүүлэн томилох асуудлын талаар дахин хандсан. Төрийн албаны зөвлөл та шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас ...........г эргүүлж, ажил албан тушаалд томил гэсэн албан ёсны хариуг өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д зааснаар албан хаагчийг халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөнтэй холбоотой маргаан шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дараа дараагийн томилгоо хийх болон сонгон шалгаруулалт зарлаж болохгүй гэж хуульчилсан байхад хуулийг зөрчин сонгон шалгаруулалт зарласан байсан тул ........ албан тушаалд нь эргүүлэн томилсон байгаа. Дээрх үндэслэлээр хоорондоо шалтгаантай холбоотой байна. Гаргасан үйлдлийнхээ эрх зүйн хариуцлагыг хүлээх ёстой. Төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтан болох нэр бүхий 4 тэргүүлэгчдээс нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? гэсэн хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн төрд гэм хор учруулаагүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч .................. нарт холбогдуулан Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ............ ажиллаж байхдаа, тус хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.......... ажлаас хууль зүйн үндэслэлгүй халсны улмаас төрд 16.754.577 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр гэм буруутай албан тушаалтан тус бүрээс уг хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч ....................а нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан, хариуцагч Б.......а шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч ........... нар нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ..........ээр ажиллаж байхад, тус хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.......... нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргаж , 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэхээр сургуульд явж байгаа тул 6 сарын чөлөө олгож өгөхийг хүссэн байна. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ......... 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр 33 дугаартай тогтоол гаргаж, Э......... тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаас түр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Э........ нь 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр чөлөөний хугацаа дууссан тул эрхэлж байсан үндсэн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргахад Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн ..........н хурлаас Э.......... төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдоно, албан тушаалын орон тоог сул орон тоо гэж үзнэ гэж төрийн албаны шалгалт өгч томилогдох ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж ажилд нь эгүүлэн томилоогүй байна.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ......... Э............ ажилд нь эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар тогтоож, Э.......... Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Т.......... нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Э.......... нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн ............ хууль бус эс үйлдэхүйн улмаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13 хүртэл нийт 16 сар ажилгүй байсан гэж үзэн, дээрхи хугацааны цалинг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч Э......... ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгэр сарын 13-ны өдрийг хүртэл цалинтай тэнцэх олговор болох 16.754.577 төгрөгийг гаргуулж, Э.......... олгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 128 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол гарснаар хуулийн хүчинтэй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Дээрхи хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр Э........... Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ......... нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа хурлын тэргүүлэгчдийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас Э...........а нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт нийт 16.754.577 төгрөг олгохоор тогтоосон, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүхийн шийдвэрийн дагуу Э......... 16.754.577 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхол, төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйг хууль зөрчсөн гэм буруутай эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас төрд 16.754.577 төгрөгний хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд, уг гэм хорыг арилгахдаа өмнөх байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх маргаан бүхий үйл явдал болох хугацаанд үйлчилж байсан /2006 оны/ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.6 дахь хэсэгт зааснаар Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох нь Тэргүүлэгчдийн хуралдааны эрх хэмжээ гэж тайлбарлан, тухайн хуралд саналын 1 эрхтэйгээр оролцож, хамтын зарчмаар шийдвэр гаргасан тэргүүлэгчдийг гэм буруутай гэж үзэн, тэдгээрийн үүрэг, хариуцлага тэнцүү байхаар шийдвэрлэсэн нь хамтран үүрэг гүйцэтгэх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, төрд гэм хор учруулснаас үүсэх үүрэг хариуцлага, түүнийг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Л.......... өмгөөлөгчөөс... Хэдэн оны, хэдэн сараас хойших цалин хөлс гарсан юм бэ гэдэг нь тодорхойгүй, Гэм хор, хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой, Төрийн албаны зөвлөл нь хуулийн хэрэгжилтийг хангаад хяналт тавих хуулийн арга зүйн зөвлөгөө өгөх арга зүйн бүрэн эрхийнхээ дагуу 2 албан тоотоор арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Төрийн албаны зөвлөл ийм байдлаар гаргасан зөвлөмж чиглэл , тогтоолууд нь хууль бус байх юм бол тэр асуудлуудыг иргэн хүн үүрэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандан Э........... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлсөн, тэрээр төрийн албаны болон тусгай сонгон шалгаруулалтад ороогүй, ерөнхий шаардлагыг хангахгүй байх үндэслэлтэй, гадаад явсан, суралцсан эсэх талаарх холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй зэрэг нь ИТХ хурлаас уг албан тушаалд эгүүлэн томилох хүндрэлтэй тул, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд одоогоор түр болон жинхлэн томилогдоход хууль тогтоомж зөрчиж байгаа эсэхийг нягтлан шалгаж шийдвэрлүүлэх, зөвлөн туслах хүсэлтийг гаргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөл нь Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, төрийн албаны тухай хууль тогтоомж, энэ хуульд заасан чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх зэрэг эрх хэмжээтэй байгууллага юм.

Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчим байх ба энэ зарчим нь төрийн байгууллага, албан тушаалтнаас гарч буй шийдвэр нь хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой гэсэн агуулгыг илэрхийлдэг.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт ...хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгохоор заажээ.

Гэтэл хариуцагч нар нь Төрийн албаны зөвлөлийн арга зүйн зөвлөгөө өгсөн албан бичгийг үндэслэн Э.*******аг ажилд томилоогүй эс үйлдэхүй гаргасан нь бидний буруугаас болоогүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд албан тушаалтан нь аливаа шийдвэрийг зөвхөн хууль, тогтоомжид нийцүүлэн гаргах бөгөөд хэрвээ хуульд нийцээгүй шийдвэр гаргасан бол түүнийг тухайн хурал өөрөө өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байна.

Нөгөө талаар Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Э......... чөлөө олгохдоо, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-дахь заалтыг буруу хэрэглэсэн, хууль буруу хэрэглэсэн тогтоолд үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс арга зүйн зөвлөгөө авахыг хүссэн, Төрийн албаны зөвлөл Э.......... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт зааснаар түр чөлөөлөгдсөн гэж ойлгон, энэ зүйл хэсэгт заасныг тайлбарлан Э.......... орон тоог сул орон тоо гэж үзэж, арга зүйн зөвлөгөө өгсөн Төрийн албаны зөвлөлийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Л..................а нарыг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх, багасгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л........., түүний өмгөөлөгч Б........... давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 140/ШШ2023/00546 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л........, түүний өмгөөлөгч Б......... нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ